-Сонгосон хувь заяа, газар нутаг, түүх, боломж бүхнээрээ Монгол улс Та бидний үед өндөр хөгжилд хүрч амжина-
Үндсэн хууль батлагдсаны 18 жилийн ойн баярын өдөр энэ сарын 13-ны өдөр тохиосон. Энэ өдөртэй холбоотойгоор “Зууны мэдээ” сониноос эдийн засагч Э.Золбаяртай хийсэн ярилцлагыг бид та бүхэндээ уламжилж байна.
-Үндсэн
хууль насанд хүрлээ. Та эдийн засагч
хүн. Эдийн засгийн эрх чөлөө энгийн
иргэн хүний хувьд яагаад хүртээлгүй,
хоосон тунхаг хэвээр байна вэ?
-Хүн
төрөлхтөн аж ахуйгаа хөтлөх, эрхлэхийн
тулд олон мянган жилийн өмнөөс эдийн
засгийн сэтгэлгээ үүссэн. Эдийн засгийн
эрх чөлөөний ойлголт олон зуун жилийн
түүхтэй. Аугаа сэтгэгч, мэргэн сартваахи
Адам Смит 1776 оны 3 дугаар 9-нд хэвлэн
гаргасан “Үндэстний баялаг” бүтээлдээ
эдийн засгийн эрх чөлөөг сонгодог утгаар
нь тодорхойлон туурвиж, хүн төрөлхтөний
оюуны санд алтан үсгээр бичиж үлдээсэн.
Эдийн засгийн эрх чөлөөний тунхаг,
онолын анхны суурь бүтээл бол “Үндэстний
баялаг”.
Түүнээс яг 214 жилийн дараа 1990 оны мөн 3 дугаар 9-нд Монголд Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь сонин тохиолдол, түүхийн тавилан юм. 1992 оны ардчилсан Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний түгээмэл зүйлсийг тунхагласан. Аливаа үндсэн хууль тунхгийн шинж чанартай. Гэхдээ Үндсэн хууль мод ургамлаар бол үндэс нь.
Үндсэн хуулинд заасан үндсэн эрх, үндсэн зарчим түүний салаа мөчир болсон хууль бүхэнд хэлбэрэлтгүй тусч, хэрэгжин мөрдөгдөж байх учиртай. Хүний бие, сэтгэлгээ хөгжиж, эрх зүйн бүрэн чадамжтай болох тэр нас биед Үндсэн хууль маань хүрч байна. Гэвч хүний эрх, эрх чөлөө нь сонгодог утгаараа Монгол оронд бодитой хэрэгжээгүй, хүн бүрт хүртээмжгүй байна. Амьд явах, амьдрах жам ёсны эрх хамгийн том суурь ойлголт. Үүнээс үндэслээд өмчийн харилцаа, өмчлөх эрх бол эдийн засгийн агуулгаараа хамгийн гол суурь ойлголт. Эдийн засгийн эрх чөлөөг тунхаглан зарлаж, хуульчлан батлаад 18 жил болсон ч ард иргэд маань яагаад сайн сайхан амьдралд хүрсэнгүй вэ. Бүх үеийн эдийн засагчид, онолчид болоод баялаг бүтээгчид чухамдаа эдийн засгийн эрх чөлөөг төр л боомилдог гэдгийг баталсаар, алдагдсан боломж бүхнээрээ мэдэрсээр байдаг.
Төр бизнест оролцож, бизнесийн шийдвэр гаргаад байх тусам эдийн засгийн эрх чөлөө хумигддаг нь зүй тогтол, хууль. Монголд төрийн оролцохгүй бизнес гэж алга. Жирийн бизнесмэн, баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн төртэй хүч тэнцвэргүй, шударга бус өрсөлдөөнд орж байна. Хувьчлал гүнзгий явагдсан ч өнөөдөр төрийн мэдлийн, төрийн оролцоотой аж ахуйн нэгж эдийн засагт зонхилох байр суурийг эзэлж байна.
-Хамгийн
муу менежер бол төр гэдэг. Тэр тусмаа
Монголын төр дэлхийн хамгийн муу
менежерүүдийн ангилалд баттай орно.
Төрийн оролцоо, төрийн зөвшөөрөл хэмээх
хориг хаалт, хүнд суртал бүхэн авлигын
тэжээл болж, эдийн засгийн эрх чөлөөг
хумьж байна. Ядууралтай, авлигатай, янз
бүрийн зүйлстэй төр байнга л дайн
зарлана. Харин үргэлж ялагдана…
-Авлига.
Авлигын уг сурвалж, аваа өгөө, өртөг
төлбөрийн хэрэгсэл нь ч, төр өөрөө
бизнест оролцож байгаагийн хамгийн
том, бодитой жишээ нь ч тендер. Манай
хөгжлийн түлхүүр гэгдэж буй төсвөөс
санхүүждэг том том төслүүд бүгд л тендер.
Тендерийн цаана юу байна вэ гэхээр
өрсөлдөх боломжийг боомилсон, эдийн
засгийн эрх чөлөөг хязгаарласан, шударга
бус өрсөлдөөн бий. Хамгийн сайн нь биш
хамгийн муу нь шалгарч болдог зүйл.
Сонгодог утгаараа хамгийн сайн компани
нь шалгарах ёстой. Төр тендэр хийх ёсгүй.
Бизнесийн орчныг нь бүрдүүлээд өгвөл
төр биш хувь хүмүүс, компаниуд өөрсдөө
хөрөнгө санхүүгээрээ төсөл хөтөлбөр
хэрэгжүүлэх боломжтой. Үүнээс болж,
1776 оны эдийн засгийн тунхаг ч, 1992 оны
Үндсэн хууль ч бүрэн утгаараа хэрэгжихгүй
байна.
-Бизнесийн
орчин муу байгаа тухай яриад л, яриад л
байна. Үндсэн ойлголт нь ч эгэл жирийн
олонхид “тангад ном” мэт хол хөндий
сэдэв ч гэж болно. Өндөр хөгжилтэй орон
гэж ямар орныг хэлдэг вэ?
-Майкл
Портерын “Үндэстнүүдийн өрсөлдөөний
давуу тал” онол, түүнд үндэслэсэн
Линдсей, Эрнандо Дө Сото нарын практикт
тулгуурласан бүтээлүүд байна. Бизнесийн
санаа төрснөөс хойш хэдий хугацаанд
бодитой хэрэгжиж байгаа хугацаагаар
нь дүгнэлт гаргасан байна. Өндөр хөгжилтэй
оронд бизнес эрхлэх санаа төрснөөс хойш
14-30 хоногийн дотор тэр нь хэрэгждэг
байна. Хоёр долоо хоногоос сарын дотор
олсон санаа бодит баялаг болж эхэлдэг.
Төр хүнд сурталгүйгээр үйлчилдэг
болохоос зааж зааварлаж, боомилж
хаадаггүй. Буурай оронд бизнесийн санаа
төрснөөс хойш хэрэгжих хугацаа нь хоёр
жил хагасаас гурван жил ч болно. Манай
бодит нөхцөл байдалтай энэ судалгааны
дүгнэлт захиалсан юм шиг таардаг.
Оюутолгойн орд газрыг нээснээс хойш
ашиглах тухай зургаа, долоон жил ярилаа.
Бидний ярьж өнгөрүүлсэн зургаа долоон
жилийн дотор дэлхий хурдацтай өөрчлөгдөж,
технологийн дэвшил ердийн хэрэглээ
болсоор байна.
Биднийг Оюутолгойн сэдвээр ярьж эхэлж байхад нанотехнологи дөнгөж соёолж байлаа. Молекулын төвшинд буюу арвын хасах есөн зэрэгтийн хэмжээнд асуудлыг шийдэх энэ технологи зургаа долоон жилийн дотор хүн төрөлхтөний нийтлэг хэрэглээ болж хөгжиж байна. Харин бид гарын үсэг зурах гэсээр ийм хугацааг алдлаа. Сонгодог утгаараа бол орд оллоо, шууд л бизнесээ эхлэх ёстой. Өнөөдөр даяаршсан нийгэмд амьдарч байгаа Монгол оронд яагаад тусдаа хаягдсан ертөнц, орхигдсон хязгаарын хоцрогдсон, явцуу сэтгэлгээ зонхилж байна. Төрийнхөн сэтгэлгээний түвшин, шийдвэр гаргахдаа хоцрогдсоноос тэр. Монгол Улсын Үндсэн хууль 18 жилийн өмнө төрж байхад нэгэн англи залуу “www” буюу “World Wide Web”-ийг санаачилж байлаа. Өнөөдөр тэрхүү интернэт сүлжээ нь бүх дэлхийг холбож, орон зай, цаг хугацааны зөрүүг арилган, боломж, өгөгдөл, мэдээллийн хурдынхаа хувьд дэлхий бөөрөнхий биш хавтгай боллоо.
Үндсэн хуулийг үндсэн эрх, үндсэн зарчмынх нь хувьд буруутгах, шүүмжлэх биш тунхаглан баталсан үнэт зүйлс нь иргэн бүрт хүртээлтэй байна уу, үгүй юу гэдэг талаас нь ярьж байна. Бид удаан, бид яст мэлхийн хэмнэлээр явж байна. Өнөөдрийн цаг үед хурд бол шийдвэрлэх хүчин зүйл. Эзэн Чингис хаанаас орчин үеийн үндэстэн дамнасан том корпорацийн эзэд суралцах ёстой гэцгээдэг. Дэлхийн талыг эзэгнэн захирч, Евразийн өргөн уудам газар нутагт төр улсуудыг түвшитгэн зангидсан их Чингис хааны амжилт ялалтын хоёр түлхүүр нь хөдөлгөөнт чадвар, хурд. Монголчууд бид эзэн Чингис хааны өвийг залгамжлагч, үр садынх нь хувьд өчигдрийн их түүхээсээ ч, өнөөдрийн цаг үеийн шаардлагаас ч хуй салхи мэт хурдны гайхамшгийг ойлгон мэдэх ёстой. Хурдны ид хаваар, морин туурайгаар дэлхийн хөрсийг тамгалж явсан үндэстэн энэ хандлагыг уг нь хамгийн сайн ойлгож, хамгийн сайн дасан зохицох чадвартай.
-Дотоодын
нийт бүтээгдэхүүний тал шахам хувийг
төсөв эзэлж байна. Төрийн зардал эдийн
засгийн тал хувийг эзэлж байгаа нь
хувийн өмчийг дээдэлсэн, чөлөөт зах
зээлийн харилцааг төлөвлөгөөт нийгэм
рүү ухраагаад байгаа юм биш үү?
-Улс
үндэстний тухайн жил бүтээсэн баялаг
бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж
байгаа. Өндөр хөгжилтэй оронд төрийн
зардал нийт бүтээгдэхүүн, үйлдвэрлэл,
үйлчилгээнийхээ 8-15 хувийг татан
төвлөрүүлээд, эргээд зарцуулдаг. Харин
манайд 50 гаруй хувьтай байгаа нь үндсэндээ
дампуурсан эдийн засаг, дампуурсан
эдийн засгийн эрх чөлөө байна. Хувьчлалыг
улам гүнзгийрүүлж, улам либеральчилж,
эдийн засгийг чөлөөлөх ёстой. Төрийн
үйлчилгээ, төрийн бизнест оролцох утга
нь таатай орчныг нь бүрдүүлж өгөх.
Өөрийнхөө үзүүлэх үйлчилгээг л төр
сонгодог утгаар нь цахимжсан хэлбэрээр
үзүүлэх ёстой. Цаас, зөвшөөрөл гарын
үсэг гэдэг өнөөдөр цаг хугацааны ямар
их дөнгө тушаа болдог вэ гэдгийг бизнес
эрхлэгчид мэднэ.
-Эдийн
засгийн эрх чөлөөгүйгээр улс төрийн
эрх чөлөө хагас хугас, дархлаагүй. Харин
улс төрийн эрх чөлөөгүй боловч эдийн
засгийн эрх чөлөөтэй улс орон байна.
Төрийн эрх барих дээд байгууллага бол
УИХ гэж Үндсэн хуулинд заасан. Ард
түмнээс уг эхтэй, ард түмнийг төлөөлж
төрийн эрхийг барьж буй УИХ буюу хууль
тогтоох засаглалд байгаа хүмүүст
хариуцлага гэдэг юм алга. Сонгоод л
байдаг, горьдоод л байдаг, үр дүн нь
үргэлж хангалтгүй гарч байх юм. Шүүхийг
шүүж, өөрсдийгөө хуяглан хамгаалж,
өөрсөндөө мөнгө батлан зарцуулж,
гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч
Засгийн газрын дийлэнхийг ч өөрсдөөсөө
бүрдүүлж, нэг ёсондоо эрх мэдлийн
харилцан хяналт, тэнцвэр алдагдсан
учраас Үндсэн хуулийг өөрчлөх үзэл
бодол нэмэгдсээр байгаа юм биш үү?
-Үндсэн
хуульд зөрчилдөөнтэй суурь ойлголтууд
байгаа. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд
“Төрийн эрх бүх ард түмний мэдэлд байна.
Түүнийг төлөөллийн байгууллагаар
дамжуулж хэрэгжүүлнэ”. Гуравдугаар
бүлгийн 20 дугаар зүйлд “Төрийн эрх
барих дээд байгууллага бол УИХ мөн”
гэж заасан. Харин оронд нь УИХ хууль
тогтоох дээд байгууллага мөн гэдгийг
нь л үлдээсэн бол зөв мэт бодогддог. Энд
төрийн эрх мэдлийн гурван салаа мөчир
болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
эрх мэдлийн тэнцвэртэй байх зарчим
алдагдсан гэж хэлж болно. Төлөөллийнхөө
утга хэлбэрээр байгаа боловч өнөөдөр
яагаад сонгогдсон хүмүүст хариуцлага
тооцож болохгүй байна. Хариуцлага тооцох
механизм хаана байна. Энэ асуудал өөрөө
логикийн болоод амьдралд зөрчилдөөнтэй
ойлголт төрөөд байгаа юм шиг санагддаг.
-Манай
эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь
олборлох салбар. Цөөн нэр төрлийн түүхий
эдийн үнийн өсөлтөөс хамаардаг, ханш
сайтай үед нь халамж хэлбэрээр тараагаад
идчихдэг, үнэ нь буухад модоо барьдаг
эдийн засгийг голланд өвчтэй гэж байна.
Уул уурхайгаа хөгжүүлэхдээ голланд
өвчнөөс сэргийлэх, хамгаалах ямар боломж
байна вэ?
-Эдийн
засагт үндсэн хоёр категори байдаг.
Барьж болдог зүйлийг бүтээдэг буюу
бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар.
Нөгөөх нь барьж болдоггүй хэр нь баялгийг
бүтээдэг салбар буюу үйлчилгээний
салбар. Хөгжлийн тухай ойлголтыг ярихад
аль категорийнх нь бизнес түлхүү хөгжсөн
байна гэдгээр тухайн улс орны хөгжлийг
тодорхойлдог ойлголт байдаг. Үйлчилгээний
салбар нь өндөр хөгжсөн Сингапурын
тусгаар тогтнолын түүх богинохон, ердөө
45 жил. Швейцар, Америкт бэлэн бүтээгдэхүүн
биш үйлчилгээ үйлдвэрлэдэг салбар нь
эдийн засагтаа 80, 90 хувь эзэлж байна.
Тэд илүү хөгжсөн. Голланд өвчинд
нэрвэгдэхийн гол шалтгаан бол хүний
өөрийн оролцоотой гар бие, оюун ухаан
шингэсэн бүтээгдэхүүн биш байгалийн
баялгийг олборлон ашиглахад угаасаа
бий болох хэлбэр нь шугаман оролцоогүй
учраас хуваарилалт нь шог болдог.
Хуваарилалт нь шог учраас зодоон болдог.
Зодоон эргээд төрөө самардаг. Эдийн
засгаа ч будаа болгодог. Манайд голланд
өвчний бүх шинж тэмдэг илэрхий болсон.
Бизнес, улс төр, нийгмийн элитүүд зөвхөн нэг салбарыг хэт шүтээд бусад нь нурж унахыг голланд өвчин гэнэ. Оюутолгой, Тавантолгой гэж ханараад бусад салбарыг орхигдуулсан. Энэ нь бид буруу замаар явж байгаагийн том жишээ. Манайх шиг буурай хөгжилтэй, зах зээлийн туршлага багатай орон дэлхийн уул уурхайн салбарт хөдөлмөрийн бүтээмж, хүний нөөц, техник технологи, хөрөнгө санхүүгийн чадавх, худалдаа арилжааны хувьд том тоглогч, эн тэнцүү өрсөлдөгч байх хэмжээнд хөгжүүлэх боломж байхгүй. Тиймээс энэ тэнцвэргүй тулалдаанд бид биш тэд ялах л болно. Тэд ялна гэдэг нь бид хохироод үлдэнэ гэсэн үг. Уул уурхайг хэт их шүтсэнээс болоод экологийн сүйрэлд орж, амьдрах орчноо сүйрүүлж байна. Эдийн засгийн дорвитой бодлого байхгүй, стратегигүй явсны гай. Зах зээлд шилжээд хорь, төлөвлөгөөт эдийн засагтай далан жил болсон. Харин төлөвлөхгүй байхыг зах зээлийн эдийн засаг гэж гэнэхэн төсөөлжээ. Бодлого, төлөвлөгөөгүй эдийн засаг гэж үгүй. Стратеги бодлоготой байж хөгждөг. Урсгалаараа 20 жил явлаа. Өнөөдөр манайд бизнес эрхлэх, аж ахуйн соёл сонгодог утгаараа хөгжөөгүй байна.
-Үйлчилгээний
үйлдвэрлэл гэж юу вэ. Ихэвчлэн үсчин,
гуталчин гэж ойлгоод байдаг юм билээ?
-Үйлчилгээний
үйлдвэрлэл гэхээр явцуу утгаар нь
ойлгоод байдаг. Хүнийг хөгжүүлж баялгийг
бүтээдэг үйлдвэрлэл. Боловсрол, эрүүл
мэнд, банк, санхүү, мэдээлэл, тээвэр,
аялал жуулчлал, төрийн үйлчилгээ гэх
мэт.
Хоёр улсын дунд байрлаж байгаа газар зүйн байршлын хувьд онцлогт тохирсон ихээхэн ашиг орлого олж болох ямар үйлчилгээний үйлдвэрлэлийн салбар байна. Монгол бол хоёр том далайн дундах эрдэнэсийн арал. Хөрсөндөө дэлхийн эрдэс баялгийн 38 хувийг агуулсан Сибирээр бидэнтэй хил залгасан Орос гэдэг их далай хойд талд байна. Үйлдвэрлэлийн тодорхой хэмжээний хүчин чадалтай. Урд талд Хятад хэмээх хүн ам, хэрэглээ, зах зээл, үйлдвэрлэлийн асар том далай байна. Эрдэнэсийн арлын иргэд өндөр боловсролтой, эрүүл саруул, өнөөдрийн даяаршсан ертөнцийн бүх хэрэглэгдэхүүнийг ашиглаж, амьдралаа сайжруулах, баялгийг бүтээх боломжийг авч хүртэж чаддаг чадвар сууж байж тэр нууц нь нээгдэнэ.
Онгоц хойд туйлаар тойрсноос Монголоор дайран нисэхэд бүтэн дөрвөн цаг хождог. Даанч нэгхэн шугамтай учраас дайран өнгөрөх онгоц түгжирч, тэр хэрээр орлогоо алддаг. Өнөөдөр зөвхөн тээврийн төмөр зам, ачаа эргэлтийг голчлон ярьж байна. Орос, Хятадыг холбосон, цаашлаад бүтэн Евразийн сүлжээтэй нийлсэн хурдан галт тэрэгний шугамыг байгуулан байршлын давуу талаа ашиглах гэх мэт эрдэнэсийн арлын үүцийг нээх их боломж бий. Санхүүгийн орчноо Швейцарь шиг болговол хятад, оросууд Монголд мөнгөө байршуулж, банкны үйлчилгээг дэлхийн хэмжээнд үзүүлж болно. Аялал жуулчлалын том том сүлжээ бий болгох боломж байна. Мөнгө бол олдоно. Хийх зориг, хэрэгжүүлэх санаа чухал. Гагцхүү хууль, эрх зүй, бизнесийн орчныг нь эрүүл болгох хэрэгтэй. Ерөнхий сайд Сү.Батболд “Хөгжлийн төлөө хүн, хүний төлөө хөгжил” гэсэн бодлого зарлалаа. Суурь ойлголтнд тулгуурласан бодлого. Бас нэг суурь шинж чанартай зорилтыг зарласан нь “Эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах”. Хорин жил хийгдээгүй, хоёр арван жил хүлээгдсэн зүйл. Хоосон уриа биш бодит ажил, төрийн бодлого болж хэрэгжиж чадвал үнэхээр том үр дүнд хүрнэ.
-Уул
уурхайгаас орж ирж байгаа ашиг, хуримтлалыг
тарааж идэх биш хүнийг хөгжүүлж баялгийг
бий болгодог үйлчилгээний үйлдвэрлэлийг
зориулах ёстой гэсэн үг үү?
-Тийм.
Эрх зүйн орчныг ч яг үүнд чиглүүлбэл
хүн нь хөгжинө, “олон морьтой” эдийн
засаг болж хөгжинө. Дотоодын нийт
бүтээгдэхүүний 28, үйлдвэрийн нийт
бүтээгдэхүүний 65, экспортын 69, гадаадын
шууд хөрөнгө оруулалтын 57 хувийг уул
уурхайн салбар эзэлж байна. Уул уурхайд
л голчлон хөрөнгө орсноос биш хүний
хөгжил, үйлчилгээний салбарт зориулагдахгүй
байна. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд
өгвөл хөрөнгө мөнгө өөрөө орж ирнэ л
гэсэн үг. Баялгийг хайж байгаа, баялаг
бүтээх гэж байгаа, ашиг олох гэж байгаа
бизнесмэнүүд, мөнгөтэй хүмүүс дэлхийгээр
дүүрэн байгаа. Тэдэнд хууль эрх зүй,
бизнесийн таатай орчин хөрөнгө оруулалтын
хүчин төгөлдөр урилга заллага болно.
-Та
2008 онд өгсөн ярилцлагадаа эдийн засгийн
хямрал Монголд 3-4 жил үргэлжилнэ,
эхлэхээсээ өмнөх түвшинд эргэж хүртэл
түүнээс ч олон жил зарцуулагдана гэж
хэлж байсан. Харин хямрал эхэлж байхад
Засгийн газрын гишүүд хүртэл юу ч
болохгүй, эсвэл мөдхөн дуусна гэж
мэдэгдэж байснаас нь бүх зүйл эсрэгээрээ
болж байна. Мөнгөний хатуу бодлогын үр
дагаврыг халсан шилэн аяганд гэнэт
хүйтэн ус хийвэл хага үсэрнэ гэж Та
зүйрлэн хэлж байсан. Хямрал өнөөдөр
ямар түвшинд байна вэ, шилэн аяга
хагарсан уу, цуурсан уу?
-Бид
2008 онд ингэж ярилцаж байснаас хойш хоёр
жил гаруй болж байна. Хямрал 3-4 жил
үргэлжилнэ гэж хэлсэн, эдийн засгийн
зуд гурав дахь жилдээ нүүрлэсэн хэвээр
байна. Энэ онд харьцангуй тогтворжих
шатандаа орох болов уу. Уул уурхайд
хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэнэ.
Түүхий эдийн худалдааны үнэ өсч байна.
Эдийн засгаа хямрал, инфляцаас аврахын
тулд дэлхийд алт, зэс рүү металлын
хэрэгцээ ихэсч, үнэ нь өсөх хандлага
ажиглагдаж байна. Манай экспортын гол
түүхий эд буюу зэс, молибден, алтны үнэ
энэ онд өснө. Хөгжилд зориулагдахгүй ч
манай эдийн засгийг тогтворжуулах
болно. Оюутолгой, Тавантолгойд дэд
бүтцийн хөрөнгө оруулалт нэлээн хийгдэнэ.
Үйлчилгээний үйлдвэрлэлийн салбарт
зориулагдаагүй ч гэсэн өсөн нэмэгдэх
хөрөнгө оруулалт, санхүүжилт эдийн
засгийг энэ онд тогтворжуулаад ирэх
жилээс нэлээд нааштай үзүүлэлт гарах
болов уу гэж үзэж байна. Хямрал доод
цэгтээ хүрээд, эхэлсэн түвшиндээ буцаж
очтол хугацаа их шаарддаг. Магадгүй
арван жил ч болж болох юм. Манай эдийн
засаг жижигхэн. Бага гарын аяганд томхон
халбагаар юм хутгаад хийх шиг манай
жижиг эдийн засаг хурдан сэргэх
магадлалтай. Харин эдийн засгийн
ойлголтоор хөгжил гэдэг өөрөө мөнгө
орж ирснээр шийдэгддэг юм биш. Хүмүүсийн
сэтгэлгээтэй холбоотой, бизнесийн
хурдтай холбоотой, үр дүн гарах хугацаатай
холбоотой. Ийм ч учраас 3-4 жил, магадгүй
арван жил үргэлжилнэ гэдэг нь бодитой
зүйл шүү дээ.
-Хямралын
эсрэг засгийн газрын төлөвлөгөөний үр
ашиг ямар байсан бэ? Дэлхийн улс орнууд
хямралаас гарч эхэлснээ зарлаж байна.
Эдийн засаг, бизнесээ судсаар гүйх цус
мэт мөнгөөр нэлээд тэтгэсэн. Гадаадаас
ирэх аялал жуулчлал нь багасахад дотоодын
аялал жуулчлалаа хөгжүүлэх мэтээр
бодлогын арга хэмжээ авлаа шүү дээ.
-Хэрэгтэй
цаг хугацаанд нь хийгээгүй, бусад улс
орнуудыг сохроор шахуу дуурайсан арга
хэмжээ авсан. Бүтээмжийг нэмэгдүүлэхэд
чиглэсэн бодлогоор хямралаас гарах
гарцыг хайсан арга хэмжээ дутагдсан.
Манай эдийн засаг сэргэж, тогтворжиж
байгаа нь хөгжлийн буюу бүтээмжийн үйл
ажиллагаанаас бий болгосон зүйл огт
биш. Уул уурхайн цөөн түүхий эдийн үнийн
өсөлтөд дулдуйдсан, зүгээр л аз. Хятадын
дэргэд байгаа давуу талаа ашиглаад
бүтээмж рүү хандсан үйлчилгээний
салбарыг түлхүү хөгжүүлэх бололцоо
бий. Европын зах зээлд 7200 гаруй нэр
төрлийн бараа бүтээгдэхүүнийг квотгүй
нийлүүлэх боломжийг ашиглахгүй байх
жишээтэй. Эрдэс баялгийн сайд, Сангийн
сайд нь 100 сая ам.долларын чек хэмээх
хуванцар самбар өргөөд, баярлан хөөрөн
зогсож байгаа нь хошин шогийн үзэгдэл.
Сонгодог утгаар нь бизнес, эдийн засгийн
орчныг хөгжүүлэх юм бол хувийн компаниуд
хэдэн тэрбумыг ч дэлхийн зах зээлээс
босгоод аваад ирэх боломжтой. Үүнийг л
хийх ёстойгоос гадаадынхны өгсөн мөнгөнд
баярлаж гүйгээд байх юм биш. Тэр мөнгө
нь ч манай баялагт дулдуйдаж, хөрөнгийн
зах зээлээс босгосон мөнгө.
-Өнгөрсөн
оны гол үйл явдал бол зургаан жил хэрэлдэж
хэлэлцсэний эцэст Оюутолгойн гэрээнд
гарын үсэг зурлаа. Оюутолгойн Хөрөнгө
оруулалтын гэрээний сайн, муу тал нь юу
вэ?
-Эдийн
засаг тогтворжих хандлагын суурь нь
Оюутолгойн гэрээ. Гадаадынхны хандлага
өөр боллоо. Монголчууд уддаг ч гэсэн
баталдаг юм байна, шийддэг юм байна
гэсэн ойлголт төрлөө. Бизнесийн ертөнц,
дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын
зах зээлд дуулиан тарьсан. Энэ бол сайн
тал нь. Сайн, эсвэл муу гэрээ гэж шууд
хэлж чадахгүй. Үнэндээ аягүй муу зүйл
ч байж магадгүй. Цаг хугацаа бүхнийг
шүүнэ. Монгол Улс хөгжүүлж, бидний
амьдралыг сайжруулах зүйл бол биш. Хэдэн
жилийн дараа мөнгө орж ирж эхэлнэ. Харин
араасаа булган сүүлтэй байгаасай. Олон
хөрөнгө оруулагчдыг татаасай билээ.
-УИХ
цагаан сараас өмнө Тавантолгойг хэрхэн
ашиглах шийдвэрийг гаргах гэж байна.
Нүүрс гэдэг энергийн эс үүсвэр болсон
энэ түүхий эдийг ухахаасаа илүү тээвэрлэх
зардал нь чухал юм шиг байгаа юм.
Тавантолгойг “аягүй муу” зүйл байлгахгүйн
тулд яах вэ?
-Тавантолгойг
төр өөрөө 100 хувь эзэмшээд, гүйцэтгэл,
менежментийг нь гэрээгээр өгөх юм бол
оролцох, өрсөлдөх компани дэлхийгээр
дүүрэн байгаа. Монголын төр эзэмшигчийн
хувьд олон улсын бирж дээр мөнгийг нь
босгож, хамгийн шилдэг компанийг олон
улсын шалгуураар шударгаар сонгож,
олборлох, тээвэрлэх, борлуулах менежментийг
дэлхийн түвшинд гүйцэтгүүлбэл үр өгөөж
нь их, сайн жишиг болно.
-Хоёр
том хөрштэй хийж буй худалдааны тэнцэл
Монголын хувьд алдагдалтай. Хятадаас,
хүнс, өргөн хэрэглээний барааныхаа 70
хувийг авдаг бол Оросоос зуун хувь түлш
шатахууны хараат. Нэг талын урсгалтай,
Монголд алдагдалтай худалдааг яаж
өөрчлөх арга нь юу вэ?
-Хятад
2001 онд дэлхийн худалдааны байгууллагын
гишүүн болсон. Монгол Улс 1990-ээд онд
дэлхийн худалдааны байгууллагын гишүүн
болсон. Энэ байгууллагын гишүүн орнууд
худалдааны тэнцвэртэй байдлыг хангах
зарчимтай, хүлээсэн үүрэгтэй. Тэнцвэрийг
хангах олон улсын эрх зүйн болон бизнесийн
боломж бий. Олж хараад, ашиглаж чадвал
манайхаас Хятадад өргөн хэрэглээний
болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох
боломж байна. Уул уурхайгаас илүү
нуугдмал боломж бололцоо бишгүй бий.
Магадгүй дараагийн жилээс боломжийг
ашиглаж, Монголд үр өгөөжөө өгч эхлэх
ажил бодитой өрнөж эхлэх байх.
-Хоёр
ч банк дампуурлаа. Нэгийг нь тэр чигээр
нь дампууруулж, нөгөөг нь төр татвар
төлөгчдийн хөрөнгөөр ивээлдээ авлаа.
Банкны салбарыг өрсөн даалуу шиг нэг
нурвал дамналдаа нурчихдаг гэх юм.
-Банк
санхүүгийн систем дампуурсан. Халсан
аяганд хүйтэн ус хийгээд бизнесийн
орчноо хагалаад хаячихсан. Хямралын
эхэн үеийн мөнгөний хатуу бодлогыг хэлж
байна л даа. Ил гаргахгүй байгаагаас
биш далд хэлбэрээр манай бүх компаниуд
дампуурчихсан. Маш хүнд. Мөнгөгүйдсэнээс
болсон гэсэн үг. Мөнгөгүйдэх буюу
дефляцийн байдалд орсон. Нэмж зээл
олгохгүй, эдийн засагт хөрөнгө оруулахгүй
байгаа нь Монголбанкны харалган бодлогын
гай. Инфляцийг заавал гучин хэдэн хувьд
хүргэлгүйгээр зохицуулах бололцоог
бид алдсан. Нэг буруу шийдвэрийн наана
цаана асар том давлагаа үүсгэдэг. Цаг
алдсан шийдвэрийн үр дагавар маш их.
Цагаар сар жилээр алдаж шийдвэр гаргаж
байна. Би хоёр жилийн өмнө танай сонинд
өгсөн ярилцлагадаа хадгаламжийг даатгах
тухай хуулийг хурдан гаргаач ээ гэж
хэлж байсан. Банкин дахь хадгаламжийг
даатгах хууль гаргах гэсээр байгаад
хоёр сарын хугацааг өнгөрүүлсэн. Тэр
хооронд хуулийн ач холбогдол, амин чухал
хэрэгтэй байсан цаг нь өнгөрчихсөн.
Хууль батлах гэж удаж байх хооронд
хадгаламжийн тодорхой хэсэг гадаадын
банк руу шилжсэн. Далд хэлбэрийн зах
зээл рүү хяналтгүйгээр гарч явсан
тохиолдол зөндөө байгаа. Цагийн юмыг
цагт нь гэдэг шүү дээ.
-Ардчилал
хорин нас хүрлээ. Эрийн цээнд хүрлээ ч
гэдэг. Баярын концерт үзэцгээн, одон
тэмдэг болцгоолоо. Үнэлж цэгнэх, дүгнэх
шинжлэх тал нь дутагдлаа. Алдсан, оносон,
ард түмэнд хүртсэн, хүртээгүй боломжийг
дүгнэж яривал ямар дүр зураг байна вэ?
-Хорин
жилийн өмнө миний бие МУИС-ийн Оюутны
зөвлөлийн дарга, оюутны хөдөлгөөн, “XX
зуун-Оюутны чөлөөт нэгдэл” байгууллагын
гол цөм, удирдлагад нь байлаа. Хамгийн
том, хамгийн эрчтэй байгууллага нь
оюутны хөдөлгөөн байсан. Ардчилсан
хөдөлгөөний удирдагчид чөлөөт зах
зээлийн төсөөлөл ч үгүй, социализмыг
сайжруулъя гэж л ярьдаг байсан. Харин
Ардчилсан социалист хөдөлгөөний
Б.Ламжав, Б.Баабар, П.Улаанхүү, А.Ганбаатар
нарын зэрэг цөөн хүн социализмыг
сайжруулах төдий зүйлээс давж харж,
ардчилсан нийгмийг байгуулах үндсэн
зорилгын тухай анхлан хөндөн тавьж
эхэлсэн. Польшид өрнөж байсан үйл явцыг
нүдээр харж, илүү мэдэрснийхээ хувьд
ардчилал гэдэг зүйл хэрэгтэйг түрүүлж
ойлгосон хүмүүс. Социализмыг төгс
болгон сайжруулах Горбачевын өөрчлөн
байгуулалт 1985 оноос эхэлсэн. Тэр үйл
явцын үр нөлөөгөөр Монголд арай өөрөөр
бодож сэтгэж эхэлсэн ч үндсэндээ
социалист сэтгэлгээнээс хальж гарч
чадалгүй засах, сайжруулах хэмжээнд л,
ардчилал, зах зээл гэдэг зүйлээ
мэдэхгүйгээр давхиж орсон. Зүгээр л нэг
өдөр давхиж орсон. Ингэхдээ хуучин
нийгэм дэх сайн муу бүх зүйлээ устгачихсан.
Энэ хорин жилд хүний эрх, эрх чөлөөг
бүрэн утгаар нь бодит зүйл болтол нь
хэрэгжүүлж чадаагүй нь анхнаасаа суурь
ойлголт бүрдэн төлөвшиж чадаагүйтэй ч
холбоотой. Ардчилал гэж юу вэ? хэмээх
асуултанд өнөөдөр ч нийгмийн олонх
итгэл үнэмшилтэй хариулж чадах бил үү?
Ардчиллаас юу авсныг гадаад паспорт
мэтийн хэсэг бусаг зүйлээр илэрхийлэхээс
биш үнэлж цэгнэж чадахгүй байна. Хамгийн
суурь ойлголт нь өмчлөх эрх. Ард түмэнд
өмчлөх эрх бодит зүйл болоогүй байна.
Хорин жилд эдийн засгийн суурь шинж чанартай цөөхөн шийдвэр гарсан. Орон сууц, мал сүргийг нь хүмүүст өгсөн. Зах зээлийн эдийн засгийн хөрс суурь, хэрэгсэл болсон Газар өмчлөх тухай хуулийг 2002 онд буюу Үндсэн хууль төрснөөс хойш 10 жилийн дараа баталсан. Газар өмчлөх тухай хууль гарснаас хойш эдийн засгийн хувьсгалын чанартай олон өөрчлөлт гарсан, алдсан оносон зүйлс ч бий. Хөгжилтэй улс гэж иргэншсэн байхыг хэлнэ. Газар бол иргэнших хэрэгсэл. Манайх энэ хуулиар иргэнших боломжоо олж аваад найман жил л болж байна. 2002 оны газар өмчлөлийн тухай хууль бол эдийн засагт хийгдсэн хамгийн том хувьсгал. Бэлчээрийн мал аж ахуйтай таваарын аж ахуйг сонгосон хөгжилтэй эдийн засагтай байсан бол бизнес эдийн засгийн суурь ойлголтоо шийдчихсэн, газар нь эргэлтэнд ороод эхэлсэн байна гэсэн үг. Гэхдээ газрын харилцаанд байгаа үндсээр нь өөрчлөх, бүр устгах шаардлагатай байгаа зүйл их бий.
-Ярилцлагынхаа
төгсгөлд?
-Монгол
Улс өнгөрсөн түүх, өнөөдрийн боломж,
сонгосон их хувь заяа, ардчиллын үнэт
зүйлс, өвөг дээдсээс өвлөгдсөн газар
нутгийн байршил, эрдэнэс баялагтай орны
хувьд их хөгжлийн гараан дээр морио
усалж байгаа орон. Өглөөний нар мандаж
байгаа мэт эх орон. Эдийн засагч хүний
хувьд Монгол маань хөгжил дэвшилд хурдан
хүрэхийг Та бидний үе нүдээр харах болно
гэдэгт би бүрэн итгэдэг.
Ярилцсан Б.Нарангоо