Та бүхэн бурхан байдаг гэдэгт итгэдэг үү. Бурхан гэж яг юу вэ. Бодит уу, эсвэл...Ер нь бурхан гэдэг тухайн хүний ямар шүтлэгтэйгээс үл хамааран түүний дотоод сэтгэлд мөнхөд оршдог хамгийн эхний аврагч бололтой юм билээ. Гэхдээ би энд ямар нэгэн шашин шүтлэг, бурхны талаар ярих гэсэнгүй.
Гагцхүү өөрийнхөө бурхан хэмээн шүтэж хайрлаж явдаг хоёр хүнийхээ тухай энд бичиж, та бүхэнтэйгээ ярилцахаар шийдсэн юм. Тийм ээ, тэд бол миний бурхад. Миний шүтээн. Басхүү ганц аврагчид минь юм. Би бурхныг тэртээ холын тэнгэрээс хайгаагүй. Бас элдэв ном зохиол эрэн галавын түүхээс ч эрж сураглаагүй. Намайг хүн болж төрөөд ээжийнхээ энгэр дээр нүдээ нээж амжаагүй шахам байхад минь анх өлгийдөж авсан хөгшин аав, ээжийгээ би, “тэд бол бурхад юм” гэж анх зөв билгээрээ, совингоороо мэдэрчээ. Ер нь айлын ууган хүүхэд өвөө, эмээгийн өмч болчих гээд байдаг нь амьдралд оршсоор буй бичигдээгүй нэгэн хууль гэлтэй.
Энэ л жамаар би анх өвөөгийнхөө аргал үнэртсэн бор гэрийн босгыг бойтгон мөрөөрөө тамгалж төрсөн гэр шигээ дасал болох тавилантай байж. Тэр цагаас хойш өдгөөг хүртэл өвөө, эмээгийнхээ босгыг элээсээр буй хувь тавиландаа өдөр бүр талархдаг билээ. Ингэхэд миний энд дурдаж буй хоёр буурлын минь нэр Д.Нацагдорж, Ц.Баасанжав юм. Хөгшин аавыг минь “өндөр” гэж дуудна. Харин эмээг “жижигхэн” гэнэ. Чухам ямар ерөөл билэг, учрал тавилангаар тэд минь 50 жилийн өглөө бүрийг ургах нарыг хамтдаа угтаж басхүү жаргааж ирснийг тэднээс минь өөр хэн ч үл мэднэ. Юутай ч хэзээ ч үл салах гарын таван хуруу шиг үр хүүхдүүдээ, тэднийх нь тоог хэд дахин өсгөсөн ач зээ нартаа хүмүүний амьдралын алтан хэлхээг хайрлахаар тэд хорвоод учирчээ.
Миний хөгшин аав. Би өвөө гэж дуудах тун дургүй. Нэг л дотно биш санагдаад байдаг юм. Миний хөгшин аав. Энэ хорвоод надад хайр гэж зүйлийг хамгийн ихээр мэдрүүлдэг хүн. Би хөгшин аавынхаа харцнаас хэлээгүй үгийг нь олж хардаг. Хийсэн хэргийнхээ төлөө хүртэх шийтгэлээ ч би түүний хааяа нэгхэн над руу илгээдэг ширүүхэн харцнаас нь уншчихдаг юм. Би ээж, ааваасаа илүүтэй энэ хүний өвөрт олон жил унтжээ. Одоо ч хааяа нэг гарыг нь дэрлээд хэвтэх хэчнээн сайхан байдаг гээч. Ер бусын амар амгалан, нам гүмийг би өвөөгийнхөө зүрхний цохилтоос мэдрэх шиг болдог.
Хөгшин аавынхаа туранхай цээжийг нялх багын зөнгөөр хэдэн шөнө тэмтэрч, хэчнээн удаа нойрыг нь сэрээсэн юм бүү мэд. Миний хөгшин аав тун дуу цөөтэй хүн л дээ. Барагтай юманд оролцоод олон таван юм яриад байхгүй. Харин хааяа нэг хэлэх үг нь юунаас ч илүү тархинд тусна. Аравдугаар ангиа төгсөх боллоо. Урилгаар сургууль авчихлаа гээд бодвол тухайн үедээ бага зэрэг маасайж л дээ, нөхөр би. Одоо бодоход тэр юу ч юм, чааваас. Ердөө л эхлэл байв. Гэхдээ би тэр үед буруу хазгай гишгэсэн бол, хөгшин аав минь цагаа олж охиноо ажиглаагүй бол...гэсэн бодол хааяа төрдөг л юм.
Тэгэхэд үр хүүхдэдээ ялангуяа гангар шаазан шигээ энхрийлж өсгөсөн зээ охин наддаа барагтай бол үг хэлээд байдаггүй өвөө минь, “Чи уг нь тун ухаантай хүүхэд. Даанч чи нэг л хүн болж чадахгүй нь ээ дээ. Би л чамайг ийм болгож. Би л чамайг хэтэрхий эрхлүүлж. Үхсэн хойно минь Нацагийн өнөөх тэнэг л гэж нэр чинь дуулдах вий дээ” гэчхээд босоод явчихсан юм. Бүр намайг огт тоолгүйгээр шүү. Ёстой л өнөөх цэлмэг тэнгэрийн аянга гээч нь яг миний өвөр дээр буучих шиг санагдаж билээ. Үнэндээ би тэр үед шөнө орой тэнэж, орон байрны хаалга онголзуулсан саваагүй амьтан явсангүй. Гэхдээ зан аашны хувьд бүхнийг чадагчийн дүрд орчихсон явж. Бодон бодон хэдэн өдөр уйллаа. Анх удаа хөгшин ааваасаа хатуу үг сонсч байгаа минь энэ л дээ.
Тэр ч байтугай намайг үл тоож хоёр өдөр духыг минь үнэрлэхгүй байх шийтгэл надад туйлаас хатуу ял байсан юм. “Чи хүн болж чадахгүй нь” гэдэг энэ үг миний өвөөгийн амьдралын зарчим юм байна гэж би одоо ойлгодог. Миний хөгшин аав хүн шиг хүн байх гэж, хүний ёсоор амьдрах гэж төдийгөөс өдий хүртэл амьдарч буй ажээ. Ердөө л өвөөгийн минь амьдралын зорилго хүн шиг хүн байхад л оршино. Бага ангийн боловсролтой хөгшин аав минь цэргийн алба хааж ирээд жолооч болжээ. Ингээд даргын жолоочийн ажлыг насаараа хийж. Дарга ажлаа амжуулна, хөгшин аав минь түүний хүрэх газарт нь аюулгүй хүргэж үйлчлэх үүрэгтэй. Жилийн дөрвөн улирлын өдөр шөнийн аль ч цагт Оросын УАЗ машины жолоогоор амьдралынхаа хүрдийг цуг эргүүлж явсан байдаг.
Зуны ид халуунд яахын ч аргагүй болтол халж, өвлийн идэр есөөр чөмөг царцмаар хөрдөг машины бүхээг дотроос миний хөгшин аав хүн шиг хүн байхын тулд хүний зэрэгтэй амьдрахын тулд унтах нойр, идэх хоолыг умартан зүтгэж ирсэн юм. Миний хөгшин аавыг хүмүүс “өндөр” гэж авгайлдаг. Би энэ нэрэнд нь тун их хайртай. Бие хаагаараа ч яалт гүй сайхан өндөр хүн л дээ. Энэ өндөр гэдэг тодотгол дотор миний өвөөгийн ухаан бас багтана гэж би санадаг. Хүмүүст хайртай хүний төлөө сэтгэл нь миний аавыг улам өндөр харагдуулдаг биз ээ. Гэрээсээ харьд хилийн цаана суугаа надад яг одоо өвөөгийн минь дүнсэн тамхиных нь үнэр нэвт ханхалхан хуучин бор дээлний үнэр үнэртэх шиг болов...
Миний хөгшин ээж. Намхан бор эмээ минь яахын аргагүй миний шүтээн. Энгэрээсээ унагасан таван үрийнх нь шилийг дарж би энэ хүний орыг эзэгнэх болжээ. Арьс болсон хөхийг нь үлгэж, барьж, энхрийлүүлж өссөн охин нь би юм. Эмээгийн гар хамгийн зөөлөн. Жижигхэн тэр бор гаранд “ид шид” бий. Өвдсөн газрыг илээд бариад л зүгээр болчихно. Би эмээгээрээ гэдэс, нуруугаа илүүлэх их дуртай хүүхэд байлаа. Одоо ч илүүлнэ л дээ. Яагаад тийм сайхан зөөлөн гартай байдгийнх нь учир сэтгэлд нь буй биз ээ. Насаараа бага ангийн багшийн ажил эрхэлсэн эмээ минь өөрөө яг хүүхэд шиг сэтгэлтэй хүн билээ.
Аливаад амархан баярлана, хөөрнө. Яг түүнтэйгээ ижилхэн хурдан гомдох гээд байна. Төрүүлсэн таван үртэй ч түмний мянган хүүхдийн эрдмийг их харгуйд хөтөлснөөрөө ижийнх нь хэмжээнд хүндлэгдэх болжээ. Эмээг минь гадуур явж байхад гүйж ирээд золгоод хацраа өгөн үнсүүлэх хүн манай сумаар өчнөөн бий. Эмээ тэр бүхэнд тоймгүй баярлана. Манай энэ, манай тэр тун сайн хүн шүү. “Хүүхэд байхдаа” гэж ирээд дөнгөж сая үнсүүлээд явсан шавиа хосгүй ихээр магтана. Өөрөө өөрийнхөө үгэндээ баярлана, урамшина. Ингэх бүртээ нас нь нэмэгдэх мэт харагдана.
Би хар багаасаа эмээ, өвөө дээрээ хөдөө өсөөд сургуульд орох нас хүртлээ цэцэрлэгээр хүмүүжиж чадаагүй юм. Ингээд сумын төв дээр амьдардаг аав, ээж хоёр минь охиноо цэцэрлэгт өгч “соёлжуулах” гэсэн боловч цэцэрлэгт долоо хонох гэж долоон жил болж буй мэт хөдөөх гэрээ ярьж, хөгшин аав ээжээ санаж уйлж, очих өдрөө хуруу даран тоолоод буй охиноо өрөвдөөд буцаагаад өвөө эмээд нь хүргэж өгсөн гэдэг юм. Багш эмээтэй хүний хэрэг юу билээ, үсгээ таньдаг, тоогоо тоолдог болоод л нэгдүгээр ангид орсон доо. Эмээ ямар ч үед охиндоо муу дүн тавьдаггүй миний хамгийн “худалч” багш байж билээ. Ер нь эмээгийн шавь нар эмээгээс цөөхөн удаа л муу дүн авч байсан гэдэг юм билээ. Хөгшин ээж минь хүнийг муугаар үнэлэх, муу хэлэх ясны дургүй. Муу хүн байдаггүй гэж ярина. Түүндээ ч өөрөө итгэнэ.
Хүнд урам өгөх хэрэгтэй. Хүний чадах зүйлийг олж харж хэлэх бол багш хүнд зайлшгүй байх чадвар юм шүү дээ гэж ирээд учирлана. Миний эмээ ийм л хүний хайлан болсон сайхан буурай бий. Ер нь надаар хэлж бичүүлэлтгүй миний өвөө, эмээг мэдэх хайрлах хүн олон байдагт миний сэтгэл өег явдаг юм. Миний хөгшин ээж хар нялхаас минь эхлэн охиндоо маш олон төрлийн үлгэр, домог, шүлэг, уран зохиол цээжлүүлсэн л дээ. Бүр өөрийгөө хамгаалах бурханы тарни, маани, мэгзэмийг ч ой ухаанд нь бат шингээн тогтоолгожээ.
Магадгүй өнөөдөр миний бичгийн хүн болох гээд будилж төөрч яваа энэ замыг минь миний буурай эмээ нээсэн гэж би боддог. Ер нь энэ үнэн. “Миний охин өнөөдөр нэг дөрвөн мөрт шүлэг бичээдэх ээж нь уншъя” гэнэ. Зээ охин бичнэ. Эмээ уншина. Учиргүй баярлана. Охиноо магтана. Миний охин хамгийн ухаантай бас бичиж чадна гэж хэлнэ. Эмээгийн хайрласан тэр урам намайг өнөөдөртэй цуг урагшлуулж яваа юм. Тиймээс тэр миний амьдралын замыг заасан, гэрэлтүүлсэн, миний хазайж, халтирахад түшсэн бурхан минь юм. Миний бурхан миний буурал, намхан бор эмээ.
Би гайхдаг байлаа. Хүмүүс өвөөг өндөр гээд, эмээг жижигхэн гэх юм. Яаж өндөр нам хоёр хүн гэрлэчихсэн юм бол оо гэж. Хэрвээ тэд бие биетэйгээ таараагүй, учраагүй бол тэднээс үсэрсэн оч, гэрэл нь бид болон төрж чадахгүй байлаа. Гэтэл өвөөгийн минь өндөр ухааныг зүтгэл, хичээл чармайлтаараа цэцэгжүүлж байсан эмээ минь тулган дахь галаа улам бадраан цогжуулж байжээ. Тийм ээ, миний амьд хоёр бурхан минь болсон хоёр буурлын минь голомтон дахь гал улам бадран дүрэлзэж байна. Тулган дахь галаа хэчнээн таславч үл унтрах голомтыг бадрааж чадсан хоёр буурлыг минь насыг нэмж хайрла, бурхан минь!!!
Г.Нямгэрэл