Нийслэл орчмын газар хөдлөлтийн идэвхжил өнгөрсөн онд дахин нэмэгдсэн нь тайвширч болохгүйг бидэнд санууллаа.
2005 оноос хойш нийслэлийн эргэн тойрон 150 км дотор байрлах зургаан хагарал дагуух газар хөдлөлтийн идэвхжил огцом нэмэгдэж, 2013 онд оргил үедээ хүрсэн билээ. Тус онд нийт 2184 газар хөдлөлт бүртгэгдсэн нь 2006 онтой харьцуулахад долоо дахин өндөр үзүүлэлт болохыг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. Тэгвэл 2014, 2015 онд давтамж нь хоёр дахин багасаад байсан идэвхжил өнгөрсөн жил дахин нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, 2016 онд бүртгэгдсэн газар хөдлөлтийн идэвхжлийн тоо өмнөх оныхоос даруй 500 орчмоор илүү байна.
2016 онд нийслэл орчимд нийт 1589 газар хөдлөлт бүртгэгдэв.
Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт хоёр удаа тохиов. Өнгөрсөн долдугаар сарын 22-нд Төв аймгийн Мөнгөнморьт сумаас баруун хойш 47 км зайд магнитуд нь 3.7-гийн хүчтэй газар хөдөлсөн байна. Харин үүнээс нэг сарын дараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас зүүн хойш 30 км-ийн зайд мөн адил хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Зөвхөн 2016 онд Эмээлтийн хагаралын дагуу 800 удаа газар хөдөлжээ
Судлаачдын анхааруулж буйгаар Улаанбаатар хот орчимд бүртгэгдсэн зургаан хагарал дагуу энэ бүх идэвхжил явагдаж буй. Дотоодын болон гадаадын экспертүүдийн тогтоосноор эдгээр хагарал мянгаас дээш жилийн настай юм. Бүр тодорхой хэлбэл, 1-10 мянган жилийн тэртээ энэ орчим 6.5-7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний ул мөр юм байна. Ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн талаар уншигч танд эргэн сануулая. Өнгөрсөн наймдугаар сард Италид болсон газар хөдлөлт 6.6 магнитудын хүчтэй байсан. Харин 2015 оны дөрөвдүгээр сард Балбад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс ойролцоогоор есөн мянган хүн амь үрэгдэж, 22 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ.
Итали улс хэдий гамшгийн үеийн бэлтгэлийг сайн хангаж, яаралтай арга хэмжээ авсан ч цуврал газар хөдлөлтийн үед 300 орчим хүнээ алдаж, эдийн засгийн хувьд 11 тэрбум хүртэлх ам.долларын гарз хохирол амссан юм. Харин аравдугаар сард дахин болсон газар хөдлөлтийн үеэр гамшгаас сэргийлэх арга хэмжээ авсны ачаар нэг ч хүн амь үрэгдээгүй билээ. Гэсэн ч түүх дурсгалын олон объект сүйдсэн.
Гэтэл Улаанбаатар хотын хувьд байдал бүр дор байгааг манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Нийслэлийн хэмжээнд клиникийн эмнэлгүүдийн барилгын 80 хувь нь газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй гэх судалгаа бий. Харин улсын хэмжээнд нийт орон сууцны 10 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн актыг МХЕГ-аас гаргасан.
“Газар хөдлөлт бол байгалийн жамаараа болж буй үзэгдэл. Гэхдээ хүн амынх нь талаас илүү хэсэг нь Улаанбаатарт төвхнөсөн нь хамгийн аюултай” хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах секторын эрхлэгч, доктор М.Өлзийбат дахин анхааруулав.
Улаанбаатар орчим 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход л гэр хорооллын байшингууд нурж, олон хүн дарагдан, амь насаа алдах эрсдэл байгаа юм. Үүнийг батлах бас нэг үйл явдал нь 2016 оны аравдугаар сарын 1-нд Пакистанд болсон 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт. Газар хөдлөлт болсон бүсийн ихэнх байшин барилга манай гэр хорооллын хувийн сууцнууд шиг шавраар боссон. Гамшгийн үеэр ард иргэд хэврэг сууцандаа дарагдаж, 1000 орчим хүн амь үрэгдсэн билээ.
Ийм аюулыг ойр ойрхон сануулж буйн бас нэг шалтгаан бол Улаанбаатар хотын баруун захад орших Эмээлтийн хагаралын идэвхжил. Зөвхөн 2016 онд л гэхэд уг хагаралын дагуу 800 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.Тодорхой хэлбэл, хамгийн ихдээ 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлал өндөр гэдгийг судлаачид тогтоосон юм байна.
Одоогоос 50 сая жилийн тэртээ Энэтхэгийн хойг Евразийг хүчтэй мөргөснөөс Гималайн уулс үүссэн түүхтэй. Энэ түрэлт одоо ч гэсэн үргэлжилдэг бөгөөд жилд таван см-ээр хойшилдог аж. Тиймээс Хятад, Азербайжан, Армен, Балба зэрэг оронтой адил Монгол орон ч гэсэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1957 онд Говь-Алтай аймагт болсон 8.0 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болох давтамж манай орны хувьд 2500 жил байдгийг тогтоосон.
Гэхдээ нийслэл орчим яг ямар давтамжтай байхыг тодорхойлохын тулд бүр илүү нарийвчлан судлах шаардлагатай хэмээн анхааруулж байна.
З.Цэлмэг