Гэрийн буйран дээрээс олдсон морин хуур түүний амьдралын луужин байсан юм
Түүний урласан Алтайн ятга нь монгол үндэсний хөгжмийн уур амьсгалд цоо шинэ дугаралт, шинэчлэл авчирснаараа онцлог. Түүхийн олдвор дээр тулгуурласан Алтай ятгыг улам хөгжүүлж, нутагшуулахад П.Байгальжав шавь нарын хамт ажиллаж байна. Тэрбээр одоо "Эгшиглэнт манлай" хөгжим урлалын компанийн захирлын үүргийг гүйцэтгэх захирал юм.
-Та нэг ярилцлагадаа бага ахуй наснаасаа адуу, мал дээр өссөн гэж хэлсэн байсныг санаж байна. Багаасаа малтай ойр байсан нь морин хуур урлаач болоход тань нөлөөлсөн болов уу. Хамгийн анх морин хуур хөгжмийг мэдэж, гараар барьж үзэж байсан нь хэзээ вэ?
-Манай аав, ээж бүх насаараа адуу хариулж аж төрсөн хүмүүс. Би тэднээс мэндэлсэн арван хүүхдийн гурав дахь нь. Миний бага нас говьд, адуун дунд өнгөрсөн. Манайд морин хуур байгаагүй. Харин таван настайдаа аргал түүж яваад айлын буйран дээрээс морин хуур олж билээ. Энэ миний амьдралдаа харсан хамгийн анхны морин хуур байсан.
Тухайн үедээ юу болохыг нь сайн ойлгохгүй ээждээ барьж очтол “морин хуур байна” гэж тайлбарлаж өгсөн. Ээж хуурыг засаж дуугаргадаг болгоод гэртээ хадгалах болов. Чухам яагаад буйран дээрээ морин хуураа орхисныг нь мэдэхгүй юм. Тэр цагаас хойш өнөөх морин хуурыг манай нутгийн Шар, Сумаа, Нэргүй зэрэг хуурч тоглох болсон. Ингээд би хуурдах сонирхолтой болсон доо.
-Танд хамгийн анх морин хуур тоглохыг заасан хүн хэн бэ. Морин хуурыг хамгийн анх урласан нь хэзээ вэ?
-Албан ёсны багш гээд нэрлэхээр хүн байхгүй дээ. Нутгийн хуурчдын хэрхэн тоглож буйг харж, сонсголоороо л сурсан. Хамгийн анх 16 настайдаа хуур урлаж, түүн дээрээ Жонон гэх мэт ая оруулна. Түүний дараа цэрэгт явлаа. Очоод хоёр дахь морин хуураа урласан. Тэр бол 1980-аад оны эхэн үе. Морин хуур гэдэг хөгжмийг огт хараагүй, мэддэггүй хүн маш олон байсан. Цэргүүд тун их сонирхоно.
Түүний дараа Шарын голын уурхайд гагнуурчин болж гэр бүлээ зохиосон. Анхны хүүхдээ мэндлэхэд нь гурав дахь хуураа урласан. Уурхайчдын тосгонд хуур бас л шинэ, содон зүйлийн нэг байсан. Өөрөө хуураа урлаад, тоглохоор хүмүүс их сонирхож, урам өгнө. Ингээд сайн дурын уран сайхан ч болж заримдаа ажлаас чөлөөлөгдөн энд, тэнд хуураа хөгжимдөх болсон. Тэнд амьдарч байх хугацаандаа хүмүүсийн захиалгаар хэдэн хуур урласан. Бас сонирхлоороо хийл хөгжим урлаж үзсэн. Тэр хийл Улаанбаатар хотод 1988 онд залуу зохион бүтээгчдийн үзэсгэлэнд оролцож билээ. Хөдөө орон нутгийн уурхайчин залуу Европын сонгодог хөгжим хийл хөгжмийг урласан байна гэдэг гарчигтайгаар залуу зохион бүтээгчдийн сэтгүүл дээр гарсан.
-Хийл хөгжмийг яаж дугардаг, ямар хөгжим болохыг нь хаанаас олж мэдсэн бэ?
-Уурхайчдын соёлын ордонд ганцхан хийл байсан. Тоглож чадах хүн даан ч байхгүй. Би залуу, сониуч байж ээ. Тэр хөгжмийг нэг өдөр зээлж аваад хэмжээсүүдийг нь бичиж тэмдэглэхийн зэрэгцээ хэрхэн дуугардгийг нь сонирхсон. Тэгээд дуурайлган хийсэн нь тэр.
-Хамгийн анхны урласан морин хуур тань одоо бий юү. Хэрхэн хийж байсан бэ?
-Тэр хуур бий. Багадаа янз бүрийн юм хийх гэж оролддог хүүхэд байлаа. Манай нагац ах надад зөвлөж, тусалсан. Говьд мод ховор. Гэрийн унины мод, авдарын мод зэрэг ашиглаж байсан.
-Та хэзээнээс хотод суурьших болсон бэ. Хотод ирээд хаана ажилласан бэ?
-Ардын дуу бүжиг эрдмийн чуулгын дэргэдэх үндэсний хөгжим, багаж туршилтын газар хэмээх жижигхэн байгууллага тухайн үед байсан. Хөгжим зэмсэг, урлаач мастерууд ажилладаг. Тэр байгууллага намайг яамнаас татан авсан. Миний урласан хөгжмүүд тэр байгууллагад ороход тусалсан. Тухайн үед хотын төвд ажилд орох нэлээд хэцүү байсан цаг л даа. Ингээд мэргэжлийн хөгжим урлаач болох суурь тавигдсан. Тэнд ятга, эвэр бүрээ гээд төрөл бүрийн хөгжим урлаж сурсан.
Удалгүй чөлөөт зах зээл гарсан. Миний ирээдүй ч тодорхой байлаа. Цаашдаа хувиараа хөгжим урлаж, түүнийгээ зарж борлуулахад анхаарах нь зүйтэй гэж шийдсэн. Багш нарыгаа гомдоогоод л гарсан даа. Хэдэн жилийн дараагаас л багш нар миний ажлыг дэмжиж, ойлгож эхэлсэн. Улсын үйлдвэр 1997 онд хаалгаа барьсан. Хамгийн анх эхнэртэйгээ Эгшиглэн хөгжмийн үйлдвэрээ эхлүүлсэн.
-1990-ээд онд хөгжим худалдан авах боломжтой хүн хэр олон байсан бол. Та энэ талаар юу гэж бодож ажлаасаа гарч байсан бэ?
-1989 онд Жамин хуурчийн 70 насны ойд зориулсан улсын хуурчдын уралдаан болсон. Тухайн үед би өөрийн урласан хуураар оролцсон нь тэргүүн байр эзэлсэн. Тэр хуур одоо ч музейд үзмэр болон хадгалагддаг. Уралдааны дараахнаас хүмүүсээс хөгжим урлах захиалга ирэх болсон. Нэг их биш л дээ. Гэхдээ цөөхөн ч гэсэн амьдралд хүрэлцэхээр байсан хэрэг. Мэдээж улс орны эдийн засаг хэцүү байсан цаг. Зорилго тавин, зоригтой шийдсэний л үр дүн одоо гарч байна гэж боддог.
Залуу байсан учраас эд, баялагт шунана гэж үгүй. Гурил, мах, давс байхад л болоод явчихна. Өчүүхэн материалыг нэг хөгжим болгоно. Нэг хөгжим зараад 2-3 хөгжим урлах материал худалдан авдаг байв. Тухайн үед жуулчид нэлээд ирж байсан учраас бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр зарна. Энэ мэтээр гал алдалгүй явж ирсэн. 2000-аад он гарч урлаг соёлын салбар сэргэж, дагаад бидний үйлчилгээ ч тэлсэн. Бид зөвхөн үндэсний хөгжмөөс гадна төрөл бүрийн зэмсэг үйлдвэрлэж, засаж сэлбэх ажил хийх хэрэгтэй болсон. Ингээд Монголд хамгийн анхны хөгжмийн зэмсгийн “Эгшиглэн” дэлгүүрээ нээсэн.
Хувиараа хөгжим урлаж, түүнийгээ зарж борлуулахад анхаарах нь зүйтэй гэж шийдсэн
-Шарын голын уурхайчнаар ажиллаж, хөгжмөөс өөр төрлийн ажил эрхэлж байсан нь танд юу өгсөн бэ?
-Уурхайчид хэцүү нөхцөлд ажилладаг. Халуун төмөр барьж, өвлийн хүйтэнд гадаа ажиллана гэдэг амар зүйл биш ээ. Уурхайд олж авсан бүхэн минь намайг хатуужилтай, хариуцлагатай, ажлын эв дүйтэй болгосон. Түүнчлэн сайхан хамт олны уур амьсгалыг мэдрүүлсэн.
-Та нэг талаас хөгжим урлаач буюу уран бүтээлч хүн. Нөгөө талаас үйлдвэр байгуулаад явж буй бизнес эрхэлдэг хүн. Энэ хоёрын тэнцвэр, заагийг хэрхэн олдог вэ?
-Нэг ширхэг банзнаас хэдэн арван морин хуур гаргахыг зорьж ирсэн. Ингэхийн тулд уйгагүй ажиллаж, хичээж зүтгэхээс өөрцгүй. Хамтарч буй хүмүүс, гэр бүлийн дэмжлэг шантрахгүй байхад нөлөөлдөг. Би мэргэжлийн хөгжим урлаач биш шүү дээ. Тиймээс мэргэжлийн түвшинд хийхийн тулд цаг тутам суралцаж, үйлчлүүлэгчдийн санаа бодолд нийцүүлэх шаардлагатай болдог. Илүү их хичээл зүтгэл шаардлагатай. Яг одоогоор би шинэ хөгжмийн санаа, техник, хэрхэн хийх вэ гэдэг дээр түлхүү анхаарч буй бол хүүхдүүд маань үйлдвэрийн санхүү, зохион байгуулалт зэрэгт санаа тавьж байна. Сүүлийн үед түүхэн бүтээлүүдийг сэргээн бүтээх, шинэ хөгжмийн зэмсэг бий болгох зэрэгт анхааран ажиллаж байна.
-Та түүхийн олдвороос үндэслэсэн, шинэ хөгжмийн зэмсэг болох Алтайн ятгыг сэргээн урласан нь бий. Огт байгаагүй, харж үзээгүй хөгжмийг шинээр урлахад хэр хүндрэлтэй вэ?
-Олдвороос нь жишиг татан хийж буй тул тийм ч хэцүү биш л дээ. Гэхдээ нарийн тооцоо л шаардлагатай. Үүнд урлаачийн туршлага нөлөөлөх болов уу.
Шинэ загварын түүхэн хөгжмүүд нэлээд хийгдэж буй. Энэ жил Хубилай хааны ойг тохиоход Алтайн ятгыг шинэчлэн хийсэн. Судлаачийн олж мэдсэн дээр янгирын эврийг шинээр байрлуулж том, жижиг ятгууд урлалаа. Олон жил хөгжим хийж буйн хувьд шинээр хөгжим урлахдаа хуримтлуулсан мэдлэг туршлагаа ашигладаг.
Хамгийн сүүлд 13 утас бүхий том хэмжээний янгирын эврийг ашигласан босоо хэлбэртэй ятга бүтээсэн. Үүнийг ятгачин Мөнх-Эрдэнэ уран бүтээлдээ ашиглаж эхлээд буй. Дуугаралт нь тун баялаг. Нийт ажлын хажуугаар хоёр сарын хугацаанд хийж дуусгасан. Алтайн ятга нь зөвхөн Монголоос олдсон хөгжмийн зэмсэг. Жинхэнэ монгол хүний ахуй, соёлоос улбаатай гэдэг нь батлагдсан.
-Алтайн ятгыг нутагшуулахын тулд зарим үндэсний тодотголтой хамтлагууд хөгжмийн зохиол шинээр бичиж, өөрсдөө тоглож эхлээд байна. Монголоос төрсөн хөгжим гэж явах тул цаашдаа үргэлжлүүлэн урлах урлаачид шаардлагатай байх. Та эл хөгжмийг хэрхэн урлахыг хойч үедээ хэр их зааж сургаж байна вэ?
-Алтайн ятгын утасны тоо цөөн учраас бусдаасаа онцлогтой. Одоогоор арав гаруй ая зөвхөн Алтайн ятганд зориулан зохиогдоод байна. Нэг хэв шинжид баригдалгүй, илүү хөгжин, хувьсах ч боломж бий. Түүнийг шавь нар, залуу хойч үе маань хийсээр байна байх гэж найдаж байна.
-Алтайн ятга нь Монголын үндэсний хөгжимд ямар шинэ дуугаралтыг авчирч чадна гэж бодож байна вэ?
-Энэ ятга нь уламжлалт банзан ятгаас ялгаатай нь маш тунгалаг дууг гаргадаг. Царнаасаа татлагатай тул маш сайхан сонсогддог. Европын босоо ятгатай төстэй гэсэн үг. Алтайн ятгаа бэсрэг дуунд оруулвал маш өвөрмөц дуугаралтууд гарч ирнэ гэж бодож байна.
-Морин хуур урлахад нутгуудын онцлог гэж байдаг. Та аль нутгийнхыг барьдаг вэ?
-Миний хувьд халхаа л барьдаг. Орчин үед морин хуурын хийцүүд нэг хэв шинж рүүгээ орох төлөвтэй байна.
-Та шавь нартаа үлдээхийг хүсдэг дэг гэж бий юү?
-Аль болох чанартай хийх гэдэг зарчмыг барих нь хамгийн чухал. Мэдээж цаг ирэх тусам хөгжмийн зэмсгийн технологи хувьсаж байна. Гэхдээ уламжлалаа хадгалах ёстой. Хятад, Европ гээд бүгд өөрсдийн онцлогтой. Монгол ч бас адил. Онцлогоо хадгалан үлдэхийг л эрмэлздэг.
Г.Чимэдлхам