Өлзий-Утасын
Тамир бол ард түмнийхээ хайр хүндэтгэл хүлээсэн цөөхөн хүчтэний нэг, дархан аварга
Жигжидийн Мөнхбатын гэргий байж, тогоог нь барьж, цайг нь дээжлэн суух хувь тохиосон
бүсгүй билээ.
Аваргын гэргий
Ө.Тамиртай уулзаж, энэ бөхийн 40 шахам жил ханилсан ханийнх нь үгийг сонсохсон гэсэн
бодлыг олон жил тээж явсан ч хараахан уулзаж амжаагүй өдийг хүрлээ.
Харин нэгэн
насных нь хань, алдарт бөх Жигжидийн Мөнхбатын амжилтын намтар түүхийг өгүүлсэн
дурсамж ярилцлагын ном бичиж, энэхүү номынхоо “Сэтгэлд мөнхрөн үлдэх дурсамж” хэмээх
бэсрэг бүлгийн хойморт аваргын гэргийг урьж хуучлах завшаан тохиосон юм.
-Хүн бүхний
сэтгэлдээ тээж явдаг нутаг ус, ижий аав, хүүхэд ахуй нас гээд эргэн дурсахгүй байхын
аргагүй олон сайхан дурсамжаар аварга бид хоёр хуучилсан юм. Хоёулаа бас энэ гэгээн
сайхан дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?
-Аав ээжийгээ,
аав ээжтэйгээ элэг бүтэн байсан хүүхэд насаа эргэн дурсах сайхан байлгүй яахав.
Би Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг “Хадан хошуу“ гэдэг газар Өлзий-Утасын ууган
охин болж 1948 оны шороон хулгана жил мэндэлсэн. Намайг гурван настай байхад манайх
Улаанбаатар хотод нүүж ирсэн гэдэг. Аав минь нутагтаа гарсан хүүхэд гэж билэгдэж
надад Тамир гэдэг нэр хайрласан юм билээ. Би дороо дөрвөн эмэгтэй дүүтэй. Манайх
гарын таван хуруу шиг таван охинтой айл.
-Намайг жараад оны эцэс, далаад оны эхээр
МУИС-д суралцаж байхад танай ээж гэж сайхан буурал их сургуулийн номын санд ажилладаг
байж билээ. Түмний олон хүүхдийг өөрийн мэт бодож тус дэм болж явсан тэр сайхан
буурлын тухай, аавынхаа тухай дэлгэрүүлж цааш нь хуучилна уу?
-Миний аав Сэрээтэрийн
Өлзий-Утас хуучнаар Ачит гүний хошуу, одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул.
Хүүхэд ахуйдаа Заяын гэгээний малыг маллаж явсан гэдэг. Халх голын дайн, 1945 оны
чөлөөлөх дайнд оролцож, цэрэг дайчдын эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж явсан ахмад
дайчин хүн.
Багшийн ажлаар
ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж Архангай, Өвөрхангайд багшилж, Архангай аймгийн
Хувьсгалт залуучуудын эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгчийн алба хашиж, хожим
Улаанбаатар хотын Мах комбинатын дарга, Хүн эмнэлгийн техникумын захирал, Улсын
амралт рашаан сувиллын газрын дарга, Геологи хайгуулын ангийн даргын албыг хашиж,
“дарга гэдэг чинь мэргэжил” гэж П.Очирбат ерөнхийлөгчийн хэлсэн шиг аав минь төрөл
бүрийн салбарт энэ албыг хашиж явсан, нэр хүндтэй дарга нарын нэг байсан даа.
Ээж минь Дэнзэнгийн
Дулмаа гэж Өвөрхангай аймгийн уугуул, Цэцэрлэг мандал уулын аймгийн Арвайхээрийн
хошууны танхимд суралцаж төгссөн, цагтаа боловсролтой, бичиг үсэгтэйд тооцогдож явсан. Феодалын хөрөнгө хураах ажлаар хөдөө орон
нутагт явж, Улсын баатар Т.Бортой хамт ард олонд ухуулга сурталчилгаа хийж, хил
давж нүүх гэж байсан айлуудыг буцааж, ядарч зүдэрсэн ард олонд тусалж хувьсгалын
үйл хэрэгт гар бие оролцож явсан нэгэн. Гэтэл ээжийн эгч Д.Донжид Монгол улсын ерөнхий
сайд П.Гэндэнгийн эхнэр байсан учир эсэргүүний хамаатан гэгдэж ажлаас халагдан хэлмэгдэж
бас хөөрхөн зовлон үзсэн. Гэхдээ төр засаг ээжийн минь идэр залуу насны эх орны
энх цагийн бүтээн байгуулалтын дунд өнгөрүүлсөн хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Алтан
гадас” одонгоор шагнаж байлаа.
Хүн өөрөө үр
хүүхэдтэй болоод аав ээжийнхээ ач тусыг ухаардаг, баярлуулахсан гэсэн бодол төрдөг
юм билээ. Ээж минь их өндөр наслаад 2005 онд бурхан болсон. Ээжтэйгээ өтлөх сайхан
ч, хамт өтлөөд алдах хүнд юм билээ. Тэр хүнд үед л сайн ханийн буян, сэтгэлийн дэм
тусыг айхтар мэдэрсэн. За яахав, хорвоо мөнх бишээс хойш миний ээж наслахыг насалж
ач зээ, ачинцар зээнцэрээ үзлээ гэж уужуу бодол төрж байлаа.
Ээжийнхээ ачийг
хариулсан хүн үлгэр домогт л гардаг. Ээжийнхээ ачийг хариулж чадахгүй юмаа гэхэд
нэг өдөр, нэг ч хором зовоохгүй юмсан, сэтгэлийг нь амар байлгахсан гэж бодож явсан.
Ээж минь бид тавыг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохис хийхгүй явж
байж хүн болгосон. Зээ нараа ч өсгөж өглөө. Хүн ер нь ээжээрээ байнга бахархаж,
үргэлж дурсаж явах учиртай. Энэ дэлхий дээр ижийтэй зүйрлэх ачтан байхгүй. Йжий
гэдэг бурхныг баярлуулж жаргааж чаддаггүй юмаа гэхэд зовоохгүй л явахсан гэж залуу
үедээ захимаар байна. Ээжийн хайрыг илүү мэдэрсэн хүн яавч муу хүн болохгүй.
Мөнхийн рашаан
байдаг бол
Хаанаас ч хамаагүй
олох юмсан
Миний ээж настай
хүн
Хайртай ээждээ
өгөх юмсан” гэдэг дууг сонсоод өөрийн эрхгүй сэтгэл үймэрч гэгэлздэг болж. Тиймээс
ээжийгээ амьд ахуйд нь жаахан ч болов баярлуулж сэтгэлийг нь тайван байлгаарай гэж
залуустаа хэлж захимаар байна.
-“Хасар Жагаа”-гийн гэргий жүжигчин Г.Урнаа
“Бардам байсан болоод ч тэрүү эхэн үедээ Жагааг тоодоггүй байлаа. Буржгар үстэй, бардам зантай, өндөр цагаан
залууг охид их харна. Харах юмсан гэж дотроо боддог хирнээ харахгүй дүр эсгэж араасаа
их гүйлгэдэг байж дээ. Дүргүйдээ биш шүү дээ” гэж нэгэн ярилцлагадаа тэмдэглэсэн
байдаг. Та аваргыг анх хайр сэтгэлээ илчилж “будилж” явахад жүжигчин Г.Урнаа шиг
өнгөн дээрээ дургүй дүр эсгэж араасаа гүйлгэж байсан байлгүй?
-Оюутны амралтаар Тэрэлжид амарч байхад бөхчүүд тэнд бэлтгэл
хийж байж таарч Ж.Мөнхбаттай анх уулзаж хэдэн үг солилоо. Буржгар үстэй, давхраатай
алаг нүдтэй сайхан залуу байсан. Амрагчид Мөнхбатын тухай их ярих. Мөнхбат яагаад
ганцаараа түрүүлээд байдаг юм бол гэж бодох. Түүнээс хойш олон хоногийн дараа Улаанбаатарт
ирээд нэгдүгээр эмнэлэг дээр хичээл хийхээр явж байтал Мөнхбаттай тааралдаж мань
хүн ч танимхайрч мэнд ус мэддэг юм. Одоогийн МУИС-ийн хичээлийн гуравдугаар байр,
Математик менежментийн сургууль чинь манай АУДС-ийн хичээлийн байр байсан. Бид I эмнэлэг дээр хичээл их хийдэг
тул Спортын төв ордны урдуур алхах. Тэгж
яваад Мөнхбаттай тааралдаж байгаа
нь тэр. Уулзая гэхэд нь би ичээд гүйчихсэн. Манай ангид хожим улсын начин болсон
Өвөрхангайн С.Чулуунбаатар гэдэг бөх сонирхдог, барилддаг хүүхэд суралцаж байсан.
Нэг өдөр Чулуунбаатар “семинарын дэвтрээ өгөөч” гээд манайд ирлээ. Орооч гэтэл аав
ээжээс айгаад ордоггүй. Гараад уулзтал Мөнхбат хүрээд ирлээ. Чулуунбаатар ч “Залуу
улсад ярих юм байгаа байлгүй” гээд яваад өгдөг байгаа. Мөнхбат намайг олдохгүй болохоор
Чулуунбаатараар газарчлуулж хамт ирсэн нь тэр юм билээ. Сүүлд Чулуунбаатар “Би Мөөеөд
Ө.Тамирыг олж өгсөн, шагналаа авна” гээд өвгөнийг минь цаашлуулна. Би “Яах гэж гэр
орон зааж өгсөн юм” гээд инээлддэг байсан. Хөөрхий минь залуугаараа бурхан болчихсон
доо.
Дотроо Мөнхбатыг боддог хирнээ дургүй дүр эсгэж гүйлгэдэг
байж. Эмэгтэй хүн бардам байх нь бас ч буруу биш. Би чинь их муухай ааштай, тэгээд
ер нь царай өгдөггүй болохоор эргүүлэх санаатай залуус тэгсхийгээд цөхөрдөг байсан
биз. Мөнхбатыг бас цөхөрвөл цөхрөхөөр гүйлгэсэн. Үнэн сэтгэлгүй бол цөхрөлтгүй тэгж
хөөцөлдөхгүй шүү дээ. Өөртөө дасгаж, өөрийгөө дасгуулж байж суухыг хүсдэг байсан
юм болов уу. Сэтгэлээсээ хайрласан хүний хайр харцнаас нь хүртэл мэдрэгддэг. Тэгж
гүйсээр намайг ч өөртөө дасгасаар, өөрөө ч надад улам дассаар суучихсан хоёр. Хувь
тавилангийн эрх жамаар учирсан.
-Аварга ч сайхан
залуу байсан. “Ж.Мөнхбат бодын шагайн адил онцгой лагс биетэй, царайлаг хайрын бурхан,
одоо цагт бол супермэн явдаг байлаа. Тэр булиа эрд бурхан тэнгэр агуу их хүч тэнхээ,
их оюун ухаан, зүс царай хайрласан тул эхнэр хүүхнүүд өөрсдөө эргүүлж, эмс охид
атаархан гүйдэг байв” хэмээн нэгэн бөх сонирхогч бичсэн байдаг юм. Та ч гэсэн тэр
олон сайхан хүүхнээс шалгарч ХБНСЮУ-ын ерөнхийлөгч Броз Титод цэцэг барьж явсан
нэгэн. Тэр сайхандаа эрдэж аваргад нүүр өгөхгүй омголон танхи явсан байх?
-Би өөрийгөө жирийн нэг л бүсгүй явсан гэж боддог. Залуу явахад
юм бүхэн өнгөлөг байдаг даа. Бүсгүй хүний гоо сайхан царай зүс, гадаад үзэмжиндээ
байдаг ч хамгийн гол нь дотоод ертөнцдөө болов уу. Бидний үед эмэгтэй хүн эхэлж
ам нээнэ гэж үгүй, харин захиа авна, урлаг үзвэрт их уригдана. Эрчүүлийн хойноос
өөрсдөө явахгүй, тэдний л үгийг сонсоно. Энгэр задгай, хормой сул явахыг их цээрлэнэ.
Залуус араас гүйдэг, зарим нь тоглоод, зарим нь үнэнээсээ оролддог байлаа.
Бидний үеийн хүүхнүүд одоогийнх шиг биш байсан. Хүнтэй суувал
хүүхэдтэй болж сургууль соёлоо орхино гэж айж, хүнтэй суухыг нэг их хүсдэггүй байлаа.
Би айлын том нь, дүү нараа харж хандах ажил ихтэй. Аав геологи ангийн дарга, хөдөө
хээр их явдаг болохоор эрчүүдийг аавтайгаа адилтгаж гэрийн бараа хардаггүй улс гэсэн
буруу ойлголттой ч болчихсон байсан. Ер нь монгол эмэгтэй нөхөртөө хайртай гэдэг
үгийг олон дахин хэлдэггүй байсан бололтой дог. Дуундаа ч “Өөрийнхөө гэрийг бариач
ээ Өрхний чинь оосрыг татья” гэж дуулдаг.
ХБНСЮУ-ын ерөнхийлөгч Броз Тито гуайг 1968 оны хавар айлчлахад
би цэцэг барьж угтаж байсан. Тэр дурсгалтай зураг манайд бий. Урт үстэй хүн ховор
байсан болоод тухайн цагийн шалгуурт тэнцээд намайг сонгосон байх.
-“Хазгай газар ургадаг
нь хайлаас модны жам юм
Хадмын гэрт очдог
нь бүсгүй хүний заяа юм” гэж ардын дуунд гардаг. Бүсгүй хүн бүхэнд тохиодог хувь
заяа. Тэгэхдээ сайн ханийг түшиж хадмын газар очно гэдэг ховорхон тохионо шүү?
-Ер нь бүсгүй хүн болж
төрсний хамгийн дээд аз жаргал нь сайн хань нөхөртэй учирч, сайхан үр хүүхэдтэй
болох л байх. Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Хайр гэдэг сайхан бүхний охь
юм даа. Энэ охийг зөв нэрж чадвал орчлонд үл ханах жаргал болно. Буруу нэрвэл насан
туршийн гуниг юм” гэж хэлсэн байдаг. Би тэр амсаж үл ханах жаргалыг эдэлж яваа хүн.
Би тэр болгон хүнд заяадаггүй сайхан ханьтай учирсан азтай хүн. Энэ хорвоод дутуу
зүйлгүй, элэг бүтэн, эрүүл саруул, сэтгэл амгалан амьдрана гэдэг бурхны бидэнд өгсөн
хишиг юм гэж залбирч суудаг. Би Мөнхбаттай ханилснаар миний амьдралд аз жаргалтай
давтагдашгүй мөч олон тохиосон. Амьдралын сайн сайхан нь ханийн жаргалд л байдаг.
Жаргалын дээд сэтгэлийн амар гэдэг, ар гэрээ ариун дагшнаар авч явна гэдэг надад
өгч байгаа эрхэм бэлэг юм. Миний хань намайг ер нь юугаар ч дутаагаагүй, ханийн
буянаар хүний эдлээгүй, өмсч зүүгээгүйг хэрэглэж явсан, явна. Сайн хань хүнийг хөтлөөд
явчихна. Зөв санаж, зөв зүйл бодож, зөв замаар явсны минь буян байх гэж бодож явдаг.
Ханийнхаа буянаар олон сайхан хүнтэй танилцаж, ханийнхаа хамт ард түмэндээ хайрлуулан
хүндлүүлж яваадаа бахархдаг. Мөнхбатад хүмүүс тун элгэмсэг хүндэтгэлтэй ханддаг.
Тэр хэмжээгээр надад хандаж буй нь мэдрэгддэг юм.
-Хөөрхий аав ээж хоёр тань аварга цолтой бөх охиныг нь
“эргүүлээд” байхад дүргүйцээгүй дээ. Олон охинтой айл нэг нь ч гэсэн сайн ханьтай
болох нь гэж баярлаж суусан даа?
-Муу аав ээж хоёр минь юу гэж дургүйцэх вэ. Мөнхбат архи уудаггүй,
тамхи татдаггүй, бас тэгээд алдар гавъяагаа нэгэнт өөрөө олчихсон байсан. Аав ээж
хоёр “Охин минь битгий муухай аашлаад бай” гэдэгсэн. Мөнхбатыг Мехикогийн олимпийн
их наадамд явахад нь аав ээж, бид бүгдээрээ цай уулгаж гаргаж өгч байсан. Харин
зарим найз хүүхнүүд “Мөнхбаттай битгий суу, халамжтай нөхөр бидэнд хэрэгтэй. Энэ
Мөнхбат чинь гэрийн бараа харахгүй, халамжгүй хүн” гэдэг байж билээ.
-Бөх хүний гэргий
байна гэдэг бөхийн ёс жаягийг сахиж хүндэтгэхээс авахуулаад илүү үүрэг хариуцлага
хүлээдэг гэж ахмад бөхчүүдийн гэргий нарын ярихыг сонсож явлаа. Аварга цолтой бөхийн
гэргий болно гэдэг бүр ч илүү үүрэг хариуцлага оногдсон биз?
-Монгол үндэсний бөх гэдэг агуу юм. Ардын ёс заншлаас бөхчүүдэд
маань жаахан юм уламжлагдаж ирсэн байдаг. Ёс заншлаа мэдэж дагах, эр нөхрөө хүндэтгэх
зэргийг ээжээсээ сурсан. Ээжийн минь аав Үйзэн гүний хошууны Дэнзэн гэж сайн барилддаг
хүн байсан болохоор ээж маань бөхийн гэргий байх, ёс жаягийг хэрхэн сахидгийг бараг
Мөнхбатын гэргий болох сургаар надад их ярьж хэлдэг байсан. Би ч анхааралтай сонсож
байгаа хирнээ ичээд “За за бөх хүнтэй суутал хаа юм бэ” гээд гараад гүйчихнэ. Мөнхбат
өөрөө ёс жаягийг гайхалтай сайхан сахидаг, надад сургадаг байсан. Эр нөхрөө яаж
хүндлэхээс эхлээд зодог шуудгаа хаана тавих хүртэл энгийн хүнд үл анзаарагдам хирнээ
тун нарийн ёс жаяг журамтай.
Бөхийг гэр бүлийнх нь хамт асар их хайр хүндлэл хүлээдэг,
маш том хариуцлага дагалддаг. Манай ард түмэн үүх түүхтэй нь хайрладаг улс. Тэр
их хайр хүндэтгэлийг дааж явах учиртай. Би хүүхдүүддээ “Та нар бөх хүний, аварга
цолтой бөхийн хүүхдүүд гэдгийг ямагт санаж яваарай” гэж захидаг. Намайг Ө.Тамир
гэхээсээ “Аваргын, Мөөеө аваргын гэргий” гэдэг болохоор ханийнхаа нэр хүндийг хайрлаж
хүндлэж явахыг эрхэмлэдэг дээ.
-Бөхөө хайрлан хүндэлдэг
ард түмэн нь Ж.Мөнхбат аваргыг бөхийнх нь хувьд сайн мэднэ. Харин ямархуу өрхийн
тэргүүн, хань, аав гэдгийг төдий л сайн мэдэхгүй байх?
-Хүмүүс Мөнхбатыг бөхийнх нь хувьд сайн мэднэ. Барилдаж байхдаа
аатай омголон юм шиг харагддаг болохоос өрөвч зөөлөн сэтгэлтэй, уяхан хүн шүү дээ.
Ядарсан зүдэрсэн улсад тус болохыг хичээж явдаг хүн. Гавъяат тамирчин М.Хойлогдоржийг
гэр бүлийн хүн нь нас барж амьдрал хүндхэн үед хэн ч харж хандахгүй байхад хувийн
сургуульдаа авч ажиллуулж байсан гээд хөгшид, ядарсан зүдэрсэн хүмүүст тус дэм болж
байсан нь олон.
Хүүхдүүддээ хэзээ ч гар хүрч үзээгүй, хир баргийн юмыг тоохгүй,
тэглээ ингэлээ гээд үглээд байхгүй, маш уужуу тайван хүн. Арван гуравтай байхад
нь өргөж авсан ээж нь Санхүүгийн сургууль төгсөхөд аав нь нас барж бага насандаа
бас зовлон амссан, хөөрхий минь. Өөрийнх нь омголон танхи өссөн хүмүүжил ч нөлөөлсөн
байх, одоо ч гэсэн хүүхдүүдтэйгээ их зөөлөн харьцдаг юм.
Надад бол халамж түшигтэй сайн хань, хүүхдүүддээ үлгэр дууриалалтай
эцэг, сайн ч хүн, сайхан хүн. Ямар ч зүйлд ноён нуруутай ухаалаг ханддаг хүндээ.
Харин тэр аа омог, үг хэл нь барилдааных нь тактик байсан байх.
-Аваргын ид аатай
явсан үе. Хүүхдүүд бас ойрхон гарсныг хэлэх үү, таны үүрэг хариуцлага ч улам нэмэгдсэн.
Ер нь алдартай хүмүүсийн ар тал ихэвчлэн хүсэл мөрөөдлөө золиослосон улс байх юм?
-Би мэс заслын эмч хүн. Төгсөөд клиникийн гуравдугаар эмнэлгийн
мэс заслын тасгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Зүрхний мэс засал ид хөгжиж
байсан үе. Тэнд хожим хөдөлмөрийн баатар болсон, төрийн шагнал хүртсэн Р.Пүрэв гуай,
академич Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, С.Загдаа, Ё.Бодьхүү, Ж.Моондой нар ажиллаж байж
билээ. Би Ж.Хайрулла багштай хамт хагалгаанд орж явлаа. Оролдоод байвал нэг юманд хүрэх нь хүрэх
л байсан биз. Залуу нас юм хойно ажилламаар, юм хиймээр зүрх сэтгэл бас цаанаасаа
хөглөөд байдаг. Эмч хүн бусдыг гэрэлтүүлж, өөрөө сөнөдөг лаа шиг ажиллах ёстой байдаг.
Гэтэл Ж.Мөнхбатын ид аатай үе. Ард түмэн нөхрийг минь өв тэгш,
сайн сайхан явуулахыг надаас хүсээд байдаг. Мэргэжлээрээ ажиллах уу, ар гэрээ даах
уу гэсэн асуулт аяндаа гарч ирсэн. Ханийгаа ар гэр, үр хүүхдийнхээ төлөө өчүүхэн
ч санаа зовохгүйгээр ар талыг даах шаардлага зүй ёсоор тавигдсан.
Хоёулаа цаг наргүй ажил гээд явчихвал энэ амьдрал, ар гэр,
хүүхдийн хүмүүжил юу болох билээ. Тэгээд ар талаа даасан. Ханийгаа сайн сайхан явуулах
гэж хүүхдүүдээ төлөв төвшин өсгөж хүмүүжүүлэхийн
төлөө Ж.Мөнхбатынх гэдэг айлын ачааг үүрэлцэж өдийг хүрлээ. Үүнийхээ үр шимийг хүртэж
явна.
-Таны саяын ярианаас
үүдэн “Айлын өнгө, эр нөхрийн сүлд хийморь эхнэрээс л шалтгаалдаг” гэж УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбатын гэргий Д.Сэргэлэнгийн
ярьсан санаанд орж ирж байна. Юутай үнэн үг вэ гэж бодогдож байж билээ?
-Ёс заншлаа мэдэж дагах, эр нөхрөө хүндэтгэх зэргийг өтгөс буурлууд, аав ээж нар маань сургаж ирсэн.
Миний ээж “Эмэгтэй хүн сайн ээж, сайхан хань, эзэгтэй, амьдралын хамгийн сайн хөтөч
байх ёстой. Өөрийгөө, нөхрийгөө, хүүхдүүдээ сайн сайхан амьдрал руу хөтөлж явах
нь гагцхүү эмэгтэй хүнээс шалтгаална” гэж сургадаг байсан. Манай монголчуудын өрх
гэрийн тэргүүний хэлсэн үг тэр гэр бүлийн дотор хууль байх ёстой гэсэн бичигдээгүй
зарчим ч бий. Ер нь эмэгтэй хүн эр нөхрөө хичнээн их хүндэлснээр тэр хирээрээ сэтгэлээр
баян тансаг явдаг юм.
Надад ч, Мөнхбатад ч бие биенээ хардах, харамлах явдал тохиож
байгаагүй. Бид хоёрын өсөх багаас олж авсан хүмүүжил маань ч энэ байх. Харин миний
хань ийм сайхан хүн гэж улам хайрлах бахархах сэтгэл төрдөг юм.
-Бөхчүүдийн гэргий
нарт даваа унааны үнэ цэн илүү ойрхон байдаг болохоор бөх үзэж суухдаа сэтгэл догдолж
байх шиг харагддаг. Аваргын барилдахыг үзэж суухдаа таны сэтгэл догдолдог байв уу?
-Тэр болгон барилдааныг нь үзээд байж чаддаггүй юм. Баяр наадам,
цагаан сарын барилдааныг үзнэ. Залуу байхад нь нэг их тоодоггүй байсан. Харин Х.Баянмөнхтэйгээ
барилдахад сэтгэл догдлож үзнэ шүү дээ. Үзэгчдийг чилээлээ гэж дээрээс хэлдэг байсан
болохоос ард түмэн энэ хоёрын барилдахыг огт чилэлгүй сууж үздэг байсан. Нас ахиад
ирэхээр сэтгэл зовдог болдог юм байна. Өвгөний минь биеийн эрүүл мэнд тийм сайнгүй.
Хөлийн шөрмөс суналттай, гар, хөл, хавирга бэртэж бороолсон гээд гэмтээгүй эрхтэн
байхгүй. Аарцгаа хүртэл хадуулсан. Бие нь эмгэг согогтой болохоор бэртэж хэмхэрчихвий
гэж санаа зовдог болох юм.
Гадаадад олон улсын уралдаан тэмцээнд явахад нь яах бол гэж
чих тавин чагнаж суудаг. Зөвхөн хувь хүний төдийгүй улс орны маань нэр төртэй холбоотой
болохоор илүү сэтгэл догдолж хүлээдэг юм.
Мөнхбат баяр наадмын тавын даваа эхлэхийн өмнө гэртээ ирээд
20 орчим минут нам унтчихна. Яаж ингэж унтаж чадаж байна гэж бодохоос сэтгэл гэгэлзээд
тогтож сууж болдоггүй юм. Том тэмцээний өмнө өөрийгөө бэлтгэх хувь хүний зөвхөн
өөрийн гэсэн бэлтгэл, биологийн болон сэтгэл зүйн зохицол жолоодлого байдаг байх.
-Ууган хүүгээ төрүүлж
үрийнхээ зулайг үнэрлэж, дууг сонсож ээж
болсон баярт мөчийг эргэн дурсаж яриагаа үргэлжлүүлье?
-Ууган хүү Батхуяг минь 1969 онд төрсөн. Эх хүн болж анхны
үрийн зулайг үнэрлэх, дууг сонсох тэр мөчийг үгээр илэрхийлж, үзгээр бичихийн аргагүй
жаргал байдаг. Үр хүүхэдтэй болох хүний амьдралд баяр баясгаланг бэлэглэж амьдралыг
утга учиртай болгодог. Хэний төлөө амьдарч, юуны төлөө зүтгэж яваагаа илүү ухаардаг
юм билээ.
Мөнхбат том хүүгээ төрөхөд жигтэйхэн баярлаж байсан юм. Хүү
гарна гэж ярих. Намайг төрөхийг дөхүүлээд жаал жуул юм бэлдэж ирэхээр хөдөө явсан.
Гэтэл би тэр хойгуур нь төрчихсөн. Манай хүний унаа нь саатаад ээж рүү утсаар ярьж “Тамирын бие яаж байна” гэж асуухад нь ээж “Төрчихсөн,
хүү гарсан” гэхэд итгэхгүй байсан гэдэг. Өөрөө их хүсч явсан болохоор итгэж чадахгүй
байсан биз. Тэгээд намайг эмнэлгээс гарахад хүүгээ эв хавгүй тэвэрчихсэн зогссон
нь сэтгэлд тодхон үлдэж дээ.
Том охин Батцэрэн 1971 онд, дунд охин Батгэрэл 1977 онд, бага
охин Баасанжаргал 1982 онд, отгон хүү Даваажаргал 1985 онд төрсөн. Хүүхдүүдийг муу
ээж минь өсгөлцөж өгч их тус болсон доо. Хүүхдүүд минь бүгд хань ижилтэй, үр хүүхэдтэй,
ажил төрөлтэй, сайн сайхан явна. Монголчууд бидний ярьдгаар “Эцгийнх нь үйл хэрэг
үр хүүхдэд нь” гэдэг”. Улс орныхоо нэрийг ертөнцийн чихнээ дуусгаж ясныхаа хөлс,
тосыг дуслуулж явсан аавынх нь буян заяа түшдэг биз.
-Та нэг ярилцлагадаа
“Би та нарын өчнөөн жил ажиллаад аваагүй одонг зүгээр суугаад зүүчихлээ” гэж хуучилсан
байдаг. Бал даргын, Батмөнх даргын хэмээх
“Алдарт эх”-ийн одонг зүүлгэсэн хүү тань насны намартай золгосон аав ээж хоёртоо
жаргалын дээдийг эдлүүлж байна даа?
-Тийм ээ, найз нөхөд, хамт төгссөн эмч нар “Чи сайхан юм аа,
бүх юм бэлэн” гэхэд “Би хүүхэд төрүүлэх ажил хийж байна. Та нарын өчнөөн жил ажиллаад
аваагүй Бал дарга, Батмөнх даргын одонг зүгээр суугаад зүүчихлээ” гэж наргиан болгодог
юм. Гэтэл тэр наргиан болгож хэлж байсан одонгийн минь хүү Даваажаргал бөх болж
Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд хүч сорьж
эрхэм сайхан цолуудыг ээлж дараалан хүртэж аав ээж, ах эгч, хамаатан саднаар зогсохгүй
ард түмнээ баярлуулж яваад их баяртай байна. Түмэн олны минь буян хишиг. Миний хүүгийн
төлөө сүүн цацал өргөж ерөөл тавьж суудаг ард түмний минь сайхан сэтгэлийн ач.
“Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод. Өглөөний нарыг нард бүү бод” гэж аав ээжийн бага
залууд хэлж байсан сургамжит үгс бас бодогдож байдаг юм.
-Даваажаргал “Би
айлын отгон хүү болохоор эрхдүү өссөн, тэгэхдээ зөв эрх шүү” гэж ярьж байж билээ?
-Миний хүү аав ээждээ, ах эгч, эмээ өвөөдөө эрхэлж өссөн.
Хүүгээ аль болох эрүүл чийрэг өсгөхийг бодож хөхөө хөхүүлж, эрүүл агаарт байлгахыг
хичээж өсгөсөн. Их сэргэлэн цовоо, ухаалаг хүүхэд байсан. Хүүхэд насны гэнэн томоогүй
зан байдаг ч аав ээжийгээ хэзээ ч зовоож байгаагүй. Багаасаа л аавынхаа өврөөс салахгүй,
гурван настайгаасаа аавыгаа дагаж заал танхимын барилдаан үзэж, энд тэндхийн наадамд
очиж, баяр наадмын бэлтгэлд хамт гардаг, бөхийн ногоон дэвжээнд өссөн хүүхэд. Аавынхаа
өрөвч зөөлөн сэтгэлийг өвлөсөн, зөв хүмүүжилтэй, зөөлөн сэтгэлтэй хүүхэд. Бид нэг
жил долдугаар сарын эхээр хөдөө явлаа. Хүү минь хаанаас ч олсон юм бэ, ангирын дэгдээхэйг
аав ээжтэй нь уулзуулна гээд бариад ороод ирдэг юм.
Орой болчихсон учир маргааш аав ээжтэй нь уулзуулахаар болов.
Маргааш нь аавтайгаа хамт явж дэгдээхэйг замын хажууд тавитал хоёр ангир тосч буугаад
дагуулаад явчихсан гэдэг. Тэгсэн Даваажаргал “Энэ муу дэгдээхэйг аав ээжтэй нь уулзуулах
гэж бодоод нойргүй хонолоо. Одоо нэг сайхан амарлаа” гэж байсан. Бас нэг удаа Чойрын
наадам үзээд буцахад бидэнтэй хамт явсан хүүхдүүдээ дагуулсан эмээ нийтийн вагонд,
бид купенд суутал манай Даваажаргал “Эмээтэй хамт явна, энд авчир” гэсээр эмээг
хүүхдүүдтэй нь купенд авчирч хамт явж байж билээ. Тэгэхэд хүмүүс хүүг минь эрэгтэй
хүүхэд гэхэд яасан өрөвч зөөлөн сэтгэлтэй хүүхэд вэ гэж байсан. Ингэж сайхан санаж
явсан, явдаг болохоор хүүгийн минь ажил үйлс бүтэж байна гэж боддог юм.
-Хүү төрвөл бөх
болоорой гэхээс дарга болоорой гэж ерөөдөггүй. Бага хүү тань бөх болж, арлын оронд
сүмогийн дэвжээг эзэгнэж аавынх нь нар ёстой нэг гарч байгаа даа?
-Тийм ээ Мөнхбатын, ер нь бөх хүний сэтгэлдээ тээж явдаг бодол
ч энэ байх. Том хүүгээ ч бас харж байсан. Баяр наадмын хүүхдийн барилдаанд үзүүрлэж
явсан. Өөрөө сонирхолгүй, бид ч их шахаж шаардаагүй. Мөнхбат харин бага хүүгээ бөх
болно гэж ярьдаг байсан. Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан гээд олон бөх
аав ээжийнхээ 37-ны жилээс хойш нас тогтсон
үед гарсан болохоор бага хүүдээ илүү итгэл хүлээлгэдэг байсан байх.
Бөх хүнд хүүгээ барилдаж байгааг харахаас илүү жаргал байдаггүй
байх шүү. Д.Дамдин аварга хэдий бодь хүн ч гэсэн хүү Д.Баяраагаа барилдахыг харж
суухдаа сэтгэл нь хөдөлж байгаа нь мэдрэгддэг юм. Хүү хүргэн хоёрыгоо барилдахыг
харж суугаа Баянаа аваргыг хараад ардын төрийнхөө баяр наадамд тэр олон жил түрүүлэхдээ
ч, дэлхийн аваргын алдрыг хүртэхдээ ч ингэж баярлаагүй болов уу гэж бодогдох үе
гардаг. Манай Мөнхбат Д.Дамдин аварга шиг бодь хүн ч гэсэн хүүгээ сүмогийн дэвжээнд
хүч үзэж байгааг харж суухдаа үнэхээр сэтгэлийн жаргал эдэлж, аваргын алдрыг хүртэхэд
нь баярын нулимс унагадаг юм.
-Аав ээжийн хайртай
хүү Монгол, Япон хоёр орны ард түмний хайртай хүү болчихлоо. Та хоёр өөрийн эрхгүй
хүүгээрээ бахархахгүй байхын аргагүй юм. Та аваргын гэргий байсан бол одоо аварга
хүүгийн ээж боллоо. Ховорхон тохиох хувь зохиол шүү?
-Хүүгээрээ бахархахын зэрэгцээ эх хүний сэтгэлд үр хүүхэд
нь үргэлж нялх юм шиг санагдаж байх юм. Хүү жюүрёод дэвшин барилдах болж, сэкитори
цолтой бөх болсон ёслолд аав ээж хоёрыгоо урьж оролцуулж, амьдрал ахуйгаа үзүүлсэн.
Хүүгээ тэр үед бэлтгэл хийж байгааг анх хараад ямар хатуу бэрхийг туулж өнөөдрийн
амжилтад хүрснийг бие сэтгэлээрээ мэдэрч халширч суусан. Энэ бүхнийг үзээд би “Миний хүүгийн нас бага, чиний яс гэж мөгөөрс
шүү, жюүрёодоо хэдэн жил барилдвал яасан юм бэ” гэхэд хүү “Ээж ээ! Яаж тэгж болдог
юм бэ, худлаа барилдаж болохгүй шүү дээ” гэж байсан. Миний хүүдээ ингэж хэлж байгаа
маань хүүгээ хайрласандаа тэр. Хүүгээ 160–170 кг жинтэй бөхчүүдтэй барилдахад хэцүү
санагдах үе гарна шүү.
Хүүдээ тэгэхэд “Усыг нь уувал ёсыг нь дага”. Японы хүн хичнээн
өндөр алдартай болно төдий чинээ даруухан бай гэсэн утгыг агуулсан “Боловсорч гүйцсэн
тариан түрүү бөгтөр байдаг” гэдэг сургаалыг ямагт санаж яварай гэж захиж байсан
даа.
-Дээхэн үед нэгэн
сэтгүүлчийн Бат-Эрдэнэ аваргыг хэн залгамжлах бол гэсэн асуултад та “Аваргын хүү
аварга болбол ард түмний сэтгэлд илүү ойрхон, омог төгөлдөр бууна” гэж хариулж байсан.
Н.Жамьян аваргын зээ Өсөхбаярыг аварга болоход ард түмэн үнэхээр баярлаж хүлээж
авсан шүү?
-Аваргын хүү аварга болбол ард түмэн их л баярлах байх. Б.Гантогтох
ч юм уу, Г.Өсөхбаяр ч юм уу нэг нь гараад ирвэл их л ойрхон омог төгөлдөр бууна
даа гэж өөрийн бодлыг хэлж байсан. Х.Баянмөнх аваргын хүргэн А.Сүхбатыг, Н.Жамьян
аваргын зээ Г.Өсөхбаярыг, Д.Долгорсүрэн зааны хүү Д.Сумьяабазарыг аварга болоход
ард түмэн үнэхээр их баярлаж билээ. Аваргын хүү, бөхийн хүү гэдгээрээ удам дамжиж
аварга бөх төрж байгаараа ард түмний сэтгэлд илүү ойрхон байдаг байх.
-Ж.Мөнхбат, Х.Баянмөнх
хоёр аваргын харилцааны талаар хэвлэлд янз бүрээр л бичдэг. Баянмөнх аварга хүү
Даваажаргалын тань озэки цолны найран дээр их сайхан үг хэлж байсан. Энэ тухай Мөнхбат
аваргаас асуухад аварга “Баянаа бид хоёр ардын төрийнхөө баяр наадмаар түрүүлэхсэн
гэж бие биенээ хурцалж байсан нь барилдааны тэмцэл юм. Түүнийг бөхийн зарим хорхойтнууд
дэвэргэж хов живийн хутгуур болгодог. Муу үг модон улаатай гэдэг бузар цус л даа”
гэж байсансан?
-”Хоёр Мөнх” ард түмний хайртай аваргууд, хэзээ ч бие биедээ
бууж өгч байгаагүй, үнэхээр цагийг эзэлсэн ясны тамирчин улс. Тухайн үед тэр хоёр
гадаадад тэмцээнд явах гэж байсан. Гэтэл манай том хүү шарлаад эмнэлэгт хэвтэж байхад
Баянмөнх аварга хүү бид хоёрыг эргэж, өрөөнд орж ирж хүүгийн минь биеийг асууж,
чин сэтгэлийн сайхан үг хэлээд явж байсан юм. Дэлхийн том тэмцээнд явах гэж байгаа
тамирчин хүн сэжиглэж цээрлэх нь битгий хэл халдвартын тасагт орж ирнэ гэдэг юу
гэсэн үг вэ. Би их баярлаж л байсан.
Мөнхбат, Баянмөнх хоёрын дунд хувь хүнийхээ зүгээс биенээ
хүлээн зөвшөөрдөггүй юм байдаг л байх. Хүмүүсийн ярьдаг, бичдэгээр тэр хоёр тэгтлээ
хагаралдаж, бутарчихсан улс биш шүү. Тамирчин хүний ёс зүй, хүнлэг сайхан сэтгэл
хоёуланд нь өв тэгш байдаг гэдгийг би сайн мэднэ. Одоо ч гэсэн хэн хэнийхээрээ орж
гарах, ярьж хөөрөх нь байдаг л юм.
Хэдэн жилийн өмнө дөө, Баянаа нэг залуу бөхөд унаж байна.
Мөнхбат ганцаараа телевизээр бөх үзэж сууснаа нүдэнд нь нулимс цийлэгнэн “аргагүй
хүчинд автагдах гэдэг хэцүү юм” гэж амандаа сулхан хэлж байхыг би харж, сонсож байсан.
Юу ч гэмээр юм бэ дээ, нэг тийм харамссан, хайрласан, гунигтай өнгө тэнд байхыг
би мэдэрсэн.
Мөнхбат наадмаар нэгийн даваанд цэргийн хүүхдэд унахад Баянмөнх
аварга “Би үнэхээр эвгүй байдалд орсон. Мөнхбат аваргыг унахыг хараад бөхийнхөө
дэвжээн дээр анх удаа айсан. Би өөр хүнтэй барилдаж явтал нүдний буланд Мөнхбат
аваргатай адилхан хүн унах шиг болоход зог тусаад хартал аварга босч ирж байсан.
Тэгэхэд би их эвгүй байдалд орж итгэл алдарч, учраа бөхөө арай гэж л давсан” гэж
өгүүлсэн байдаг. Төрийн наадмын зүлэг ногоон
дэвжээг ханзартал ноцолдож, арсалдаж явсан хоёр. Гэтэл цагийн эрхээр элэгдэнэ гэж
байх юм даа. Өөр би юу хэлэх вэ дээ.
-Мөнхбат аварга
“Туждаа хамт явах юм сан” гэдэг дуу манай Ө.Тамирын сүлд дуу гэж байсан. Нээрэн
л та хоёр туждаа хамт явж нэгэн насныхаа амьдралыг элээж байна?
-Хайр бол насны эцэст хорвоогийн жамыг зөв таньсан гэгээн
ухаарал болдог аж. Бие биенээ хайрлана гэдэг үгээр илэрхийлж боломгүй нандин ариун
юм. Дулаан бүлээн хайргүйгээр орчлонг төсөөлөхийн аргагүй. Олон жил ханилж амьдраад
ирэхээр аяндаа нэгэн биеийн тал, залуудаа
эр эм, өтөлсөн хойноо хоёр биендээ аав ээж нь болдог юм байна.
Бурхны авралаар, сайн ханийн буянаар би гачигдах дутагдахын
зовлонг амсалгүй сэтгэл хангалуун амьдарч насныхаа намартайгаа золгож байна. Хувь тавиландаа, аав ээжийнхээ буян заяанд,
ард түмний хайр хүндэтгэлд залбирч явахаас өөр яах билээ. Хүний хүсэл хязгааргүй,
амьдрал төгсгөлгүй гэдэг. Амьдралын минь хамгийн сайн сайхан одоо урд байгаасай,
үр хүүхэд, ач зээ нарынхаа сайн сайхан явахыг харах амьдралын баяр бахдал одоо л
эхэлж байна гэж бодож хүсч байна.
Ярилцлагын төгсгөлд дайх үг
Аваргын гэргийтэй
удтал ярилцаж байхад үнэхээр үзэсгэлэн гоо, нас намба хосолсон, ухаалаг даруу, илэн
далангүй яриа хөөрөөтэй эмэгтэй болох нь мэдрэгдэж, аргагүй л бурхан энэ хоёрыг
учруулжээ гэж өөрийн эрхгүй бодогдож суусансан. Аваргын амжилт бүтээл бүхэнд гэргийнх
нь бүлээн дулаан хайр шингээстэй байдаг. Аварга маань энэ бүлээн дулаан хайргүйгээр
өдий хэрийн амжилтад хүрээ ч бил үү.
Аваргын энэ
их буян заяаг түшиж, насан туршийнх нь хань болж, тогоог нь барьж, цайг нь дээжилж
сууна гэдэг хэн бүхэнд тохиохгүй их хувь зохиол юм. “Аварга аваргаараа төрдөг” гэж
Ж.Мөнхбат аварга өөрөө ярих. Аваргын гэргий ч аваргын гэргийгээрээ төрдөг байх.
Ж.Мөнхбат, Ө.Тамир хоёр буян заяа, амны хишигтэй улс юм. Буянтай улсад бурхан сайн
хань заяадаг гэдэг үнэн ажээ.