Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал өнөөдөр (2026.08.10) боллоо. Хуралд оролцсон зарим эрдэмтэд Монголчууд их өв соёлоо тээж, цааш түгээхийн тулд эх хэлээ сайн судлах хэрэгтэй байгааг хэлж байв.
Унгар улсын монгол судлаач Агнеш Бирталан “Би Будапешт хотод монгол хэл соёл, шашин судлал, угсаатны зүй зэрэг олон чиглэлээр судалгаа хийдэг. Монголчууд өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёлоо ойлгохын тулд хамгийн түрүүнд эх хэлээ маш сайн сурах хэрэгтэй. Монгол хэл арвин их үгийн сантай ч ихэнх хүн хэдхэн үгийн дотор л харилцдаг. Хэдийгээр хэдэн зуун жилийн турш уламжлалт соёлоо хадгалсаар ирсэн ч цаашид эх хэлээ мартвал энэ их өв соёл ч үгүйрнэ гэж Монголчуудад хэлмээр байна” гэж ярилаа.
Үргэлжлүүлэн "Гавьяат багш" цол, тэмдгээр шагнуулсан АНУ-ын Индианагийн их сургуулийн Монгол хэлний багш Л.Цэрэнчунттай ярилцсан юм. Тэрбээр “Би 1993 оноос эхлэн гадаад улсад монгол хэл зааж эхэлсэн. Тэр үеэс даруй 11 жилийн дараа Индианагийн их сургуулийн урилгаар монгол хэл заах зочин судлаачаар АНУ-ыг зорьж байлаа. Эдгээр жилүүдэд ойролцоогоор 600-700 оюутанд эх хэлээ зааж сургасан байна.
Сүүлийн жилүүдэд түүхээс Чингис хааныг, хөгжмөөс The Hu хамтлагийг сонсож, мэдсэн гадаад залуус монгол хэлийг сонирхох хандлага нэмэгдсэн. Гэвч АНУ-ын төрийн сангаас дэмжлэг үзүүлэх тэтгэлэг эрс багасаж, тэдгээр оюутнуудын сурах эрхэд сөргөөр нөлөөлж байна.
Миний анзаарснаар бид Чингисийн монголчууд гэж омогших дуртай. Гэвч биднийг батлах зүйл бол эх хэл, соёл билээ. Монгол хүн эх хэлээ сайн эзэмшээгүй байж, би монгол гэж цээжээ дэлдэх зохисгүй.
Хүүхдүүд янз бүрийн интернет суваг үзэж, эх хэлээрээ хэлд орохгүй тохиолдол их байна. Эцэг эх, асран хамгаалагчид нь эх хэлээр бэлтгэсэн контент үзүүлж, оньсого, зүйр цэцэн үг заах их чухал. Тархи нь дөнгөж хөгжиж буй үедээ монгол хэлээ сурах зайлшгүй шаардлагатай байна” гэж зөвлөсөн юм.
“Би монгол хэл, уран зохиол, түүх соёл, угсаатны зүйг судалдаг. Анх Ленинградын их сургуулийн Монгол хэлний ангид 1981 онд элсэж орж байсан. Түүнээс хойш 40-өөд жилийн турш Монгол хэл, уран зохиолыг судалсаар ирсэн.

Миний хувьд монголын орчин цагийн уран зохиол сайн хөгжсөн. Тэр тусмаа модернист чиглэлд Г.Аюурзана зохиолч чухал хувь нэмэр оруулдаг гэж боддог. Түүний “Гурамсан цадиг роман” уран зохиолын шинэ хуудсыг нээсэн. Мөн “Бөөгийн домог” түүхэн роман үнэхээр уншууртай сайн ном болсон.
Монгол хүмүүс эдгээр номыг уншиж, эх хэлнийхээ яруу тансаг, гүн гүнзгий өв соёлоо улам их мэдэж аваасай гэж хүсэж байна” гэж "Алтангадас" одонгоор шагнуулсан ОХУ-ын монгол судлаач Мария Петрова сэтгэгдлээ илэрхийлсэн.
Дэлхийн 30 гаруй улсын 546 эрдэмтэн чуулж буй уг хурал гурав хоногийн турш үргэлжилнэ. Хурлыг зохион байгуулснаар монгол эрдэмтэдтэй туршлага солилцох, монголын өв соёлд тулгарч буй асуудлын шийдлийг олох, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид хэллээ.