“Хөгж хөгж!”, “Баяж баяж!” гэх миний гаслантай тулгалт бүтээлүүдэд маань үе үе давтагддаг. Манай улс хэдэд вэ, аль зиндаанд яваа вэ, хэддүгээрт вэ гэдэгт өмнөх нийгэм хариулт өгч болоод байлаа. “Социализмын материал-техникийн бааз” гэдэг онолоор нийгмийн формацаа олоод тогтоочихдог байсан тул ихээхэн хялбар байсан хэрэг. Ялангуяа ЭЗХТЗ-ийн хүрээнд бид хэн бэ гэдэгт тун түвэггүй хариулж болж байв.
Би 1990 он хүртлэх түүх ярьж байгаа хэрэг шүү дээ. ЭЗХТЗ-ийн хүрээнд Монгол, Вьетнам, Кубад түлхүү туслах гэдэг ойлголтоор бол бид гурав СЭВ дотроо зэрэгцэн сүүл мушгиж яваа юм байна гэж дүгнэж болж байв. Мэдээж хөгжлийн оргил нь хөгжингүй социализмыг байгуулсан СССР, дараагийн эгнээнд мөн ийм аж үйлдвэржсэн хөгжингүй социализм байгуулсан БНАГУ, Чехословак, эдний араас элдэж явсан Польш, Унгар дараагийн зиндаанд, манай гурвын урд хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон байснаа байрыг нь сольж буй Болгар, Румын гэхчлэн 10 улсыг нэрлэж байв. Яг ийм ялгаралаас СЭВ тарж, бид ч бас тарж мөр мөрөө хөөсөн.
Монгол Улс хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон гэдэг хаягтайгаа 1990 онтой золгосон ба одоо яг тийм гээд хэлээд тавьчих формацгүй явж байна. Гэтэл одоо СЭВ-ийн нөгөө хэд маань хаа явна вэ? Финландын “Kauppalehti” гэдэг сонинд Финийн эдийн засагчдын 2050 он хүртлэх лут прогноз нийтлэгдсэнийг олж үзээд би нөгөө хэдээ “Хэн нь хэн бэ?” гэдгийг танихтайгаа болж авлаа.
Хүн амын тоо, эдийн засгийн багтаамж зэргээрээ бол Монгол Улсаа Эстон, Латви, Литва, Словентай харьцуулахад бас ч буруугүй л дээ
Хуучин СЭВ-д байснаа одоо Европын Холбоонд элссэн манай хуучин андууд суга үсэрч, гэрлийн хурлаар хөгжиж байгаа гэнэ. СССР-аас тасарсан Балтийн гурван улс мөн шинээр Европын Холбооны хаалга татсан 11, нийт 14 улсын эдийн засгийн өсөлтийг 2050 он хүртэл таамаглан төсөөлөхөд лав Балтийн гурав 2050 он хүрч байж ЕХ-ны хууччуултай зуузай холбох тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл 40-өөд жилийн дараа Эстон, Латви, Литвачууд нь Франц, Немцүүдтэй адил тэгш аж төрөх аж. Дэндүү удаан, урт хугацаа биш үү?
Гэхдээ муугүй үр дүн бас байна. Словен, Чех, Эстон нь хөгжлийн түвшин, хангалуун аж байдлаараа Португалыг гүйцээд өмнө нь гарчихжээ. Данийн Danske Capital хэмээх фирмээс захиалж хийлгэсэн финланд эрдэмтдийн судалгаагаар бол Дорнод Европын энэ хэсэг улсын ДНБ-ий өсөлт энэ 10 жилдээ хурдтай явж байгаа гэнэ.
Өрнөд Европын орнуудын жилийн дундаж өсөлт 1.9 хувьтай байсан бол Дорнод Европынх 3.7 хувьтай, Финландын эдийн засгийн судалгааны Etla хүрээлэнгийн тооцоолсноор эдэн дотроо Балтийн орнуудынх бүр илүү хурдтай өсч байгаа аж. 2050 он гэхэд Эстон, Литвагийн хүн ам тутамдаа ногдуулсан ДНБ нь тэр үеийн Европын Холбооны хөгжингүй орнуудын түвшингийн 95 орчим хувьд хүрсэн байх гэнэ. Ингээд 2050 он гэхэд Дорнод Европын хамгийн баян орнуудад Эстон, Латви, Литва, Унгар, Словен бичигдэх болох нь.
Европын орнуудын хөгжлийг шууд өөрийнх рүүгээ татаж авчран харьцуулах санаа энд байхгүй. Гэхдээ бид нэг саванд явсан шүү гэдгийг бас мартаж болохгүй. Хүн амын тоо, эдийн засгийн багтаамж зэргээрээ бол Монгол Улсаа Эстон, Латви, Литва, Словентай харьцуулахад бас ч буруугүй л дээ. СЭВ дотроо зэрэгцэн туслуулж явсан Вьетнамыг харьцуулахад газар тэнгэр шиг зөрүү гарч золигтох гээд байдаг.
Дайнд нэрвэгдсэн тэр улсад манай улс тусалж, хүмүүнлэгийн хандив өгч байсан цаг бий. “Муусайн төлөгүүд” гэж манайхны өгсөн хоч нэр бол цаанаа тэр улсын ядуу буурайн илэрхийлэл болж байлаа. Гэтэл одоо яасан бэ? Дайнд сүйдсэн 90 сая хүнийг өлсгөлөн гуйланчлалаас эгнэгт салгаж дөнгөсөн төдийгүй, хүн ам тутамд ногдох ДНБ нь 2240 ам. доллар болж, хөрөнгө оруулалт, гадаад худалдаагаараа Зүүн өмнөд Азидаа хошуучилж, АСЕАН, АПЕК, Зүүн Азийн саммитын бүрэн эрхт гишүүн хүчирхэг Вьетнам болж босч ирж чаджээ.
Баялаг амьдрал, бодит орлого, худалдан авах чадвар ба үндэсний нийт орлого гэхчлэн хэмжүүрээр авч үзвэл, орлого нь тэргүүнд тавигддаг байна. Энэ хэмжүүрээр дэлхийн улс орнуудыг гурав ангилдаг.
- Жилдээ нэг хүнд нь 1000 ам.долларын орлого ордоггүй бол ядуугийн туйл
- 2000 ам.доллар болоод ирвэл хангалуун руугаа
- 3000 ба түүнээс дээш ам.долларын орлоготой бол боломжийн хангалуун гэсэн гурван шатлалтай.
Дээшээ тогтоосон хязгаар байхгүй. Энэ хэмжүүрээр бол дээшээ ба доошоо 15:1 гэсэн харьцаагаар дэлхийн хамгийн баян, ядуу улсуудыг жишиж болох хэмжүүрийг Дэлхийн Банк тавьсан байгаа. Энэ хэмжүүрээр бол манай улс ядуугийн туйлаас арай дээгүүр, Вьетнам хангалуунаас дээгүүрхэн гэж бүтэн нэг үе манайхаас тасарсан байна.
Эдийн засгийн хувьд бүс нутагтаа хоцрогдсон гэж үзэж буй тэр хэсгийг (Лаос, Мьянмар, Камбож, Монгол, Хойд Солонгос гэх мэт)
Дэлхийн Банкны ноднингийн судалгаанд манай улс: Үндэсний нийт орлогоор дэлхийд эзлэх байр – 164, Үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох үзүүлэлтээр дэлхийд эзлэх байр – 161, Худалдан авах чадварын хүн ам тутамд ногдох хэмжээгээр дэлхийд эзлэх байр – 162, дэлхийн 155 улсын дотор аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын индексээрээ 148 дүгээр байрт гэхчлэн ямагт 100-аас цааш хол бичигдсэн байна. Тэгвэл олон үзүүлэлтээр Вьетнам нь 100-ын дотор орж ирсэн ба АСЕАН- дундаж хөгжилтэй орон гэж явна.
Дээрхи манай “161” гэх үзүүлэлтээс доогуурт тооцогдох манайхаас дор улс дэлхийд бас байнаа. Тэнд 36 улс бичигдсэн нь манайд бас гэгээ байна гэсэн үг. Дэлхийн Банк, ОУВС-гаас Монголтой хамтран ажилладаг, төсөл хэрэгжүүлдэг, Монголыг судалдаг эдийн засагчид манай “161” гэдэг үзүүлэлтэд туйлын сэтгэл дундуур ханддаг ба Хар Африкийнхнаас биднийг сайндаа илүү байна гэж магтдаггүй, Монгол Улс муу байгаагийн шалтгааныг огт ойлгохгүй, тийм шалтгааныг огт олж харахгүй байна хэмээцгээдэг.
Учир нь үзээд өгье гэхнээ муу байх шалтгаан манай улсад Африкийнхан шиг байхгүй байна. Иргэний дайн, олон жилийн угсаатан үндэстний зөрчил, далайн хар шуурга, ган гачиг, нийгмийг бөөнөөр нь халдварлуулсан өвчин тахал байхгүй, харин ч Вьетнамын дэргэд далай шиг их газартай, дэргэдээ дэлхийн хамгийн том зах зээлтэй байж яагаад “161 гэж” гэдэг асуултыг бидэнд эргүүлэн тавьж, муу байгаагийн шалтгаан өөрсдөд чинь байна шүү хэмээн анхааруулах бөлгөө. Ардаа 36 улсыг орхисон, гэхдээ дэлхийн хамгийн муу 50 улсын дотор баараггүй орж яваагаа ухаарах цаг болсон мэт, монголчууд минь!
Эдүгээ нэр бүхий хэсэг улсыг “Зүүн Ази” гэж нэрлэж хэвшжээ. Хэвших ч юу байхав, Ази маань яг тэнхлэгээрээ хэд хэд хуваагдаад байна. Зүүн Ази, Исламын Ази, Энэтхэг гэсэн гурван том цагариг үүсч байна. Зүүн Ази гэдэг энэ их дэвсгэр дээр бүхэлдээ тогтвортой хөгжлийн үе эхэлж, эдийн засгийн хувьд эвсэх, интеграцчилагдах үйл явц мөн гэрлийн хурдаар явж байна.
Эдийн засгийн хувьд бүс нутагтаа хоцрогдсон гэж үзэж буй тэр хэсгийг (Лаос, Мьянмар, Камбож, Монгол, Хойд Солонгос гэх мэт) эдийн засгийн хувьд хурдацтай хөгжүүлэх хэрэгтэй нь мэдээж боловч юуны өмнө энд хөгжлийн нэн их (50-100 жилийн их зөрүү) ялгааг арилгахад эдийн засаг, хөрөнгө оруулалтыг түлхүү хийх, гол нь дотооддоо түүнд бэлтгэх, мөн өөр олон саад бэрхшээлийг давах хэрэгтэй болж байна. Манай улсын хувьд Вьетнамаар баримжаа хийхгүй нь мэдээж боловч хуучин СЭВ-ийн анд тэр улсаас суралцах нь юуны буруу аж.
“Тогтвортой хөгжил, хөгжил цэцэглэлийн төлөөх эрчимтэй хамтын нийгэмлэгийг байгуулах нь” гэсэн уриатай Вьетнамын жишгээр мөд бий болох Зүүн Азийн чөлөөт худалдааны бүс, араас нь залган гарч ирэх Зүүн Ази дахь иж бүрэн эдийн засгийн түншлэлд Монгол Улсыг нэгтгэж, улмаар эцэст нь бүрэн төлөвших Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн Монголын эдийн засаг ба Монгол Улсыг төсөөлж болохгүй гэж үү?
Судлаач проф. Олхонуд Баярхүү