Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” буландаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаярыг урьж, ярилцлаа.
-Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Та зэвсэгт хүчинтэй амьдралаа холбож, бага дэслэгчээс алтан мөрдөст генерал болтлоо дэвшиж ажиллажээ. Анх хэрхэн холбогдож байсан түүхээс ярилцлагаа эхэлье?
-Би Хэнтий аймгийн Биндэр сумын хүн. Улс орон даяар 1979 оны үед зэвсэгт хүчнийг өргөжин хөгжүүлэх томоохон ажил зохион байгуулагдаж байв. Яг тэр үед би аравдугаар ангиа төгсөж таарсан. Ингээд армийн хүн болъё гэж айхтар бодож төлөвлөж байгаагүй ч цэргийн албанд татагдаж, улмаар цэргийн сургуульд явж, энэ замыг сонгосон доо.
Тухайн үеийн ЗХУ-ын Одесса хотын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн дээд сургуульд хуваарилагдаж, тэнд зургаан жил суралцсан. Аав, ээж маань Хэнтий аймгийн Биндэр сумын сургуульд насаараа багшилсан хүмүүс. Намайг цэргийн албанд татагдахад, энэ замыг сонгоход ямар нэгэн хориг, саад хийсэнгүй. Өөрийн хувь заяа, зам мөрөөр л ардын армийн бие бүрэлдэхүүнд орж, өдийг хүртэл явсан даа.
-Тухайн үед арван жилийн сургуулиа төгсөөд л шууд ЗХУ-ыг зорьжээ. 1980 оны эх гэхээр хойд хөршид цаг үеийн нөхцөл байдал амаргүй байсан уу?
-Би 17 настай сургуульд очиж байлаа. Бид явахын өмнө 3-4 сарын хугацаанд цэргийн карантинд гардаг. Тэгээд л шууд сургуульд нь хуваарилаад явуулчихна. Бүх зүйл цэргийн дүрмээр. Мөн нэгэнт эх орны хүү болох замыг сонгосон болохоор “би явахгүй” гэж хэлэх арга байхгүй. ЗХУ-д очоод нэг жилийн хугацаанд хэлний бэлтгэл курст суралцсан. Дараах таван жилд нь Агаарын довтолгооноос хамгаалах дээд сургуульд Радио техникийн инженер мэргэжлээр сурч төгслөө.
Агаарын цэрэг Монголын нисэх хүчний түүхтэй салшгүй холбоотой. Монгол Улсад анх 1925 онд ЗХУ-аас хоёр нисэх онгоц ирж байсан үеэс түүхэн хөгжил эхэлсэн гэж ярьдаг.
Надтай хамт ЗХУ-д мэргэжил эзэмшихээр, мэргэжлээ дээшлүүлэхээр олон салбараас хүүхдүүд очсон. Ялангуяа Монголын арми боловсон хүчнээ өргөтгөн зохион байгуулах ажлыг тухайн онд амжилттай зохион байгуулж байв. Тухайн үед ЗХУ-д манайхаас гадна социалист чиг баримжаатай улсууд болох Араб, Африкийн олон орны оюутнууд суралцаж, нэгэн үеийн давлагаа болж байлаа.
Яг миний суралцаж байсан сургуульд л гэхэд 20 гаруй орны залуучууд суралцаж байсан. Багш нар маань ч их туршлагатай. Вьетнам, Арабын дайнуудад оролцсон. Дайны үеийн хатуу, хөтүүг туулсан ийм хүмүүс байсан. Тэд олон улс, орнуудаас ирсэн хүүхдүүдийг нэгтгэж, цэргийн эрдэмд сургахад чин сэтгэлээсээ хандаж байжээ. Үнэхээр ажиллаж чаддаг, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй ийм хүмүүсээр эрдэм заалгасан даа.
-Сургуулиа төгсөж ирээд аль анги нэгтгэлээс ажлын гараагаа эхэлж байв?
-1985 онд төгсөж ирсэн. Ингээд Дарханд байрлах Ардын армийн 134 дүгээр ангид техникчээр хуваарилагдсан. Бага дэслэгч цолтой. Ангийнхаа нэг найзтай хамт хуваарилагдан ирж байсан. Харин үеийнхэн маань дэслэгч цолоо аль хэдийн авсан байлаа. Дараа нь бид дэслэгч болоход үеийн нөхдүүд маань ахлах дэслэгч болчихсон. Цолны хувьд нэг үеэр хоцроод л явсан. Гэхдээ ажил мэргэжлээсээ хойш сууж байсангүй. Удалгүй ЗХУ-ын нутагт томоохон цэргийн полигон дээр пуужингийн буудлагад хоёр ч удаа 1986,1989 онуудад оролцож, хугацаанаасаа өмнө цолоо авч байсан даа.
-“Цол дагаж бяр” гэдэг шиг Зэвсэгт хүчинд цол нэмнэ гэдэг их чухал. Үүрэг, хариуцлага ч давхар нэмэгддэг шиг санагддаг?
-Тийм шүү. Ажилласан жил, туршлага дээр тулгуурлаж цэргийн албан хаагч хүн албан тушаал ахиж, цол нэмдэг. Бас нэг талаар ажил мэргэжлийн үзүүлэлт юм. Хүнд урам зориг нэмэхийн зэрэгцээ хариуцлагажуулна. Мөн шударгаар өсөн дээшлэх боломжийг олгож байдаг даа.
-Дарханы цэргийн ангид та хэдэн жил ажилласан юм бэ?
-1989 он хүртэл буюу дөрвөн жил техникчээр ажилласан. Ингээд миний амьдралд бас нэг сайхан боломж гарч ирсэн юм. Манай ангийн захирагч М.Осор гээд дэд хурандаа байлаа. Намайг академид шалгалт өгүүлэхээр явуулж байсан юм. Би тухайн үед дэслэгч цолтой байсан. Дэслэгч цолтой хүн академид явж болохгүй учраас ангийн захирагч маань тодорхойлоод дээд шатны байгууллагаас ахлах дэслэгч гэх цолыг өгч байлаа. Ингээд шалгалтад орох эрхээ авсан. Гэтэл яг шалгалтад орохын өмнө ЗХЖШ-ын Боловсон хүчнээс академийн шалгалтад орох өргөдөл надаас нэхлээ. Би дарга руу дахиад холбогдож ярилаа. “Дарга аа намайг өргөдөл байхгүй учраас шалгалтад оруулсангүй” гэхэд дарга маань өргөдөл цохоод Дарханы вагоноор явуулж байлаа. Ингээд би академийн шалгалтад орж, тэнцээд ОХУ-ын Тверь хотын Цэргийн академид гурван жил суралцсан. Тухайн үед намайг үнэлсэн дарга нартаа одоо ч баярлан талархаж, сайнаар дурсаж явдаг даа. Тэр үед залуучуудаа дэмждэг, ажлын үзүүлэлтүүдийг их хардаг сайхан цэргийн дарга нар олон байсан. Ингэж би хоёр дахь удаагаа 1989 онд ЗХУ-ыг зорьж байлаа. 1991,1992 оны үед ЗХУ задарч, Варшавын гэрээ хүчингүй болсноор гэрээнд нэгдсэн бүх улс орны гишүүнчлэл татан буугдсан. Тверь хотын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн академид гэхэд 20 гаруй орны офицерууд суралцаж байлаа. Гэвч ЗХУ задарсны дараагаар Вьетнам, Куба, Монгол гэсэн гурван орны цэргийн офицерууд үлдэж билээ. Бид дипломоо хамгаалаад 1992 оны зургадугаар сарын сүүлчээр төгсөх ёстой байсан ч 1992 оны тавдугаар сард гурван хичээлээр шалгалт өгөөд эх орон руугаа буцаж байсан даа. 1992 онд Монголд ирэхэд нийгмийн амьдрал ч хүндрэлтэй байсан. Хүнсний талонд орчихсон, цэргийн анги нэгтгэлүүд шатахууны мөнгө ч үгүй хэцүү байсан нь үнэн. Би ирээд 028 дугаар ангид пуужингийн дивизоны захирагчаар томилогдож байсан. Хүнд хэцүү үед хүнтэй ажиллах хэцүү алба байсан санагддаг юм. Үүний дараа би Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалд сургалт хариуцсан офицер, ерөнхий инженер, 065 дугаар ангид ерөнхий инженер, штабын дарга гэх албан тушаалуудыг хашсан. Мөн дунд нь Москва хотод Элчин сайдын яаманд цэргийн атташегаар гурван жил ажиллажээ.
-Та дипломат албанд ажиллаж. ОХУ гурав дахь удаагаа очсон нь энэ үү?
-Тийм ээ. 2011- 2014 онд манай улсаас ОХУ-д суух Элчин сайдын яамны цэргийн атташегаар ажилласан. Манай хоёр улсын хувьд цэрэг техникийн хамтын ажиллагааны хэд, хэдэн гэрээтэй. Тэр гэрээний хүрээнд зэвсэглэл техникийн туслалцаа, боловсон хүчний сургаж мэргэжүүлэх тоог нэмэгдүүлэхийн төлөө хичээж ажилласан. Ялангуяа, агаарын цэргийн боловсон хүчнээ сургаж мэргэшүүлэх тоог нэмэгдүүлж чадсан. Эх орон, Батлан хамгаалах яам намайг томилоод явуулсан. Би итгэлийг нь алдахгүй юмсан гэж хичээж ажилласан даа.
-Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчаар ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ салбар нь Зэвсэгт хүчин дотроо ямар онцлогтой вэ. Олон нийт онгоц, пуужингаар л төсөөлөөд байна?
-Агаарын цэрэг Монголын нисэх хүчний түүхтэй салшгүй холбоотой. Монгол Улсад анх 1925 онд ЗХУ-аас хоёр нисэх онгоц ирж байсан үеэс түүх эхэлсэн гэж ярьдаг. Ингээд 1930-аад оноос ерөнхийдөө хөгжил явагдсан. Эх орны дайн болон Халх голын чөлөөлөх дайнд Монголын нисэх хүчин оролцож байсан түүхтэй. Улмаар 1964 онд агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн болон радиотехникийн анги, салбарууд байгуулагдсан.
Манай улсын хувьд хоёр хөршийнхөө дунд байгаа орон зайг зөв хяналтад байлгаад, шаардлагатай бол тодорхой хэсгээ хамгаалалтад аваад цомхон, чадварлаг байх ёстой.
Энэ анги, салбаруудын 50 жилийн ой өнгөрсөн 2019 онд болсон. Нисэх хүчний нэгж, агаарын довтолгооноос хамгаалах нэгж тусдаа, дараа нь нийлж байсан үе бий. 2016 онд УИХ-аар холбогдох хуулиуд шинэчлэгдэн батлагдаж, улмаар Засгийн газрын тогтоол гарч 2017 онд Агаарын цэргийн командлал нэртэйгээр бие даан зохион байгуулагдсан. Ер нь аливаа улс орны Зэвсэгт хүчин нь хуурай замын, агаарын орон зайн, усан орон зайг хамгаалах гурван нэгжийг ихэвчлэн хөгжүүлж ирсэн. Хуурай газар хилийн шон зоогоод үүнээс цааш манайх гэдэг бол агаарт хил хязгаар байхгүй. Үүгээрээ ихээхэн онцлогтой. Мөн орчин үед янз бүрийн халдлагууд газраар биш агаараар ирэх магадлал өндөр болсон. Тэгэхээр улс орны хувьд яалт ч үгүй анхаарч хөгжүүлэх салбар юм.
-Агаарын цэрэг командлалд зэвсэг, техник маш чухал шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?
-Манай улс агаарын орон зайн аюулгүй байдлыг нэг хэсэг хойд хөршдөө даатгачихсан байлаа. Дээр би хэлсэн. 1960–аад оноос Агаарын довтолгооноос хамгаалах анги, салбарууд байгуулагдаж ЗХУ-тай хамтарч хамгаалах үүрэг хүлээсэн байв. Улмаар 1990 онд Зөвлөлтийн цэргүүд нутаг буцаж, бид бие дааж асуудлаа шийдэх хэрэгтэй болсон. Үүнээс хойш манай командлалын хэмжээнд олон бүтэц зохион байгуулалт, байр байршлын өөрчлөлтүүд хийгдсэн. Техник шинэчлэх асуудал хамгийн хүндрэлтэй асуудал байсаар байна. Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн өртөг 100 хувь гэж үзэх юм бол тэр өртгийн 60-70 орчим хувийг нь агаарын цэргийн зэвсэглэл, техникийн өртөг эзэлж байдаг бол үлдсэн 30 хувийг нь бусад цэрэг эзэлдэг.
Аливаа зүйлийг мэддэг, чаддаг, үлгэрлэдэг байх хэрэгтэй. Үгүй бол дандаа даргалаад, захираад байвал ажил явахгүй. Араас тань даган дуурайгаад, өгсөн үүрэг даалгаврыг чинь биелүүлээд явах хүнд итгэл төрүүлэх хэрэгтэй.
Агаарын цэрэг цөөхөн бие бүрэлдэхүүнтэй мөртлөө, үнэтэй зэвсэг техник хэрэглэх шаардлага үүсдэг. Тийм учраас улс эх орны эдийн засагтай шууд холбоотой. Манайх хангалттай хэмжээнд үнэтэй зэвсэг хэрэгслүүд авч чадахгүй байгааг нуух аргагүй. Тийм учраас бид нэгдүгээрт, өөрт байгаа техник хэрэгслээ арчилж, тордож ашиглах. Хоёрдугаарт, өөрсдийнхөө оюун ухаанд тулгуурлаад чадах чинээгээрээ сайжруулж, хөгжүүлэх асуудал байна. Гуравдугаарт, нэг далайлтаар бүхнийг шийдэхгүй учраас бага багаар улс эх орны эдийн засгийн чадамжид тулгуурлаад шинэ техник нэвтрүүлэх асуудал бий. Манайд 1960-1980-аад оны Зөвлөлтийн зэвсэг ихэнх хувийг эзэлж байна. Бид өөрсдийн боломжоороо тодорхой хэсгийг нь шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Ерөнхийд нь авч үзвэл агаарын орон зайг радараар хянах, чухал объектыг пуужингийн цогцолбороор хамгаалах, сөнөөгч онгоцоор аюулгүй байдлыг хангах, агаарын зайн ашиглалтын журмыг сахиулах, агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх гэсэн чиглэлээр техникийн асуудлуудыг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
-Олон улсад агаарын цэрэг нэлээд хөгжиж байх шиг байна?
-Тийм ээ. Дэлхийн том гүрнүүд агаарын гэлтгүй сансрын орон зайн төлөө өрсөлдөж эхэллээ. Манай улсын хувьд хоёр хөршийнхөө дунд байгаа орон зайг зөв хяналтад байлгаад, шаардлагатай бол тодорхой хэсгээ хамгаалалтад аваад цомхон, чадварлаг байх ёстой. Сүүлийн үед аюулгүй байдлыг алдагдуулахад сансар огторгуй гэхээсээ илүү ойрхон хажууд байгаа нисгэгчгүй хэрэгсэл хүнийг зовоодог болж байна. Ялангуяа бүс нутгуудад болж байгаа зэвсэгт мөргөлдөөний асуудлаас үүнийг харж болно.
-Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжлийг том зургаар хэрхэн харж байна вэ?
-Өнөөдрийн Зэвсэгт хүчин миний анх ажиллаж, зүтгэж байсан тэр үетэй харьцуулахын аргагүй хөгжсөнд дотор нь ажиллаж байгаа генералаас илүү иргэн хүнийхээ хувьд баярладаг. Хуучин Зөвлөлтийн дэмжлэгээр аюулгүй байдлаа хамгаалж байсан бол 1990 оноос хойш бид өөрсдийн хүчээр хамгаалах хэрэгтэй болсон. Энэ хүнд үед улс нийгэм өөрөө ч эдийн засгийн хүнд байдалд байлаа. Харин тэр хүнд үеийг миний үеийнхэн туулж үүрч гарсан. Үүгээрээ би бахархаж явдаг. Өнөөдөр зэвсэг техник, барилга байгууламжаас илүү боловсон хүчин маань өөрөө маш сайн боловсорсон байна. Сэтгэхүй нь өөрчлөгдсөн гэдэг нь том амжилт. Зэвсэгт хүчнийг хүн бүхэн байх ёстойг нь хүлээн зөвшөөрч, бахдан биширдэг болсон нь том амжилт.
-Таны үед цэргийн амьдрал бартаа саад ихтэй хэцүү байсан. Одоо харин сайхан хөгжиж байна. Тэр үед цаг үед таныг юу зоригжуулж үлдээв?
-Нийгмийн өөрчлөлт давлагаа армийг чадваргүй болгож, хүчин мөхөстүүлсэн тал бий. Миний хувьд нэгэнт сургуулиа төгсчихсөн, цэргийн тангараг өргөчихсөн учраас тэр давлагаанд армидаа үлдсэн хүмүүсийн төлөөлөл. Бидний үеийнхний үүрэлцсэн зүйлийг дээд ахмад үе, доод залуу үе маань үүрэлцээгүй гэж хэлэхгүй. Гэхдээ бид нар шиг салаа салбарт ажиллаж байсан хүмүүс цөөн.
Орчин үед янз бүрийн халдлагууд газраар биш агаараар ирэх магадлал өндөр болсон. Тэгэхээр улс орны хувьд яалт ч үгүй анхаарч хөгжүүлэх салбар юм.
Олон офицер, ахлагч нар өргөдлөө өгөөд гарч байсан. Цалин бага, тэгээд цагтаа өгөхгүй, машин шатахуунгүй. Заримдаа машинаа түрээд явж байсан үеийг туулж ирсэн дээ. Өргөдөл бичээд больдог ч юм уу гэж бодсон үе бий. Гэхдээ ахмад үеийн дарга нар маань хүнтэй их сайхан харилцаж, ажилладаг арга барилтай байжээ. Өргөдөл бичээд өгөхөд “Чи боль” гэж хэлэхгүй. Тэгсэн атлаа буруу хараад өөр юм ярьж, ярианы сэдэв өөрчилж байгаад гаргачихдаг байж билээ. Мөн эцэг эхийн маань хүмүүжил нөлөөлсөн байх гэж боддог.
-Цэргийн дарга болгонд өөрийн гэсэн арга барил байдаг. Та олон хүн удирдаж ажиллахдаа ямар зарчим баримталж ажилладаг вэ?
-Аливаа зүйлийг мэддэг, чаддаг, үлгэрлэдэг байх хэрэгтэй. Үгүй бол дандаа даргалаад, захираад байвал ажил явахгүй. Араас тань даган дуурайгаад, өгсөн үүрэг даалгаврыг чинь биелүүлээд явах хүнд итгэл төрүүлэх хэрэгтэй. Бага албан тушаалаас эхлээд олон шат дамжин ажиллаж байгаад өндөр албан тушаалд очсон хүн доор ажиллаж байгаа хүнийхээ зовлон жаргалыг илүү мэддэг юм даа. Тэгэхээр мэдлэг чадвараа байнга тордож, орчин үетэйгээ хөл нийлүүлж алхахыг хичээж ирсэн. Тэгэхгүй дандаа нэг арга барилаараа 1970, 1980-аад онд сурсан эрдмээрээ байгаад байж болохгүй. Харин цэргийн ерөнхий зарчим болох захирах, захирагдах зарчим өөрчлөгдөхгүй байх ёстой. Энэ нь дандаа захирч байна гээд өндөр дуугаар тушаал өгөөд байхаас илүүтэй хүнд хүндлэгдэж, хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Дандаа номхон зогсоогоод байхаасаа илүү өөрийгөө сайн ойлгуулж, мэдрүүлдэг байх нь чухал.
-Энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргүүд хуурай замын үүрэг гүйцэтгэж байна. Агаарын цэрэгт үүрэг гүйцэтгэсэн түүх бий юу?
-Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд цэргээ илгээгээд 20-иод жил боллоо. Афганистан улсад агаарын цэргийн чиглэлээр нисдэг тэрэгний сургалтын хөдөлгөөнт багийн 10-аад ээлж сургалт зохион байгуулж байсан. Одоогоор Африк, Афганистанд монгол цэргүүд үүрэг гүйцэтгэж байна. Манай Агаарын цэргийн олон офицер, ахлагч тэнд үүрэг гүйцэтгэж байгаа.
-Монгол цэргүүдийг дайчин чанартай гэж ярьдаг. Агаарын орон зайд монгол цэргийн ур чадвар хэр вэ?
-Бид мэргэжилдээ эзэн болох ёстой. Монгол залуучууд аливаа зүйлийг амархан сурдаг, чаддаг. Нэг жишээ хэлье. 2013-2014 онд ОХУ-д болсон танкийн биатлоны олон улсын тэмцээнд манай цэргийн баг тамирчид оролцохоор болсон. Тухайн үед багийн бэлтгэл байхгүй. Танк сум нь хангалттай биш, бэлтгэл сулхан байсан. Бид ч хамгийн сүүлийн байрт орох байхдаа гэж их сэтгэл дундуур очсон. Гэвч монгол цэргүүд тэнд ур чадвараа гайхуулсан. Тухайн үед монгол залуучуудынхаа ур чадвараар бахархан зогсож байлаа. Агаарын цэргийн эрдэмд мэдэхгүй, чадахгүй олон зүйл тулгарч байдаг. Тэр болгоныг өөрсдийн овсгоо, ур ухаан, авьяас чадвараараа давдаг. Хамгийн гол нь сайн сургаад, техник хэрэгслийг нь бэлдээд өгөхөд монгол залуусын чадварт итгэж болно.
-Та зэвсэгт хүчинд амьдралаа зориулж явна. Таны хүүхдүүд ах дүүгээс цэргийн алба хаагч бий юу?
-Би нэг охинтой, хоёр жоохон зээтэй. Тэд маань ямар ажил мэргэжилтэй болохыг мэдэхгүй юм. Ер нь манай удамд цэргийн хүн цөөн. Авга ах маань 1945 онд Өндөрхааны дивизийн штабт газрын зураг дээр ажилладаг цэрэг байсан гэдэг. Авга эгчийн маань нөхөр 1945 оны дайнд оролцож явсан. Энэ хоёр маань намайг цэргийн сургуульд яваад амралтаараа ирэхэд цэргийн хүн болно гэх утгаар их тоодог байж билээ. Одоо бодоход сайн юм яриулж байхгүй яав даа гэж боддог юм.
-Зэвсэгт хүчний түүхт ой өргөн дэлгэр болж байна. Албан хаагчдадаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110 жилийн ой, Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Мөн монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Энэ ойн баяруудыг тохиолдуулан агаарын цэрэгт алба хааж байсан үе үеийн ахмадууддаа түрүүлж баяр хүргэх ёстой. Тэр үеийн цэргүүд цэргийн хүчнийг өдий зэрэгтэй байлгахын тулд их зүйл хийсэн. Одоо албаа хааж байгаа нийт цэргийн алба хаагчдадаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та нараараа бахархаж явдаг шүү. Мөн энэ завшаанаа ашиглаад удирдлагад нь ажиллаж байсан хошууч генерал Ч.Улаанхүү, хурандаа С.Чулуунхүү нартаа талархаж явдгаа илэрхийлье.
Т.Батсайхан