Монгол Улс шинжлэх ухаанаа хөсөр хаяж, энэ салбар анир чимээгүй оршсоор удлаа. Угтаа өв соёл, уламжлал, монгол хүнийхээ хувьд бид өвөрмөц нөөцтэй ард түмэн. Дэлхийд шинжлэх ухааны анхны хүрээлэнг байгуулж байсан гэж судлаачид олзуурхан ярьдаг ч өнөөг хүртэл үнэлэгдэлгүй явсаар “хөрвөөгүй баялаг” болж дуусаж мэдэх.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ шинжлэх ухаандаа жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 8 хүртэлх хувийг зарцуулдаг. Харин Монгол Улс хуулиараа гурван хувь зарцуулах ёстой атал өнөөдөр ердөө 0.3 хувийг л энэ салбарт зориулж байна. Энэ бол зөвхөн тоон зөрүү биш хөгжлийн загварын ялгаа.
Монголын шинжлэх ухааны салбарынхан олон жилийн турш дуу хоолойгоо орон нутаг, ордонд суугчдад хүргэж ирсэн ч бодлого, санхүүжилт, тогтолцооны доголдлын өмнө сөхөрч буйгаа тэд уламжилж байна. Энэ удаа бид биологи, хөдөө аж ахуйн салбарын судлаачид болох Ц.Сонинхишиг, С.Төгс нарын олон арван жилийн судалгааны ач холбогдол, алдагдсан боломжийг байр суурь, баримт нотолгоотой жишээ татаж тайлбарлая.
МОНГОЛ ХҮНИЙ БИЕД БУЙ АШИГТАЙ БАКТЕР БУЮУ АМЬД БАЯЛАГ
Доктор Ц.Сонинхишиг бол Монголчуудын бие дэх ашигтай бактерийг найман жилийн турш судалж тогтоосон судлаач. Монгол бол дэлхий дээр долоон төрлийн малын сүү хэрэглэдэг цорын ганц улс. Сүүний лактоз сахарыг задлах генетикийн чадвар муутай монголчуудын сүүний хэрэглээ өндөр байгаагийн нууц нь гэдсэн дэх ашигтай бактеритай холбоотой аж.
Тэр дундаа малчдын бие дэх ашигтай бактери суурин газрын хүмүүсээс өндөр. Дэлхийд бүртгэгдээгүй, монгол хүний бие дэх шинэ төрлийн эдгээр бактериуд нь цусны даралт бууруулах, жингийн зохицуулалтад эерэг нөлөө үзүүлэх чадвартай гэв. Пробиотик ихээр хэрэглэх болсон өнөө үед бид нөөцөө ашиглаж энэ салбарт ялгарах боломж буйг түүний судалгаа харуулж байна.
Ийн судалгааны дараагийн шатанд гарахад шинжлэх ухааны салбартаа хаалттай улсын хана босож ирсэн аж.
Судлаач Ц.Сонинхишиг хэлэхдээ, ашигтай бактери бидний нүдэнд харагдахгүй учир ихсэж, багасаж буйг мэдэх аргагүй. Бид тэр их нөөцөө алга болгочихвол яана.
Том сүүний компаниуд таргийн хөрөнгөө Дани зэрэг гадаадын орноос өндөр үнэтэй авдаг. Гаднын бактериар өөрсдийн нөөцөө сольж ашигтай бактериа устгаж байна гэв.
Намайг Японд сурч байхад Японы эрдэмтэн зохиомол үүдэл эс гаргасан гэхэд төр засгаас нь асар өндөр ач холбогдолтой судалгаа гэж үзээд тэр хүний удирдсан багт судалгааны төв байгуулж өгсөн.
Дараагийн шатанд дэлхийд өрсөлдөж эрүүл мэндийн салбарт нөлөө үзүүлнэ гэж санхүүжилтээр дэмжсэнээр Нобелийн шагнал хүртсэн. Улс эх орны дэмжлэг судлаачдад санаагаа тэлж, шинэ боломжуудыг гаргахад тусалдаг. Гэтэл манайд Шинжлэх ухаан технологийн сангаас төслүүд өгдөг ч урт хугацааны үр дүн гарахуйц судалгаанд төсөв нь хаанаа ч хүрэлцдэггүй.
Монгол Улсын шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа хөрөнгө асар бага. Ийм бага мөнгөөр том судалгаа хийж үр дүн үзнэ гэх хүлээлт тавиад нэмэргүйгээ ойлгоод олон жил болж байна.
Бидэнд судалгаагаа ахиулах ахисан төвшний лаборатори, салбар хоорондын уялдаа холбоо үгүйлэгддэг. Тийм сэжим хэзээ ч үүсдэггүй болохоор судалгаагаа илрүүлээд цааш өгөөж болгож чаддаггүй гэв.
МОНГОЛЧУУД ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТӨЛӨӨ ҮҮЦЭЭ НЭРЖ, НӨӨЦӨӨ АШИГЛАЖ ЧАДАХ ОРОН
Удаах судлаач болох доктор, профессор, МУ-ын зөвлөх эдийн засагч С.Төгс 20 жилийн өмнө малын түүхий эдийг үнэт баялаг болгох аргыг судалгаагаараа тогтоосон эрдэмтэн.
Ногоон шилжилтийн энэ зуун Монголчуудад тийм ч хүнд сорил биш. Учир нь бид эртнээсээ байгальд хор хөнөөлгүй эрүүл амьдарч ирсэн улс. Малын түүхий эд бол үүний жишээ болсон баялаг хэдий ч өнөө хог болтлоо унасан.
Судлаач С.Төгс багшийн олон арван судалгааны ажлаас багцалж мэдээлэхэд тэрбээр малын гаралтай түүхий эдээр цоо шинэ 200 бүтээгдэхүүн гаргах боломж бийг судалжээ. Хэдхэн жишээ дурдахад малын сархинаг, гүзээгээр зангиа зэрэг бэлэг дурсгалын зүйл хийх, шөрмөсөөр мэс заслын утас хийх боломжтойг тогтоосон юм.
Үхрийн туурайгаар гэхэд цавуу, зүлгүүр, ханын цаас, шампунь, ангижруулагч, жийргэвч зэрэг олон зүйл хийж болно. Бид малын хялгасаар дээс томж гэрийн бүслүүр зэргийг хийдэг.
Италийн Шанел брендийн пиджак бороонд нороход хэзээ ч хөвсийж, хүндэрдэггүй. Учир нь малын хялгасаар наалтын материал хийдэгтэй холбоотой.
Бидэнд тэр түүхий эд хангалттай бий. Хялгасан даавуу үйлдвэрлэх судалгааны ажлыг манай баг хийж байсан. Үүнийг тэлээд наалтын материал хийгээд гадаадын зах зээлд гарах боломжтой гэв.
Судлагдсан эдгээр санаанууд материаллаг бааз, хөрөнгө санхүү байхгүйгээс нээлт төдий зүйл болоод зогсжээ.
Малын гаралтай түүхий эдээс гарч болох 200 бүтээгдэхүүнийг хийж чадвал дэлхийн брендийн бүтээгдэхүүн бэлдцийн эцэг улс болох боломж бидэнд бий гэдгийг тэр итгэлтэй хэлж байв.
Монголчууд хүн төрөлхтний төлөө үүцээ нэрж, нөөцөө ашиглаж чадах орон. Бид өнөөдрийг хүртэл уламжлалт мал аж ахуйгаа хадгалж ирчхээд өнөөдөр түүнийгээ ашиглахгүй яваад байж болохгүй.
Шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэдэг нэг хүний санаа бодол, судалгааны ажил огт биш. Энэ бол оюуны нэгдмэл хүч хөдөлмөр, дундын лаборатори, олон байгууллагын хамтын гэрээний хүрээн дээр хийж буй ажил. Хэрэгтэй цэгээ зөв тодорхойлж хүн, хүчээ төвлөрүүлж, санхүүжилтээр дэмжин, лаборатори судалгааны төвийг нь байгуулж өгвөл л сая Монгол хөгжинө гэдгийг хэлж байлаа.
Уншигч танд зөвхөн хоёр эрдэмтний судалгааг тоймлож хүргэлээ.
Үндэстнийхээ ирээдүйг харвал бид шинжлэх ухаангүйгээр цааш явах замгүй. Боловсролын тогтолцоо, төрийн бодлогын төвшинд энэ чиглэлд хараагаа чиглүүлэхгүй бол даяаршин, хөгжиж буй эринд бид хэн бэ гэдгээ таниулж чадалгүй уусах эрсдэлтэй.
Шинжлэх ухаандаа анхаарахгүй улсад урагшлах нэг алхам бүү хэл см зай ч байхгүйг судлаачдын төлөөлөл тодотгож байлаа.
Монгол судлаачдын ур чадвар дулимагхан биш. Улс нь ойшоодоггүй учир тэд гадаадын судлаачдад санал тавьж, тухайн улсын дэмжлэгээр том судалгааны ард гардаг. Тэд Монгол гэх үндэстнийхээ өвөрмөц нөөц, судлагдаагүй олон талбарт гарч, үр дүнг нь эх орондоо өгөхийг зорьдог аж.
Олон мянган жил өвлүүлж ирсэн өвөө таниулах, үхүүлэх эсэх нь улсын цар хүрээ, алсын хараанаас хамаарна. Уламжлалаа шингээсэн хөгжлийн бодлого л биднийг аварна. Түүнээс бус Япон, Америкийг дуурайсан хөгжил биднийг урагшлуулахгүйг хэлж байна.
Доороосоо дээшээ биш, дээрээсээ урвуугаа хардаг болохоор Монголын хөгжил гацалттай явдгийг тэдний шинжлэх ухааны салбар, судалгааны ажилд зарцуулсан цаг хугацаа харуулж байна.