2025 оны зун хөтөч хийж, монголоо гайхуулж явахдаа ойлгож мэдсэн сонин сайхан зүйлсээ хүүрнэн тэмдэглэж, цувралаар хүргэж байна.
Өмнөх аяллаас ирээд яг долоо хоног амраад зургаадугаар сарын 21-нд зуны хоёр дах аялалдаа гарахаар боллоо. Оффиссоос холбогдоод “Алхалтын аялалд явах уу” гэхээр нь дуртайяа зөвшөөрөв. Бодол цэгцрэхээс гадна хурдан алхахаар дасгал болчихдог тул би өдөр тутамдаа байнга алхдаг юм. Маршрутын хувьд Хустайн нуруу, Элсэн тасархай, Орхоны хөндий, Хархорин гэнэ. Дандаа малчин айлуудаар буух бөгөөд дунд нь нэг майхантай хонох юм байна.
Нэг халширмаар зүйл нь зуны их халалтын үе таарах нь ээ. Дунджаар +35 байх ба огт бороогүй гэнэ. Ер нь дэлхийн дулаарлын улмаас Монгол Улсын цаг агаар сүүлийн 80 гаруй жилд 2 градусаар нэмэгдсэн. Үр дүнд нь цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол, үер, ган, зуд үүсч, бүх л салбарт хүндээр тусаж байна. Ууг нь шийдлүүд бий. Бид цаашид ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэтэл бид өнөө л нүүрсээр ажилладаг цахилгаан станц нэмж барих тухай яриад яваа. Аравдугаар сард АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Al Gore-ийн үүсгэн байгуулсан The Climate Reality Project-ийн арга хэмжээнд оролцоход хэдэн хувь хүн, компани, ТББ-ууд мөн ч их зүйл хийж, бор зүрхээрээ зүтгэцгээж байна. Харин шийдвэр гаргагчдаас маш цөөхөн хүн ирсэн байсанд гайхаж л байлаа.
Өндөр Нидерландчууд ба фургоны зовлон
Жуулчдаа онгоцны буудлаас тосоод шууд байрлах айлдаа очиж өдрийн хоол идэхээр байв. Лав л 2 метрээс зайлахгүй, жигтэйхэн өндөр туранхай хоёр нөхөр гараад ирлээ. Дэлхийн хамгийн өндөр хүмүүс болох Недерландчууд тул аргагүй ээ. Миний өндөр 165 см. Хэрэндээ л өөрийгөө өндөр гэж боддог бодол маань даруй замхран алга болж, энэ хоёрыгоо гүйцэж алхдаг байгаа даа гэж санаа зовнино.
Манай хоёр хоёул Америк эхнэртэй, тэнд ажиллаж амьдардаг, нэг нэг охидтой. Охид нь хамт сурдаг байсан тул тэднээрээ дамжуулж танилцаад, үй зайгүй найзууд болцгоожээ. Би охидтой нь чацуу, үе тэнгийн үхэр бич жилтэн гэхээр манай хоёр 50 орчим настай. Дэлхийн олон орноор хамт аялсан, алхалтын аялалд дуртай тул манайд ирсэн гэв. Цаг агаарын байдал анхааруулаад өнөөдрийн аяллын төлөвлөгөөгөө танилцуулаад хөдөлцгөөв.
Энэ аяллын нэг онцлог нь фургон машинаар явах байв. Би анх удаа фургонтой аялал авч байгаа нь энэ. Өмнө нь машин дотор жуулчидтайгаа чөлөөтэй харилцаад сурсан надад пургонд ярих нь биелэгдэшгүй даалгавар гэдгийг ойлгов. Дотор их дуу чимээтэй тул орилж ярих шаардлагатай. Хойно сууж байгаа жуулчид байтугай дэргэдэх жолоочынхоо үгийг ч дуулахгүй юм. Нэг бодлын амар ч юм шиг. Хааяа нэг эргэж харж “Давгүй юу“ гэчхээд, амьтан шувуу ажигласан шигээ явахаар шийдэв. Бас нэг төвөгтэй зүйл нь голд байрлах мотороос халуун агаар цоргих нь хэцүү байв. Хөнгөн жинтэй тул зарим донсолгоонд цонхоор гарч явах дөхнө. Сүүлдээ учраа олж, дөрвөн мөчөөрөө энд тэндээс зуураад мэргэжлийн явдаг болов. Хойно ч бас манай хоёр цонхоороо юм харах гээд сандал дээрээ бараг нуруугаараа суучихсан инээдэмтэй харагдана. Агааржуулагчтай, дуу намсгагчтай, суудлаа тухтай болгочихвол фургоны туулах чадвартай бол ярилтгүй юм билээ.
Халуун өдрүүд, 2 метр өндөр хүмүүстэй зэрэгцэж алхах, фургоноор явах гээд ерөөсөө л намайг сорьсон аялал болохнээ. Адал явдалд дургүй хэн байх вэ.
Эхний алхалт ба малчин айл

Эхний өдөр бид Хустайн нуруунд буусан айлаасаа Өнгөтийн цогцолбор руу алхав. Түрэгийн хаант улсын үед хамаарах энэ цогцолбор нь монголд төдийгүй, төв Азид олдсон хамгийн олон хүн чулуутай бөгөөд зүүн урагш 2 км орчим зэллэсэн 552 ш балбал чулуутай. Нийт алхалтын зай 7 км. Хэдий тэгш талаар алхсан ч эгц дээрээс нар шарж таарав. Жолооч ах зэргэлдээ аажуу дагаж явна. Замдаа бид олон зүйлсийн тухай ярилцсаар нэг л мэдэхэд ирчхэв. Гэхдээ л би усан хулгана болтлоо хөлөрчээ. Шүршүүргүй шүү дээ гэж бодохоос л халширмаар. Яажшуухан буцахдаа машинаар явах вэ гэж бодтол ашгүй нөгөө хоёр зутрав бололтой машинаар харья гэв. Яг тэр мөчид миний нүднээс бараг л гал гартлаа баярласан гэж тэр хоёр намайг баахан цаашлуулав. Гэртээ ирсэн хойноо жуулчдаа дагуулаад урагш Туул гол руу алхаж, далимд нь жаал шувуу дурандав. Ямартай ч эхний өдөр 10 км алхлаа. Манай хоёр ч сэтгэл хангалуун амрахаар хэвтэцгээлээ.
Өглөө нь бид айлын эзэгтэйтэй хууч хөөрч суусан юм. Эднийх хагас эрчимжүүлсэн мал аж ахуйг туршиж, амжилттай хэрэгжүүлж буй айл байна. Тоонд биш чанарт анхаарал хандуулж, тэр жилийн ган зудын байдлыг харж байгаад малаа эртхэн борлуулж, элэгдэл хорогдол багатай өвлийг давдаг гэнэ. 2022–2023 онуудад Монгол Улс даяар их хүнд өвөл болсон билээ. Дээрээс нь эднийх жуулчид аваад тодорхой хэмжээний орлого олчихдог гэнэ. Аялал жуулчлалд их хэмжээний мөнгө эргэлддэг. Өгөөж нь малчдад энэ мэтээр шууд хүрэх боломжтой. Малчдын ажил амьдрал үнэхээр хүнд хүчир санагддаг юм. Дээр дурдсан The Climate Reality Project-ийн үер малчдад тулгамддаг асуудлыг технологиор шийдэж буй Hunu аппликэйшн тухай сонсоход их таалагдсан. Та ч бас сонирхоод үзээрэй, танил малчдадаа түгээгээрэй.
Нидерландчуудыг илүү таньж мэдсэн нь…

Энэ хэсэгт би анх удаа Нидерландчуудтай хамт аялахдаа тэдний тухай мэдэж авсан зүйлсээ хуваалцъя. Аялал жуулчлалын салбарт ажиллахын сайхан нь энэ. Алхам тутамдаа соёл, мэдлэгийн солилцоо хийдэг.
- Нэн түрүүнд Нидерланд бол албан ёсны улсынх нь нэр. Голланд бол манайхаар аймгийнх нь нэр юм. Эрт үед эндээс мянга мянган хөлөг онгоцууд дэлхийн өнцөг булан бүр рүү ачаа бараа зөөдөг байж. Эндээс хүмүүс Голланд гэдэг нэршлийг илүү их ашигладаг болжээ. Иймд одоо болтол хүмүүс улсынх нь нэр гэж андуурдаг.
- Газар нутгийнх нь гуравны нэг хэсэг далайн түвшнээс доош оршдог. Дээрээс нь Европын гурван том голын урсгал дайрдаг тул үерийн аюултай бүс нутаг ихтэй. Гэхдээ тэд инженерчлэлийн гайхалтай шийдлээр усыг удирдаж чаддаг гэхэд хилсдэхгүй.
- Өмнө дурдсанчлан дэлхийн хамгийн өндөр хүмүүс. Эрчүүдийн дундаж өндөр 183–184 см, эмэгтэйчүүдийнх 170–171 см орчим. Манай хоёрт мод хэмнэж хийсэн 180 смтай орнууд богинодоод тунчиг хэцүү байв.
- Тэд ямарваа нэгэн шийдвэр гаргахад заавал нийтийн эрх ашиг яригдах тул дандаа бүх нийтийн санал хураалт авдаг. Энэ соёл нь нийгэм цаашлаад компани, гэр бүлд хүртэл үйлчилнэ. Тиймдээ ч шийдвэр гаргалт их удаан. Иргэд нь ч байнга үзэл бодлоо илэрхийлж, шийдлийн нэг хэсэг байгаад сурсан. Мөн бүгдийн дээр хууль л байна, хуулиа л дагана.
- Бүгд дугуй унаж, усанд сэлж, гүйж, хөдөлгөөнтэй амьдарна.
- Тэд дор хаяж дөрвөн гадаад хэл мэднэ. Нидерланд бол унаган хэл нь төдийгүй сургуульдаа зайлшгүй нэмэлтээр Англи, Герман, Франц хэл үздэг.
Эдгэшгүй хүнд өвчтэй хүнтэй яваагаа мэдсэн нь…

Дахин нэг аагим халуун өдөр болох нь ээ. Бид Элсэн тасархайд хоноглох айлдаа оччихоод Хөгнө хаан уулын бэлд байх Өвгөн хийд рүү алхахаар болов. Бас л ойролцоогоор 7–8 км. Говь хээр талын экосистемтэй газрыг хэлэх үү дээрээс нар, доороос элс шараад золтой л уначилгүй ирэв. Модны сүүдэрт нэгийгээ хүлээн нөгөөхтэй нь сэрүүцэн зогсож байтал надад Паркинсон хэмээх эдгэшгүй хүнд өвчтэйгөө хэлэв. Энэ нь мэдрэлийн эмгэг бөгөөд хүндэрсэн үедээ хүн хөдөлгөөнөө хянах боломжгүй болж бусдын асрамжид бүрэн ордог гэнэ. Энэ өвчинд эмчилгээ байхгүй. Таван жилийн өмнө анх оношоо сонсчхоод хоёр сар гаруй шаналжээ. Аажмаар хүлээн зөвшөөрч, амьдрахаар шийдэж. Цаг бага үлдсэн гэлтгүй илүү тайван, юмсыг ажиглаж, алхаж явах дуртай болжээ. Янз бүрийн л өвчин зовлонтой хүмүүс ирдэг ч анх удаа л ийм хүнд өвчтэй хүнтэй аялж таарав. Оффисоос энэ тухай ямар ч мэдээлэл өгөөгүй тул би хэсэг шоконд оров. Ямартай ч энэ хүнд онцгойлон анхаарал хандуулж явах хэрэгтэй болов. Гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй. Ийм хүмүүс өвчтэй гэдгээрээ түрүү барьж анхааралд өртөх дургүй байдаг. Ялангуяа шударга байдалд дуртай Нидерланд хүн бол бүр үгүй.
Найзад нь энэ ярианы тухай хэлэхэд “Үнэнээ хэлсэн бол чамд итгэж байна гэсэн үг. Битгий хэтрүүлэн анхаарал тавиарай. Би ерөнхийдөө анхаарч халамжлаад явна” гэв. Өвчтэй жуулчин маань ч найздаа эрхлээд юунд ч санаа зовохгүй хүүхэд шиг л бүхнийг сониучирхан явна. Дээрээс нь их шооч. Энэ хоёр нийлж намайг их шоглоно оо. Би ч яаж мөчөөгөө өгөхөв дор нь хариуг нь барина. Бид гурав ямартай ч маш сайн ойлголцож, дотносож явав.
Аяллын хамгийн сайхан шөнө…
Өвчтэйг нь мэдсэн өдрөөс хойш жолооч ах бид хоёр өглөө бүр “Өнөөх маань амьд байгаа даа” гэж бодон босож ирдэг болов. Залуудаа триатлоны тамирчин байсан тул өөрийгөө зогсоох биш түлхэж л мэддэг гэж найз нь надад анхааруулсан юм. Иймд зарим өдөр хүчээр амрахгүй бол өнөөх маань аяллын дундаас сульдаж, миарч эхлэв.
Бид явсаар Орхоны хөндийд байрлах малчин айлд ирж хоноод, маргааш нь айлын морьтой залууг хөтчөөр аваад хээр хонох газар луугаа алхлаа. Орхоны хөндийд бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг нүүдэлчдийн соёлыг илтгэн харуулах археологийн зүйл бүрийн олдвор ихтэй. Иймд 2004 онд ЮНЕСКО Орхоны хөндийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн. Зөвхөн монголчууд бус нийт хүн төрөлхтний тусын төлөө хадгалан хамгаалж өвлүүлэн үлдээх шаардлагатай сайхан нутаг билээ.
Хангай нутгийн үзэсгэлэнт сайхан хөндийгөөр алхаж явах үнэхээр таатай сайхан. Би ч сүүлдээ энэ хоёртой зэрэгцэж алхдаг байснаа болиод өөрийн хурдаар ард нь гэлдэрдэг болов. Заримдаа ядраад байвал уул давахдаа хөтөч залуугийнхаа морин дээр мордчихно. Тав зургаан хоног лав усанд ороогүй хэвээр л явна. Орой бүр нойтон салфеткаар аргална. Бага байхад хөдөө амьдардаг өвөө эмээ маань усанд их цөөхөн ордог ч дандаа л сайхан үнэртдэг байж билээ. Өдрийн ихэнхийг гадаа өнгөрүүлдэг малчин монголоос ер нь нар салхи л үнэртдэг дээ. Бид алхсаар үдийн алдад хонох газраа ирээд машиныхаа сүүдэрт хэсэг амраад майхнаа барьцгаав. Жолооч ах, хөтөч залуу хоёр надад гал тогооны майхан барьж өгөөд, би хоолоо хийж эхлэв.
Зуны өдрийн уртыг хэлэх үү, унтахад арай л эрт байна. “Юу хийж аргалдаг юм билээ” гэж бодож байтал жолооч ах ойрхон хоёр нуур байгааг очиж үзэхийг санал болгов. Ус нуур гэхээр шувуу бодогддог болсон би уухайн тас зөвшөөрөв. Очсон нууранд маань ганц ч шувууд байсангүй. Ямартай ч амжилттай цаг нөхцөөгөөд, унтацгаав.
Маргааш өглөө нь “Нам сайхан унтлаа” гэсээр манай хоёр нүүр дүүрэн инээмсэглэн босож ирлээ. Энэ өдөр бид буцаж алхаад айлдаа очиж хоноод буцах замдаа орно. Бид үдээс хойш гэхэд хонох айлдаа ирлээ. Айлынхан гэдсэн хуушуур хийчихсэн, хонь муулж байна. Орой нь хорхог хийнэ гэнэ. Бид монголын их амар амгаланг мэдэрч гэрийн сүүдэрт сууж, юм ярилцаж суулаа. Би тэр хоёрт монгол аав, эрчүүдийн тухай ярив. Ихэнх монгол аавууд “Хайр нь дотроо хал нь гаднаа” байдаг. Сэтгэлээ барагтаа л уудалж ярьдаггүй гэж гомдоллотол нэг нь учиргүй инээснээ “Манай охин ч бас намайг тэгээд байдаг юм. Эрчүүд ер нь ярихдаа маруухан хүмүүс ш дээ. Үг дуу цөөтэй байх нь амар гэж үздэг. Тиймээс хөнгөн хүлээж аваарай. Аавыгаа ч бас ойлгоод тайван орхиж бай” гэж зөвлөв. Дараа нь миний хэлснийг охиндоо хэлжээ. Өөдөөс нь тас тас хөхрөөд “Би ч монголд очвол ойлголцох олон найзтай болох юм байна” гэжээ. Сүүлдээ бид аав охин хоёрыг ойртуулж, дотносуулдаг аяллын хөтөлбөр хүртэл зохиоё гэж ярилцацгаав.
Өдөрт дунджаар 10 км алхсаар бид долоо хоногийн алхалтын аяллаа дуусгалаа. “Монгол үнэхээр чиний хэлснээр амар амгалан, эрх чөлөөний орон юмаа” гэсээр манай хоёр сэтгэл хангалуун буцав. Энэ аяллаар би нөхөрлөл, амьдралын үнэ цэнийг дахин ойлгох шиг боллоо. Эдгэшгүй хүнд өвчтэй найзтайгаа дурсамж бүтээн халамжлан хамт яваа найз, найздаа эрхлээд хүүхэд шиг жаргалтай яваа найз… Хүний амьдрал богинохон. Итгэл найдвар гэдэг хамгийн сүүлд бөхдөг зүйл. Амьдрах сайхан шүү дээ. Амьд буйдаа, амар амгалан буйдаа, байгаа бүх зүйлдээ талархлаа. Найзтай хүний зовлон нимгэн, амьдрал нь баян байдгийг ухааруулсан аялал маань ийнхүү өндөрлөлөө.
Үргэлжлэл бий…