-Иргэдэд төсөл нь, төрд мөнгө нь байна. гэвч үйлдвэрлэл нь хөгждөггүй ээ-
"Дэлхийн эдийн засгийн хямрал" энэ үг зарим хүмүүст тун таалагдаж байна шүү , цаана чинь. Ялангуяа ажил хийх дургүй нэгэнд бол бүр аятайхан шалтаг болоод байгаа. "Яг ажил хийх гэсэн чинь энэ муу хямрал садаа болоод байна" гэх зэргээр хэнэгчгүйхэн залж орхих нь энүүхэнд.
Дээр нь өрөө цайруулах дургүй нэгэн бол дэлхийн эдийн засаг үргэлж хямарч байгаасай гэж залбирмаар...Ийм нөхдийг танихад ядах юм үгүй. Үгийн санд нь хямрал гэдэг үг байнга хэрэглэгдэж байдаг юм. Тиймээс бүр дурлаад амныхаа уншлагаа болгож орхиж.
Итгэхгүй байвал та анзаараад үзээрэй. Телевизээ асаа, радиогоо нээ, сонингоо дэлгэ. Тэнд жирийн иргэдээс илүү Засгийн газрын түшээд, яам агентлагийн дарга нар л "Эдийн засгийн хямрал хэцүү байна" гэж орь дуу тавьцгаасан байх вий. Тэдний ард түмэнд хүргэх гол мессэж нь эдийн засаг хямраагүй байсан бол бид уулыг нурааж, усыг эргүүлэх улс байлаа гэдгийг л хүргэх явдал.
Тэрнээс биш хямралаас гарахын төлөө "Бид зүтгэе, та нар хичээ" гэж зорьж байгаа ч юм алга. Ёстой л үүрэхийг нь иргэддээ үүрүүлж, янцгаахыг нь өөрсөддөө хувиарлачихсан мэт л аяглаж байна.
Угтаа бол хийе гэсэн хунд арга нь олдож, хийхгүйд нь шалтаг л олддог гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Даанч ард түмний, иргэдийн төлөө гэсэн зүйлд тэд хуруу байтугай хумсаа ч хөдөлгөх дургүй. Үгүй гэж үү.
Хэрэв тиймгүйсэн бол монголд жижиг дунд үйлдвэрлэл хэдийнэ хөгжөөд, хөл дээрээ боссон байх хугацаа аль хэдийнэ өнгөрчихөөд байна. Гэтэл өнөөдөр тэрхүү сүржин зарласан кампанит ажлуудаас нь "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье", "Өрх бүр үйлдвэрлэгч" гэсэн сүрхий уриатай хэдэн цаас, самбарууд л үлдэж.
2009 оныг гэхэд л "Үйлдвэрлэлтийг дэмжих" жил болгон зарласан. Гэтэл уг ажил тодоос тод зарласан шигээ ажил нь гарт баригдаж, нүдэнд харагдсан нь үгүй. Наад зах нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлттэй зээлийн төсөлд 30 тэрбумыг улсын төсвөөс гаргахаар баталсан ч энэ ажил цаасан дээр, хөрөнгө нь Сангийн яаманд байх шиг. Харин монголын өнцөг булан бүрээс иргэд, аж ахуйн нэгжийн зээл хүссэн төслүүд нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газрыг дарж орхиж. Хөрөнгө нь ч, төсөл нь ч байна, үйлдвэрлэл ядах юмгүй хөгжихөөр байгаа биз. Гэвч өнөөх дэлхийн эдийн засгийн хямрал энд хүртэл "нөлөөлөлчихөөд", хөрөнгө нь эзэндээ хүрдэггүй ээ.
Учир нь Тэргүүн шадар сайдаас эхлээд Засгийн газрын хэдэн түшээд бодлогоо ч тодорхойлж амжаагүй яваа юм байх. Өөрөөр хэлбэл, 30 тэрбумаар бүс нутгийн хэмжээнд томоохон үйлдвэр барих уу, эсвэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөх үү гэдэгт толгой нь эргээд яваа аж. Гэвч тэднийг ийн бодол болон мэлэрч суухад цаг хугацаа өнгөрсөөр...
Уншигч та боддоо. Мэдээжийн хэрэг "Үйлдвэрлэлийг дэмжих жил" гэдгийг өчигдөр зарлаагүй. Шинэ он гарсаар бараг таван cap болох гэж байна. Бүр нарийвчлан үзэхэд, ажлын 22 өдрөөр тооцвол 82 хоног, ажлын найман цагаар бодоход 656 цаг өнгөрч байхад ганцхан асуудалд бодлогоо тодорхойлж амжаагүй л явна гэхээр хэлэх үг алга. Засгийн газрын түшээдэд үүнээс илүү хийх ажил их байдаг гэж үзээд цайруулах уу эсвэл, суудалд нь суусан л бол ажлаа хийсэн шиг хий гэсэн зарчмын шаардлага тавих уу.
Юутай ч бодлого тодорхойлоход цаг хугацаа шаардагдах нь дамжиггүй. Гэхдээ дөрөв, таван cap өнгөрөөд байхад таг чиг байна гэдэг тэднийг өнөөх хямралаар түрий барьсан сэтгэлгүйчүүдийн хүрээнд багтаахаас өөр яахав.
Уг нь хаврын тариалалтаас эхлээд, их бүтээн байгуулалтын ажил яг энэ л үед ундардаг. Одоо л иргэдэд бэлэн мөнгө юу юунаас илүү хэрэгтэй байгаа. Харамсалтай нь жаахан газартаа хүнсний ногоо тарихаас эхлээд, сум, аймгийнхаа сүүний хэрэгцээг хангах үйлдвэр байгуулах төсөл ч ажил болж амжаагүй л явна. Гэтэл цаг хугацаа хэнийг ч, юуг ч хүлээхгүй хэвээр...
Хэрэв 30 тэрбумын хөнгөлттэй зээл эзэндээ очсон бол энд тэнд халгаа сэлгээ, цомхотгол болж байгаа цагт, ажилгүйчүүдийн эгнээ багасахгүй юмаа гэхэд ихсэхгүй байхсан. Ганцхан төслийн цаана хэдэн арван хүний амьжиргаа, талхны булан шийдэгдэх гээд байдаг. Гэтэл сайд дарга нь бодлогоо ч гаргах "завгүй" гээд харайлгаад байхтай нь хэр таарч байна даа.
Ялангуяа малаа банкны барьцаанд тавьчихсан малчин, бэлэн мөнгөгүй болсон хөдөөгийнхөн аймаг бүрт төсөвлөгдсөн тэрбум төгрөгийн зээлээс олж авах гэж сэтгэлээ чилээн чих тавин хүлээж суугаа нь ч бодит үнэн.
Хамгийн сонирхолтой нь төсөвлөгдсөн зээл хэзээ эзэндээ очих нь өнөө хэр таг чиг. Тийм байтал газар тариалан, хүнсний ногоо тарих төслүүдийг хэрэгжихийг хүлээж цаг хугацаа зогсохгүй нь тодорхой. Ер нь намрын өнгө ч хаврын ажлаас л тодорхойлогддог.
30 тэрбумын хөнгөлттэй зээлийн бодлогоо хурдан тодорхойлох хэрэгтэй байна. Тиймээс Засгийн газрын түшээд томоохон үйлдвэр барихаар шийдвэл, жижиг дунд зээлийн төсөл санаачлагчдад ч аргаа бодох, амиа авч гарах цаг өгөх ёстой. Харин жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэвэл томоохон үйлдвэр байгуулах төслийн эзэд ч бас гарц хайх хэрэг гарна. Гэтэл аль алинд нь хий горьдлого төрүүлж, цаг хугацаанаас нь хумслах хэнд ашигтай гэж.
Тэгээд ч 30-хан тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шийдэлгүй хав дарлаа гэхэд төсөв баяжчихгүй. Бас зээл гаргалаа гээд ч ядуурчихгүй. Тэртэй тэргүй зарцуулах ёстой л хөрөнгө.
Яг ийм байдлаар монголд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ирсэн, өнгөрсөнд. Тиймээс өнөө хүртэл төр нь ч, иргэд нь ч жижиг дунд үйлдвэрлэлийн үр шимийг ч бараг л амсаагүй явна. Нэгэн үед зээл өгөх хөрөнгө байтугай, цалингаа тавьж чадахгүй болтлоо төсөв улайсч, ядарсан үе байсан. Байдал ийм байхад үйлдвэрлэл хөгжөөгүй. Учир нь тулаад босох мөнгө байсангүй. Харин дараа нь төсөв нь зээл байтугай, халамжийг баруун солгойгүй цацсан.
Гэвч бас л үйлдвэрлэл нь хөгжөөгүй. Хэдийгээр хөрөнгө оруулалтад төсөв батладаг ч эзэндээ хүргэж чадаагүй юм. Наад зах нь гишүүд "Төсвөөс хөрөнгө гаргаад хөнгөлттэй нөхцөлөөр зээл тараая гээд арилжааны банкуудад байршуулахад өнөөх хэд нь иргэдэд өндөр хүү бодоод нугалаа хийсэн. Тиймээс хөдөөгийн иргэд зээлийн хүүд бариулж дууслаа. Энэ бүхний эцэст, банкныхан л баяжсан" гэдгийг чуулганы хуралдаан дээр нэг биш удаа ярьж байсан нь үүнийг гэрчлэх биз. Гэтэл өнөөдөр бас л ядруухан төсвөөсөө илүүчлэн байж, иргэддээ зээл олгоё гэхээр дарга нар нь бодлогоо тодорхойлоогүй гээд саад болчихно. Хэдий болтол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг кампанит ажил цаасан дээр, сайд дарга нарын аманд эргэлдэх ёстой гэж. Аливаад эцэс төгсгөл гэж байдаг даа. Одоо иргэдээ бодох цаг болсон юм биш үү.
Ц.Хангай