Шинэ жилийн баярын үйл ажиллагаа нээснийг мэдэгдэж “Та бүхэндээ шинэ оны гал халуун баярын мэндийг хүргэе” гэж хотын дарга Э.Бат-Үүл Чингисийн талбайд хурсан олонд хандан үг хэлсний дараа иргэд уухайлан алгаа ташиж байгаа нь тэд шинэ оноо угтахаар яаран буйг илтгэж байлаа.
Тайзны зүг харан нүүрэнд нь гэрэл гялбаж инээд тодруулсан хүмүүсийн царай энд тэндгүй үзэгдэнэ. Төв талбай дээр шинэ оноо угтах гэж байгаа иргэдийн ихэнх нь залуучууд аж. Тэр дундаа анги хамт олноороо яваа хүмүүс, залуу хос их байх аж. Хүмүүсийн хөхрөлдөн инээх дуу, хүүхдийн баярлан хашхирах цангинаан, уран бүтээлчдийн хөг нэмсэн аялгуу энэ үдэш төв талбай дээр сонсогдож байлаа. Мөн нэгнийхээ бээрсэн гарыг амандаа ойртуулан дулаацуулах залуу хос, хүүхдээ мөрөн дээрээ суулган эхнэрээ хөтөлсөн эрчүүд, биесээ түшин сугадсан буурлууд харагдана.
Цаг агаар тогтуун байсан нь цугласан олонд баяраа тэмдэглэх таатай нөхцлийг бүрдүүлж байсан ч олон цагаар зогссон тэдний зарим нь жиндсэндээ хөгжмийн аянд дороо бүжингээ дулаацах гэж хичээж байгаа нь илт. Харин хатуу дарсыг амссан “нөхөд” дотроосоо аль хэдийнэ дулаацчихсан ч “эрүүл” нэгнээсээ илүүтэй дэвхцэн бүжиглэнэ.
Нийслэлийн зүгээс зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагааг зориод ирсэн иргэдээ тэд дааруулахгүйн тулд төмөр пошкинд гал асаан олон газар байрлуулжээ. Түүнийг тойрон зогсох хүмүүс гараа ээн дулаацуулж, зарим нь тамхиа асааж харагдана. Аюулгүй байдлыг хангах үүднээс талбайн гурван талд онцгойгийн галын машиныг бэлэн байдалд зогсоожээ. Мөн хэв журмыг хангахаар цагдаа нар станцаараа хоорондоо холбогдож бие биедээ байдлыг илтгэж, хөл дээрээ тогтож ч чадахгүй хөлчүү нэгнээс “гэр хаана вэ” гэж байцааж харагдана.
Хүүхдийн баяраар талбай дээр зогсож харагддаг туулайн чихмэлэн хувцастай хоёр хүн хөгжмийн аянд бүжин хүүхдүүдийг баясгаж, зарим нь 2000 төгрөг төлөөд хамтдаа зургаа авахуулна. Мөн гаран дээрээ бүргэд суулгаж зураг авахуулбал 2000 төгрөг, тэмээ унаж авахуулбал 3000 төгрөг, чаргатай цаа бугатай авахуулбал 5000 төгрөг, хүүхдээ жижиг галт тэргэнд суулгаж нэг тойроход 2000 төгрөгийн үнэтэй байлаа. Тэнд байсан тэмээ өөрт нь ойртсон нэгэн рүү цагаан хөөс сахруулан тургиж зураг авахуулах гэсэн хүмүүсийг үргээж байсанд эзэн нь сандарч тэмээгээ тайвшруулах гэж хичээж байлаа. Харин цаа буга зургаа авахуулаад сурчихсан гэлтэй олны чанга чимээг тоосон шинжгүй зогсоно. Мөн хоёр бүргэд хүний гаран дээр сурмаг гэгч нь гараад далавчаа дэвэн зургаа авахуулна. Харин тэд ойр орчмын газраа сангасаар “будах” шиг болжээ.
Энэ зуур тайзан дээр уран бүтээлчид дуутай жүжигчилсэн тоглолт буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклийг тоглож байлаа. Залуу уран бүтээлчид болоод ч тэрүү хааяахан ээрч муурч үгээ мартаж байсныг эс тооцвол ялангуяа урдуур зогссон хүмүүсийн сэтгэл ихэд хүрч байгаа бололтой тэд алга ташин шимтэн үзэж байлаа. Мюзиклээс өмнө Авъяаслаг Монголчууд шоуны шилдэг хоёрт шалгараад байсан хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн болон Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар урлагийн тоглолт сонирхуулсан нь баярын үдэшт хөөр нэмсэн юм.
Тайз засалт өмнөх жилүүдийнхээс хавьгүй илүү байсан нь гэрэлтүүлэг болон талбайн хэмжээгээр бэлхнээ тодорхойлогдож болохоор аж. Төв талбайн баруун талд буюу Хангарьд ордны зүүн талд тайзыг засчээ. Тайзны хоёр талд хийгээр дүүргэсэн нүсэр санта клаус болон том дэлгэц байрлуулжээ. Том дэлгэцийг гурван газар байрлуулсан нь хүмүүст тоглолт үзэхэд дөхөм байлаа.
Талбайн урд хэсэгт үргэлжилсэн урт цагаан асарт дүүргүүдийн хоол цайны үйлчилгээ гарчээ. Энд халуун цай кофе, аарц, нэрс, чяцаргана, халуун вино, оргилуун дарс, бууз хуушуур, шорлог худалдаалж байсан бөгөөд худалдаачид санта клаусын хувцас өмсөж жигдэрсэн байлаа. Даарсан хүмүүс ч халуун цай кофенд хошуурцгааж зарим асрын урд дугаарлан зогссон харагдна. Мөн сэргэлэн нэг нь солонгын өнгийн хиймэл үс зүүн усны тэргэн дээр хайрцаг тавьж түүндээ халуун савтай цай, нэг удаагийн аяга хийн олны дундуур “цайгаа аваарай” гэж орилон явна. Зарим асарт худалдаа хийх зөвшөөрөлгүй байгаа бололтой худалдагч, бичиг цаас гартаа барьсан байцаагч болон цагдаа нар хэлэлцэн зогсож байлаа.
Олон хүн багширсан газар хог хаягдал их гардаг ч тэнд ТҮК-ий ажилчид ажиллаж байсан учир баяр үргэлжилж байхад талбайд хог бараг л харагдахгүй байлаа. Хүмүүс ч хог хаягдлаа хогийн савыг зорьж очин хийж байгаа харагдана. Харин бие засах гэсэн иргэд талбайн баруун урд талд байрлуулсан зөөврийн ариун цэврийн газрыг зорих ч үйлчилгээний ажилтан нь “түр засвартай байна” хэмээн нэлээд зайтай орших City toilet-ийг зааж өгч байлаа. Гэвч тэр зүгт чиглээд явах хүмүүс зөвхөн бүсгүйчүүд байсан бол эрчүүд цагдаа нарын нүдийг хариулж байгаад талбайн урд талд байх ногоон байгууламжын мод руу морь харж байсан юм.
Шинэ он гарахад жаран хором үлдсэнийг хөтлөгч тайзан дээрээс зарлалаа. Ийн хэлэхэд цугласан иргэд айлчлан ирж шинэ оноо тэсэн ядан хүлээж байгаа мэт зарим нь дороо дэвхцэн, зарим хос хоёр биенийхээ ууруул дээр үнсэнэ, мөн нүдээ анин алгаа хавсран хүслээ бодож байгаа гэлтэй зогсох охин ч харагдана. Төв талбай дээр цугласан иргэд арвын тооноос ухраасаар нэг хүртэл чангаар тоолон дуусахад энд тэндгүй гэрэлт ёслолын буудлага сүнгэнэн дээш хөөрч задран цацрах чимээнд нь цочсон иргэд баярласандаа уухайлан хашхиралдана. Энд тэнд оргилуун дарс оргиж, тэнгэр өөд мишээн харсан хүмүүс гээд хаашаа л харна баярын уур амьсгал “үнэртэж” байлаа.
Нийслэлчүүд Чингисийн төв талбай дээр хуучин оноо үдэж түүхэнд нэгэн шинэ хуудас эргэх баярыг хамтдаа ийнхүү тэмдэглэсэн юм.