“Төрж өссөн Хөвд, Хуршуутын голд маань уурхай нээгдэх гэж буй мэдээ чих дэлсэж, цагаан сарын дараахан бөөн машин газар ухахаар ирсэн. Зэрлэг амьтад, газар усаа хамгаалахын тулд нутгийн иргэд жил гаруй хугацаанд өрөмдүүлэхгүй, ухуулахгүй гэж зүтгэсэн.
Тэр үед би иргэний нийгмийн байгууллагад ажилладаг байсан учир нутгийнхантайгаа нийлж Тост Тосон Бумбын нурууг тусгай хамгаалалтад авах, уурхайн лицензийг цуцлуулах албан бичгүүдийг боловсруулж эхэлсэн юм.
Аав ээжийнхээ тасалж өгсөн хэдэн ямааны ноолуураас компьютер авсны хэргээ ч гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл албан бичиг хүргүүлж, тухайн үеийн зарим УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, ТББ, нутгийн иргэд зэрэг маш олон хүний хүч хөдөлмөрөөр газар нутгаа хамгаалж чадсан.
Тостын нурууг тусгай хамгаалалтад авснаараа 16 лиценз цуцлагдаж ашиглалтын зөвшөөрөлтэй нэг лицензийг 2017 онд хилийн цэсийг тогтоохдоо гадна үлдээсэн. 2018 онд тус ажил эхэлж 2019 онд лицензийг нь цуцлан, бүхэлд нь тусгай хамгаалалттай газарт багтааж чадсан юм.
Аливаа ажлын ард гарна гэдэг сайхан. Төрсөн нутгаа тусгай хамгаалалтад оруулж чадсан нь илүү сайхан” хэмээн ярих энэ эмэгтэйг Тост Тосон Бумбын Нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядаг гэдэг.

Түүний амьдрал бударганат бор тал, зэрэглээ жирэлзсэн их говийн анир дундаас эхтэй. Таван настай сөөсгөр охин тэмээ унан, Хөвд Хуршуутын голоо өгсөж уруудан хэдэн ингэ тайлаг, хонио бараалсаар мал малын захтай болжээ. Буянт буурлуудаасаа амьдралын бор ухааныг заалган өсөв. Таван охинтой айлын том нь учир багаасаа гадаа гэртийн бүхий л ажилд суралцаж, эрт хэрсүүжсэн аж.
Найман настайдаа тракторын чиргүүл дээр суугаад сумын сургуулийг зорьж явсан говийн охин өдгөө Тост Тосон Бумбын Нуруугаа хайрлан, хамгаалах хүндхэн үүргийг нуруун дээрээ үүрч явна.
Гурвантэсэд 8-р ангиа төгсөөд, зэргэлдээ Баяндалай сумын дотуур байранд 2 жил амьдарч 10-р ангиа төгсжээ. Энэ үест л "нутгийнхаа сайхныг ирсэн гийчдэд үзүүлдэг хүн болно" гэж шийджээ. Хичээлээ тараад худгаас ус зөөх зуураа аялж яваа гадаадын жуулчдыг хараад ийнхүү мөрөөдсөн хэрэг.
Ийн ШУТИС-ийн Аялал жуулчлалын ангийн оюутан болов. 10 жилээсээ үерхсэн нутгийн залуутайгаа нийлж, амьдрал гээч их урсгалд хөл алдан орж ирлээ. Ер нь амьдралыг алдаатай оноотой нь хайрла гэж үг байх. Хоёрдугаар курстээ бие давхар болсон ч эрдэмт багш, гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр жил өнжиж цаг алдалгүй сургуулиа амжилттай дүүргэж, төрсөн нутгаа зорилоо.
Тэр үед ажлын байр өнөөдрийнх шиг элбэг байсангүй. Юу хийж, хэрхэн амьдрахаа шийдэж ядан байх үед уул уурхайн компанид үйлчлэгчийн орон тоо байгааг дуулав. Ажлын ярилцлагад ороход нь их дээд сургууль төгсчхөөд “шал угааж, хир буртаг цэвэрлэхэд зүгээр үү?” гэж асуухад “ажил олдож байвал хамаагүй ээ” гэж хэлээд ажлын гараагаа үйлчлэгчээс эхлүүлсэн түүхтэй.
“Ажил гололгүй, бүхэнд өөриймсөг сэтгэлээр хандаж, тултал хийх хэрэгтэй. “Болж өгвөл хүнд тустай, болохгүй бол хүнд халгүй амьдар” гэх эмээ, ээжийнхээ үгээр хүмүүжсэн түүнд цааргалах зүйл байсангүй. Ийн гурван сар ажиллаад үйлчлэгчээс менежер болж дэвшжээ.
Уурхайд гурван жил ажиллаад, охиноо төрүүлээд гэртээ суулаа. Өөрийн гэсэн орлогогүй эмэгтэй хүнд дутагдах зүйл тоймгүй их. Гэрээрээ боорцог ч хайрч үзлээ, болсонгүй.
Өөр юу хийж болох вэ гэж бодсоны эцэст нагац эгчтэйгээ хамт цагаан идээний үзэсгэлэн худалдаанд оролцохоор Шивээхүрэн боомтыг зорьжээ. Сар шинийн өмнө болон намар зохиогддог хоёр улсын үзэсгэлэнд оролцохоор явахдаа аавынхаа фургоныг дүүртэл идээ ачиж, ганцаархнаа замын уртад гардаг болов.
Хилээр гарч, орох бүрдээ бүх ачаагаа буулгаж шалгуулан, дахин ачихаас түүртсэнгүй. Алшаа аймаг хүртэл цагаан идээгээ зөөн, хорин литрийн хоёр сав айраг бариад алхсан үе ч бий. Буудалгүй үед фургондоо хонох нь энгийн үзэгдэл.

Ийн Шивээхүрэн, Гурвантэс сумын хооронд борви бохисхийлгүй явсны эцэст цагаан идээний бизнес нь овоо жигдэрлээ. Сум хөгжүүлэх сангаас хүү багатай 15 сая төгрөг, танилаасаа 10 сая төгрөгийн зээл авч цагаан идээний дэлгүүр нээлээ. Тухайн үедээ л чамгүй их мөнгө…
Дундуур дүүрэн амьдрал эхэллээ гэж бодсон ч амьдрал түүнийг ахиад л шалгав. Хар багаасаа ханилсан нөхөр нь эхлүүлсэн бизнесийг нь үгүй хийж, хамтын босгосон амьдралаа нурааж хаяад яваад өгчээ. Сайхан ирээдүй, гэгээн мөрөөдөл нь юу ч үгүй замхарсан тэр үеийн мэдрэмж илэрхийлшгүй хүнд.
Уйлаад суувал амьдрал тэр чигтээ дуусна. Ингээд аавынхаа фургоныг унаад наймаагаа үргэлжлүүлэхээр шулуудав. Өөр яалтай…
Шивээхүрэнгийн боомт дээр фургон дүүрэн ачаагаа ганцаараа буулгаж, ачихад түүнд шантрах эрх байсангүй. Өвлийн хүйтэн, зуны халуунд машиндаа хэд хонох нь энүүхэнд. Амралтын өдрүүдээр хүүхдүүдээ дагуулаад явна. Альшаа аймаг хүртэл хэдэн зуун килограмм ачаагаа өргөж зөөгөөд худалдаа наймаа хийх гэж зүтгэжээ.
“Зоригтой, хүн чанартай байхад бүхнийг даваад л гардаг юм.” гэсэн танил эгчийнх нь хэлсэн үг сэтгэлийн дэм болсон гэдэг. Хүн гэдэг ганцхан үгээр дутаж, түүнийгээ сонсвол амьдрал илүү гэгээтэй санагддаг аж.
Худлаа ярьж, бусдыг үгүйсгэж, өөрийгөө тэнгэрээс тэмдэгтэй төрсөн юм шиг аашилдаг хүмүүст тэр тун дургүй. Итгэлээ эвдүүлж, хууртагдаж явсан үе бий ч амьдралд итгэх итгэлээ л гээхгүй юм сан гэж боддог аж.
Амьдралын ийм нэгэн шуургыг сөрж зогссоны дараа Тостын нурууг тусгай хамгаалалтад авах их ажил өрнөж, ард нь гарчээ.

Ийн байтал Тусгай хамгаалалттай газрыг чиглүүлэх санал түүнд ирэв. Өссөн төрсөн нутгаа өөрийн алган дээрх шиг мэддэг хүний хувьд цааргалах зүйл байсангүй. Өөрийн нутгийг ухуулж биш өнгө төрхөөр нь түмэнд таниулна гэдэг түүний угийн хүсэл. Гэхдээ эмэгтэй хүнд жаахан хүндхэн талдаа ч хар багын амьдралд хэрсүүжиж хатуужсан түүнд эрчүүдээс дутах зүйл байсангүй. Тэрээр тодорхой гурван том зорилго өвөртлөн ажлаа хүлээж авчээ.
Өөрийн гэсэн оффисын байргүй, найман орон тоотой, бүл хүч, хөрөнгө санхүү муутай хамгаалалтын захиргааг байгууллага шиг байгууллага болгохыг зорив. Одоо Тост Тосон Бумбын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа 17 ажилтантай болж, шинэ байрны зураг төсвөө хийлгээд байна.
Удаах зорилго нь газрын ангиллыг ахиулж, байгалийн цогцолборт газар болгон менежментийг сайжруулах байлаа. Одоо энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа яваа аж.
Эцэст нь уул уурхайн нөлөөллөөс үүдэн эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх зорилго тавьжээ. Олборлолтын улмаас гүний ус нь ил гарч, ухагдсан газрыг олон улсын жишгээр аялал жуулчлалын зориулалтаар засаж, хөгжүүлэхийг зорьж байгаа аж.
“Монгол Улсын тусгай хамгаалалттай газар гэдэг бол сор болсон байгалийг хамгаалж буй бүс. Хамгаалалтын захиргааны даргын хувьд Тостын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулахад чухал хувь нэмэр оруулсан Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан бол миний дурсаж явах ёстой хүн гэж боддог.
Тост Тосон Бумбын Нуруунд ирвэс хамгаалах сан 2008 оноос урт хугацааны судалгаа хийж цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай нутаг болохыг тогтоосон. Тостын нуруу яагаад хамгаалах ёстой чухал нутгаа вэ гэдгийг баталж, хөдөлмөрлөж яваад амт эрсэдсэн учир төрж өссөн нутаг орон, ээж аавтай нь ойр байхыг боддог юм.
Улсын тусгай хамгаалалттай газрыг сахин хамгаална гэдэг хамтын зүтгэл байдаг. Төрийн ажил бол хариуцлага. Тэр дундаа хүн удирдаж ажиллаж байгаа хүн өөрөө хариуцлагатай байж гэмээнэ хүнд шаардлага тавих ёстой. Удирдлага хүн хариуцлагатай, чигч байвал ажилтнууд ч даалгасан ажлыг хариуцлагатай гүйцэтгэж чаддаг. Эргүүл хяналт, хээрийн судалгаанд байгаль хамгаалагчдаа хуваарилахдаа ч олон талыг бодолцоно. Мөн ажлаас илүү хүнээ бодож, ар гэр амьдралыг нь дэмжиж ажиллахыг чухалчилдаг.

Чадъя л гэж энэ ажлыг авсан юм чинь чадахын төлөө л хичээж явна. Тусгай хамгаалалтад авч, тасралтгүй эргүүл хяналтаар явж, хөв цөөрөм, худаг, уст цэг байгуулж, судалгааны ажил хийсний үр дүнд зэрлэг амьтад маань тогтворжиж, тоо толгой нь өсөж байна. Энэ л хамгийн сайхан.
Хүн байгаль эхээс бүтээгдэж, ээж хүнээс заяагдсан болохоор сэтгэл тухгүйрсэн, ажлын асуудал тулгарсан үед хөдөө, өсөж төрсөн гэртээ очоод ижийнхээ гарын цайг уухаар нэг их уужраад ирдэг.
Гуравдахь хүүхдээ дикретээ авалгүй төрүүлээд, сар бололгүй нялх биетэй ажилдаа орж, дөрвөн сартай улаан цурав амьтнаа орхиод арав хоног ажлаар явж байлаа. Байгаль хамгаална гэдэг тийм ч амархан самар биш. Болоогүй байна, сурах юм их байна л гэж боддог доо...
Байгаль хамгаалах буянтай ажил маань амьдралыг минь илүү утга учиртай болгож, олон зүйлийн эдгэрэл болсон. Өөрийн өсөж төрсөн нутгийн ирээдүйн төлөө энэ тогоонд орж ирсэндээ би үргэлж талархдаг. Тост Тосон Бумбын нуруугаа Дархан цаазат газар болгох тэрхүү том зорилгынхоо төлөө тууштай зүтгэсээр байх болно..."