Дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний компаниуд хүнд байдалд орсон талаар бид “Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид “дөнгө”-нд оржээ” нийтлэлдээ тодорхой өгүүлсэн. Хангалтгүй зохион байгуулалт, буруу менежмент, дутуу мэдээллийн улмаас ийм байдал үүсчээ.
Дүрэмт хувцасны гол түүхий эд нь хонины ноос. Монгол хонины ноосоор утас ээрч, сүлжмэл хувцас, даавуу үйлдвэрлээд, дүрэмт хувцсаа оёжээ. Оёдлын үйлдвэрүүдийн ханган нийлүүлэгчид нь даавуу үйлдвэрлэгчид. Тэдний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй газар нь Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо. Иймд тус холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбаттай уулзаж, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямар байдалд байгааг тодруулсан юм.
Монгол хонины ноосоор нарийн ээрмэл утас үйлдвэрлэж, улмаар ээрмэл утсаараа даавуу үйлдвэрлэх ажил Монгол улсад анхных учир техник, технологийг эзэмшиж нутагшуулах амаргүй байлаа.
Ч.Эрдэнэбат: Манай холбооныхон хонины ноосоор даавуу үйлдвэрлэхээр төсөл боловсруулж, засгийн газарт дэмжүүлэхээр өгсөн энэ үед оёдлын холбоо сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төслөө мөн засгийн газарт өгсөн юм билээ. Чингис бондын мөнгийг хуваарилах үе таарч, манай хоёр холбооны төслийг дэмжиж эхэлсэн. Сурагчийн дүрэмт хувцасны загварыг өөрчлөхөөр БШУЯ, ҮХААЯамнаас хамтарсан ажлын хэсэг томилогдож, шинэ хувцасны загвар гаргаж, үйлдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
-Гэтэл зарим нь Солонгос даавуугаар үйлдвэрлэлээ гэж хэсэгтээ л шүүмжилсэн.
-Тийм ээ. Даавуу хийх тийм амар ажил биш. Өндөр техник, технологи шаардсан хүнд ажил шүү дээ. БНСУ даавуу үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй орны тоонд ордог. Монгол хонины ноосоор нарийн ээрмэл утас үйлдвэрлэж, улмаар ээрмэл утсаараа даавуу үйлдвэрлэх ажил Монгол улсад анхных учир техник, технологийг эзэмшиж нутагшуулах амаргүй байлаа.
Эхний жил монгол хонины самнасан ноосыг БНСУ-ын нэр бүхий үйлдвэрт гэрээгээр нийлүүлж сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх даавууг үйлдвэрлүүлсэн. Ингээд бид БНСУ-ын туршлагаас судалж, улсдаа тэргүүлэгч үйлдвэртэй гэрээ байгуулан солонгос мэргэжилтний туслалцаатайгаар 32/2-80/2 хүртлэх нарийн ноосон ээрмэл утас үйлдвэрлэх үйлдвэр байгуулж чадсан нь бидний дэвшил болсон. Энэ үйлдвэрийг “Могол ноос” ХХК Төв аймгийн төвд 2013 оны хоёрдугаар сард ашиглалтанд орууллаа. Энэ ажил цаашид Монгол Улс монгол хонины ноосоороо даавуу үйлдвэрлэх боломжтой гэдгийг нээсэн техник, технологийн дэвшил байлаа. Үүний үр дүнд бид 2014 онд 40%-ийн монгол хонины ноостой 60%-ийн полисторын орцтой сурагчийн дүрэмт хувцасны даавууны туршилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, үйлдвэрлэсэн даавууг шинжлүүлэхэд олон улсын чанарын стандартыг бүрэн хангасан. Энэ нь цаашид монголдоо даавуу үйлдвэрлэх боломжтойг харуулсан том нээлт юм.
Бидний солонгост үйлдвэрлэсэн ноосон даавууны хувьд олон улсын чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасан даавуу байсан. Гэвч даавуу муу гэсэн яриа гарсан нь Хятад улсаас сурагчийн дүрэмт хувцас импортоор оруулж байсан хэсэг хүмүүсийн бизнесийн эрх ашиг хөндөгсөнд гарсан сөрөг PR юм билээ.
Ер нь Япон, Солонгос улсад даавууны үйлдвэрлэлийг хөгжүүлсэн түүх нь 20-иод жилийг зарцуулж, эхний ээлжинд дотоодын хэрэгцээг хангаж, хэрэглэгчдийн санаа оноон дээр тулгуурлан, алдаа дутагдлаа засаж, хөгжин, улмаар үндэснийхээ брэндийг гаргасан түүхтэй. Харин ч бид хөгжиж буй орныг түшсэндээ алдаа бага гаргаж, богино хугацаанд энэ үйлдвэрлэлийг монголд нутагшуулах боломжоор хангагдаж байна.
Гэтэл 1990 оноос хойш түүхий эд бэлтгэлийн систем өөрчлөгдөж, гадны худалдаачид дуртай үнээрээ манай түүхий эдийг зөөдөг болсноос хэдэн арван үйлдвэр үүдээ барьсныг бид мартаагүй. Сүүлийн жилүүдэд төр засгаас үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр шат дараатай ажил хийж байгаагийн жишээ бол үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноосоо тушаасан малчдад нэг кг ноосонд нь 2000 төгрөгийн урамшуулал олгосноор үндэсний үйлдвэрүүд түүхий эдээр бүрэн хангагдах болсон.
-Танай холбоо дүрэмт хувцасны үйлдвэрлэлд хамтарч ажиллаад нэг жил хагасын хугацаа өнгөрлөө. Энэ ажил яагаад удаашралтай байна вэ?
-Сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд ноосоо малчдаас авах, авсан ноосоо ялгах, зэрэглэх, угаах, самнах, ээрэх, сүлжих, нэхэх, оёх гэсэн шат дамжлагаар явж, хамгийн сүүлд бэлэн болсон хувцсыг хэрэглэгчдэд хүргэдэг. Дүрэмт хувцсыг дээрх шат дамжлагаар үйлдвэрлэхэд 146 үйлдвэр оролцсон. Төслийг жил гаруй хугацаанд хийсэн шалтгаан нь энэ байна. Үйлдвэрлэсэн хувцсыг хот, хөдөөгийн бүх сурагчдад хүргэх ажил нь манай улсын 1.5 мянган км нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулж байгаа учир богино хугацаанд хийх боломжгүй юм билээ. Хувцсыг үйлдвэрлэхээсээ борлуулах нь илүү хүндрэлтэй, удаашралтай юм байна. Манай холбооноос 56 үйлдвэр сурагчийн дүрэмт хувцасны даавуу, ээрмэл утас үйлдвэрлэж гэрээнд заасан цагтаа нийлүүллээ. Гэрээний хугацаанд нийт 850 000 м даавуу, 23 тонн ээрмэл утас, 111 000 ширхэг сүлжмэл хувцас тус тус үйлдвэрлэсэн.
Эхний жилд Хятадад үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны үлдэгдэл их байсан, мөн нэмж оруулж ирсэн, түүнийгээ борлуулахын тулд иргэдийн сэтгэл санааг үймүүлэн, сөрөг суртачилгаа явуулсан. Дараа жил нь урд хөршид яг ижил өнгө, загвартай хуурамч хувцас үйлдвэрлүүлэн худалдсан нь борлуулалтад хүндрэл учруулсаар байна.
-Эдгээр үйлдвэрүүдэд нийт хэдэн хүн ажилладаг вэ?
-146 үйлдвэрт 3000 гаруй хүн ажиллаж байна.
-Ямар ололт амжилтад хүрсэн, мөн ямар хүндрэлтэй тулсан бэ?
-Ямартай ч үндэсний үйлдвэрүүдийг дэмжвэл хөгжих бодит бололцоо бий нь харагдлаа. Бас нэг давуу тал нь ажлын байр нэмэгдэж, иргэд тогтмол ажилтай болж, ажилчдын цалин нэмэгдэж, мэргэжлийн ажиллагсадтай болж байгаа нь үнэхээр талархууштай.
Өвөг дээдсээс үе дамжин ирсэн малын буянаа монголчууд үр хүүхдүүддээ хувцас болгон өмсүүлж байгаа нь бахархал юм даа. Малчны хотноос авсан, дундаршгүй цагаан алт болох хонины ноосоор юу ч хийх боломжтой нь харагдлаа. Ийм сайхан ололтууд байгаагийн хажуугаар бэрхшээлүүд ч байсан. Энэ хугацаанд валютын ханш 1450 байснаа 1800 төгрөг болж өссөн. Зарим компаниуд эдийн засгийн бодит бус алдагдалд орсон. Төсөл хэрэгжсэн эхний жилд Хятадад үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны үлдэгдэл их байсан, мөн нэмж оруулж ирсэн, оруулж ирсэн хувцсаа борлуулахын тулд иргэдийн сэтгэл санааг үймүүлэн, сөрөг суртачилгаа явуулсан, дараа жилд нь ч урд хөршид яг ижил өнгө, загвартай хуурамч хувцас үйлдвэрлүүлэн худалдсан нь борлуулалтад ихээхэн хүндрэл учруулсаар байна.
-Зээлийн нөхцөлийг танилцуулахгүй юу?
-Жилийн найман хувийн хүүтэй зээлийг төсөлд хамрагдаж буй бүх аж ахуйн нэгжүүдэд олгосон.
-Борлуулалт хангалтгүйгээс дүрэмт хувцас үйлдвэрлэгчид өрийн хэлхээнд орчихсон. Энэ чухам хаанаас үүдэлтэй вэ?
-Сурагчийн дүрэмт хувцасны төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж бүр зээл авсан. Мөн даавуу үйлдвэрлэгч даавуугаа оёдлын үйлдвэрт зээлээр олгож, борлуулалт хийсний дараа даавууныхаа мөнгийг авахаар гэрээ хийсэн. Дүрэмт хувцасны борлуулалт хугацаандаа хийгдээгүйн улмаас оёдлын үйлдвэр даавууны мөнгөө өгч чадахгүй байсаар өрийн сүлжээ үүссэн. Мөн ээрэх үйлдвэрүүд утсаа сүлжмэлийн үйлдвэрүүдэд зээлээр өгч, сүлжмэл хувцас борлогдохгүй байгаагаас өрийн сүлжээ үүссэн. Борлогдоогүй шалтгаан нь өнөөх л урд хөршид хуурамчаар үйлдвэрлүүлсэн хямд үнэтэй, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хувцастай холбоотой. Иймд холбогдох төр, захиргааны хяналтын байгуулагууд хуурамч хувцсанд анхаарлаа хандуулж, Монгол улсын хил гаалиар цаашид оруулахгүй байхад анхаарах нь зүйтэй байна.
Манай холбооны зээл авсан аж ахуйн нэгжүүд зээлээ өөр зориулалтаар ашиглаагүй гэдгийг хариуцлагатай хэлж чадна. Төр барьцаагүй зээл өгсөн сайхан нэртэй, үйлдвэрүүд баахан зээл аваад төлдөггүй муу нэртэй болчихлоо.
-Танай холбоо дүрэмт хувцас импортлогчдийн асуудлаар Оёдлын нэгдсэн холбоотой яагаад хүч хавсрахгүй байгаа юм бэ?
-“Төмөр трэйд” ХХК-ийн товч, “Өүлэн менч”-ийн шошгыг хуурамч хувцсан дээр хадсан байна лээ. Тэдгээр компаниудын эрх ашиг шууд хөндөгдсөн учир тэд эрх ашгаа хамгаалж асуудлыг холбогдох газраар нь шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Чанар муутай хуурамч хувцсаар төрийн бодлогыг алдагдуулж, иргэдээ хууран мэхэлж буй энэ ажиллагаа үйлдвэрлэгчдийн төдийгүй хүүхэд багачуудын эрх ашгийг ч хөндөж байгаа тул төрийн холбогдох байгууллагууд асуудлыг бодитоор шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Уг нь малчдад урамшуулал олгож үндэсний үйлдвэрийг түүхий эдээр хангах, монгол хүнийг тогтмол ажилтай орлоготой болгох, үйлдвэрлэлийг дэмжих, эх орноо хөгжүүлэх гэсэн төрийн бодлого шүү дээ.
-Яагаад урдаас яг ижилхэн хувцас ороод ирэв? Хил гааль бусад хяналтын байгуулгууд юу хийсэн юм бэ?
-Би ч гайхаж байна. Хүмүүсийн ярих нь аль ч засгийн үед байсаар ирсэн гаальгүй машин гэж хууль, хяналтын байгууллагаас холуур байдаг дархлагдсан хүмүүс байдаг бололтой. Тийм машинаар тээвэрлэлтээ хийсэн бололтой. Энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр төрийн бодлого зөв явахгүй, үйлдвэрлэгчид, ард иргэд хохирсоор. Улмаар үндэсний үйлдвэрлэл хөгжих боломжгүй. Шалтгаан нь өмнө хөршийн хямд үнэтэй, чанаргүй бараатай бид өрсөлдөх боломжгүй. Төр нэгэнт үйлдвэрлэлийг дэмжих бодлого гаргасан бол бизнесийн орчньг нь бүрдүүлэх шаардлагатай. Хил гааль, мэргэжлийн хяналт, татвар, шударга бус өрсөлдөөний газар, цагдаа сэргийлэхийг татан оролцуулж ажиллах нь зохистой.
Иргэд ч анхаарлаа хандуулж, зөв юмандаа мөнгөө зарцуулах нь зүйтэй санагдаж байна. Монгол Улсыг монголчууд бид хөгжүүлэхээс өөр хэн ч хөгжүүлэхгүй.
-Одоо та бүхэн ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?
-Бид хийсэн ажлаа ҮХААЯ, БШУЯ –д удахгүй тайлагнана. БШУЯ хэдэн хувцсаар хангагдсаны хэд нь үндэсний үйлдвэрийнх, хэд нь хуурамч хувцас болохыг гаргах байх. ҮХААЯ, БШУЯ, МНБҮХолбоо, МОНХолбоо төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд учраас хамтран ажиллаж, цаашдын ажлын төлөвлөгөө гаргана. Бид малынхаа түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орноо хөгжүүлэх нь үнэн тул гарч буй бэрхшээлийг төр хувийн хэвшил хамтран даван туулахаас өөр аргагүй.
-Энэ нь борлуулалтад нөлөөлөх үү?
-Бид юуны өмнө иргэд, төрийн засгийн байгууллагуудыг мэдээллээр хангая гэж бодож байна. Төрийн байгууллагууд нухацтай хандаж ,зөв шийдвэрлэнэ гэж найдаж байна.
-Монголд даавуу үйлдвэрлэх болсноор үнэ өөрчлөгдөх үү?
-Шинээр үйлдвэрлэсэн даавууны үнэ одоогоор гараагүй байна. Даавууны орцонд орж буй полистор болон зарим материалыг гаднаас авдаг болохоор валютын ханш нөлөөлнө. Мөн ажиллах хүчний чадвараас ихээхэн хамаарна. Бидний гадаадаас импортлох даавуунаас хямд, чанартай бүтээгдэхүүнээр хангах зорилтыг анхнаасаа тавьж ажилласан. Энэ зорилгодоо хүрэх тэмүүлэл их байна.
-Өмнө нь даавууны үнэ ямар байсан юм бэ?
-1.5 метрийн өргөнтэй нэг метр даавууг 14360 төгрөгөөр үнэлсэн. Энэ үед валютын ханш 1450 төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар 1882 төгрөг болсон ч хоёр жилийн хугацаанд оёдлын үйлдвэрүүдэд 14360 төгрөгөөр нийлүүлж байгаа. Эндээс валютын ханшны бодит бус алдагдал үүссэн.
-Хэдэн үйлдвэрт даавуу үйлдвэрлэх вэ?
-Дотоодын 4-5 үйлдвэр хамтран ажиллана.
-Үлдэгдэл барааныхаа борлуулалтыг яаж өсгөе гэж бодож байна. Хичээлийн жил дундаа орох гэж байна.
-Төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулснаар гарах сөрөг хүчин зүйлс нь хумигдаж, борлуулалт сайжирна. Мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэн болохоор ноосон цамц, майкны борлуулалт нэмэгдэж байна.
-Ингэхэд Монгол хонины ноосны давуу тал юу юм бэ?
-Монголчууд олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн. Таван хошуу малынхаа түүхий эд, мах, сүүг цаг уурын эрс тэс байдалдаа тохируулан хэрэглэж ирсэн, арвин их туршлагатай. Орчин үеийн багаж хэрэгслийн тусламжтайгаар эрдэмтэд хонины ноосонд хүний биед ач тустай 15 шинж чанар бийг тогтоочихлоо. Ноос хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, галд тэсвэртэй, хөлс чийг гадагшуулдаг гэх мэт. Харин эдгээрийг монголчууд эрт дээр үеэс мэддэг байсан байна. Жишээ нь яагаад дөнгөж төрсөн хүүхдийг зөвхөн хонины нэхийнд өлгийдөг байв. Яагаад монгол гутлын оймсыг хонины ноосоор хийдэг байв. Яагаад дөрвөн улиралд зохицуулж хонины нэхий, хурганы арьсаар дээлээ доторлодог байв. Ишигний арьсаар хүүхдийн дээлийг доторлосон ч цээжин хэсгийг нь хурганы арьсаар доторлож байв. Орны гудсаа зөвхөн хонины ноосоор хийдэг байв. Дээрх бүтээгдэхүүнийг говийнхон тэмээний ноосоор хийдэггүй шүү дээ. Яагаад эмэгтэй хүн төрсний дараа зөвхөн хонины махаар шөл хийж ууж байв. Иймд ноосон хувцас, эсгий гудас, ноосон хөнжил хүний эрүүл ахуйд ямар ач тустайг хүүхэд залуучуудад ойлгуулж хэрэглүүлж занших ёстой юм.
Настайчуул энэ бүхний учрыг сайн мэднэ. Харин одоо энэ талаар мэдэхгүй байна. Надаас доош үеийнхэн мэдэхгүй дээ. Эсгий гудсан дээр унтдаг байхад бид нурууны өвчингүй байлаа. Гэтэл одоо матрасан дээр унтаад ихэнх нь нурууны өвчтэй болж байна.
Хонины ноосны сул тал нь гэвэл хувцас хийхээр бөөсөрдөг. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй. Нэг удаа бөөсрөөд зогсдог. Мөн хүнд ачаа бага өгөх буюу хөнгөн жинтэй хувцсыг сайн хувцас гэж үздэг. Хонины ноос их хөнгөн.
Баялаг бүтээгчид гээд бид их гоё нэртэй ч хийх ажил ихтэй. Хөнгөн үйлдвэрийн салбарынхан улсын төсвийн орлогын хоёрхон хувийг бүрдүүлдэг. Энэ нь салбарын хөгжил ямар байгааг харуулсан тоо. Бидэнд хийх ажил их байна.
-Манай ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дүрэмт хувцаснаас өөр юу үйлдвэрлэж байгаа вэ?
-Хонины ноосоор ноосон даавуу, ноосон сүлжмэл хувцас, барилгын дулаалга үйлдвэрлэхээр ажиллаж байна. Барилгын дулаалгын үйлдвэрийг Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр аравдугаар сард ашиглалтанд өгч, туршлаа.
Мөн бид Монгол хонины ноосоор төрөл бүрийн утас үйлдвэрлэж байна. Гэтэл энэ утас нь борлогдохгүй байгаа шалтгаан нь нөгөө л хямд үнэтэй, ямар холиотой нь ойлгомжгүй, чанаргүй утас зах зээлийг эзэлсээр байна. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарыг иргэдэд ойлгуулах зорилгоор чанаргүй утастай яг адилхан үнээр утсаа худалдаж байна. Гэвч хэрэглэгчид ач холбогдлыг нь ойлгохгүйгээс чанаргүй утас, энэ утсаар үйлдвэрлэсэн бараа авсаар байгаа.
Үйлдвэрлэсэн барааныхаа шошгон дээр барааны орц нормоо тодорхой бичихгүй, ерөнхий нэрээр (ноосон цамц) гэх мэтээр тэмдэглэж байгаа нь дутагдалтай. Мөн урд хөршид хуучин хувцсыг дахин ашиглаж, утас үйлдвэрлэдэг. Бид хэний ямар хувцсаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг өмсөж байгаагаа мэдэхгүй байна шүү дээ.
-Тэгвэл импортын утасны татварыг нэмэх ёстой юу?
-Гол нь импортолж байгаа утасны орц тодорхой байж, хуулийн дагуу гаалийн болон бусад татвараа төлөх нь зөв. Ингэснээр импортолсон утасны чанар, үнэ ханш тодорхой болно.
Баялаг бүтээгчид гээд бид их гоё нэртэй ч хийх ажил ихтэй. Үүнийг дагаад асуудал их гарах нь ойлгомжтой. Ажил хийсэн хүний араас худал мэдээлэл их гарах юм. Манай хөнгөн үйлдвэрийн салбарынхан улсын төсвийн орлогын хоёр хувийг бүрдүүлдэг. Энэ нь салбарын хөгжил ямар байгааг харуулсан тоо. Бидэнд хийж бүтээх ажил их байна.
-Танд баярлалаа.