“Баянгол” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн эмэгтэйчүүдийн эмч Л.Амарзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Үр хүүхэдтэй болохыг хүсдэг ч эрүүл мэндээсээ шалтгаалаад төрөх боломжгүй эмэгтэйчүүд Монголд цөөнгүй. Ямар тохиолдолд тээгч эх авах шаардлага гардаг юм бол оо?
-Эмэгтэйчүүдийн хүүхэд тээх, төрүүлэх үндсэн эрхтэн нь умай буюу хүмүүсийн хэлж заншсанаар сав юм. Тэгэхээр ямар нэгэн шалтгаанаар умайг мэс заслаар авсан, эсвэл ховор тохиолдолд төрөлхийн умайгүй юм уу, умайн хүнд хэлбэрийн гаж хөгжилтэй эмэгтэйчүүдэд тээгч эх хэрэгтэй болдог. Үүнээс гадна тухайн эх хүүхэд тээхэд нас нь хэт оройтсон болон эрхтэн тогтолцооны хүнд хэлбэрийн эмгэгтэй эмэгтэйчүүд хамаарна.
Жишээ нь, артерын даралт ихсэлтийн III, IV зэрэгтэй эмэгтэй жирэмсэлбэл хүүхдээ тээх хугацаандаа өөрт болон ургийн амь насанд аюул учруулж болно. Тиймээс үр шилжүүлэн суулгуулахаар хандаж буй эмэгтэйчүүдэд хүүхэд тээж болох эсэх, эсвэл тээгч эх шаардлагатайг тодорхой шинжилгээ, оношилгооны дагуу шийддэг. Тээгч эхийн талаарх ойлголт нь гадаадын олон сая хүн амтай улс орнуудад тохиолддог шиг олон биш ч тулгамдаж буй асуудлуудын нэг юм.
-Тээгч эх болохын тулд эрүүл байх ёстой гэх мэтчилэн тодорхой шалгуур байдаг гэж сонссон. Танайд энэ асуудлаар хэчнээн хүн ханддаг вэ?
-Олон улсад бол “Тээгч эхийн программ” гэж бий. Манай орны хувьд энэ талаар мөрддөг тодорхой стандарт одоогоор байхгүй. Бид тээгч эх болох эмэгтэйд дараах шаардлага тавьдаг. 20-32 насны, дор хаяж нэг удаа төрсөн, өмнөх жирэмслэлтийн тээлт болон, төрөх явцад ямар нэгэн хүндрэл гараагүй, эрүүл саруул, суурь өвчингүй, архи тамхи хэрэглэдэггүй, сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой.
Мөн ДОХ, тэмбүү, хламид гэх мэт бэлгийн замын халдварт өвчингүй, өмнө өвдөж байгаагүй байх ёстой. Тиймээс тээгч эх болохоор ирсэн эмэгтэйд хэд хэдэн лабораторийн болон багажийн шинжилгээ хийдэг. Манай төв жилд дунджаар 5-10 тээгч эхэд үр шилжүүлэн суулгадаг. Одоогоор тээгч эхээс төрсөн гурван хүүхэд байна. Хүүхдээ тээж буй эхчүүд ч хэд хэд бий.
-Үр шилжүүлэн суулгах, өөрийн хүүхдийг бусдаар тээлгэн төрүүлэх нь монголчуудын хувьд шинэ сэдэв байх л даа. Гэхдээ хэрэгцээ шаардлага нь байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тээгч эхээс төрсөн хүүхдийн эрхийн талаар нэг л заалт тусгажээ. Гэтэл гадаадын орнуудад тээгч эхийн асуудлаар олон заалттай хуультай байдаг юм билээ. Хуульд юуг чухалчлан тусгах хэрэгтэй вэ?
-Монголчуудын дунд үргүйдэл болон үр шилжүүлэн суулгах талаарх мэдлэг, мэдээлэл нэлээд хомс. Тиймээс манай эмнэлгийн зүгээс улиралд нэг удаа сургалт явуулж, мэдээлэл өгдөг. Хууль мэдээж хэрэгтэй. Ганцхан заалт энд хангалтгүй. Бид хуулийн дагуу ажиллая гэхээр яг энэ талаарх хууль одоогоор манай улсад алга. Эмнэлгийн зүгээс үр шилжүүлэн суулгаж байгаа гэр бүлийнхэнтэй харилцан гэрээ хийдэг. Тухайн гэр бүл, тээгч эх юм уу эр, эм бэлгийн эсийн донор авч байгаа хүмүүс тээгч эхтэйгээ гэрээ хийдэг.
-Донорын талаар тодорхой ойлголт өгөөч?
-Эр, эм бэлгийн эсийг гуравдагч хүн буюу донороос авч үр хүүхэдтэй болох тохиолдол манай эмнэлэгт л гэхэд жилд дунджаар 10 орчим хүнд хийгддэг. Эмэгтэйчүүдийн наснаас хамаарч өндгөвчний нөөц буурч, өндгөн эс боловсруулах чадваргүй болсон, эсвэл мэс заслын улмаас өндгөвчөө хэсэгчлэн болон бүтнээр нь авахуулсан эмэгтэйчүүдэд донор өндгөн эс авах шаардлага гардаг. Эрэгтэйчүүд мөн адил азоспермия буюу үрийн шингэнд нь эр бэлгийн эс огт байхгүй байдаг. Энэ эмгэг сүүлийн үед олноор оношлогдож байна. Энэ тохиолдолд донороос эр бэлгийн эс авдаг. Хандаж буй үйлчлүүлэгчдийн хувьд олонх нь төрсөн ах дүүгээсээ эс авдаг.
-Үр шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүдээ хэрхэн хянадаг вэ?
-Үр шилжүүлэн суулгаснаас хойш 14 хоногийн дараа эхний шинжилгээ, хяналт хийгддэг. Энэ үед жирэмсэлсэн эсэх нь мэдэгдэнэ. Үүнээс хойш тодорхой хугацааны давтамжтайгаар найман долоо хоног хүртэл хянаад, харьяа дүүргийн эмнэлгийнх нь хяналтад шилжүүлдэг.
-Манай эхнэр гээд танихгүй хүн дагуулж ирээд үр шилжүүлэн суулгуулах гэсэн тохиолдол гарч байв уу. Үүнийг яаж мэдэх вэ. Мэдээж гэрлэлтийн баталгаа бас бус зүйлийг чухалчлах байх л даа.
-Хүн ам цөөн, тохиолдол нь тийм олон биш болохоор ийм асуудал гарч байгаагүй л дээ. Ихэвчлэн дүү нь эгчдээ, эгч нь дүүдээ тээгч эх болох гээд ирдэг. Огт танихгүй хүнээр тээлгэх нь ховор. Хэрэв ийм тохиолдол гарвал тухайн эмнэлэгтэй холбоогүй асуудал. Бидний гол зорилго бол үр хүүхэдгүй гэр бүлд үр шилжүүлэн суулгаж, жирэмслүүлэх шүү дээ.
-Хэрвээ эхнэр, нөхөр хоёр хүүхдээ тээгч эхээр тээлгээд дараа нь авахаа больчихлоо гэдэг ч юм уу, хүүхдээсээ татгалзвал яах вэ?
-Энэ нь тухайн гэр бүл болон тээгч эхийн хоорондын гэрээгээр зохицуулна.
-Хэрвээ тээгч эх хугацаанаасаа өмнө хүүхдээ дутуу төрүүлэх, зулбах ч юм уу ямар нэгэн эрсдэл гарлаа гэж бодоход тухайн эмнэлэг хариуцлага хүлээх үү?
-Ийм тохиолдолд дутуу төрөх болон зулбах нь юунаас болсон бэ гэдэг нь чухал. Бид найман долоо хоног хүртэл нь хянаад харьяа дүүргийн эмнэлэг рүү явуулдаг гэж дээр хэлсэн. Мэдээж үр шилжүүлэн суулгуулж, жирэмсэлсэн эмэгтэйд жирэмсний онцгой хяналт шаардлагатай. Иргэдийн хэлж заншсанаар “хуруу шилний хүүхэд” гаж хөгжилтэй байх нь элбэг, дутуу төрдөг, амархан зулбадаг гэх мэт ойлголт нь ташаа юм.
-Танайх үр шилжүүлэн суулгахдаа ямар төлбөр авдаг вэ. Хүмүүс үнэ өртгийг нь их сонирхож байгаа байх. Иргэд мэдлэг, ойлголт муу байдгаас гадаад орныг зорьж, өндөр үнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсаар байна шүү дээ.
-Үр шилжүүлэн суулгалтын төлбөр нийт 6-10 сая төгрөгт багтдаг. Монголд хамгийн хямдхан гэж бодож байна. Үнэ нь яагаад ийм хэлбэлзэлтэй байна вэ гэхээр тухайн хосуудын үргүйдлийн шалтгаан, нас, үр хөврөлийн лабораторид ямар арга, технологи хэрэглэхээс хамаардаг гэсэн үг. Жишээ нь нөхөн үржихүйн идэвхтэй насандаа буюу 20-30 насны эмэгтэй үр суулгууллаа гэхэд 40 настай эмэгтэйтэй харьцуулахад хамаагүй бага зардал гаргана.
Нөхөн үржихүйд туслах технологиуд янз бүр байдаг. Үр шилжүүлэн суулгах, үрийн шингэнийг угааж цацах гээд ажилбарууд нь өөр өөр. Жишээ нь, эр бэлгийн эсийг угааж цацах аргын үед лабораторийн нарийн орчин шаарддаггүй, зардал нь ч бага. Хамгийн гол нь үр шилжүүлэн суулгалтад шаардлагатай эм, тариа, техник технологиуд нь өндөр өртөгтэй байдаг. Германд хамгийн багадаа 12.000 евро, түүнээс дээш өртөгтэй. Гэхдээ үүний 40 хувийг улс нь даадаг. АНУ-д 30.000-35.000 ам.доллар, БНСУ-д 15 сая төгрөг, Сингапурт 8000 сингапур доллараас дээш байх жишээтэй.
О.Бат-Ундрах