Үсээ хоёр салаа сүлжсэн, шавилхан биетэй охин бяцхан гартаа нэг багц хөзөр хайш яайш барьжээ. Хэдий бүх хөзрийг гартаа багтааж чадахгүй ч тархиндаа бол дарааллыг нь нэг бүрчлэн тогтоох чадвар охинд бий. Ингэж тогтоохын тулд түүнд ердөө л гурван минут хангалттай.
Харин насанд хүрсэн жирийн хүн дунджаар долоон хөзрийг л дарааллаар нь тогтоох чадвартай байдаг байна. Тэгвэл одоогийн хүний уураг тархи нэг багц буюу 52 хольсон хөзрийн дарааллыг 19 секундэд тогтоох чадвартайг дэлхийн оюуны спортын их мастерууд баталжээ.
Монголын дээд амжилт 23 секунд. Харамсалтай нь, нэг багц хольсон хөзрийг 30 секундээс бага хугацаанд тогтоох чадвартай хүнийг казинод тоглохыг хориглодог. Ийм хүмүүсийн жагсаалтад монгол хүн хэдийнэ бичигдсэн байна. Тодорхой хэлбэл, Монголын оюун ухааны академийн тамирчин, дэлхийн оюуны их мастер Э.Энхмөнхийг казинод тоглохыг хориглосон талаарх мэдээлэл нэг хэсэгтээ шуугисныг уншигч та санаж буй биз.
Ой санамжийн чансаагаараа дэлхийн топ 50 хүний ес нь монгол хүн байна
“Э.Энхмөнх хүүгийн амжилт неврологичид буюу тархи, мэдрэл судлаачдын буруу байжээ гэдгийг баталлаа” гэж оюуны спортыг үндэслэгч Тони Бьюзен хэлж байсан юм. Өсвөр насны хүүхдийн уураг тархи 30 секундээс богино хугацаанд нэг багц хөзөр цээжлээд, эргээд дарааллаар нь хэлэх боломжгүй гэснийг нуруулаг биетэй, даруухан төрхтэй Б.Баасандорж багш өгүүлнэ.
Монголчуудын оюуны байлдан дагууллыг амжилттай хийж байгаа Монголын оюун ухааны академийг бид зорилоо. Тус академийн “хүн компьютер” хэмээн нэрлэгдэх болсон багш, шавь нарын Алдрын танхимд зочлов. Танхимын баруун хананд оюуны спортын ДАШТ-ий медалийн эзэд, олон улсын мастеруудын хөргийг байрлуулжээ. Тэдний дундаас цолныхоо доор нэлээд урт тайлбартай Э.Пүрэвжав хүүгийн хөрөг эрхгүй анхаарал татлаа.
“Э.Пүрэвжав Их мастер цолыг хамгийн залуудаа буюу 16 настайдаа хүртсэн гэдгээрээ дэлхийд гайхагдаж буй тамирчин” хэмээн Б.Баасандорж тайлбарлав. 2015 оны Өсвөрийн ДАШТ-ий аварга тэрбээр одоогоор хөзрийн 10 болон 30 минут, хоёртын тооллын 30 минут гээд нийтдээ дөрвөн төрлийн дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй аж. Хамгийн сүүлд буюу зургадугаар сард АНУ- ын Сан-Диего хотноо болсон “Extreme Memory Tournament” тэмцээнд дэлхийд чансаагаараа эхний гуравт бичигддэг тамирчдыг ялж, хоёрдугаар байранд шалгарсан байна.
Хааш хаашаа 4-5 метр орчим урттай давчуухан танхимд байрлуулсан гурван эгнээ бүхий 15 ширээнд 10-аад сурагч тархан. Тэд бол сүүлийн таван жил эрчтэй хөгжиж буй Монголын оюуны спортын ирээдүй. Учир нь оюуны спортод дурлаж, хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдсэн 13-аас доош насныхан. Хамгийн бага нь нийтлэлийн эхэнд дурдсан зургаан настай, 81 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Энхлүүн юм.
Харин өдгөө 26 настай ч 1000 гаруй шавьтай Б.Баасандорж багшаас сурагчдынхаа чадварыг үзүүлэхийг хүсэв. Бидний хүсэлтээр Энхлүүн охин, 10 орчим насны хоёр хүү гарч ирлээ. Малгайтай туранхай бор хүү нэг секундын давталттайгаар нэгээс хоёр оронтой 10 тооны нэмэх, хасах үйлдлийг бодов.
Тэрбээр хоёр гарынхаа эрхий болон долоовор хурууг нүд хийгээд шанааны орчим дээш доош хөдөлгөнө. Гэхдээ энэ хөдөлгөөнийг нь үл анзаарсан нэгэнд бол чээжээр бодоод байна гэж ойлгогдохоор. Өөдөөс харсан хананд байрлуулсан дэлгэцэнд мөнөөх арван тоо ээлжлэн харагдах агаад, хүү хариуг нь 104 гэж хэлэхэд программд мөн 104 гэсэн хариу гарах нь тэр.
Багш бодлогыг хүндрүүлэхээр шийдэв. Энхлүүн охинд хоёр оронтой 20 тооны нэмэх үйлдлийг 0.7 секундын давтамжтай бодох даалгавар өглөө. Дэлгэцэнд гарах тоонууд жирийн хүний харааны хурд гүйцэж тогтоохооргүй хурдан солигдоно. Охин төгөлдөр хуур дарж буй мэт ширээ товшсоор 1269 гэхэд, автомат хариу ч мөн адил гарав. Энхлүүн охин 12 оронтой тооны жирийн машинд хийх боломжгүй үйлдлийг ч бодох чадвартай.
- Зургаан настай хүүхдэд нэг багц хөзрийг цээжлэхэд гуравхан минут хангалттай.
- Дэлхийн оюуны мастерууд сэтгэл хөдлөлийг төсөөлөлтэй хослуулдаг.
- Э.Пүрэвжав Их мастер цолыг хамгийн залуудаа буюу 16 настайдаа хүртсэн гэдгээрээ дэлхийд гайхагдаж буй тамирчин.
- Төсөөлөл хэдий чинээ хошин, өвөрмөц байна төдий чинээ хурдан санадаг.
Найман оронтой тоог найман оронтой тоогоор үржүүлэн, 16 оронтой хариу гаргах чадварыг ангийн бүх хүүхэд эзэмшжээ. Гэхдээ төсөөлөн бодох чадвараа ашиглан, үзэг цаас хэрэглэхгүйгээр боддог. “Хуруугаа тоо хэмээн таньж, түүндээ төвлөрч чадсанаар олон оронтой цифрийг тавхан настай хүүхэд бодох чадвартай болж байна. Хүмүүс үүнийг нууц авьяас, гоц ухаан мэтээр хүлээж авдаг.
Гэвч тийм биш. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй арга барилын дагуу хичээллэсэн их хөдөлмөрийн үр дүн, байнгын бэлтгэл сургуулилт. Хүүхдүүд өөрсдийгөө тоо бодож байна гэж боддоггүй. Тоглож байна л гэж боддог” гэж тус төвийн нэгэн багш ярилаа. Хэдий бодох арга барилаа эзэмшсэн ч нэгэнт оюуны их спортод хөл тавьсан тул чадвар нь секунд, долиор хэмжигдэнэ. Тиймээс тэд өдөр бүр байнгын дасгал сургуулилт хийдэг юм билээ.
Тэдийг тэдээр үржүүлэхэд хариу нь тэд гарна гэдэг шиг механик аргаар энэ чадваруудыг эзэмших ямар ч боломжгүйг тус академийн тэргүүн Х.Хатанбаатар нэгэн ярилцлагадаа дурдаж байсныг санав. Энэ талаар Б.Баасандорж багшаас сонирхоход “Долдугаар сарын 25-нд юу хийж байсан бэ гэвэл та санахгүй. Харин амьдралдаа тохиолдсон ямар нэг баярт үйл явдал, сайхан дурсамжийг та бараг цаг, минуттай нь санана. Учир нь хүмүүс бид сэтгэл хөдлөлд автсан үеэ илүү сайн санадаг. Бидний сургалтын арга барил энэ аргачлалд тулгуурладаг” гэв.
Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөлийн тусламжтай дунд тархины бор гадарга буюу сунаж тогтсон атираа (гиппокамп)-нд өмнө нь авч байсан мэдээлэл ирснээр бидний санах үйлдэл автоматаар явагддаг байна. Хүний тархи үндсэндээ зураг болон төсөөллөөр л ажилладаг. Бидний хүлээж авсан нийт мэдээллийн 80 хувь нь харах мэдрэхүйгээр дамжин ирдэг. Энэ нь зураг, сэтгэл хөдлөлийг хослуулснаар аливаа мэдээллийг цаг хугацаанаас үл хамааран санадаг гэсэн үг юм.
Дэлхийн өсвөр насны ангилалд монголчуудын гол өрсөлдөгч нь монголчууд өөрсдөө
Тиймээс ямар ч өгөгдөл, мэдээллийг хүлээж авахдаа хэдий чинээ хошин, байж боломжгүй инээдтэй байдлаар төсөөлснөөр эргээд маш хурдан санах боломжтой. Тухайлбал, таны халаасанд түлхүүр байя гэж бодъё.
Түлхүүр томорсоор аварга том модны үндэс шиг болж таны хувцасыг зад ханзалжээ гэж төсөөл. Ингэснээр хожим нь хэзээ ч түлхүүр харсан мөнөөх хачирхалтай төсөөлөл эргэн санагддаг аж. Өгөгдлийг хүлээн авахдаа төсөөлөх, эргүүлэн санах үйлдлийг ухамсартайгаар тогтмол хийснээр дадал болж хувирдаг байна.
Монголчууд оюуны чадвараараа дэлхийд дээрээсээ тавдугаарт ордог. Харамсалтай нь, энэхүү чадвараа ашигладаггүйгээрээ доороосоо мөн л тавдугаарт жагсдаг. Гэхдээ системтэйгээр, тогтмол бэлтгэж чадвал 3- 4 дөрвөн жилд гоц амжилт гаргаж чадаж буйг олон улсын тэмцээнүүдээс харж болно.
Оюуны спортын эх суурь анх Европт тавигдаад 25 жил өнгөрчээ. Тиймдээ ч олон улсын чансааг Европ, АНУ-ын тамирчид саяхныг хүртэл тодорхойлж байв. Жил бүрийн оюуны спортын ДАШТ-д 20-30 орон тогтмол оролцдог бөгөөд нийт 3000 гаруй мастер бий. Харин Монголын тамирчдын багийн чансаа сүүлийн дөрвөн жил дарааллан эхний 2-3 дугаар байрт явж буй. Медаль булаалддаг тамирчид нь ихэвчлэн Герман, АНУ-ынх.
Тэгвэл өсвөрийн ангилалд монголчуудын өрсөлдөгч монголчууд өөрсдөө болоод байгааг Б.Баасансүрэн хэлж байна. 2014 оны Өсвөрийн ДАШТ-ий аварга Э.Энхмөнх байсан бол 2015 оных нь Э.Пүрэвжав болжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Монголын оюуны спортын тамирчин олон улсын 35 тэмцээнээс нийт 484 медаль хүртсэн байна.
Дэлхийн ой санамжийн энэ оны чансааны шилдэг 50 тамирчинд есөн монгол багтжээ. Харин Хятадынх хамгийн олон нь буюу 14, АНУ-ын гурав, Германы найман тамирчин жагсаалтад багтсан байна. Сүүлийн үед Хятадын тамирчид спортын энэ төрөлд манайхантай адил хүчтэй гарч ирж буй аж.
Хамгийн гол нь тэднийг маш нарийн зохион байгуулалттай бэлтгэдэг гэнэ. Улс даяар бүх муж, хотоос шалгарсан 500 мянган хүнийг дахин хэд хэдэн удаа шигшдэг. Улмаар тунаж үлдсэн хэдэн зуун хүнийг сургалтад хамруулан тусгайлан бэлтгэнэ. Үүнээс шалгарсныг нь ДАШТ, олон улсын тэмцээнүүдэд бүрэн дадлагажуулж байж илгээдэг аж.
Мөн Герман, Швед, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд оюуны спортын тамирчдаа олимпийн тамирчид шиг бэлтгэдэг юм байна. Бүхий л хангамжийг нь олгож, сэтгэл зовох зүйлгүй бэлтгэл хийх бололцоог бүрдүүлдэг. Наанадаж 10 жилийн турш уйгагүй бэлтгэл хийсэн тамирчидтай манайхан олон улсын тэмцээнд өрсөлддөг гэсэн үг.
Канадын “The Globe and Mail” сонинд тус академийн сурагчид химийн үелэх системийн элементүүдийг нэг удаа тайлбарлуулаад эргээд бүгд алдаа мадаггүй бичсэнийг шагшин бичжээ.
“Баасандорж багш сурагчдадаа үелэх системийн нэгдүгээр бүлгийн устөрөгч, лити, натри зэрэг элементийн атомын бүтэц, дараалал, хоорондын ялгааг тайлбарлаж дуусав. Гэтэл ангид байсан 24 сурагт тэр даруй бүх элементийн томъёо, дараалал, атомын массын дугаар болон үзүүлэлтүүдийг алдаагүй бичсэн. Энэ бол химийн хичээл биш. Харин санах ойг шинжлэх ухааны үндэслэлтэй дасгалжуулж буй нь энэ” хэмээн дээрх сонины нийтлэлд өгүүлсэн байв.
З.Цэлмэг