Таны жигүүртний талаарх мэдлэг хэр зузаан бэ? Болжмор, тахиа, хэрээ, тагтаа гээд л болчих юм биш биз? Бор шувуу л гэхэд дотроо олон зүйлд хуваагдсан байдгийг мэдэх үү? Гудмаар алхах, өглөө гүйх, агаар салхинд гарахдаа жиргэх шувуудыг сонсоод ямар шувуу юм бол гэж гайхдаг уу?
Нүүдэлчин монголчуудын байгальтайгаа зохицон амьдарч, биологийн олон янз байдлыг ажиглаж, хайрлан хамгаалдаг уламжлал нь амьдралын хэв маяг, язгуур урлагаас мэдрэгддэг. Гэвч суурин амьдралаас шалтгаалан бид байгалиас холдож, түүн дотор аж төрдөг олон төрөл зүйлийн амьтан, ургамлыг анирдан ажиглаж, ойлгож судлах нь багасчээ. Молекул биологи, генетикийн судалгаагаар үлэг гүрвэлийн шууд удам гэж батлагдсан шувууд бол хүн төрөлхтнийг идэх хоол, орох оронтой байлгахад нэн чухал үүрэг гүйцэтгэдгийг та мэдэх үү. Учир нь
- Шувууд жилд 400-500 сая тонн хортон шавьж иддэг. Хэрэв шувууд байхгүй бол хөнөөлт шавьжны тоо толгой хяналтаас гарч, бэлчээр, хөдөө аж ахуй, ойн сан сүйрэх аюултай.
- Олон төрлийн мод, ургамлын үр шувуудын хоол боловсруулах системээр дамжиж, шинээр ургадаг. Жишээ нь хэрээний овгийн Бидэрт самарчшаазгай (Nucifraga caryocatactes) өвөлд зориулж үр, самар нууж нөөцөлдөг ч заримыг нь мартчихдаг бөгөөд энэ нь шинэ ой мод бүрэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Тас, элээ зэрэг махчин шувууд үхсэн амьтны сэг зэмээр хооллож, цэвэрлэгээ хийснээр халдварт өвчин тархахаас сэргийлдэг. Тэдний ходоодны хүчил маш хүчтэй тул хөнөөлт бактерийг устгаж чаддаг.
- Зөгийнөөс гадна олон зүйлийн жижиг шувууд цэцгийн бал идэх явцдаа тоос хүртээж, жимс, үр тариа, ургамлын ургацыг нэмэхэд тусалдаг.
Дээрх байгалийн тэнцвэрийг хадгалах ач холбогдлоос гадна барууны улсад “шувууны аялал жуулчлал”, “шувуу ажиглах хобби” нь өөрийн гэсэн эрэлт нийлүүлэлт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, ажлын байрыг цогцоор нь бүрдүүлсэн, эдийн засгийн бие даасан салбар болтлоо хөгжсөн.
Америкт л гэхэд 96 сая орчим хүн шувуу ажиглах хоббитой гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, жигүүртнийг танин мэдсэнээр дэлхийн хаана ч очсон ижил төрлийн сонирхолтой хүнтэй таарах, нэг хэлээр ярих боломжтой. Монгол Улсад ч мөн адил шувууны аялал жуулчлал тодорхой хэмжээний орлогыг шат шатанд төвлөрүүлдэг болсноос гадна шувуу ажиглах хоббитой хүмүүс нэмэгдсээр байна.
Аюул занал ба итгэл найдвар
BirdLife International байгууллагын жил бүр тогтмол эрхлэн гаргадаг тайланд дэлхийн нийт шувуудын найман зүйл тутмын нэг нь мөхөх аюулд орсон бөгөөд үүнд дараах хүчин зүйлс голлон нөлөөлж байна.
- Хөдөө аж ахуй (73%) - Хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд ой мод, бэлчээрийг тариалангийн талбай болгож байгаа нь шувуудын амьдрах орчныг үгүй хийж буй хамгийн том шалтгаан юм.
- Мод бэлтгэл (51%) - Ой модыг огтолж, тайрснаар олон сая шувуудыг орон гэргүй болгож байна.
- Харь зүйлүүдийн нөлөөлөл (42%) - Хүний оролцоотойгоор нэг бүс нутгаас нөгөөд очсон амьтад тухайн газрын унаган шувуудын үүрийг сүйтгэж, өндөг болон дэгдээхэйг идэх, амьдрах орчны төлөө өрсөлдөх замаар сөрөг нөлөө үзүүлдэг.
- Ан агнуур (39%) - Хүнсэнд хэрэглэхээс гадна гоёл чимэглэл, чихмэл хийх, эмэнд хэрэглэх, амьдаар нь зарах зорилгоор шувуудыг агнаж, олон зүйлийг мөхлийн ирмэгт авчирдаг.
- Уур амьсгалын өөрчлөлт (37%) - Цаг агаарын эрс тэс байдал, ган зудны давтамж нэмэгдэж байгаа нь шувуудын нүүдлийн хугацаа, идэш тэжээлийн нөөцөд нөлөөлж байна.
Дээрх тоо баримтууд түгшүүртэй харагдаж байгаа хэдий ч бидэнд найдвар бий. Бодлогын түвшинд шувуудын амьдрахад нэн чухал газар нутгуудыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, зохистой менежментээр удирдах нь байгаль хамгааллын хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Харин иргэдийн хувьд жигүүртнийг ажиглаж, танин мэдэхээс хамгааллын ажил эхлэнэ.
Монгол орон ба шувууд
Өнөөдөр дэлхий дээр 11 мянга гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэнээс Монгол оронд 519 зүйлийн шувууд бүртгэгдсэн. Тэднийг амьдралын хэв маягаар нь дараах байдлаар ангилдаг. · Суурин зүйл: Тухайн нутагт жилийн аль ч улиралд амьдардаг, үрждэг, нүүдэггүй шувуудыг хамруулж авч үздэг. Тухайлбал, Хон хэрээ (Corvus corax), Хөхвөр тагтаа (Columba livia), Хээрийн бор шувуу (Passer montanus), Алаг шаазгай (Pica pica) гэх мэт.
- Өндөглөн зусдаг зүйл: Зөвхөн хаврын улиралд ирж, өндөглөн зусаад, намар өвөлжих нутаг руугаа буцдаг шувуудыг авч үздэг. Энэ бүлгийн шувууд монгол орны нийт зүйлийн бүрдлийн 80 орчим хувийг эзэлдэг. Жишээ нь Цэн тогоруу (Grus vipio Pallas) хавар хосоороо ирж үүрээ засан өндөглөөд, намар дэгдээхийнүүдээ дагуулан Хятадын Пояанг нуурыг зорьдог.
- Дайран өнгөрөх зүйл: Тухайн бүс нутагт үрждэггүй хэдий ч хавар намрын нүүдлийн үедээ түр бууж амраад, цааш нүүдлээ үргэлжлүүлдэг шувууд. Тухайлбал, Эгэл шонхор (Falco peregrinus) Сибирьт үржээд, Өмнөд Азид өвөлждөг бөгөөд нүүдлийн үедээ Дорнод аймгийн нутгаар дайран өнгөрдөг.
- Өвөлждөг зүйл: Өвөл эхлэх үед хойд бүс нутаг буюу Сибирээс манай оронд өвөлжихөөр ирдэг шувуудыг хамруулдаг. Тухайлбал, Цэвдгийн цагаан ууль (Nyctea scandiaca) манай оронд өвөлжихөөр орж ирдэг. Ингэхдээ Үлийн цагаан оготно болон жижиг шувууд идэвхтэй байгаа газарт буюу идэш тэжээлээ даган өвөлжөөд, хавар буцдаг.
- Тохиолдлын/Хэрмэл зүйл: Өөрийн үндсэн тархац нутгийнхаа хилийн гадна таарч буй шувууд. Зарим шувууд нүүдлийн улирлаар өөрийн төрөл нэгт зүйлүүдийг даган нүүж шинэ нутагт бүртгэгдэх нь элбэг байдаг. Тухайлбал, 2020 оны 6 дугаар сард Хималай нуруу орчимд тархалттай нэгэн зүйлийн хөөндэй шувуу Дорнод аймгийн Матад сумын нутагт буюу өөрийн үндсэн тархцын хилээс 1500км орчим хол бүртгэгдсэн байна.
Дэлхий дээр шувууд үндсэн найман чиглэлийн дагуу нүүдэллэдэг ба эдгээрийг шувуудын нүүдлийн зам гэдэг. Ялангуяа Монгол орон нь Төв Азийн болон Зүүн Ази-Австралийн нүүдлийн замын уулзвар дээр оршдог. Өөрөөр хэлбэл, Монголын нуур цөөрөм, гол мөрөн, ой хээрийн бүсэд өндөглөн зусдаг шувууд болон дайран өнгөрөх шувуудын дийлэнх нь эдгээр хоёр замын дагуу нүүдэллэдэг.
2015 онд хийгдсэн нэгэн сонирхолтой судалгаагаар Хээрийн галуу (Anser indicus) хамгийн өндөрт буюу тэнгисийн түвшнээс дээш 8000+ метерт орших Хималай нуруун дээгүүр нисдэг болохыг тогтоосон байна. Ингэхдээ тогтмол өндөрт нисдэггүй бөгөөд уулын хярыг дагаж, дээш доош "галзуу хулгана”-ын хөдөлгөөнөөр нисдэг. Доошилж, газрын гадаргад ойртох тусам агаарын даралт ихсэж, хүчилтөрөгч арай илүү болдог тул энергиэ хэмнэдэг байна. Энэ нь шулуун нисэхээс илүү их хүч шаардах боловч хүчилтөрөгч багатай орчинд нисэх хамгийн ухаалаг тактик юм.
Энэ мэт шувууд бидний төсөөлж ч чадахгүй хүнд нөхцөлийг даван туулж, амьдрахын төлөөх тэмцлээ явуулдаг байх нь. Ийм гайхалтай амьтныг бид хайрлан хамгаалахгүй байхын аргагүй биш гэжүү.
Иргэд шувуудыг хэрхэн хамгаалах вэ?
- Зөв хооллох. Хамгийн гол нь идэш тэжээл хомс зөвхөн өвлийн цагт шувуудад нэмэлт хоол өгөх ба бусад үед шаардлагагүй. Ингэхдээ талх гэх мэт давс, чихэр ихтэй боловсруулсан бүтээгдэхүүн бус үр, самар, өөх тос, шар будаагаар хооллох. Мөн хашаа эсвэл цэцэрлэгт хүрээлэнд жимсний мод, бут тарих нь тэдний байгалийн зан төрхийг эвдэхгүйгээр хооллох хамгийн үр дүнтэй арга юм.
- Тагт эсвэл хашаандаа цэвэр ус тавих нь шувуудын цангааг тайлах, өд сөдөө цэвэрлэж, биеийн дулаанаа зохицуулахад нь тусладаг.
- Шувууд гялгар уутны тасархай, хуванцар, хог хаягдлыг идэш тэжээл гэж андууран идэх, эсвэл утас, хялгасанд хөлөө ороож гэмтээх тохиолдол маш түгээмэл. Иймд ил задгай газар хог хаяхгүй байх.
- “Шувууны өндгөнд сүүдрээ бүү тусгаарай” гэдэг үгийг санаж хавар, зуны улиралд шувууны үүр олвол хүрэхгүй, ойртохгүй байх. Хэрэв муур, нохойтой бол хавар, зуны улиралд сул тавихгүй, хүзүүвчлэх. · Шувуу ажиглах хоббитой болох. Ажигласан шувууныхаа зургийг авч, “eBird” эсвэл монголчуудын хөгжүүлсэн “Baigali” аппликейшнд бүртгүүлэх. Таны оруулсан өгөгдөл тухайн шувууны тархац, тоо толгойг тогтооход хэрэгтэй мэдээлэл болдог. Мөн Монголын шувуу ажиглагчдын клуб-д нэгдэж, мэдээлэл авах. · Сайн дурын ажил хийх. Монголын шувуу хамгаалалх төв гэх мэт шувуу судлалын байгууллагууд жил бүр нас, мэргэжил, хүйс хамрахгүй сайн дурын ажилтнууд авч, судалгааныхаа ажилд туслуулдаг.
- Зөв эх сурвалжаас мэдээлэл авах. Шувууны талаар үнэн зөв мэдээлэл хүргэдэг судлаачид, мэргэжлийн байгууллагуудыг дагах, сонсох, мэдсэн зүйлсээ бусдад түгээх.
Дээр дурдсан энгийн үйлдлүүд зөвхөн жигүүртэн шувууд төдийгүй биологийн олон янз байдал, байгаль орчныг хамгаалахад нэмэртэй тул та өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлж заншаарай. Дараагийн нийтлэлээр шувуу ажиглах хоббины тухай дэлгэрүүлэн хүргэх болно.
Жич: Энэ нийтлэлийг Монголын шувуу хамгаалах төв ТББ-ийн судлаачид хянасан болно.