Монголын сонгодог урлагийн ноён оргилын нэг, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Цэвэгжавын Пүрэвдорж Хэнтийн Дадалынх байв. Тэрбээр нэгэнтээ “Манайх гучаад хонь, арваад үхэр, тав зургаан морьтой, өвөлдөө эсгий гэрт өвөлжиж, зундаа буриад байшиндаа зусчихдаг жирийн л нэг буриад айл. Аавыг 1938 онд баригдаад явснаас ердөө долоохон хоногийн дараа ээж амаржиж, охин дүүтэй болдог юм. Удаа ч үгүй нялх биетэй ээж минь хүүхдүүдээ аваад Улаанбаатарыг зорьсон. Ингэж л би хотын хүн болж урлаг гэж айлтай хувь заяагаа холбох боломж бүрдсэн юм билээ” хэмээн дурссан байдаг.
Тэднийх хөдөөнөөс орж ирээд “Бөмбөгөр ногоон”-ы арханд айлын хашаанд буусан гэнэ. Сургуульдаа явахдаа театрын дэргэдүүр өнгөрнө. Зэр зэвсэг агссан баатрын гоё хувцастай хүмүүс дуулж, хөгжимдөж, инээж хөхрөхийг хашааных нь гаднаас харж жаал зогсоно. Заримдаа хичээлээсээ хоцорчихно. Үүнээс ч болсон уу, урлагийн л хүн болохоор хатуу шийдэж. 17 нас хүрдэг жилээ Эстрад концертын товчоонд шалгуулахаар очжээ. Одоогийн Занабазарын музейн өмнө хуучин “Ард” кинотеатрын подвальд байсан гэдэг. Харамсалтай нь түүнийг “Ямар эв хавгүй муухай бүдүүн хоолойтой юм бэ” гэж голоод авсангүй.
Харин азаар “Бөмбөгөр ногоон”-д тоогдож улмаар Улсын хэвлэх үйлдвэрийн зураачийн ажлаа ч орхисон гэдэг. Гологдсон бүдүүн хоолой нь найрал дуунд тун чухал гэдгийг тухайн үеийн хоор ангийн дарга эдүгээгийн ардын жүжигчин Д.Лувсаншарав багш нь хэлж өгчээ. Театрт жил ч бололгүй дуурьт дуулах боломж гарсан тухай тэрбээр “1948 онд “Учиртай гурван толгой”-н ард өвгөний дүрд дуулсан юм. Гэхдээ театрын тайзнаа биш л дээ. Ажилчны соёлын ордонд. Гэхдээ дараа нь томорч “Бөмбөгөр ногоон”-доо Балганы дүрд дуулсан. Түүнээс хойш олон ч жил Балган ноёнд хувирсан даа. Тэр болгондоо Монголын урлагийн соруудтай хамтарч байлаа” хэмээн буриад аялгаар нэлээд гайхуулангуй ярьж байгаа нь олон хүний сэтгэлд үлдсэн байх.
Пүрэвдорж гуай Монголын сонгодог урлагт олон зүйлийн анхдагч. Дуурийн театрын анхны дуучдын нэг. Сонгодог урлагийг хөгжүүлэх төрийн бодлогын дагуу 1955 онд хэсэг уран бүтээлчийг Зөвлөлтөд сургахаар явуулсан гэнэ. Д.Банди, П.Цэвэлсүрэн, Ж.Дамиран,О.Лувсандамдин нарын хамт Уралын хөгжмийн дээд сургуулийн оюутан болжээ. 1960 онд төгсөөд ирснээс нь хойш хоёр жил гаруйн дараа Дуурийн театр байгуулагдсан. Тэр бас Монголоос анх удаа гадаадад уригдан тоглолт хийсэн уран бүтээлч. Ардчилсан Германы хэд хэдэн хотоор айлчлан дэлхийн болон үндэсний дуурь, ардын дуунаас бүрдсэн том хөтөлбөртэй зочилсон гэдэг.
Пүрэвдорж гуайн бахархах дуртай нэг зүйл нь Москвагийн Их театрын тайзнаа Монголоос анх удаа хөл тавьж “Евгений Онегин” дуурийн Греминий дүрд дуулжээ. Үүнийхээ дараа Ленинградын Кировын нэрэмжит Их театр, Минскийн Их театр, Одесс, Казань, Львовын дуурийн театрын үзэгчид түүний баргил хоолойн чадлыг бишрэн шүтэж байсан юм. Ингэж явсныхаа дараахан 1965 онд алдарт Дмитрий Шостаковичийн гарын үсэгтэй урилга хүлээн авчээ. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээний шүүгчээр урьсан байв. Өмнө нь хоёр ч удаа болохдоо нэлээд дуулиан тарьж уран бүтээлчдийн ур чадвараа үнэлүүлэх том тэмцээн болтлоо хүрээгээ тэлсэн эл уралдаан дөрвөн жилд нэг болдог. Пүрэвдорж гуай долоон удаагийнхад нь шүүгчээр ажиллажээ. Энэ бол бас л Монголоос анхных.
Урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн 60 шахам жилдээ Дуурь, бүжгийн театрын тайзнаа тавигдсан бүхий л дуурийн гол ба туслах дүрд дуулж байсан энэ эрхэм өтөл насандаа ч гар хумхин суугаагүй. Дуурийн чадалтай дуучдыг бэлтгэхэд цаг заваа зарцуулж явсан билээ.
Сүүлийн хэдэн жил бие тааруу гээд гэрээс ховорхон гарах болсон ч өнгөрсөн сард ирсэн Буриадын театрынхны тоглолтыг үзэхгүй байж чадаагүй гэсэн. Төрөлх театрынхаа хаалгаар тэргэнцэртэй орж ирэхийг нь харсан үзэгчид бүгд л шүүрс алдан шимширч байсан ч хайртай дуучнаа ийм амархан буцчихна гэж хэн нь ч бодоогүй биз ээ.
Гэхдээ тэр одоо диваажинд тухалж, түрүүлж очсон нөхдөдөө Монголд сонгодог урлаг хэрхэн хөгжиж байгааг, нэг үе үзэгчгүй шахам болсон театрт нь одоо сул суудал олдохоо больсныг, бас Чингис хаан, Өүлэн ээжтэйгээ хамт зочилж ирснийг сонин болгон хүүрнэн суугаа байх даа.
Н.Сарангэрэл