Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үндсэн хуулийн төслийг хэвлэлд нийтлэн бүх ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлсний дараа Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлжээ.
Эцэст нь хууль тогтоох дээд байгууллага АИХ-ын хуралдаанаар 75 хоног хэлэлцэн батлав. АИХ-ын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж сонсгон, мөн өдрийн 11.35 цагт баталсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Ингэснээр Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдрах газраа чөлөөтэй сонгох зэрэг язгуур эрхээ батлан, тунхагласан түүхтэй.
1992 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” гэсэн батламж бичигт гарын үсэг зуржээ. Үндсэн хуулийн уг эх өдгөө Монгол Улсын Ерөнхийдлөгчийн албан өрөөнд Төрийн хамгаалалтад хадгалагддаг юм. Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн эхийг Төрийн түүхийн музейд залж, долоо хоногийн хугацаатай олон нийтийн хүртээл болгож байна.
ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ
АИХ-ын 430 гишүүний хоёр сарын гаруйн хугацаанд хэлэлцэж, ёслол төгөлдөр баталсан эцэг хуульд өөрчлөлт оруулах цаг болсныг улстөрчид ярих болсоор багагүй хугацаа өнгөрлөө.
2012-2016 оны УИХ-ын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн ч “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж дүгнэлт гаргаснаас өөр дорвитой ажил хийж амжилгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон. Тухайн УИХ-ын бүрэлдэхүүнд АИХ-ын төлөөлөгчдөөс долоон гишүүн сууж байсан бөгөөд тэднийг Ажлын хэсэгт оруулж байлаа.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгааныг Засгийн газрын тогтвортой ажиллагаатай холбосон тайлбар энэ УИХ-д хамгийн их жин дарж байв. Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ нь 14 Засгийн газрыг огцруулж, 17 Ерөнхий сайдын нүүр үзсэн байдаг. Төр засгийн тогтворгүй байдал улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж ирсний алдааг улстөрчид Үндсэн хуулиас олж харсан нь тэр аж.
Харин энэ удаа санаачилга Засгийн газраас гарч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийнхэн анхны хуралдаанаа шинэ оны өмнөхөн хийлээ.
Ажлын хэсэгт нэг ч улстөрчийг оруулаагүй. Зөвхөн эрдэмтэн судлаачид, хуульчид иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэй баг улс орныг хамарсан томоохон судалгаа хийж, ямар өөрчлөлт оруулах талаар улстөрийн нөлөөгүй саналууд гаргаж ирэхийг хүлээж байгаа юм билээ.
Эцэг хуульдаа дахин дахин гар хүрэхгүй, маргаан шүүмжлэл бага дагуулах өөрчлөлтийг улстөрөөс хол судлаач, эрдэмтдэд даалгах нь ч хар сэр багатай, зөв зүйтэй шийдвэр болов.