-31 жилийн тэртээ анх япон хэлээр холбогдсон багш, шавь хоёрын яриа-
Боловсролын сайд П.Наранбаяр япон хэл заасан багштайгаа олон жилийн дараа уулзлаа. Сакүрай багш ЖАЙКА-гийн Сайн дурын гишүүдийн хоёр дахь ээлжинд багтан 1994 оны 7 сард Монголд ирж, 1997 оны 1 сар хүртэл МУИС-д Япон хэлний багшаар ажиллажээ. Тухайн үед МУИС-ийн Япон хэлний ангид суралцаж байсан оюутнуудын нэг нь өнөөгийн Боловсролын сайд П.Наранбаяр байв. Багш, шавь хоёр олон жилийн дараа уулзаж, 30 жилийн тэртээх Монголын нийгэм, Улаанбаатар хот болон япон хүн, Япон оронтой холбоотой дурсамжаа дэлгэн халуун дулаан яриа өрнүүлэв.
ЖАЙКА нь өнөөг хүртэл дэлхийн 99 оронд давхардсан тоогоор 56,995 сайн дурын гишүүнийг дэлхийн өнцөг булан бүрт илгээжээ. Одоогийн байдлаар 74 улсад 1600 гаруй сайн дурын гишүүн ажиллаж байна. Харин Монгол Улсад өнөөг хүртэл 779 гишүүн томилогдон ажилласан бөгөөд одоогоор 40 гаруй сайн дурын гишүүн олон янзын салбарт ажиллаж байна. Тэдний нэг болох Сакүрай багш тав дахь удаагаа ирсэн нь энэ бөгөөд түүний Монголд ажиллаж, амьдарсан нийт хугацаа 10 гаруй жил болжээ.
Чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй, хоол хүнс, өргөн хэрэглээний бараа хомс, ороо бусгаа Монгол орныг Сакүрай хэмээх залуухан япон багш зорин ирж, тэрхүү амаргүй цаг үеийг монголчуудтай хамт туулан, хоёр жил гаруй хугацаанд ажилласан байна. Нийгэм, эдийн засаг солигдох шилжилтийн цаг үеийн Монгол орон, монголчуудын хувьд гадаад ертөнцийн талаар Орос, Хятад хоёр хөршөөсөө бусдаар ойлголт сулхан байсан тэр үед МУИС-ийн Япон хэлний ангийн I курсын оюутан П.Наранбаярын анх харсан япон хүн Сакүрай багш байжээ.
1994 оноос хойш Монголтой холбоотой ажилласан Сакүрай багш 2003 оны 11 сард ШУТИС-д япон хэлний багшаар, Монгол-Япон төвийн Олон улсын хамтын ажиллагааны сангийн мэргэжилтэн, япон хэлний багшаар хоёр жил орчим хугацаанд ажилласан. Дараа "Инженер технологийн дээд боловсрол" (MJEED) төслийн хүрээнд Японд суралцах оюутнуудад хэлний бэлтгэл сургалтын багшаар бараг таван жил ажиллажээ. Улаанбаатарт Коосэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гурван сургуулийг хариуцсан “Монголын технологийн коллежүүдийн холбоо” -нд 2023 оноос япон хэл заах болсон нь Сакүрай багшийн сайн дурын гишүүний хувиар Монголд ажиллаж буй тав дахь томилолт болов.
П.Наранбаяр сайд 1994 оны 9-р сарын 1-ний өдөр МУИС-ийн Япон хэлний ангид элсэн оржээ. Түүний анх уулзсан япон хүн Сакүрай багш бөгөөд багшийнхаа хувцаслалт, алхаа гишгээ бүрийг анхааралтай ажиглахын дээр ожиги буюу япон маягаар тэргүүнээ мэхийж мэндчилэхийг гайхан харна. “Япон хүмүүс ямар хоол иддэг бол?” гэж сониучирхан бодох агаад тэрхүү бодлыг уншсан мэт Сакүрай багш шавь нараа хэд хэдээр нь хуваан гэртээ урьж, карэрайс гэх япон үндэсний хоолоор дайлжээ. Амьдралдаа анх удаа идэж үзсэн япон хоолны өвөрмөц, сайхан амтыг яахин мартах билээ.
Япон хэлийг сонгож элссэн оюутнуудын суралцах хүсэл сонирхол их ч тийм дуулгавартай суралцагчид байгаагүй. Сакүрай багш ч чанга, шаардлага өндөртэй, заах ур чадвар сайтай тул багш, оюутнуудын харилцаа улам ойртохын хэрээр япон хэлийг шимтэн суралцав.
П.Наранбаяр МУИС-иа төгсөж, Токио хотын Гадаад хэлний дээд сургуульд суралцах болов. Тэрбээр гэргийн хамт багшийнхаа гэрт зочилжээ. Сакүрай багш хүний нутагт дөнгөж хөл тавьсан шавь нараа дайлж цайлахын зэрэгцээ цагийн ажил олж өгөх зэргээр тус дэм болж байсныг П.Наранбаяр сайд дурсан ярьж, багшдаа талархаж, хүндэтгэж явдгаа илэрхийлж байв. Японд сургуулиа төгсөөд ирсний дараа ч багшийгаа Монголд ирэхэд нь уулзаж, холбоо таслалгүй өнөөг хүрчээ.
Цаг хугацаа гэдэг хурдан юм, нэг л мэдэхэд 31 жил өнгөрчээ...
П.Наранбаяр, Сакүрай багш аа, Та яагаад Монголд ажиллая гэж сонгосон бэ? Таны анх ирж байсан үеийн, түүнээс 20 гаруй жилийн дараах Монголын ялгааг хэрхэн хардаг вэ? Ер нь Монгол Улсын талаар Та ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
Сакүрай багш, 1994 он шүү дээ. Тухайн үед надад Монголын талаар мэдээлэл огт байгаагүй. Сүмо бөхчүүд ч Японд очоогүй үе байсан болов уу. Би сайн дурын гишүүнээр ирэхийнхээ урьд жилийн 12-р сард найзтайгаа Монголд ирсэн юм. Тухайн үед сайн дурын гишүүдийн анхны ээлжийнхэн ирсэн байв. Тэдэнтэйгээ уулзлаа.
Тэр үед хотын гудамж гэрэлтүүлэг муутай, тас харанхуй шахуу. Нар буухтай зэрэгцэн хот харанхуй болох тул ямар дэлгүүр байгааг ялгахад ч бэрх. “Би энд амьдарч чадах болов уу!” гэж санаа зовниж байв. Гэхдээ ямар ч байсан өөрөө ирж танилцсан болохоор нэг талаас санаа амарсан.
Социалист нийгмийн үеийн хотын өнгө төрхтэй, саяхныг хүртэл иргэд нь картын бараагаар амьдарч байсан тийм үе шүү дээ. 2000-аад оноос Хятад, Оросоос бусад орноос бараа импортолж эхэлснээр барааны олдоц сайжирч, амьдралын нөхцөл ч дээрдсэн. Яваандаа гадаадын иргэд ч амьдрахад ая тухтай болсон доо.
Япон улсаас анх автомашин импортолж эхлэхтэй зэрэгцэн монголчуудын хэрэглээнд Японы бараа бүтээгдэхүүнүүд нэвтэрсээр байгааг анзаарч билээ.
П.Наранбаяр, Багш хичээл дээр замын түгжрэлийг харуулсан хэсэгтэй кино үзүүлсэн. Манайд түгжрэл байгаагүй тул япон хэлнээс монгол руу юу гэж хөрвүүлэх вэ гэж гайхан бодож байснаа санадаг. Тэр киноны сүүлийн хэсэгт зөнөгрөх өвчин туссан эцэг нь хүүдээ баярын бэлэг болгож туна загас өгөөд, тэнд загасчид баяраа тэмдэглэж байгаа хэсэг гардаг. Багш тэр хэсгийг үзээд нулимс дуслуулж байхыг хараад, ”Бид хээр талаа хайрладаг шиг япончууд далайдаа маш их хайртай юм байна” гэж бодож билээ. Хожим Японд очоод далай үзэх гэж хэрэг болгон Камакүра орсон.
Сакүрай багш, Оюутнуудад түгжрэл гэдэг үгийг тайлбарлах гэж хичээж байснаа санах ч, кино үзүүлснээ багш нь санахгүй юм. Шавь минь сайн санаж байна шүү.
П.Наранбаяр, Багшийн хувьд хичээл заах нэг л хэрэглэгдэхүүн байсан тул мартсан байх л даа. Бидний хувьд бүх зүйл нь шинэ соргог байсан тул сэтгэлд тод үлджээ. “Түгжрэл” гэдэг үгийг мэдэх ч, түгжирнэ гэдэг нь юу болохыг төсөөлж ойлгоход бэрх, тэр үеийн оюутнуудад сонин содон ч байжээ.
1990-ээд оны эхэн үед ЖАЙКА байгууллага, сайн дурын ажилтнуудын талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй. МУИС-ийн оюутнууд бид ч багшийгаа сайн дурын гишүүнээр ажиллаж байгааг хожим мэдэж билээ. Хөгжингүй орноос хөгжиж буй оронд ирж, урт хугацаанд ажиллаж, амьдарсан тухайн үеийн сайн дурын гишүүд үнэхээр гайхалтай. Багшийг Монголын талаар гомдоллож байхыг нэг ч удаа сонсоогүй. Зах зээлийн эхэн үеийн Монгол болон монголчуудын талаар Та ямар бодолтой байв?
Сакүрай багш, Тухайн үед мөнгө нь байлаа ч бараа, хоол хүнсний нарийн нандин материал ховор. Тэр тусам далайн гаралтай хүнс нүдний гэм. Сайн дурын гишүүд нь “Меркури” захад цагаан манжин ирж” гэх мэтээр нэгэндээ мэдээлэл өгнө.
Анх ирээд санаандгүй тохиолдлоор танилцсан монгол найзтайгаа өнөөг хүртэл холбоо таслаагүй. Шинэ оноо угтах баярыг монголчууд гэр бүлээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хүний газар ажиллаж байгаа багш гэртээ ганцаараа. Нэг жил 1-р сарын 1-ний өдөр хаалга тогших чимээ дуулдлаа. Хэн ирдэг билээ? гэж гайхан нээвэл тэр найз маань баярын бялуу барьчихсан “Шинэ оны мэнд хүргэе. Утас байгаагүй учир шууд хүрээд ирлээ. Чамд ямар нэгэн хэрэг гарвал хэлээрэй” гэж билээ. Хэдийгээр өөрөө хичээгээд амьдарч байгаа ч гэсэн “Ямар нэгэн юм болвол надад туслах хүн байгаа” гэж бодоход сэтгэл дүүрч, чухам энэ л монгол хүний сэтгэл юм байна гэж маш их баярлаж билээ. Тэр үгийг би одоо ч мартдаггүй, 30 гаруй жил өнгөрсөн ч бид найзууд хэвээрээ гэж ярихдаа Сакүрай багшийн сэтгэл их догдолж байлаа.
П.Наранбаяр, Тэр цаг үед хөршийн холбоо сайн байсан. Нэг байрныхан бие биеэ сайн мэддэг, хүүхдүүд нь ч хоорондоо нөхөрлөж, тоглоцгооно. Нэг гэм нь хөвгүүд байр байраараа талцаж чулуугаар байлдаад, зарим нэг нь бэртэнэ. Бэртлээ гээд айхтар асуудал болгохгүй өнгөрдөгсөн. Орчин үеийн залуус томоотой болсон, нийгэм ч их өөрчлөгдөж дээ гэхэд,
Сакүрай багш, Нүүр нь хөхөрчихсөн хичээлдээ ирнэ. Яагаад ингэчихэв? гэхэд “Жаахан зодолдоод...” гээд сууж байдаг оюутнууд байсан даа.
П.Наранбаяр, Одоогийн залуучуудын амьдралын орчин сайжирсан ч нөгөө талаар бие биедээ туслах, нэгнээ дэмжье гэсэн халуун сэтгэл нь хөрсөн мэт санагддаг. Хөршөө ч танихгүй хүмүүс олон болж. Хотжилтын нөлөө байх л даа. Хотын хүн амын тоо бараг хоёр сая боллоо. Багшийг анх ирж байхад хот 450 мянга орчим хүнтэй байсан болов уу. Байрныхнаа, хорооллынхноо андахгүй таньдаг байв.
П.НАРАНБАЯР: АРД ТҮМЭН НЬ НОМТОЙ ХЭР НӨХӨРЛӨЖ БАЙГААГААР УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ХЭМЖДЭГ ЦАГ ҮЕ ИРСЭН
Яагаад япон хэл сонгон суралцах болсныг П.Наранбаяр сайдаас тодруулахад, Би Дорнын соёлыг сонирхдог, Японд сурах мөрөөдөлтэй байлаа. Япон хэл сурахын өмнө хятад хэл үзэж байв. Япон хэл нь хирагана, катакана, ханз гээд олон төрлийн үсэгтэй, он-ёми, күн-ёми гэсэн дуудлагатай. Эх хэлэндээ гадаад хэлийг өөриймшүүлж шингээснээрээ их өвөрмөц, бас сонирхолтой.
Бид социалист нийгмийн нэг үзэл суртлаар өсөж хүмүүжиж, яамнаас баталсан хичээлүүдийг л судалдаг. Гэтэл Японд чөлөөт сэтгэлгээг эрхэмлэдэг, тэр сонголт нь байсан.
Ахлах ангид байхад улс төрийн нөхцөл байдлаас болж түүхийн сурах бичгийг ашиглахаа больж, багш “Миний ярьсан зүйл л үнэн” гэж тулгаж байсныг мартдаггүй юм. Тэр агуулга нь миний ахын сурсан агуулгаас тэс өөр байж билээ. Харин Японд хичээл сонголт нь чөлөөтэй, хүүхдийн сонголт хийх эрх чөлөөг эрхэмлэдгээрээ миний сурах хүсэл сонирхлыг улам өдөөсөн гэх үү дээ.
-Та өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан. Монгол болон Японы сургалтын арга барилын ялгаа нь юу байв?
П.Наранбаяр, Японы сургалтын нэг онцлог бол сурагчдад сурах эрх чөлөөг нь олгосонд байдаг. Тэр эрх чөлөөгөө мэдэрсэн, цовоо цолгиун байдлаараа япон сургуулийн сурагчид ялгардаг. Сургуулиуд нь нэг ээлжтэй, хичээлээс бусад цагаар сурагчдыг дугуйлан секцэд хамруулж оюун санаа, бие бялдрын хувьд хөгжүүлж байна. Мөн номын сангийн үйлчилгээг өргөнөөр дэлгэрүүлсэн. Япончууд ном их уншдаг нь галт тэргэнд явахад л харагддаг. Дэлхий дахинд нийгмийн сүлжээний хэрэглээ дэлгэрч, сонин хэвлэлийн тоо багассаар байгаа ч япончууд сонин хэвлэлээ орхиогүй. Сүүлийн үеийн судалгааны материалуудыг эх хэл дээрээ хэвлэн, танилцуулж байна.
Монголд сургууль, гэр гэсэн хүүхэд хүмүүжлийн орчинг л бид хүүхдүүддээ өгч байна. Нийгмийн орчин өөрчлөгдөж, хот төлөвлөлт алдагдсан энэ нөхцөлд юуны өмнө номын сангийн үйлчилгээг сайжруулахаар төлөвлөж байна. Номын сан цөөхөн ч номоо гэртээ аваачиж унших боломж олгох юм. Ард түмэн нь номтой хэр нөхөрлөж байгаагаар нь улс орны хөгжлийг хэмжинэ. Унших чадвартай ард түмэн бодох, эргэцүүлэх чадвартай болж, үзэл санааны хувьд улс үндэстний тусгаар тогтнолыг авч үлдэнэ.
Сакүрай багш, Монгол оюутнууд япон хэл сурахдаа багшийн заасныг цээжилж, сурах бичгээс хуулж бичдэг байв. Харилцааг чухалчилсан сургах арга барил руу сүүлийн жилүүдэд л шилжиж байна. Гэхдээ л жишээ нь япон хэл заахад ч дүрмээ нэг нэгээр нь судлах гэх мэтээр харилцаанд суурилсан сургалт руу бүрэн шилжиж чадахгүй байна. Багш өөрөө тэр уламжлалт арга барилаар сурсантай холбоотой болов уу. Өөрчлөлт хийхэд амар биш ч гэсэн аль болох харилцаанд суурилсан сургалт руу шилжихэд сайн дурын гишүүд бид хувь нэмэр оруулмаар байна.
П.Наранбаяр, Багш үгийн сангийн хичээлээс гадна зохион бичлэгийн хичээл заадаг. Энэ нь бидний чөлөөтэй сэтгэх чадавхийг хөгжүүлжээ. Кишёотэнкэцү-гийн арга буюу яриа болон бичвэрийн агуулгыг илүү ойлгомжтой хүргэх арга барилд сургажээ. Би одоо ч монгол хэлээр бичих, ярихдаа энэ аргыг хэрэглэдэг. Үнэхээр их зүйл заасан. Бид сурах хандлага, мэдлэгийг хүлээн авах чадварт суралцсан.
Намайг 10-р ангид байхад багш нар ажил хаялт зарлаж, өглөө хичээлдээ ирэхэд “Өнөөдөр хичээл орохгүй” гэнэ. Тэр үед ангийн багш маань бусдадаа мэдэгдэлгүй нууцаар математик заадаг байв. Сурагчид хүртэл Сүхбаатарын талбайд гарч багш нарынхаа ажил хаялтыг дэмждэг, бидний үеийнхэн тийм зүйлийг үзэж туулсан. Нийгэм солигдох ороо бусгаа цагт газар газраас цугласан олон янзын хүүхдүүдийг нэгтгэж, нэг тийш залсан багш бол Сакүрай багш юм.
Сакүрай багш аа, 1990-ээд оны эхэн үед япон хэлний ном, сурах бичгийн олдоц тааруу байсан болов уу. Та яаж зохицуулж байв аа?
Сакүрай багш, Тийм шүү, цаас ч ховор. Цаасгүйгээс сургалтын материал хувилж ч чаддаггүй. Зөвхөн шалгалтын үед л цаас ашигладаг. Бусад үед самбар дээр бичнэ. Сурагчид самбараас бичиж авна.
П.Наранбаяр, Тухайн үед Долгор, Т.Мөнхцэцэг гээд агуу багш нартай хамтарч бидэнд их зүйлийг заасан даа. Япон гэдэг улсыг олон талаас нь харуулж, бид ч маш сайн боловсрол эзэмшиж чадсан гэж боддог. Манай ангийнхан 15-уулаа, ихэнх нь эмэгтэйчүүд.
Сакүрай багш, Наранбаяр хичээл зүтгэлтэй, сурлага ч сайтай байсныг тод санаж байна. Сайхан бичдэг, мэдлэгтэй хэр нь дуугүй талдаа. “Би би” гээд байхгүй ч цохож асуухад бүрэн хариулж өгдөг оюутан байсан.
П.Наранбаяр, Би улстөрч биш судлаач болохыг хүсдэг байсан. Их сургуулийн 3-р курст сурч байхдаа “Танакагийн меморандум” сэдвээр эрдмийн ажил хийтэл тэргүүн байрт орчихлоо. 4-р курстээ “Мэйжигийн үеийн дипломат харилцаа” сэдвээр бичээд бас тэргүүн байрт орсон. Тэр үедээ судлаач болохыг л зорьж байв. Дараа нь улс төрийн идэвх сэргэж, биллъяардын бөмбөг аль нүхэнд орохыг таашгүй гэдэг шиг л санамсаргүй сонголт болсон.
-Сакүрай багш Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ. Монгол сурагчдын онцлог юу вэ?
-Аль ч улсад хичээж суралцах хүүхэд байхад зүтгэл тааруу хүүхэд байж л байдаг. 1990-ээд оны сурагчид маань япон хэл сурснаар өөртөө сайхан ирээдүйгээ нээж чадна гэсэн итгэлтэйгээр эрдэм мэдлэгт шамдан суралцдаг оюутнууд олон байсан. Одоо Коосэн, Японы засгийн газрын тэтгэлэг гээд л Японд суралцах замууд нээлттэй, олон сонголттой болжээ.
Би тав дахь удаагаа ажиллахаар ирж байна. Ирэх бүрд Монголын нийгэм өөрчлөгдөж, япон хэл сурах сонирхолтой хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Япон хэлийг зааж, сургах миний сонирхол ч хэвээрээ. Таван удаагийн томилолтоос Монголд анх багшлахаар ирсэн үеийн дурсамж гүн сэтгэгдэл үлдээжээ. Наранбаяр, Сарантогос зэрэг тухайн үеийн шилдэг шавь нараа мартдаггүй.
САКҮРАЙ: АНХНЫ МОНГОЛ ШАВЬ НАРААС МИНЬ БОЛОВСРОЛЫН САЙД ТӨРСӨНД БАГШ ХҮНИЙ ХУВЬД БАЯРЛАЖ БАЙНА
-Анх А үсэг заасан багш бол насан туршийн багш байдаг. П.Наранбаяр сайдад япон хэл анх заасан багшийн хувиар шавьдаа юу гэж захимаар байдаг вэ?
Сакүрай багш, Сургалтын үр дүн урт хугацаанд гардаг. Анх хоёр жил хагасын хугацаанд багшлахдаа олон сайн сурагчидтай таарч байсан. Үнэндээ тэд хэн болж, нийгэмдээ ямар байр суурьтай ажиллах бол гэсэн хүлээлт байсан. Би ч өнөөг хүртэл Монголд ажилласаар байна. Анхны шавь нараас минь Боловсролын сайд төрөхийг харах хувь тохиосонд багш хүний хувьд баярлаад баршгүй. Энэ бол зөвхөн япон хэл сурах асуудал биш хэлээр дамжуулж өөрийн авьяас, хичээл зүтгэлээр өнөөгийн өндөрлөгт хүрсэнд багш нь шавиараа бахархаж байна.
Наранбаяр сайддаа, шавьдаа багшийн хувиар захихад өөрийнхөө итгэл үнэмшилд тууштай байж, Монголын ард түмний төлөө сэтгэл зүрхээ зориулаарай.
-Монголд 30 жилийн өмнө сайн дурын гишүүнээр ирж багшилж байсан Сакүрай багшийн шавийн хувиар одоогийн сайн дурын гишүүдэд юу гэж хэлмээр байна вэ?
П.Наранбаяр, Өөр соёл заншилтай хүний үйл хөдлөлийг анзаарч байдаг. Хүн хэлэхээс илүүтэйгээр өөрийн үйл хөдлөлөөрөө их зүйлийг илэрхийлдэг. Япон хүн өөрийн үнэт зүйл, бахархалтай. Тэр соёл уламжлал нь өөр үндэстэнд ч мэдрэгдэж байдаг.
Монгол хүн ч гэсэн нэр төрөө хайрлаж, харилцан туслалцаж чадвал зорьсон ажил хэрэг бүтнэ гэж үздэг. Харилцаж буй хүнийхээ соёл, ёс заншлыг гүн гүнзгий ойлгож мэдэх нь хэн хэндээ чухал. Япон хэл бусад хэлтэй харьцуулахад бүдүүлэг үг хэллэг багатай. Монгол хэл ч гэсэн англи хэлэнд энгийнээр хэрэглэгддэг бүдүүлэг үг хэллэг цөөтэй хэл гэж би боддог. Энэ утгаараа соёл заншлын хувьд ижил төстэй талтай. Урам зориг өгдөг, дуугаа хураах нь харилцааны нэг хэлбэр гэж үзэх зэргээр ижил төстэй талууд байдаг. Сайн дурын гишүүд маань Монголын талаар сайн ойлголттой болж эх орондоо буцах, монголчууд ч гэсэн Японы талаар сайн ойлголттой болж үлдэх, цаашилбал энэхүү ойлголтоо амьдралдаа хэрэгжүүлэх чадвартай байвал олзуурхууштай.
-Сайн дурын гишүүд боловсролын салбарт хувь нэмэр оруулах боломж илүү байдаг. Сайдын хувьд сайн дурын гишүүдээс хүсэх зүйл байна уу?
П.Наранбаяр, Япончууд заах арга барилаа сайжруулахын тулд хичээлийн судалгааг маш сайн хийдэг. Үүнийг Монголд нэвтрүүлэхэд амжилттай болсон. Сурах арга барилын нэг сайн жишээ нь Күмоны арга. Энэ нь дасгал ажлууд дээр хэрхэн ажиллахыг бусдаар заалгах биш өөрөө судалж ажиллах арга юм. Күмоны аргыг Монголд нэвтрүүлмээр байна. Япон улс 20 гаруй Нобелийн шагналтантай. Энэ бол чанартай боловсрол, сургалтын үр дүн гэж харж байна. Монголоос Нобелийн шагналтан төрөөсэй. Физик, хими зэрэг байгалийн ухааны хичээлд судалгаа хийх лабораторийн дэд бүтэц шаардлагатай тул манайд хамгийн магадлалтай нь утга зохиолын салбар болов уу.
Япон хэл, соёл, Япон орноор холбогдсон багш, шавь хоёрын яриа элэгсэг дулаан уур амьсгалд өрнөж, эрдэм мэдлэгийг эрхэмлэж, тууштай суралцахуйн үлгэрлэлийг үзүүлэх аж. Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр 1990-ээд оны эхэн үеэс эхлэн сайн дурын гишүүнээр тав дахь удаагаа томилогдон Монгол Улсад 10 гаруй жил ажиллаж, япон хэлтэй ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар буй Сакүрай багшийг салбарын яамны дээд шагнал болох “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж, багшдаа талархаж явдгаа илэрхийлэв.
Гэрэл зургуудыг Т.Бархас