“Засгийн эрхийг хамтран барьж, эдийн засаг, нийгмийг урагшуулахаар боллоо” хэмээн эвсэл байгуулсан улс төрийн намууд эхлүүлсэн ажлаа дуусгасан түүх ховор. Эсвэл задарч, Засгийн газрынх нь нас богиносдог шалтгаан нь эрх мэдэл, албан тушаал булаалдах, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашигтай зөрчилдсөнөөс үүдэлтэй байсан нь хожим ил болдог. Энэ удаа эвсэж нэгдэн, хамтарч Засгийн газар байгуулаад ч амжилтад хүрэлгүй бүтэлгүйтсэн, огцорсон түүхийг тоймлон хүргэе.
1996 он. УИХ-ын сонгуульд хамтран оролцсон МҮАН-МСДН- ын “Ардчилсан холбоо” эвсэл парламентад 50 суудалтай болж, ардчилагчид анх удаа Засгийн эрх барьсан билээ. Тэднийг төр барих ухаанд дөнгөж суралцаж байх үед буюу 1997 онд Завхан аймагт УИХ-ын нөхөн сонгууль болж, Н.Энхбаяр парламентын босго давжээ. Энэ үед эрх баригч эвслийн нэг жигүүр болох МҮАН-ын дүрэмд “УИХ-д олонх болсон намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн заалт байсан. Нөгөө талаар МСДН-ынхны зүгээс цухалзаж асан “М.Энхсайхан УИХ дахь эвслийн бүлгийн бодлогыг хэрэгжүүлэхгүй байна” гэх гомдолд Н.Энхбаяр “тоглолт хийж”, түүний тэргүүлсэн Засгийн газар 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд огцорсон байдаг. Хожим М.Энхсайхан “Бэрхшээл голдуу мөр зэрэгцэн явсан нөхдөөс гардаг. Энэ нь хамгийн “хорлонтой” гэж хэлсэн бөгөөд эл үйл явц огцорсон бүх Засгийн газарт давтагдсан билээ.
1998 он. Ерөнхий сайдын тамга М.Энхсайханаас МҮАН-ын дарга, “Ардчилсан холбоо эвсэл”-ийн дарга Ц.Элбэгдоржид шилжив. Энэ үед эвслийнхэн дотооддоо албан тушаал, эрх мэдлээ булаацалдаж байлаа. Тиймээс тэрбээр 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд Засгийн газраа бүрдүүлмэгцээ эвсэлд сайдын суудлыг нэгдсэн намуудад тэнцүү хувааж өгөв. Гэвч түүний тэргүүлсэн Засгийн газар гурван сар ч бололгүй огцров. Шалтгаан нь нууц тогтоол. Засгийн газар 80 тоот тогтоол үйлдэн төрийн өмчийн “Сэргээн босголт” банкийг татан буулгаж, хувийн өмчийн “Голомт” банктай нийлүүлсэн тул УИХ-ын 26 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг тавив. Ц.Элбэгдоржийн Засгийн газраас “салах” ажиллагаанд “Ардчилсан холбоо” эвсэлд байгуулагдаад удаагүй байсан “Элсний 13”-ын бүлэг том дэмжлэг үзүүлсэн гэдэг. Энэхүү Засгийн газар 1998 оны долдугаар сарын 24-нд огцорсон бол “Ардчилсан холбоо” эвсэл дараагийн танхимаа байгуулах гэж найман сар зүдэрсэн юм.
“Ардчилсан холбоо” эвслийнхэн наймдугаар сарын 11-нд Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөхөөр хүргүүлсэн юм. Гэвч Ерөнхийлөгч түүнийг дэмжээгүй, эвслийнхэн Д.Ганболдын нэрийг Ерөнхийлөгчид долоон удаа өргөн барьж, долоон удаа бүдэрсэн нь түүх болон үлдэж. Үүний дараа Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, УИХ-аар хэлэлцсэн ч эвслийн олонх гишүүд санал хураах үед дэмжээгүй гэдэг. Түүний араас нэр дэвшсэн МYАН–ын Г.Ганхуяг, Э.Бат-Yүл нарын нөхөд ч Ерөнхийлөгчөөс дэмжлэг аваагүй бөгөөд арванхоёрдугаар сарын 8-нд Ж.Наранцацралт “Ардчилсан холбоо” эвслийн гурав дахь Ерөнхий сайд болсон юм. Ж.Наранцацралт ажлаа авснаас хойш долоон сарын дараа огцрох эсэхээ хэлэлцүүлжээ. Шалтгаан нь захидал. УИХ-ын нэгдсэн хуралдаанд “Засгийн газрын тэргүүн оны эхээр ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчид захиа явуулсан. Захидлыг нууцаар хийсэн бололтой. “Эрдэнэт” үйлдвэрийг 240 мянган ам.доллараар худалдах тухай асуудлыг захидалд дурдсан байна” гэх дуулианыг Р.Гончигдорж дэгдээж, түүний тэргүүлсэн Засгийн газар огцорсон түүхтэй.
1999 оны долдугаар сарын 30-нд Р.Амаржаргал Ерөнхий сайдаар томилогдов. Үүнээс хойш нэг жилийн дараа УИХ-ын сонгууль болж, АН парламентад ердөө ганцхан суудал авсан.
2000 оны УИХ-ын сонгуульд ердөө ганцхан суудал авч ялагдсан АН 2004 оны УИХ-ын сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулж, парламентад МАН-тай ойролцоо суудал авав. Засгийн газар бүрдүүлэх асуудлаар УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвсэл болон МАН-ын бүлгүүд зөвшилцөн, Их эвслийн Засгийн газар байгуулж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг эвсэл хоёр, хоёр жилээр хашихаар тохирч, Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдов. Энэ томилгоо “Эх орон-Ардчилал” эвсэл УИХ-д олон суудал авахад нөлөөлж, “УИХ-д олонх болсон намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн АН-ын дүрэм ёсоор тус албан тушаалыг горилж байсан М.Энхсайханы дургүйцлийг хүргэжээ. Тиймээс тэрбээр эвсэлд багтсан “Эх орон” нам болон МАН-тай хамтран Засгийн газрыг огцруулах ажлыг эхлүүлэв. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцрох асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед МАН-ын гишүүдээс гадна АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг, Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар дэмжсэн байдаг.
2006 онд Засгийн газрын тэргүүний сэнтий Ц.Элбэгдоржоос МАН-ын дарга М.Энхболдод шилжиж ирэв. Тэрбээр Засгийн газартаа Үндэсний эв нэгдлийн гэх тодотгол өгч, АН-ын “хаалгыг хааж”, ҮШН байгуулсан М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Л.Гүндалай, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарыг танхимдаа багтаасан юм. Гэвч, энэ Засгийн газрыг байгуулагдсаны маргаашаас АН сайд нарыг нь огцруулах бичиг өргөн барьж, явцын дунд МАН-ынхан ч М.Энхболдын танхимаас сайд “сугалахаар” яарч байлаа. 2007 оны арванхоёрдугаар сард М.Энхболд МАН-ын Их хурлын шийдвэрээр тус намын дарга болсон С.Баярт Засгийн газраа хүлээлгэж өгсөн юм.
2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын маргааш Улаанбаатарт үймээн дэгдэж, “Долдугаар сарын 1” гэх бараан өдөр шинэ цагийн түүхэнд бичигдэв. Жагсаал, цуглааныг хэн зохион байгуулав, хэн үймээн дэгдээв гэх зэргээр удтал маргасны эцэст есдүгээр сард МАН, АН хамтран эвслийн Засгийн газрыг байгуулж С.Баяр Ерөнхий сайдаар томилогдсон юм. Гэвч энэхүү Засгийн газрыг хамтарсан гэхэд хэцүү “стандарт бус” гэсэн тодотгол дагадаг. 2009 оны аравдугаар сард тэрбээр Ерөнхий сайдын албыг өөрийн хүсэлтээр С.Батболдод шилжүүлсэн билээ. Эл Засгийн газрыг огцруулах хүсэлт УИХ-ын түвшинд нэг бус яригдсан ч харьцангуй удаан тэссэн. 2012 оны нэгдүгээр сард АН хамтарсан Засгийн газраас гарч С.Батболдын Засгийн газар “стандарт бус” гэсэн хочноосоо салж байв.
2012 оны УИХ-ын сонгуулиар АН парламентад эрх барих хэмжээний биш ч бусад улс төрийн намаас илүү суудал авсан. Ийнхүү АН МАХН, МҮАН-ын хамтран байгуулсан “Шударга ёс” эвсэлтэй хамтран Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулаад байгаа. АН-ын дарга Н.Алтанхуяг энэ үеэс АН доторх фракц, бүлэглэл, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ашиг сонирхлыг тэнцүүлэх гэж чардайж буй. Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, бондын мөнгөний үр ашиггүй хуваарилалт, Ерөнхий сайдын хүрээллийнхний нэр холбогдсон авлигын хэрэг, Үндсэн хууль зөрчсөн явдал зэрэг нь сөрөг хүчний хувьд энэ Засгийн газрыг унагах гол хөзөр болж байгаа. Сүүлийн үед АН-ынхан өөрсдөө Н.Алтанхуягаас “салах” арга сүвэгчилж буй. Үйл явдлаас үүдэн нийгэмд Ардчилсан намын, ардчилагчдын нэр хүнд унаж байгаа тул Ардчилсан намынхан Н.Алтанхуягийн засгийн “хойдох”-ыг унших ажиллагаанд нэгдсэн нь энэ.
Д.Отгоо