Саяхан нэгэн шөнийн клубт төрсөн өдрөө тэмдэглэхээр хэдэн найзаа урилаа. Амьд
хөгжим сонсож аятайхан хөгжөөд төрсөн өдрөө тэмдэглэх санаа минь “Азийн
чоно”-ынхны тарьсан балгаас болж бүтэлгүйтлээ.
Төрсөн өдрийн баяраа эхлээд удаагүй байтал баахан цагдаа орж ирээд хууль,
журам, цаг хугацаа яриад л хөөж эхлэв. Анхандаа аргадаж гуйж үзлээ. Дараа нь
маргалаа. Тусыг олсонгүй. Яая гэхэв. Бусад нь ч бидэнтэй адил хөөгдөж гарсан.
Хөөрхий миний төрсөн өдөр ч мартагдахааргүй дурсамжтай үлдэх нь тэр.
Банзан гитартай орцонд сууж чөлөөт цагаа өнгөрөөж байсан нэгэн үе соц нийгэмтэй
хамт халагдаж бидний өдөр тутмын амьдралд дэлхийн хөгжилтэй улс орнуудын
жишигт ойртсон шинэ үйлчилгээ, шинэ стандартууд нэвтэрч байгаа. Гэвч сайныг
дагаад саар зүйл ч захаас аваад мундахгүй нь. Нийслэлийн Багануур дүүрэгт
болсон метилийн спиртээр үйлдвэрлэсэн архины хордлого олон хүний амийг авч
одлоо.
Зах зээлийн сэтгэлгээ нь буруу хөгжсөн зарим нэгэн болчимгүй хүний харлаган үйлдлээс
болж улс орон тэр чигээрээ цочролд орсныг үгүйсгэх аргагүй юм. Өнгөрсөн
борооны хойноос цув нөмрөхийн үлгэрээр УИХ, Засгийн газар хожимдсон ч гэсэн
замбараагүй архидалт, хяналтгүй олгосон лицензүүдийнхээ асуудлыг гэнэт эргэн
харж сүүлийн өдрүүдэд энэ асуудал л тэдний анхаарлын төвд байлаа. Гэвч төр
засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Засгийн газраас өргөн баригдаж байгаа
хуулийн төсөл, үүнээс улбаалж нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, бизнес
эрхлэгчдийн бухимдал зэргээс харахад энэ асуудлыг зах зээлд оролцогчдын зөвхөн
нэг талын буюу төрийн үнэлэмжээр шийдэх нь ихээхэн эрсдэл, муу үр дагаврыг
араасаа дагуулж болох нь харагдаж байгаа. Өнөөх гай тариад байгаа архийг нь
шууд хориглосноос болоод хөргөгчний шингэн уугаад хорвоог орхичихсон жишээ
байна. Ер нь архины лицензийг ингэж олноор нь ямар аргаар олгосон бэ гэсэн
асуудал гарч ирж байна. Эрхийг нь өгч овоо босгоогүй бол чанаргүй архи үйлдвэрлэдэг
шаазгайнууд хаанаас ирээд суух билээ.
Төрийн буруу бодлогоос болж шөнийн клуб ажиллуулж байсан бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчид
яагаад эрхээ хасуулж нэг нь бизнесээрээ, нөгөө нь сэтгэл санаагаараа хохирох
ёстой юм. Төрөөс явуулж буй хэтэрхий туйлширсан бодлого нь зах зээлийн өрсөлдөөнийг
үгүйсгэж, хэрэглэгчийн сонголт хийх боломжийг хумьж байна. Энэ нь монополийг өөгшүүлэх,
үйлчилгээний чанарыг муутгах, монополь үнэ тогтох, далд эдийн засаг хүрээгээ
тэлэх хамгийн таатай орчныг бий болгох нь дамжиггүй. Ерөнхийдөө нэг үнэнч бус
нөхөр эхнэртээ ДОХ халдаасны төлөө бусад бүх нөхрүүдийг эхнэртэйгээ унтахыг
хориглосонтой агаар нэгэн үйлдэл юм. Аливаа ажил үйлчилгээ чөлөөт өрсөлдөөний
нөхцөлд л жинхэнэ утгаараа чанар болоод хүндээ хүрсэн соёлтой үйлчилгээг бий болгож
улам төгөлдөржиж байдаг бөгөөд өрсөлдөөн нь өөрөө хөгжлийн хамгийн шилдэг хөшүүрэг
гэдэг нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Гэвч архийг зах замбараагүй үйлдвэрлэн
борлуулахыг дэмжээд байгаа юм биш. Нэг ёсондоо шөнийн клубүүд баар ресторанууд,
архи зарж борлуулдаг газруудад зэрэглэл тогтоож стандарт бий болгоё гэсэн
санаа дэвшүүлж байна. Хэн нэгэн Дорж, Дондог архидан согтуурахаасаа илүү нэг
газар оройн зоог барьж найз нөхөдтэйгөө алба амины хэргээ ярилцан суух үедээ
цагт баригдан цагдаад бороохойдуулан хөөгдөн гарахыг хүсэхгүй нь лавтай.
Бидний ажил хэдийд тардаг билээ. Ажлаа тараад анд нөхөд, ажил хэрэгч хүмүүс
гадаад, дотоод түншүүдтэйгээ ярьж хооллох, бүжиглэх газар нь байж л байг.
Өнөөдөр манай улсад ялангуяа нийслэл хотод маань соёлтой үйлчилгээ, соёлтой
хэрэглээг эрхэмлэдэг, үйлчилгээний байгууллагуудаас дэлхийн өндөр хөгжилтэй
орнуудад тогтсон жишиг үйлчилгээг шаарддаг, өндөр боловсролтой, хэрэглээний өндөр
соёлтой үйлчлүүлэгчдийн давхарга бий болжээ. Ажлын өндөр ачаалал ихтэй, чөлөөт
цаг бага байдгаас ихэвчлэн ажлын дараа алжаалаа тайлах зорилгоор оройн цагаар
шөнийн клубүүдийг зорьж л байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч байдаг л
жишиг. Тэдний хувьд архидан согтуурах бус тааламжтай орчинд бусадтай харилцаж
танилцах , ажил хэргээ ярилцах, алжаалаа тайлж, шинэ эрч хүч авах гэх мэт
хэрэгцээгээ хангах шаардлага байгаа. Дэлхийн томоохон хотуудын орой үдшийн соёл
үйлчилгээ нь шөнийн клубүүдийн үйл ажиллагаагаар илэрхийлэгддэг. Үйлчлүүлэгчид
нь голдуу 25-55 насныхан. Төр захиргаа, олон улсын байгууллага, банк санхүү,
гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, жуулчид, бизнес эрхлэгч нар эдгээр хүмүүс
нь хүн амын ихэнх хувийг эзлээд байдаггүй. Энэ хүмүүс ажил албаа алдаж өдөр шөнөгүй
архидаад байхгүй гэдгийг хэн ч ойлгоно биз. Шөнийн клубээр үйлчлүүлнэ гэдэг
нь үнэтэй гоёл чимэглэл зүүж, гоё машин унаж, сайхан байшинд амьдрахтай адил өдөр
тутмын тансаг хэрэглээ нэгэнт болжээ.
Архидалт хүн амын ядууралтай холбоотой гэж тодорхойлж болох юм. Архидалттай
тэмцэнэ гэж хавтгайруулж байхынхаа оронд ядууралтайгаа тэмцвэл аяндаа архидалт
цэгцрээд ирнэ.
Бид нөгөө л хоцрогдсон арга барилтайгаа зууралдаж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ
шаардлагыг өөрсдийнхөө үнэлэмжид тохируулж, хорьж цагдсаар, төрөөс зохицуулсаар
байх уу? Бид асуудлыг арай өргөн хүрээтэй авч үзэж, хол харж, нийгмийн эрх ашгийг
хохироохгүй, хувь хүний сонголт хийх боломжийг хязгаарлахгүйгээр шийдэх учиртай.
Зах зээлд, ялангуяа үйлчилгээний зах зээлийн үйл явцад төр стандарт тогтоож түүний
мөрдөлтөд хяналт тавих, аюулгүй байдал талаас нь хянахаас бусад хэлбэрээр
оролцох нь жам ёсны хөгжлийн үйл явцыг гажуудуулах аюултай. Саяхан “Хотын соёлыг
дэмжих холбоо” нэртэй нэгэн холбоо үйл ажиллагаагаа нээжээ. Тэд ч үйлчилгээний
байгууллагуудын зэрэглэл чанарын талаар ярилцаад авна лээ. Хууль батлахдаа
хүчээр биш хүндээ хүрсэн амьдралд ойр хууль баталж болохгүй гэж үү. Болохгүйг
нь хааж болно, хорьж болно. Болж байгааг нь яагаад боож байх ёстой юм. Тус
холбоо үйлчилгээний стандарт, түүнтэй холбоотой төсөл боловсруулж ажиллах,
тухайлбал, шөнийн клубүүдийн байрлал, байрны тохижилт, эрүүл ахуйн шаардлага,
урлагийн тоглолтууд, эмнэлгийн болон тээврийн хэрэгсэл, хамгаалалтын үйлчилгээ,
нийслэлийн өнгө төрхөнд хэрхэн нөлөөлж буй эсэх, иргэдийг ажлын байраар хангаж
буй эсэх зэргээр нь шөнийн клуб, баар, ресторануудад зэрэглэл тогтоож дагаж
мөрдүүлэх санал боловсруулаад байгаа гэдгээ хэлж байсан. Хууль батлахад хэв
журам сахиулагчид яагаад тэдэнтэй хамтарч ажиллаж болохгүй гэж. Үнэндээ бол хүнсний
бараа картын системд шилжчихсэн байсан ерээд оны үед архи нүдний гэм байсан
архичид, шагчид олширсоор л байсан. Хөрш орос орон ч архидалттай янз бүрээр
тэмцээд амжилт олоогүй байгаа. Тиймээс архитай тэмцэхийн тулд шөнийн клубүүдтэй
шууд тэмцэж буй нь дэлхийн жишигт нийцэхгүй гэнэн ойлголт юм.
Өнөөдөр бидний мөрдөж байгаа зарим стандарт мөн л амьдралын өөрчлөлт, шаардлагыг
хангаж чадахгүй байна. Тухайлбал дээр дурдсан шөнийн клубүүдийн ангилал,
тэдгээрийн үйлчилгээний стандарт байхгүй байгаагаас өнөөдөр шөнийн клубүүдэд
2005 онд мөрдөгдөж эхэлсэн “Хоолны газрын үйлчилгээний ангилал, зэрэглэл”
стандартын дагуу шаардлага тавьж байгаа. Гэтэл энэ стандартаар нийтийн хоолны
үйлчилгээг ресторан, кафе, баар, гуанз гэсэн ангиллаар стандарт тогтоосон
байдаг. Шөнийн клубүүдэд үйлчлүүлэгчид үндсэн хоолоор үйлчлүүлэхээс илүүтэй
хөнгөн зууш, ундаа, шар айраг, дарс, сайн чанарын брэнд болсон спиртэн бүтээгдэхүүнээр
үйлчлүүлдэг. Үйлчилгээний энэ ялгаатай байдал нь шөнийн клуб, бусад цэнгээний
газруудын үйлчилгээнд тохирсон стандарт шинээр боловсруулж мөрдөх шаардлагыг
бий болгож байгаа юм. Шаардлагатай байгаа стандартуудыг боловсруулахад тухайн
салбарт ажиллаж туршлагажиж байгаа бизнесменүүд, мэргэжлийн холбоод, холбогдох
төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж төр, хувийн хэвшил, олон
нийтийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг хэн хүнгүй санал болгож байна. Бүгдээрээ
хэлэлцвэл буруугүй гэдэг. Бид нэг л эх оронтой, нэг л асуудалтай, нэг л
зорилготой. Асуудлаа хамгийн зөвөөр л шийдэх цаг болжээ.
Д.Мөнгөндалай