Сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилж дууслаа.
Одоо сонгогч олон саналаа өгөх л үлдсэн. Ард түмэн ирэх дөрвөн жилд хэнд итгэж, хэнээр төрийн жолоог залуулах шийдвэрээ дор бүрнээ гаргасан биз ээ. Энэ жилийн сонгууль нэг талаасаа мэдээллийн хүчин чадлыг утгаар нь харуулж чадсан сонгууль боллоо. Бүгд л мэдээллийн хүчээр өрсөлдөцгөөсөн юм. Харамсалтай нь, сайнаасаа илүү саарыг нь түрүүлж сурдаг улс төрчид аанай л хэн нэгнийг гутаан доромжилсон, гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан ор үндэсгүй хар бараан мэдээлэл их цацлаа.
Аз болж Монголчууд ийм мэдээлэл дундаас үнэнийг ялгаж сурч байгаа. Сайн муу олон янзын ашиг тустай сошл ертөнц хүн бүрийн үзэл бодлын талбар болдог үүднээсээ хүмүүсийг мэдээлэлд хянуур нухацтай хандаж сургасан байна. Тийм ч учраас хар ПиАр-т их мөнгөө үрэн таран хийсэн хүмүүс энэ сонгуульд төдийлөн амжилт олохгүй биз ээ.
Захиалгат сэтгүүл зүй, захиалгат нийтлэл мэдээллийн эрин үе ч энүүгээр төгсгөл болно гэж бодоход нэг их буруудахгүй л болов уу. Сонгуулийн өнгө энэ жил шинэ хүмүүст илүү их боломж олдох найдвар төрүүлж байна. Ийм найдвар төрөх ч бүрэн үндэстэй юм. Учир нь, улс төрд удаж, шат шатанд цагаан гартан гарч ирж, том жижиг даргын суудалд тухалсан хүмүүсээс ард түмэн залхсан. Идсэн уусан муу нэрэнд тэд л холбогддог.
Насаараа шахуу төрийн албанд суусан атлаа юу идэж, юу унаж, ямар ордонд амьдардаг гэдгийг нь нүдээр үзэж, чихээрээ сонсож даслаа. Шударга бус иймэрхүү зүйл бараг л байх ёстой зүйл мэт санагддаг болтлоо хавтгайрсан нь харамсалтай. Улс төрд хор хутгаж, фракц үүсгэж, нэгнээ муучилж, муухайгаар хэлэхэд “араас нь хутга шааж” сурсан нөхдүүдийг цэвэрлэж, илүү гэгээлэг төрөөр удирдуулахыг ард түмэн хүсч байна.
Хүн шиг амьдрах, улс шиг хөгжих хүсэл дээр тоглолт явуулдаг улс төрчдийн хувьд мартсан хоёр зүйл байгаад байна. Нэгдүгээрт, төрийн ой санамж гэдэг зүйлийн цөм нь ард түмэн гэдгийг тэд мартсан. Хоёрдугаарт, хийх л ёстой зүйлээ би хийчихлээ гэж онгирох нь олонд сайн нэр авах хамгийн муу арга хэмээн ард түмэн үздэг гэдгийг ч тэд мартсан. Тэд өөрсөд шигээ ард түмний ой санамжийг богино болгох гэж хичээж, нэг мэдээллийн араас өөр нэгэн мэдээллийг зогсоо зайгүй өгч, асуудлыг нэг бол хөөсөргөх, нөгөө бол замхруулах аргаар дарах гэж оролддог.
Хэн дуртай нь нэгнээ муулж, өөрийгөө дөвийлгөдөг ядарсан арга газар авахгүй ээ. Хийх ёстой эрх үүргийнхээ ажлыг халтар хултар хийж явсан хүн би хийчихлээ гэж хэлэх нь арга мухардсан хүний л ажил юм. Дээр нь төрийн ой санамж хаа байна гэж өнгөрсөн дөрвөн жил төрийн бүх шатны албан тушаал дээр ажилласан хүмүүсээс асууж болно. Тухайлбал, засгийн эрхийг дөрвөн жилийн хугацаанд атгахдаа Баянгол дүүрэг хөгжсөн юм шиг ярих нь амьдрал дээр тийм ч бодитой санагдахгүй.
Ер нь Монголын өнөөгийн хөгжлийг урагшгүй түшээдээс илүү ухаалаг бизнесмэнүүд хөтлөж яваа нь үнэн. Бизнесмэнүүдийн төлсөн татварыг улс төрчид буруу залж төр хямарсан. Харин бизнесмэнүүд ажлын байраа бий болгож, татвараа төлж, том том бүтээн байгуулалтууд хийсээр ирсэн. Тэд л янз бүрийн урагшгүй засаг ноёдоос илүү олон хүнийг ажлын байртай болгож, илүү их мөнгийг төсөвт бүрдүүлж ирсэн юм.
Засаг ноёд баялаг бүтээгчид шиг энэ их боломж бололцоог бүрдүүлж болох л байсан, гэхдээ сэтгэл байхад зүтгэл гардаг гэдэгчлэн ард иргэдээ гэх сэтгэл дутсан юм болов уу даа. Хэн нэгний гар хөл болж, хэн нэгний фракцийн савар болж улс төрийн хов живэнд хутгалдсан сэтгэлгээ Монгол төрийг ой санамжгүй болгож байгаа юм. Хэлж ярих нь ихэдсэн энэ үед амныхаа зоргоор ярьж байгаа нь биш, ард олныхоо шударга дуу хоолой болон баялаг бүтээж байгаа нэгнээрээ бид өөрсдийгөө төлөөлүүлэх цаг нэгэнт ирлээ.
Б.Анар