"Долдугаар сарын 1"-ний хэргээр ял сонсогчдын тоо 100-д дөхлөө
Долдугаар сарын 1-нд нийтийн эмх замбараагүй байдал зохион байгуулж, өдөөн турхирсан гэдэг үндэслэлээр иргэдийг шүүн ял оноож байгаа.
Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өчигдөр Д.Батбаяр, С.Батбаатар, Д.Заминдин, Б.Оюунболд, Б.Болормаа нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн юм. Хурлыг Сүхбаатар дүүргийн шүүгч С.Оюунчимэг даргалж, улсын яллагч О.Сарангэрэл, шүүгдэгчдийн өмгөөлөгч Б.Баттөмөр, Наранцэцэг, Баяртөгс нар бүрэлдэхүүнд нь орсон юм.
Ерөнхий шүүгч хурал эхэлснийг мэдэгдсэний дараа улсын яллагч яллах саналдаа "Шүүгдэгчид долдугаар сарын 1-нд нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулж, өдөөн турхиран, чулуу модоор зэвсэг хийн төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ үймээнээс үүдэж 883 цагдаагийн ажилтан хүнд, хөнгөнөөр гэмтэж, 118 аж ахуйн нэгж, 155 иргэнд 11 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тиймээс яллагдагчид гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1, 155 дугаар зүйл (Гэмт хэрэг үйлдэн олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан)-ийн 155.1-д зааснаар тус тус яллагдана" гэлээ.
Харин шүүгдэгчид мэдүүлэхдээ Д.Батбаяр (48 настай, орчуулагч мэргэжилтэй): Би 22 жил уулзаагүй найз С.Батбаатартайгаа уулзсан юм. Бид хоёр уулзсаныхаа дараа Сүхбаатарын талбайд зураг авахуулсан. Долдугаар сарын 1-нд би С.Батбаатарынд архи ууж байгаад зургаа авахаар найзтайгаа Сүхбаатарын талбай руу явсан. Тэнд 22.30 цагт очиход үймээн болж, МАХН-ын байр шатаж байсан. Бид хоёр тэнд байдлыг ажиглаад зогсч байтал хэсэг хүүхдүүд "Шангрила" зочид буудлын нэг буланд нь бөөгнөрөөд сууж байхаар нь "Та нар юу хийж байгаа юм" гэтэл хүүхдүүд зугтсан. Сууж байсан газарт нь очиход хоёр ширхэг шилэн аяга, хөгжмийн өсгөгч хэвтэж байсан. Түүнийг цагдаад өгөхөөр явж байгаад энгийн хувцастай хүмүүстэй таарсан. Тэр хүмүүс цагдаа байсан юм билээ. Тухайн үед би согтуу байсан учраас цагдаа нартай маргаж, Баруун дөрвөн зам дахь Хэрэг бүртгэх газарт хүргүүлсэн. Түүнээсээ "Ганц худаг" руу ачигдсан гэв.
С.Батбаатар (49 настай. Эхнэр, нэгдүгээр ангид сурдаг хүү, нэг ой өнгөрч байгаа ихэр хүүхдүүдийн хамт амьдардаг): Би гэртээ утас засаад сууж байтал Д.Батбаяр манайд ирсэн. Бид хоёр зургаа авахаар Сүхбаатарын талбайд очсон. Хүүхдүүдийн авсан эд зүйлийг цагдаад өгөхөөр явж байтал, найз маань цагдаа нартай маргасан. Цагдаа нар намайг гэртээ харь гэсэн. Харин би найзыгаа согтуу байхад нь ганцааранг нь орхиж чадаагүй. Дагаж Хэрэг бүртгэх газарт очиж, хамт "Ганц худаг" руу ачигдсан.
Д.Заминдин (28 настай. Бага боловсролтой): Би долдугаар сарын 1-нд Дарханаас 22.00 цагийн орчимд нийслэлд ирсэн. Микроавтобусаар ирсэн учраас "Драгон" авто вокзалд буугаад "Цамбагарав"-ын ойролцоох гэр хороолол руу алхаж явсан юм. Гэр хороолол золбин нохой ихтэй болохоор чулуу барьж явсан юм. Гэтэл цагдаа таарч "Нийслэлд Онц байдал зарласан байхад харанхуй шөнө юу хийж яваа юм" гээд нэгжсэн. Барьж яваа чулууг минь хараад шууд машинд суулган Хэрэг бүртгэх газарт авчирсан. Тэнд зодож байгаад Сүхбаатарын талбай орсон гэх мэт худал зүйл бичсэн мэдүүлэгт гарын үсэг зуруулсан. Би үймээнд оролцоогүй.
Б.Оюунболд (19 настай. Бага боловсролтой): Би барилгын компанид ажилладаг. Тэр өдөр ажлаа тараад Баруун дөрвөн замаас Улаанхуаран явдаг автобусанд суусан. Зам түгжрээд байхаар нь автобуснаас бууж Сүхбаатарын талбайд очсон. Тэнд хүмүүс "архи уу" гээд байхаар нь жаахан архи уусан. Улмаар тэр хүмүүстэй Хуримын ордны дэргэд дахин архи ууж байгаад, ажил руугаа явсан. "Мэргэжилтний 20" автобусны буудлын дэргэд явж байхад цагдаа нар барьсан.
Б.Болормаа (34 настай, эмэгтэй. Хоёр хүүхдийн хамт амьдардаг): Би "Нарантуул" захад хоол хийж зардаг. Долдугаар сарын 1-нд II эмнэлэгт очиж бамбай булчирхайны шинжилгээ өгснийхөө хариуг авчихаад Сүхбаатарын талбайд болж буй жагсаалыг сонирхохоор очсон. Намайг тэнд очиход 14.30 цаг болж байсан. Б.Жаргалсайхан үг хэлэхийг хараад зогсч байтал шил түүдэг хүүхдүүдийг цагдаа нар өшиглөөд байсан.
Тэр хүүхдүүдийг өмөөртөл цагдаа намайг доромжилсон. Тэгэхээр нь уур хүрээд хэдэн хайрга авч шидсэн ч цагдааг оноогүй. Би тэгэсгээд л гэр рүүгээ явсан. Гэртээ очиход 16.40 цаг болж байлаа. Намайг МАХН-ын байрны орчимд байхад үймээн дэгдээгүй, байдал нам жим байсан гэж мэдүүллээ.
Шүүгдэгчдийн мэдүүлгийн дараа хавтаст хэрэг дэх нотлох баримтыг шинэчлэн судалсан юм. Хавтаст хэрэг дэх Д.Заминдингийн мэдүүлэг шүүх хурал дахь ярьснаас зөрж байлаа. Тэрбээр мөрдөн байцаалтын үед мэдүүлэхдээ "Драгонд автобуснаас буугаад такси барин Сүхбаатарын талбайд очсон. Улмаар хүмүүстэй архи уун, чулуу шидсэн" гэсэн байв.
Улсын яллагч хавтаст хэрэг дэх мэдүүлгийг уншаад ялын санал танилцууллаа. Ингэхдээ Д.Батбаяр, С.Батбаатар нар Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар гурван сар баривчлах, Д.Заминдин, Б.Оюунболд нарт Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар гурван сар, 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар гурван жил хорих. Эдлэх ялыг нэгтгээд тус тус гурван жил гурван сар хорих, Б.Болормаад Эрүүгийн хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар гурван жил хорих саналтай байгаагаа хэллээ.
Харин шүүгдэгч Д.Заминдингийн өмгөөлөгч Наранцэцэг цагаатгах үгэндээ "Миний үйлчлүүлэгч нохойноос айж чулуу барьсныхаа төлөө ийм хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэдгээр хилс ял хүлээх гэж байна. Барьж явсан чулууг хаанаас авсан гэдгийг тогтоогоогүй. Мөн Дархан-Уул аймгаас хамт ирсэн жолоочоос гэрчийн мэдүүлэг аваагүй. Зөвхөн яллах гэж нотлох баримт цуглуулсан. Мөн бичиг үсэг мэдэхгүй хүнийг хүчилж, мэдүүлэгт гарын үсэг зуруулсан. Хүмүүсийг ингэж хоморголон ял төлөвлөх эрх улсын яллагчид байхгүй. Шүүгчээс хүсэхэд хараат бус зарчмаа баримтлан, хэнд ч хоморголон ял оноохгүй байхыг хүсье" гэсэн юм.
Шүүгдэгч Б.Болормаагийн өмгөөлөгч Б.Баттөмөр "Улсын яллагчийн яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг сонгуулийн дүнг эсэргүүцэх нэрийдлээр жагсаалд оролцсоны улмаас 11 тэрбум төгрөгийн хохирол учруулж, 400 шахам цагдааг гэмтээсэн гэжээ. Энэ бол үнэнд нийцэхгүй. Б.Болормаа үймээн болохоос өмнө МАХН-ын байрны ойролцоо очиж, өөрийг нь доромжилсон цагдааг эсэргүүцсэн. Цагдаа руу шидсэн жаахан хайрга нь ч түүнийг оноогүй. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн нутаг дэвсгэр дээрээ чөлөөтэй зорчих эрхтэй гэдэг. Гэтэл МАХН-ын байрны ойролцоо очсон хүн бүрийг яллах гэж байгаа нь хууль бус. Мөн шүүгдэгчдэд Эрүүгийн хуулийн зүйл заалтыг бөөнөөр нь тулгаж байгаа нь хууль зөрчиж байна" гэлээ.
Ингээд шүүх хурал арваад минут завсарласны дараа тогтоолоо уншсан юм. Тогтоолд зааснаар Д.Батбаяр, С.Батбаатар нарыг гурван сар баривчлах, Д.Заминдин, Б.Оюунболд, Б.Болормаа нарт Эрүүгийн хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар тус бүр гурван жил хорих ял шийтгэж байгаагаа дурджээ. Д.Батбаяр, С.Батбаатар нарын хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцон, чөлөөлөхөөр болов. Харин бусад ялтнуудын ялыг жирийн дэглэмтэй эрэгтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр боллоо.
Д.Зулцацрал: Нөхөрт маань хүчин, үймээнд оролцсон гэх хоёр хэргийн нэгийг хүлээ гэж тулгаж, зодсон
Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх
хурлын дараа Д.Заминдингийн эхнэр Д.Зулцацралаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай нөхөр шүүх хуралд хавтаст
хэрэг дэх мэдүүлгээсээ өөр зүйл ярилаа. Яагаад мэдүүлгээсээ буцсан юм бол?
-Манай хүн тэр өдөр 22.00 цагийн үед хотод орж ирлээ гэж цагаан утсаар дүү рүүгээ ярьсан. Тэгээд гэр рүүгээ алхаж байхад нь цагдаа барьсан юм билээ. Хэрэг бүртгэх газарт хүргэсэн цагдаа "Чи хэдэн цагдаа алсан бэ. Хэний даалгавраар явсан бэ" гэх мэт утгагүй зүйл асуугаад байхаар нь хөдөөнөөс дөнгөж ирсэн учраа хэлээд сууж байтал том биетэй цагдаа орж ирсэн гэдэг. Тэрбээр "Наадах чинь биедээ шивээстэй. Өмнө нь ял хүлээж байсан этгээд. Хувцсыг нь тайлж, бороохойдож байгаад хэрэг хүлээлгэ" гээд зодсон гэсэн. Улмаар "Чи хүчингийн хэрэг хүлээсэн гэдгийг хүлээ. Эсвэл МАХН-ын байранд очиж, үймээнд оролцсон гэж мэдүүл" гээд цохиод байж. Эхнэр, хүүхэдтэй хүн хүчин хийсэн гэж худал мэдүүлэхээс санаа зовоод үймээнд оролцсон гээд худал ярьчихсан байна лээ. Тэр ч бүү хэл байцаагчид манай нөхрийг удаа дараа зодсон. "Ганц худаг"-т хоригдож байхад нь эргэж очиход нурууг нь бороохойдож зодсон нь идээлээд ногоорчихсон байлаа.
-Цагдаа нар нөхрийг чинь зодсон бол
яагаад гомдол гаргаагүй юм бэ?
-Би цагдаа болон мөрдөн байцаагч
зодож, хүчээр мэдүүлэг авсан тухай гомдол гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгч,
Нийслэлийн ерөнхий прокурорт өгсөн. Аль алинаас нь хариу ирээгүй.
-Танай нөхөр хүчээр авсан мэдүүлгийг
хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна лээ?
-Нөхөр маань хоёрдугаар ангид ороод
л сургуулиас гарчихсан. Бичиг үсэг мэддэггүй. Байцаагчид нь мэдүүлэгтэй нь
танилцуулдаггүй юм байна лээ. Би хөөцөлдөж байж батлан даалтад гаргасны дараа
прокурор нь "Танай хүний хэргийг хэрэгсэхгүй болгох байх" гэсэн.
Тэгээд маргааш нь очтол Эрүүгийн хуулийн 155-д зааснаар нэмээд яллачихсан
байлаа. Нөхрийг маань яллах дүгнэлтээ зөвшөөрч байна гэж гарын үсэг зур
хэмээн тулгасан. Тэр дүгнэлтийг нь зөвшөөрөхгүй байна гэж бичиж чадахгүй
болохоор нь өмнөөс нь би бичсэн. Бичиг мэддэггүй гэдгийг нь байцаагч, прокурор
нь ч мэдэж байгаа.
-Хөдөөнөөс ирээд шууд гэр рүүгээ
явсан гэдгийг нотлох хүн байхгүй юу?
-Хамт ирсэн жолооч нь 22.00 цаг
өнгөрч байхад хотод ирсэн гэдгийг гэрчилмээр байна гэж прокурортой уулзахад
тодорхойлолтоо бичээд үлдээ л гэсэн. Ямар ч гэрчийн мэдүүлэг аваагүй. Гэр рүүгээ
утсаар ярьсныг ч тоогоогүй. Ер нь яллахыг л чухалчилсан. Гэр хорооллын нохойноос
болгоомжилж чулуу барьсных нь төлөө гурван жил хорих ял оноож байгаад гомдолтой
байна гэв.
Б.Нэргүй: Хүүхдүүдийг, өөрийг нь доромжилсон цагдаа руу хайрга шидсэний төлөө ийм ял оноож байгаад гомдож байна
Анхан шатны шүүх хурал завсарлах зуурт шүүгдэгч Б.Болормаагийн эгч Б.Нэргүйтэй цөөн хором ярилцлаа.
-Дүү чинь хэдүүлээ амьдардаг вэ?
-Дүү маань найм, 11 настай хоёр
хүүхэдтэйгээ айлын хашаанд, гэр түрээслэж амьдардаг. Нөхөр нь тусдаа байдаг.
Миний дүү бууз хийж "Нарантуул" захад зарж, хоёр хүүхдээ болгодог.
Хоол зарж олсон орлого нь хоёр, гурван мянга л болдог байх.
-Долдугаар сарын 1-нд яагаад үймээнд
очсон юм бол?
-Бамбай булчирхай нь зүрхэндээ
нөлөөлчихсөн, бие муутай юм. Түүнийгээ эмчлүүлчих санаатай шинжилгээ өгснийхөө
хариуг авч явсан юм билээ. Эмнэлгээс гараад явж байхад нь жагсаал таарч л дээ.
Тэгээд Б.Жаргалсайханыг амьдаар нь харъя гээд үг хэлэхийг нь хүлээгээд зогсч
байсан гэсэн.
-Тэгээд яагаад цагдааг эсэргүүцсэн
гэнэ?
-Жаргалсайхан үг хэлэхийг сонсч
байхад нь хэдэн хүүхэд шил түүж таарсан гэдэг. Тэр хүүхдүүдийг цагдаа нар
заамдаж, зодож хөөгөөд байхыг хараад гэнэт хоёр хүүхэд нь нүдэнд харагдсан
байна лээ. Тэнд байсан хүмүүс ч "Наад хүүхдүүд чинь ундааны сав авч л
байг" гэж хашгирсан гэсэн. Миний дүү ч гэсэн хүүхдүүдийг тавиач гэж хэлсэн
байна лээ. Гэтэл нэг цагдаа "Чи нүүрээ угааж чадахгүй байж юугаа хийж яваа
юм. Энд гуйлгачингууд ирсэн юм уу" гэхчилэн доромжилж, зайл гэх мэтээр
хараасан гэсэн. Угаасаа бамбай булчирхай нь томорчихсон, амархан гомдож, уурладаг
учраас газраас нойтон хайрга аваад цагдаа руу шидсэн гэсэн. Шидсэн жижиг чулуу
нь өнөөх цагдааг ч оноогүй гэдэг. Тэгээд л гэр рүүгээ явсан.
-Хэзээ цагдаад баригдсан юм бэ?
-Нөхөр нь салсан ч гэсэн хүүхдүүддээ
сард 50 мянган төгрөг өгдөг. Тэр мөнгөө өгөхгүй болохоор нь ажил дээр нь очих
гээд долдугаар сарын 3-нд МУИС-ийн орчимд явж байтал цагдаа нар таараад
"Та чулуу шидсэн эмэгтэй мөн байна" гээд баривчилсан байгаа юм.
Үнэнээ мэдүүлснээс хойш гадуур байцаагдаж байсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүх
таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, арваад хоногийн өмнө гэртээ хүүхэдтэйгээ
байхад нь барьж, хорьсон байна лээ. Хүүхэд нь уйлаад гэртээ хоцорсон хэрэг.
-Дүүд чинь ял оноох болов уу?
-Миний дүү зүгээр явж байгаад төрийн
цагдаа руу дайраагүй. Хүүхдүүдийг, өөрийг нь доромжилсны хариуд цагдаа руу
хайрга шидсэн. Өт ч гэсэн өөрийг нь хатгахаар хөдөлдөг байх. Ингэлээ гэж ял
оноохгүй байх. Миний дүү МАХН-ын байрыг галдан шатааж, үймээнд оролцоогүй. Хүн
гэмтээгээгүй.
-Хүүхдүүдийг нь харж хандах хүн бий
юу?
-Эднийх манайхаас хол амьдардаг. Бид
ч тэр бүр туслаад байдаггүй. Хүүхдүүдийг нь харж хандах хүн байхгүй.
Энэ байдлыг нь шүүх харж үзэх байх гэж ярьсан юм. Харин шүүх хурлын дараа "Үнэхээр хэлэх үг алга. Хүүхдүүдийг, өөрийг нь доромжилсон цагдаа руу хайрга шидсэний төлөө ийм ял оноож байгаад төрд гомдож байна. Бид давж заалдах болно" гэсэн юм.
Б.Цэцэгдэлгэр