-Маршалыг эргэн дурсахуй-
Энэ жил Х.Чойбалсан агсны 115 жилийн ой тохиож байна. Түүнийг дурсан санах олон үйл явдал энэ жил өрнөнө. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын захиалгаар баримтат кино бүтээсэн бөгөөд өнөө маргаашгүй олны хүртээл болох аж.
Хорлоогийн Чойбалсан гэж хэн байв. Өнөөгийн хүүхдүүд сайн мэдэхгүй л болов уу. Харин идэр насныхан түүнийг манай улсын сор болсон сэхээтнүүдийг хөнөөсөн “Их хэлмэгдүүлэлт”-ийн эцэг байсан гэдгээр нь илүү мэднэ. Хорлоогийн Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-нд малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад эргэж ирж амжилгүй өөд болжээ. Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа долоон наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна.
1921 оны хувьсгалын дараа Х.Чойбалсан улс орноо өөрчлөх, шинэтгэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж эхлэв. 1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Мөн энэ үедээ “Лхүмбийн хэрэг” гэгчид нэр холбогдож байв. Москвад өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд Х.Чойбалсан чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг байдаг. Гэхдээ судлаачдын олонх нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг сэнхрүүлэн, боловсруулсан байх гэж үздэг. Учир нь түүнд 1935 оны гуравдугаар сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй мөн оны эцсээр Сталины шууд санаачилга, оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдов. Энэ үеэс түүний тасралтгүй өгсөх зам эхэлсэн байна. Сталин, түүний гар хөл бологчид болон Коминтерн өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг хайсаар түүнийг олжээ. 1936 онд Х.Чойбалсанг Дотоод яамны сайдаар хавсран томилов. 1940-өөд оноос өмнө Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хэлмэгдүүлжээ. Х.Чойбалсангийн толгойлсон Онцгой бүрэн эрхт комиссын зөвхөн нэг өдрийн хурлаар 129-1,278 хүнд ял оноодог байжээ. 1939-1940 онд Японы тагнуул, хувьсгалын эсэргүү хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 28,451 хүнээс 73 хувь нь буудуулсан байна. Үүнээс 36 хувь нь нам болон төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам нар байлаа. Уран барилгын хосгүй их дурсгал олон зуун сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын үнэт дурсгалыг устгасан нь Х.Чойбалсангийн үйл ажиллагаатай шууд холбоотой байв. Хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь Монголын геополитикийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд үндэслэсэн Оросын стратегийн сонирхол байсан боловч Х.Чойбалсангийн хахир хатуу, хардамтгай зан авир ихээхэн нөлөөлжээ. Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон тулалдахад хүрэв. Энэ байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн ба Японы тагнуул, хувьсгалын эсэргүү гэж бодит зүйл байжээ гэсэн бодлыг нийт монголчуудад төрүүлэн, улс төрийн бурангуй хэлмэгдүүлэлтийг зөвтгөх аястай болов. Энэ нь хожим Х.Чойбалсанг тахин шүтэх нэг шалтгаан болсон байна. Гэхдээ Чойбалсангийн засгийн эрх барьсан он жилүүдэд Монголын эдийн засаг, соёлын түүхэнд мөнхрөн үлдсэн олон чухал үйл явдлууд болсон юм. Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, Аж үйлдвэрийн комбинатын хэд хэдэн фабрик, завод, Мебелийн фабрик, Автомеханик заводыг өргөтгөх ба шинэчлэх ажил эхлэв. Зүүнбаяны нефтийн үйлдвэр, «Совмонголметалл» нийгэмлэгийн харьяа уул уурхайн үйлдвэрүүд ашиглалтад оржээ. Наушки-Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам тавьж, морин өртөөг халан авто өртөө байгуулав. Түүнчлэн уйгаржин бичгийг кирилл үсгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах талаар томхон ахиц гаргажээ. Анхны арван жилийн дунд сургууль болон 1942 онд Улсын их сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлж байсан нь ардын боловсролын салбарт олсон үсрэнгүй амжилт байв. Мөн иргэдийн шүтэн бишрэх эрхийг хүндэтгэн Гандантэгчилэн хийдийн хурал, мөргөлийн ажиллагааг 1944 онд дахин сэргээжээ. Мөн “Ноос бол алт” кампанит ажил өрнүүлэн зохион байгуулах явцдаа Х.Чойбалсан өөрөө яамдын сайд, дарга нарт ямаа хэрхэн самнах, хонь хяргах талаар биечлэн үзүүлдэг байв. Түүнчлэн 1944 онд сонгуулийн эрх хасагдсан хүмүүст эрх олгож, 1949 онд бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд Улсын их хурлын анхны сонгуулийг явуулсан байна.
Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага буурай орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт, амаргүй хувь тавиланг амсан зүдэрч байсан ч улс орныхоо тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. Тухайлбал, И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолд Европ, Азийн ардын ардчилсан орнуудын нам, төрийн удирдагчид бүгд л Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан харин очоогүй юм. Тэр бүү хэл, ЗСБНАвтономит Тува улсын тэргүүн Салжиг Тока манай улсад айлчлах үеэрээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах аястай үг хэлэхэд Х.Чойбалсан ихэд хилэгнэж, тэсч чадалгүй алгадсан гэдэг яриа байдаг. 1950 онд Монголын хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрбээр асар их дургүйцэн, тэднийг зэмлэж байсан ажээ.
“Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч”, “хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдөж байсан маршал 1952 оны нэгдүгээр сарын 26-нд таалал төгсчээ. Х.Чойбалсангийн нэр улс төрийн Монголын нийгэмд ноцтой сөрөг үр дагавар авчирсан бурангуй явдалтай холбоотой боловч эцсийн эцэст Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө буян нүглийг дэнслэх түүхэн амаргүй хувь заяа түүнд оногдсон билээ.
Б.Уянга http://niigmiintoli.mn/