Монгол, Италийн бизнес эрхлэгчдийн уулзалт өнөөдөр Шангри Ла зочид буудалд эхэллээ. Италийн нэхмэлийн машин механизмын салбарт тэргүүлэгч 13 том компанийн төлөөлөл энэ уулзалтад оролцож байна.
Манай улс дэлхийн түүхий ноолуурын талыг дангаараа хангадаг. Италийн өндөр дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг хөнгөн үйлдвэрийн салбарт нэвтрүүлснээр бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх, барууны дээд зэрэглэлийн зах зээлд шууд гарах боломжтой.
Монголын ноос ноолуурын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, "Бид урьд нь түүхий ноолуураа БНХАУ руу гаргаж, тэндээс цааш боловсруулагдан Итали руу очдог байсан. Одоо самнасан ноолуур л гаргах шийдвэр гаргасан. Бид өөрсдөө технологийн дэвшил нэвтрүүлж, шууд экспортлогч болно гэсэн үг.

Ингэснээр Италичууд Монголоос ноолуур шууд худалдан авах, хамтрах зам нээгдэнэ. Монгол ноолуур дэлхийн зах зээлд өөрийн нэрээр гарах түүхэн боломжийг бүрдүүлнэ " гэв.
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ салбарыг дэмжих урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийн шинэ тогтолцоог бүрдүүлсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас арилжааны 10 гаруй банкаар дамжуулан энэ онд хөнгөн үйлдвэрлэлийн салбарынханд 535 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор гэрээ байгуулан ажиллаж байна.
Мөн гадаадын дэмжлэг болгож Италийн санхүүгийн "SACE" агентлагийн төлөөллүүд урт хугацаатай зээлийн таатай нөхцөлөөр тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлнэ гэв.

Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаретта, "Монгол өндөр чанартай ноолуур үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Итали улс нэхмэлийн машин механизмын салбарт дэлхийд тэргүүлэгч учраас Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэлийн шинэчлэлийг бүрэн дэмжиж чадна. Технологио шинэчилснээр Монгол Улс барууны, дээд зэрэглэлийн зах зээлд илүү хялбар нэвтрэх боломжтой” гэв.
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээр ноос ноолуурын салбарт дараах бодит дэвшил гарчээ. Экспортын үсрэнгүй өсөлт 2025 онд гарч, угаасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 330 сая ам.долларын орлого олсон.
Түүхий эдийн бэлтгэл анх удаа зургаан мянган тоннд хүрч, үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргав. Европын зах зээлийн шинэ гарц: Европын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд 367 нэр төрлийн барааг гаалийн тарифын хөнгөлөлттэйгөөр Европын 180 гаруй сая хэрэглэгчтэй зах зээлд гаргах боломж нээгдсэн.

Италийн Элчин сайдын яамны Худалдааны атташе Франческо Пенсабене, "Монголын зах зээл Италийн хувьд стратегийн өндөр ач холбогдолтой. Энэ удаагийн хоёр өдрийн семинарт манай улсын сүлжмэл, нэхмэл, угаалга, туслах хэрэгслийн чиглэлээр үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бүрэн төлөөлж чадах шилдэг, дээд зэрэглэлийн 13 компанийн төлөөлөл оролцож байна.
Италийн өндөр дэвшилтэт технологийг Монголын шилдэг түүхий эд болох ноолууртай нэгтгэснээр хамгийн дээд зэргийн үр дүн, гайхалтай амжилтыг хамтдаа бүтээж чадна" гэлээ. Оролцогчдын хэлэлцүүлэгт үндэслэн түншлэлийг дараах чиглэлүүдээр өргөжүүлэхээр болов.
- Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи. Будах, боловсруулах дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлж, байгаль орчныг хамгаалах
- Тогтвортой үйлдвэрлэл ба эрчим хүчний хэмнэлт. Ус, эрчим хүчний хэрэглээг бууруулсан, ногоон хөгжлийг дэмжсэн үйлдвэрлэлийн шийдлүүдийг хөгжүүлэх
- Санхүүгийн урт хугацааны түншлэл. Италийн санхүүгийн байгууллагуудаар дамжуулан урт хугацааны, хөнгөлөлттэй нөхцөлөөр тоног төхөөрөмж худалдан авах боломжийг бүрдүүлэх
- Мэргэжилтэн бэлтгэх, техник технологи дамжуулах. Итали-Монголын нэхмэлийн технологийн төвөөр дамжуулан инженер техникийн боловсон хүчнийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх, салбарын шинэ бүтээгдэхүүнийг турших
- Дизайнеруудын хамтын ажиллагаа. Монгол, Италийн залуу дизайнеруудын хамтарсан бүтээлч ажлыг дэмжих замаар бүтээгдэхүүний өнгө төрх, дизайны шийдлийг дэлхийн чиг хандлагад нийцүүлэх.
Монгол, Италийн хамтын ажиллагаа зөвхөн худалдаагаар хязгаарлагдахгүй, технологи, инновац, хүний нөөцийн хөгжилд суурилсан, урт хугацааны стратегийн түншлэл болон өргөжих бүрэн боломжтойг талууд онцоллоо.
Мэдээг бэлдсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл