СЭТГЭЛ ГУТРАЛЫН 90 ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ЗӨРЧЛӨӨС ҮҮДЭЛТЭЙ
Сэтгэл судлалын чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүллүүдийн 75 хувь нь америкчуудад зориулсан байдаг аж. Арга ч үгүй юм. Монголд энэ салбар хөгжихөөс зуун жилийн өмнө буюу 1890 он гэхэд Сэтгэл судлалын институтээ байгуулчихсан байсан улс. Харин 25 хувь нь Европ, үлдсэн таван хувь нь Азийн орнуудтай холбоотой. Энэтхэгт гэхэд 10 мянган хүнд нэг, хятадад 100 мянган хүн тутамд 0.4 сэтгэл судлаач, харин Монголд 1800 хүн тутамд нэг сэтгэл судлаач оногддог гэсэн тооцоог хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш Л.Энхтүшиг гаргасан байдаг. БНСУ, Японд байх сэтгэлзүйн төвүүдэд хандагсад хүн амынх нь 2-4 хувьд ч хүрдэггүй өчүүхэн үзүүлэлттэй хэвээр байгаа энэ үед Монголд бэлтгэгдсэн хоёр мянга орчим сэтгэл судлаачийн хэд нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгааг төсөөлөмгүй.
Арваад жилийн өмнө танилын маань өсвөр насны охин сэтгэл гутралаас болж их хэмжээний эм уун, эмнэлэгт хүргэгдсэнийг мэдсэн ээж, аав нь ёстой л “шок”-нд орсон. Хордлого тайлуулах эмнэлгээс гаргангуут хичээлд нь явуулалгүй бүтэн сарын турш, өдөр бүр хоёр цаг сэтгэл зүйчийн эмчилгээнд оруулсан юм.
Гэхдээ монгол мэргэжилтэн олдоогүй тул энэтхэг сэтгэл зүйчид цагийн 200 ам.доллар төлж сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байсан. Уг эмчилгээ ч үр дүнтэй болж, охин нь сургуулиа дүүргээд, хань ижилтэй болон, гадаадад амьдрахаар одсон. Энэ явдлын дараа, үхлийг сонгох хүртлээ сэтгэл гутралд автсан хүний амьдралыг аврах гарц бол мэргэжлийн сэтгэл зүйч юм гэдэгт эргэлзэхгүй болсон билээ.
Өрх толгойлсон ээжүүдийн босгосон амьдралынх нь золиос төрсөн ганц үр нь болдог
Ардчиллаас хойш монголчууд харьцангуй нээлттэй боллоо. Гэхдээ хувийн нандин нууцаа дэлгэж, амьдралд болохгүй, бүтэхгүй зүйлсээ хуваалцах дотны нэгнээ цаг ирэх тусам алдсаар байна. Энэ орон зайг сэтгэл судлаачид нөхөж, шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн аргаар илрүүлэг хийн, тухайн хүний асуудлыг шийдэж өгдөг туршлага нутагшихаар ид хөгжиж байна. Нэгэн үе манайд, хангалуун амьдралтай, бусдын өмнө юугаар ч дутахгүй харагддаг дунджаас дээгүүр зиндааны хүмүүс л мөнгө төлж сэтгэлийн асуудлаа мэргэжлийн хүнд дэлгэдэг гэсэн ойлголттой байлаа.
Харин сүүлийн үед цалингаас цалингийн хооронд амьдардаг ч түүнээсээ илүүчлэн, сардаа хоёр удаа сэтгэл зүйчтэйгээ уулзаад явдаг хүмүүс бий болжээ. Харамсалтай нь тархинд нь асуудал байгаа ч мөнгөө бодоод төдийлэн үр дүнд хүртэл эмчилгээнд хамрагддаггүй хэсэг ч бий гэсэн. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд нэг улиралд 16 удаа зөвлөгөө авч байж үр дүнд хүрнэ гэсэн стандарт байдаг. Гэхдээ Монголд бол 3-5 удаа ирж засал хийлгээд л асуудлаа шийдчихдэг тохиолдол гардаг аж. Аливаад түргэн дасдаг, нээлттэй чанар, монголчуудын зан үйлийн онцлог нь заслыг богино хугацаанд үр дүнд хүргэдэг талтай.
Сэтгэл гутрал, цаашлаад сэтгэцийн эмгэг шинж илэрсэн хүмүүсийн 90 хувь нь гэр бүлийн зөрчлөөс үүдэлтэй байдгийг судлаачид дуу нэгтэй зөвшөөрдөг. Тиймээс сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүд гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагаагаар төрөлжин хөгжиж байна. Салалт, архидалт, үл тоомсорлох болон эдийн засгийн хүчирхийлэл дунд өссөн хүүхдүүд өнөөдрийн эмгэг сэтгэлтэн болж өсжээ. Тэд сургууль дүүргээд, ажил дээр гарсан ч, харь оронд амьдрахаар мордсон ч тархинд нь хадгалагдах гунигт дурсамждаа хүлэгдсээр явдаг байна.
Ялангуяа өрх толгойлсон ээжүүдийн ажлын хойноос зүтгэж босгосон амьдралынх нь золиосонд, төрсөн ганц үр нь сэтгэл зүйн асуудалтай, хаалттай нэгэн болж төлөвшсөн жишээ олон. Орхиж явсан аавдаа, үл тоомсорлодог ээждээ гомдсон сэтгэлээ “хавдар” болтол нь тээдэг тэдгээр хүүхдээс сэтгэл судлаачдад хандаж эмнүүлсэн нь зууны нэгд ч хүрэхгүй байх. Европод амьдардаг ч эндэхийн сэтгэл зүйчээс онлайнаар зөвлөгөө авч, улмаар Монголд ирж биечлэн уулзсаар асуудлаа нээн илрүүлж, хэвийн болсон нэгэн залуугийн түүх сонирхолтой. Ухаан орсон цагаасаа л эмээтэйгээ амьдарсаар ээж, аав гэдгийг үг төдий хүлээж авдаг болсон тэрбээр юугаар ч дутаагүй өссөн.
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд нэг улиралд 16 удаа зөвлөгөө авч байж үр дүнд хүрнэ гэсэн стандарт байдаг. Гэхдээ Монголд бол 3-5 удаа ирж засал хийлгээд л асуудлаа шийдчихдэг тохиолдол гардаг аж.
Ээж нь төрүүлэнгүүтээ эмээд нь орхиж, бүх зүйлээ ганцхан ажилдаа зориулсан нэгэн. Эхийн сүү хөхөж, энгэрийнх нь үнэрт ээнэгших нь бүү хэл, бараг үнсүүлж ч үзээгүй эсэн. Зөвхөн түүний өгөх мөнгийг үрж, сур гэсэн газарт нь явж, аль болох хол байхыг эрмэлзэх болсон байна. Гадаадад найз нөхөдтэй, боломжийн амьдралтай болсон ч үргэлж тээж явдаг сэтгэлийн хүнд ачаагаа цаашид даахгүй мэт санагдсан тэр үедээ онлайн сэтгэл зүйчтэй холбогджээ. Ингээд чаат, видео дуудлагаар харилцсаар саяхан эх орондоо ирж, ээжтэйгээ энэ байдлаа ярилцан ойлголцсоноор асуудал шийдвэрлэгдсэн аж. Энэ бол гадаад хүнд сэтгэцийн асуудал үүсгэх зүйл огтхон ч биш. Харин монгол хүнд бол сэтгэцийн эмгэгт тооцогддог хурц асуудал гэж судлаач нь онцолсон юм.
Психо анализ хийх, танин мэдэхүйн аргаар, заримдаа эмтэй хавсарч хийдэг сэтгэл зүйн эмчилгээ Монголын хөрсөнд нэгэнт үндсэлсэн нь дээрх жишээнээс харагддаг. Мөн хүүхдээ орхиж явсан, магадгүй хорвоод үр удам нь байгааг ч мэддэггүй эцгүүдийн өмнө сэтгэлээ шархлуулан шархирч өссөн хүүхдийн зовлонг дэлгэж өгөх хүн сэтгэл зүйч ч байж мэднэ. Эмгэг сэтгэлтэй хүн бойжуулснаа ч мэдэлгүй хувийн амьдралаа илүүд үзэх ээжүүдэд ч хатуурхмаар байна.
Гадны сэтгэл судлаачдын хувьд дэлгэцийн болон эмийн бодисын донтолт, хэт давчуу орон зай, бохирдол, таргалалт, тэр бүү хэл байгалийн содон тогтоц, зөгийн үүр харахаас айдаг гэх мэт эмгэгийн төрлүүдээр нарийвчлан мэргэшсэн сэтгэл судлаачид байдаг. Улсын бодлого нь ч сэтгэл зүйн зөвлөгөөг эрүүл мэндийн даатгалд хамруулж, засал эмчилгээнд хамрагдсан хугацаанд цалинтай чөлөө олгодог байгууллага олон байдаг. АНУ, Канад зэрэг улсуудад сэтгэл зүйн заслын нэг цаг нь дор хаяж 280 ам.долларын төлбөртэй байдаг бол манайд цаг нь 50-150 мянгын хооронд ханштай. Сэтгэл судлалын шинжлэх ухаан Монголд хөгжлийн зам богино ч нийгэмд үзүүлэх нөлөө, ач холбогдлын хувьд асар өндөрт тооцогдох цаг асуй.
Э.Батцэцэг