- БОДИТ ТҮҮХ -
1993 оны хаврын нэгэн өдөр 20:00 цагт. Ялалт кинотеатрт кино үзэхээр болзсон ч болзоот хархүү минь ирсэнгүй. Одоогийнх шиг ухаалаг утас, цахим зурвас байсан ч биш. “Ажил ихтэй, дуусгаж амжихгүй байгаа байх”, “Эсвэл болзоогоо мартчихав уу, үгүй дээ болзох өдрөө сануулаад духан дээр минь үнсээд сүүлд салсан даа” хэмээн кино театрын үүдэнд алсыг бараадан, төстэй хүн харагдвал сэртэсхийн баярлан, бишийг нь мэдээд урам хугаран би хүлээсэн. 22:00 цаг боллоо, гэтэл тэр байдаггүй. “Хнн, ёстой эр хүлээж зогсох гэж дээ, гутамшигтай юм. Уулзвал салъя гэдгээ хэлнэ” хэмээн гомдол минь бухимдлаар солигдож гэртээ харьсан. 20 гаруйхан настай би омголон ч байж дээ.
Хүний амьдралд саад бэрхшээл олон, гагцхүү түүнийг даваад гарах тэсвэр тэвчээр, ухаан, нэгэн зүгт тэмүүлсэн хичээл зүтгэл л хамгийн чухал
Тэр маргааш нь ч таг чиг... Би сална гэдэгтээ бүр бат итгэчихсэн.
Болзоот өдрийн нөгөөдөр нь түүний дотнын найз ажил дээр минь ирэв. Нүүр, нүднээс нь ажвал муу мэдээ дуулгах гэж байгаа нь илт. Хуруу гараа оролдон, нэг өөд, нэг газар ширтэн халширсан өнгөөр “Баатараа осолд орсон. Гэмтэлд байгаа. Хоёулаа хамт очих уу” гэхэд нь түүнийг машинд мөргүүлж эсвэл дотор нь сууж яваад онхолдож хөнгөн бэртэж дээ л гэж таамаглав. Тэр даруй ажлын найз бүсгүйдээ хэлээд бид гурвуул хамт явав.
Өрөөний хаалгаар ортол тэр минь орон дээрээ босоод суучихсан харагдана. Гартаа дусал залгуулчихсан, нүүр нь энд тэндээ халцарчихсан. Амьд байгаа нь зол хэмээн бодоод дөхөж очиж түүнийгээ тэврэхдээ болзоондоо ирсэнгүйд нь гомдож салах тухай бодож байсандаа өөрийгөө зүхэв. Тэр миний нулимсыг шархтай гараараа арчих зуур нь сайн харвал түүнийг хучсан хөнжил доогуур юу ч алга мэт байв. Хайрт минь хөлөө тайруулжээ. Хааяа намайг үүрч хүүхэд шиг зүггүйтэн алхдаг байсан хөл нь... өхөөрдөхдөө өвөр дээрээ суулгадаг байсан... ядраад алжаахад нь миний базалдаг байсан тэр хөл нь алга.
Би огшсон нулимсаа залгин тэвчсэн. Удалгүй хамт ирсэн найз охинтойгоо харихаар эмнэлгийн хаалгаар гараад л харин харьтлаа цурхиран уйлснаа санадаг. “Яагаад заавал тэр минь...” хэмээн халаглан, замаа ч харах сөхөөгүй, найзаараа түшүүлэн бүдчин явсан. Тэр өдрөөс л хойш миний жинхэнэ амьдрал эхэлсэн мэт санагддаг. Нэг сайн уйлж аваад өдөр бүр түүн дээрээ очихоор, аяга шөл барьсаар яардаг болсон. Бүл цөөн тул түүнд минь надаас өөр бараг хүн үгүй. Хайртыгаа салхилуулах гэж эмнэлгийн 3 давхраас үүрээд л бууна. Гадаа нэлээн буу халаад үүрсээр эргээд л 3 давхар өөд мацна. Тухайн үед залуу байсан тулдаа л бяртай байж дээ гэж бодогдож байсан ч одоо бол тэр их тэнхээ хайраас минь л улбаатай мэт санагддаг.
Амьдралд муу хүмүүс таардаг ч сайнууд нь олонтой хорвоо доо
Бид бараг 5 сар эмнэлэгт байхдаа эмч ажилтнуудын хайрыг татсан хос болж билээ. Ээлжийн эмч ажлаасаа буухдаа “Май түлхүүр, манай өрөөний хөргөгчөөс юм идээрэй, ТВ үзээрэй” гээд хоёр хүүхдээ гэртээ үлдээж байгаа ээж шиг л хандана. Амьдралд муу хүмүүс таардаг ч сайнууд нь олонтой хорвоо доо. Гэхдээ муу залуусын харгайгаар хайрт минь хоёр хөлөө алдсан.
Тэр минь 4-р цахилгаан станцад ажилладаг байсан ч ажилдаа маш сайн тул 3-р цахилгаан станцаас ажиллах санал тавьж, шилжсэн юм. "Хэрэв шилжээгүй байсан бол..." ч гэж хааяа бодогддог байв.
Тэр орой болзоотойгоо санан санан ажлын нэгэн танилын хуримд явсан гэсэн. Тэнд ажлынхан нь бөөндөө байсан. Гэтэл одоогийн нэгэн алдарт яруу найрагч “Оросоотой адилхан тэр царайлаг хүүд хийж өг, ахиухан өг” хэмээн сархдаар шахжээ. Одоо бол бусдыг архиар шахвал хуулиар хориотой болсон цаг. Тэр минь уг нь уудаггүй хүн. Бас үг дуу ч цөөтэй, хүнтэй маргадаггүй, их л аядуу зөөлөн залуу байсан сан. Тэгээд тэндээсээ “Ямартай ч хайрт дээрээ очих ёстой” хэмээн бодсоор автобусанд зам нийлэх хоёр найзтайгаа суужээ. Гэтэл танихгүй хэдэн сагсуу залуус тэднийг өдөж хоргоон маргаан үүсгэжээ. Кондуктор бүгдийг нь хөөж буулгав. Ширүүн зодоон болов, хамт явсан хоёр найз нь түүнийг хаяад зугтсан. Харин үлдсэн залуус хайртыг минь балбаж зодсоор зүгээр орхилгүй, ухаан балартсан түүнийг төмөр зам тэгнүүлээд үлдээчихсэн. Алсаас галт тэргийн шар гэрэл маналзаад ойртсоор... Биедээ хүч өгөөд босож чадахгүй ч ядаж мөлхье гэж бодон хөдөлтөл зүүн хөлөө л татаж амжин, галт тэрэг дээгүүр нь явсан. Нэг сэхээ ороод харахад төмөр замын хоёр ажилтан хөлд нь шуудай углачихсан, Гэмтлийн эмнэлэгт хүргэж иржээ. Эцсийн хүчээ шавхан татаж амжсан нэг хөл нь доогуураа, харин баруун талын хөлөө тэрчигтээ тайруулсан.
Уг үйл явдал болох үед бид үерхээд ердөө нэг жил болсон байв. Надад нэг л удаа эргэлзэх үе байлаа. “Ер нь цаашдаа би энэ хүнийг асраад амьдарч чадах уу” гэх бодол байсан ч ээжийн минь хэлсэн ганц үг надад хүч өгсөн. “Хүний үрийг битгий гомдоо, та хоёр хамт байх хувьтай” хэмээн ижий эргэлзээг минь тайлахад би түүнтэйгээ насан туршдаа хамт байх ёстойг ойлгосон юм даа.
Бид хамтдаа амьдраад буй 30 жилийн хугацаанд их л олон зүйл үзсэн ч энд бүгдийг дурдах илүүц биз ээ. Заримдаа түүнийгээ үүрээд өргөж дүүрч шатаар өгсөж, буух ч амьдралын маш хөнгөн ачаа шиг л санагдана. Хань минь төрөөд гуравхан сартай байхдаа эхийгээ алдаж, эмээтэйгээ амьдарч, асрамжийн газарт өссөн тул хэр баргийн зовлонг зовлон гэж хардаггүй, хатуужсан нэгэн байсан. Тэр их мах, арьстай наалдсан шархны боолтоо солиулж байхдаа нэг ч удаа “Ёо” гэж үзээгүй. Тухайн үед сувилагч нар хүртэл гайхдаг байж билээ.
“Зодсон бол зүгээр л үлдээчихгүй, юунд вагоны зам тэгнүүлж тавьдаг юм бол” гэсэн бодол хэсэгтээ дотрыг минь зурсаар л байсан. Надад ийм байхад түүнд минь бүр ч хэцүү байсан биз ээ. Гэхдээ тэр минь энэ талаар нэг ч удаа ам нээж байгаагүй. Гадна шарх нэгэнт эдгэсэн ч сэтгэлийн шархыг сэдрээх вий гээд би ч асууж зүрхэлдэггүй юм. Гэмтлийн эмнэлэгт хэвтээд удаагүй байхад нэг удаа үүдний жижүүр “Хоёр эрэгтэй хүн ирээд “Вагонд дайруулсан хүний биеийн байдал ямар байна” гэж асуугаад явсан” хэмээхэд нь зодсон нөхөд шиншлээд явсныг мэдсэн юм. Уг явдалд хэрэг үүсгээгүй, үйлийн үр хаалга андуурдаггүй тул хувь заяанд нь даатгасан.
Хань минь багаас гарын дүйтэй байсан тул гагнуурчин, алт мөнгөний дархан хийж уран гарын буянаар бид өдгөө жаргалтай л амьдарч байна. Бид нэг сайхан охинтой, Японд сурч байгаа. Хүний амьдралд саад бэрхшээл олон, гагцхүү түүнийг даваад гарах тэсвэр тэвчээр, ухаан, нэгэн зүгт тэмүүлсэн хичээл зүтгэл л хамгийн чухал гэдгийг бидний түүх бусдад сануулаасай гэсэн үүднээс хуваалцлаа.
Тэд нэгнийхээ гараас атгаад амьдралын урт замыг туулахад хайр нь хүч, итгэл нь гэрэл байжээ. (Сурв.)