Иргэн Баатар нь 2018 онд “КЮМ” хадгаламж зээлийн хоршооноос 7 сая төгрөгийг сарын гурван хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, зээлийн хүүд 630 мянган төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй байна.
“КЮМ” хадгаламж зээлийн хоршоо нь Баатараас үндсэн зээл 7 сая төгрөг, зээлийн хүү 3,724,000 төгрөг, нийт 10 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх зээлдэгч Баатарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэн, 9,213,866 төгрөгийг гаргуулж, хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Харин Дээд шүүхээс дээрх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь ашгийн төлөө бус хуулийн этгээд. Өөрийн гишүүдтэй байж, зөвхөн гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг үзүүлэхийг зөвшөөрнө, харин гишүүн бус этгээдэд зээл олгохыг хориглосон.
Мөн хоршооны гишүүнээр хуульд заасан журмын дагуу иргэдийг элсүүлж, гишүүнээр элсэгч нь хоршоонд заавал хувь хөрөнгө оруулах, гишүүний хураамж төлөх, үйл ажиллагаанд оролцох, ашиг авах, алдагдлыг хариуцах зэрэг эрх, үүрэгтэй байхаар хуульд заажээ. “КЮМ” хадгаламж зээлийн хоршоо хуульд заасны дагуу дээрх байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой. Иргэн Баатар тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн болох нь нотлогдоогүй, хуульд заасан үйл ажиллагааны хүрээнд, ашиг олох зорилгогүйгээр өөрийн гишүүндээ зээл олгосон гэх байдал тогтоогдоогүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааныг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг анхаараагүйгээс талуудын байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүй нь буруу, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” байх тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ, энэ тохиолдолд талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй юм.
Иймд иргэн Баатар нь зээлийн гэрээний дагуу анх авсан 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй, харин хүү төлөх үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзжээ.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч