2025 оны зун хөтөч хийж, монголоо гайхуулж явахдаа ойлгож мэдсэн сонин сайхан зүйлсээ хүүрнэн тэмдэглэж, цувралаар хүргэж байна.
Хөдөөгийн асуудал, ганц бие малчин эрчүүд
Аялал жуулчлалын салбарын сайхан нь монголын хөдөөг эзэнтэй байлгадаг малчин иргэдээ дэмжих, тэднийг аялал жуулчлалаас нэмэлт орлого олох боломж олгодог явдал юм. Малчдын амьдрал хэцүү. Мянган малтай ч байгалийн хуульд захирагдаж нэг төмөр өвлөөр хотоо харлуулах эрсдэлтэй.
Малчдын үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх ганц хөрөнгө нь мал. Гэвч залуус хөдөө гарч мал маллаж амьдрах сонирхолгүй болсон. Дээрээс нь нүүдлийн мал аж ахуй суурин болсноор ургамлын эргэн сэргэлт саарч, байгаль орчин, нийгмийн олон асуудал ар араасаа дагуулж байна. Иймд бэлчээрийн эрчмийг сааруулах нь байгаль хамгааллын нэн чухал арга хэмжээ юм.
Энд бас нэгэн онцлох ёстой нийгмийн асуудал гэвэл хөдөөгөөр “ганц бие малчин залуус” ихэссэн. Учир нь малчид голдуу эрэгтэй хүүхдэдээ малаа өвлүүлдэг. Ахлах юмуу дунд ангийн хүүгээ сургуулиас нь гаргаад мал дээр гаргана. Тэр залуус эрийн цээнд хүрч 20 гараад ирэхээр нутаг оронд нь ханилан суух эмэгтэй хүн байдаггүй.
Харин монголчууд охин хүүхдээ боловсролтой болгохыг хичээдэг тул ихэвчлэн хот руу сургуульд явуулна. Нэгэнт хотод ирж, тав тух, боловсрол эзэмшсэн бүсгүйчүүд эргэж хөдөө рүү явалгүй, хот эсвэл аймгийн төвд шингэнэ. 1996-2000 онд Монгол Улс даяар төсөв танах бодлого явагдаж, хөдөөгийн ихэнх сумдын дотуур байрууд хаагджээ.
Дээрээс нь сургуулийг зургаан наснаас эхлүүлдэг болсон нь Монголын орчинд ялангуяа хөдөөд зохистой биш байх магадлалтай. Учир нь зургаан нас хэтэрхий бага, ялангуяа одоогийн хүүхдүүд биеэ дааж амжаагүй байдаг. Үүнээс болж хүүхдээ сургуульд ороход ээж нар төв рүү хамт ирж амьдрах шаардлагатай болсон.
Харин аав нь малаа сахиад хөдөө гэртээ үлдэнэ. Хол байсаар яваандаа тэр гэр бүл сална. Боловсролын бодлогыг хянамгай хийхгүй бол нийгэмд олон сөрөг үр дагавар гарч ирдгийн жишээ энэ билээ.

Малчдыг дэмжиж ажилласан нь…
Биологич Г.Хүдэрчулуун, ботаникч Х.Халиунаа найзынхаа санаачилж, санал тавьсны дагуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин нөхөрлөлийнхөнтэй аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллахаар болов. Малчин айл бүрд илүү гэр байдаг гэхэд хилстэхгүй.
Тэр гэрүүдийг бариад, зочлох үйлчилгээний сургалтад хамруулаад малчид ажиллуулдаг гэр баазтай болоход дэмжиж ажиллахаар болов. Ашиг орлогоос илүү энэ төсөл цаанаа олон зорилготой. Хот хөдөөгийн ялгаа, үл ойлголцол их болсон өнөө үед малчин иргэдийг нийгэмшүүлэх, залуусын хөдөөнөөс хот руу шилжиж буй хөдөлгөөнийг сааруулах, тэднийг мэдлэгжүүлэх, монголын байгаль, соёлын өвийг хамгаалах гэх мэтчилэн олон зорилго өвөртөлсөөр бид энэ төслөө итгэл дүүрэн урамтайгаар эхлүүлэв.
Дэлгэрхаан байгалийн нөөц газар нь боржин чулуут уулс, уулын таг, хуурайдуу хээр, хуурай хээр, нугажуу хээр, нуга зэрэг өөр өөр хэв шинжийн экосистемтэй. Аргаль, мануул, шилүүс, цагаан зээр, тарвага зэрэг амьтдын амьдрах орчин юм. Явган аялал, дугуй, морин аялал хийхэд тохиромжтой өвөрмөц сайхан байгалийн тогтоцтой газар билээ.
Миний үүрэг жуулчны бааз байгуулан ажиллах ерөнхий зааварчилгааг гаргаж, цаасан дээр буулгаж, санхүүжилт татах, аяллын хөтөлбөр боловсруулах, жуулчин авчрахад туслах байв. Зөв залаад, зүтгүүлж чадвал өгөөжтэй төсөл болох нь тодорхой. Алсдаа эндээс сурсан туршлагаа бусад газарт нутагшуулах боломжтой санагдана.
Ингээд биднийг дэмжиж, хамтарч ажилладаг аялал жуулчлалын байгууллагаасаа эхний жуулчнаа аваад, нөхөрлөлийнхний ажиллуулж буй баазад аваачихаар болов.

Жуулчинтайгаа уулзсан нь…
Компаниас өгсөн зааварчилгааны дагуу энэ удаагийн жуулчин маань түүх их сонирхдог, багш хийдэг гэхээр нь гэрийн даалгавраа хийж, Дэлгэрхаан орчмын түүхийг сөхөж харлаа. Энд Их Монгол улсын анхны нийслэл Аураг ордон, Чингисийн рашаан, нууц товчоо бичиж дуусгасан газар гэх мэт түүхэн чухал хэд хэдэн онцлог газрууд бий.
Тэрээр бас алхах дуртай гэнэ. Ямартай ч жуулчнаа гурав хоног саатуулах төлөвлөгөө гаргачихсан, нөхөрлөлийнхөндөө үүрэг өгчихсөн тул санаа зовсонгүй. Англи гаралтай Хятадад англи хэлний багш хийдэг, 40 орчим насны залуу байна. Хятад эхнэртэй бөгөөд хоёр дахь удаагаа үр шилжүүлэн суулгуулж, жирэмсэн болохоор зорьж байгаа юм байна.
“Жирэмсэн эмэгтэй хүний ааш их хэцүү. Хэсэг тархи толгойгоо сэргээх зорилгоор эхнэрээсээ зөвшөөрөл авч Хятадаас хамгийн ойрхон газар луу аялж яваа” гэнэ. Зүгээр л амар тайван баймаар байгаа хүн гэдгийг ойлгов. Би ч дотроо “Харин ч нэг зөв газраа ирж дээ. Монгол шиг цаг хугацаа, орон зайн хувьд эрх чөлөөтэй, амар амгалан орон гэж хаа байх вэ” гэж бодов.
Анхны жуулчнаа хүлээн авч буй бид таван талаас нь бөөцийлж гарав. Тогоо барьж буй Сувдаа эгч маань бид хоёрт түмпэн дүүрэн хоол хийгээд тэнцүү хуваагаад таваглаж өгнө. Угийн бага иддэг би хоолоо барахгүй, байнга үлдээж байв. Харин жуулчин маань бүгдийг нь идчихнэ.
Эрэгтэй хүн аргагүй биз гэж боддог байсан ч сүүлд сонсох нь ээ хоол үлдээх дургүй тул хүчээр иддэг байсан гэнэ. “Хөдөө хоол хаягдана гэж байхгүй ээ, нохойгоо тэжээнэ шүү дээ” гэж би залруулав. Нүүдлийн амьдралтай бид хэзээний л юмхнаар юм хийгээд, нөөц бололцоогоо тултал ашиглаад сурчихсан хүмүүс тул хог хаягдал гэж барагтаа л байхгүй дээ.

Дэнж хотойлгосон монгол наадам
Эхний хоёр хоног бид уулын тагаар цэцэг ургамал, амьтан шувууд ажиглан алхав. Энэ жил зуншлага маш сайхан байна. Өдрийн хоолоо цүнхлээд явдаг тул замдаа амарч, заримдаа ном уншиж сууна. Манай нөхөрлөлийнхөн анхны зочиндоо өөрсдийн гараар оёсон монгол цамц бэлэглэв.
Гурав дахь өдөр нь би жуулчиндаа цамцыг нь өмсүүлээд Цэнхэрмандал сумын 100 жилийн наадам үзүүлэхээр авч явлаа. Ёстой дэнж хотойтол наадна гэгч нь болж байв. Бид хоёр сур харваа сонирхож нэлээд суув. Дараа нь заан цолтой бөхчүүдийн барилдаан үзэв. Дундуур нь хоёр ч насны морь уралдаж таарав. Наадмын хуушуураа ч идлээ.
Монгол наадам жуулчинд маань үнэхээр гэнэтийн бэлэг болж чадлаа. Маш сэтгэл хангалуунаар бид гэртээ харилаа. Өнөөдөр сүүлийн орой тул нөхөрлөлийн зарим гишүүдээ дуудаад, үдэлтийн найр хийж, дуу хууртай нэгэн үдшийг өнгөрөөв.
Маргааш өглөө нь цайгаа ууж суутал жуулчин маань “намайг манай эхнэр ийм залуухан, ухаалаг, царайлаг монгол эмэгтэйтэй явааг мэдвэл боож үхэх байх даа” гэж хэлээд бид хоёр нэлээд хөхрөлдөв. Бидний хийж буй баазын ажил амжилттай болох нь гарцаагүй, сайхан зорилготой ажил заавал бүтдэг юм гээд бидэнд амжилт хүсэв.
Үр шилжүүлэн суулгах ажилбар амаргүй, ядахад өмнө бүтэлгүйдсэн түүхтэй тул хоёул сэтгэл зүйн хувьд хүнд байгаа, дээрээс нь аав болж өндөр хариуцлага үүрнэ гэхээс эмээж байгаагаа аяллын хугацаанд надад илэн далангүй ярьсан юм. Хөтөч хүнд заавал байх ёстой чанар бол бусдыг сайн сонсдог байх. Олон төрлийн аялагчид бий. Аялагч бүр өөр өөрийн зорилготой ирдэг.
Гэхдээ бүгдэд нь хуваалцах түүх, тэрийг нь зүгээр сонсоод суух хань хэрэгтэй байдаг. Нэгэн нарны доор түмэн янзын жаргал, зовлонтой хүмүүс амьдардаг шүү дээ… Бусдын түүхийг сонсоно гэдэг нь зовлонг нь нимгэлж, сэтгэлийг нь засдаг гэдгийг ухааруулсан аялал байв.
Үргэлжлэл бий…