С.Ганзориг “Ренчинрэбү” компаниа дөрвөн жилийн өмнө байгуулжээ. Санхүүгийн салбарт ажилладаг тэрбээр нэмэлт орлого олох зорилгоор компани байгуулсан ч дорвитой үйл ажиллагаа явуулаагүй аж.
Иймээс сохор зоосны ч татвар төлөлгүй “Х” (үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжийн тайланг “икс”, “чагтан” гэж нэрлэдэг) тайлан гаргасаар өдий хүрчээ. Тэрбээр саяхан компаниа нэгэн танилдаа хэр тааруу үнээр зарсан байна. Компаниа ч юу байх вэ, нэрийг нь л зарсан хэрэг. Санхүүгийн салбартаа карьер хөөх боломж өндөрссөн учраас бизнес эрхлэх шаардлагагүй болсон гэж С.Ганзориг ярив.
Монголд “Ренчинрэбү”-тэй адил “чагтан” тайлан гаргадаг, үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа эрхлээгүй, тамганаас өөр өмчгүй компани олон. Үүнийг “цүнхний компани” гэж нэрлэх нь бий. Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан албан ёсны цахим хуудсандаа 2010-2014 оны гуравдугаар улирал хүртэл 68375 аж ахуйн нэгж бүртгэсэн тухайгаа тэмдэглэжээ. Тус газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газрынхан энэ оны есдүгээр сарын эцэс гэхэд нийт 136949 аж ахуйн нэгж бүртгүүлээд буйг дуулгасан юм.
Тэгэхээр сүүлийн дөрвөн жилд компанийн тоо хоёр дахин өссөн нь тодорхой харагдаж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засаг 48 хувиар өсөж, чамлахааргүй амжилт гаргасан. Иргэдийн амьжиргаа хэрхэн дээшилснийг Улаанбаатарын гудамжинд чихэлдэх машины тоогоор хэмжиж болно. Гэхдээ манай улсын хөдөлмөрийн насны хүн амын 10 хувь нь компанийн үйл ажиллагаа эрхлэх болтол зах зээлийн цар хүрээ томроогүй нь үнэн.
Товчхондоо “цүнхний компаниуд” л борооны дараах мөөг шиг түм түмээр “ургасан” хэрэг. Шалтаг, шалтгаангүй, учир зүйгүй үүсдэг үйл хэрэг гэж орчлонд үгүй. Богино хугацаанд асар олон компани яагаад байгуулсан юм бол. УИХ-аас 2010 онд баталсан 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах заалт оруулсан. Энэ тогтоолыг баталсны дараа иргэд үнэт цаасны данс нээх, бизнесменүүд шинэ компани байгуулах, “цүнхний компани”-аа дамлах “хөдөлгөөн” өрнөсөн юм.
Байгуулагдаад гурван жил болсон, “чагтан” тайлан гаргадаг компанийн ханш тухайн үед 500 мянган төгрөгт хүрсэн удаатай. Аж ахуйн нэгжийн тоо өссөн нэг шалтгаан нь яах аргагүй энэ мөн. Үүнтэй давхцаад, Монгол Улсад бизнес эхлүүлэхэд шаардлагатай материалын тоог цөөлөх, түүнийг бүрдүүлэхэд зарцуулах хугацааг богиносгох, шалгуурыг хялбарчлахаар УИХ, Засгийн газар олон хууль, журмыг өөрчилсөн. Ингэхдээ “Хувь нийлүүлсэн хөрөнгө буюу компанийн дүрмийн сангийн доод хэмжээг нэг сая төгрөг байна” гэсэн агуулгатай хуулийн заалтыг хүчингүй болгосон юм.
Дансанд нь сая төгрөг байршуулах шаардлагагүй болсон тул насанд хүрсэн хэнбугай ч цөөн төгрөгийн хураамж төлөөд компани байгуулах боломж ийн нээгдсэн. Энэ шийдвэр нь аж ахуйн нэгжийн тоог үржихэд хүргэсэн гол хөшүүрэг болсон нь дамжиггүй. Компанийн гэрчилгээ, тамга тэмдэг авчихсан оюутан хүртэл тааралдаж л байна. Бизнес эрхлэх, тэгэхдээ амжилтад хүрэхийг олон хүн мөрөөддөг. Тэдний чин зорилго компанийн тоог үржүүлчихэж гэж дүгнэхэд хилсдэхгүй нь.
Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь нь буюу 54 мянга нь үйл ажиллагаагаа зогсоож, татан буулгаснаар баялаг бүтээгчид, татвар төлөгчдийн тоо эрс цөөрлөө гэж сөрөг хүчнийхэн мэдээлэх болсон. Тэд үүнийгээ ажилгүйдэл ихсэж, түүнээс үүдэлтэй ядуурал газар авч байна гэж хачирлахаа мартсангүй. Улстөрийн оноо цуглуулах “шоу”-г ингэж хийв. Иргэдийн зарим нь үнэхээр 54 мянган аж ахуйн нэгж дампуурч, өөрийнх нь амьдрал уруудсан гэж итгэснээр сөрөг хүчин зорилгоо өчүүхэн ч атугай биелүүлсэн байлгүй.
Татвар төлдөг 54 мянган компани татан буугдсан бол Монгол Улс сөнөх байлаа. Аж ахуйн нэгжүүдийн 40 хувь нь татвар төлдөг. Үүнээс 330 компани нийт татварын 90 хувийг бүрдүүлдэг онцлогтой. Үнэндээ 54 мянган компанийг татан буулгаагүй, тэд улсын төсөвт сохор зоосны хувь нэмэр оруулаагүй “гарууд” юм.
С.Ганзоригтой адилаар юмыг яаж мэдэх вэ, нэмэлт орлого олж магадгүй, аз таарвал тендерт ялаад хөл дээрээ босчихно гэсэн горьдлого тээж байгуулсан компаниуд байхаас хаашаа ч зайлахгүй. Хуулийн этгээдийн бүртгэлийн газрынхан 2010 оноос хойш 2089 компанийг татан буулгасныг бүртгэсэн гэв. Тухайлбал, 2010 онд 561, 2011 онд 202, 2012 онд 204, 2013 онд 513, 2014 оны гуравдугаар улирлын дүнгээр 609 аж ахуй нэгжийг татан буулгасныг бүртгэжээ.
Татварын ерөнхий газрынхан ямар нэг байдлаар татвар төлөөгүй 54 мянган компанид дүн шинжилгээ хийсэн байна. Үүнд байгуулагдсан цагаасаа огт тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага 5571 байгаа аж. Тэгвэл байгуулагдсан цагаас хойш огт үйл ажиллагаа эрхлээгүй “Х” тайлан гаргадаг компани 19400 байсан гэнэ. Эдгээрийн 10 мянга нь 2012-оос өмнө, 3944 нь 2012, 3264 нь 2013, 1721 нь 2014 онд байгуулагджээ. Түүнчлэн 15 мянган компани үйл ажиллагаагаа зогсоогоод “чагтан” тайлан ирүүлдэг болсон байна.
Харин Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөөгүй, үл тоомсорлосон “цүнхний компаниуд”-ыг албадан татан буулгахаар Татварын ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хамтран ажиллаж эхэлжээ. Тус хуульд санхүүгийн тайлангаа зургаан улирал дараалан татварын байгууллагад ирүүлээгүй аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасна гэж заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулсан ч, явуулаагүй ч бай нэг жил зургаан сарын хугацаанд тайлангаа татварынханд хүргүүлээгүй бол компанийг нь татан буулгах үндэслэл болно гэсэн үг.
Өнгөрсөн оны байдлаар 8200 компани дөрвөн улирал дараалан тайлангаа хүргүүлээгүй аж. Эдгээр компанийг татан буулгахаа долдугаар сард зарлаж, нэрсийн жагсаалтыг нь Татварын ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд нийтэлсэн байна. Нийтэлснээс хойш зургаан сарын хугацаанд компанийн эзэд гомдол, санал гаргаагүй тохиолдолд татан буулгах үйл ажиллагаа эхлүүлнэ гэж Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Баяраа тайлбарлав.
“Цүнхний компани” байгуулсан 8200 нөхөр өнөөхөө үл хэрэгсэх болсон бололтой. Татвар төлдгөөс төлдөггүй аж ахуйн нэгж олон байгаа нь гажуудал мэт боловч зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлийн илэрхийлэл гэж зөвтгөх үндэстэй. Шинэ цэрэг хожим генерал болдог шүү дээ.
Т.Энхбат