Ойрхи Дорнодод угсаатны болон шашны зөрчил элбэг байдаг учир дэлхийн хамгийн тогтворгүй бүс нутгийн нэг яах аргагүй мөн. Суннит болон шийтүүд, Палестин болон Израильчуудын мөргөлдөөн ихэнхдээ дэлхийн энэ хэсгийн улс төрийн бодлогыг тодорхойлж байх шиг.
Саудын Арабын эрх баригчид терроризмын хэрэгт буруутган 46 хүний хамт Исламын шашны шийт урсгалыг баримтлагч, номлогч Нимр ал-Нимрийг энэ сарын 2-нд цаазалсан нь энэ бүс нутгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүллээ.
Шейх Нимр ал-Нимр Саудын Араб дахь шийтийн цөөнхүүдийн гадуурхалтын эсрэг идэвхтэй тэмцдэг байсан юм. Тэрээр 2011 онд тус улсын Засгийн газрын эсрэг олон нийтийн жагсаал зохион байгуулж олонд танил болсон юм. Харин 2012 онд Саудын Арабын эрх баригчид түүнийг баривчилсан бөгөөд тэрээр шүүх ажиллагааны үеэр хэзээ ч гартаа галт зэвсэг барьж байгаагүй, хэзээ ч хүчирхийлэлд уриалж байгаагүй хэмээн мэдэгдсэн. Аль-Нимр 2014 онд цаазын ял сонсож, шинэ он гарсны дараахан ийнхүү түүний цаазын ялыг гүйцэлдүүлсэн аж.
Энэ хэрэг Иран, Саудын Араб хоорондын зөрчил хурцдахад хүргэв. Шийтийн урсгалыг баримтлагч Иранчууд Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яамны байр руу дайрч, галдан шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн.
Ираны хүн амыг 90 хувь нь шийт урсгалд итгэгчид бол зөвхөн найман хувь нь суннит урсгалыг номлодог байна.
Харин Саудын Арабын хувьд суннитын урсгал тус улсын төрийн шашин хэмээн тооцогддог бөгөөд хүн амын 90 гаруй хувь нь суннитүүд юм.
ИСЛАМЫН ШАШИНТНУУДЫН 85-87 ХУВИЙГ СУННИТҮҮД, ХАРИН ҮЛДСЭНИЙГ НЬ ШИЙТҮҮД ЭЗЭЛДЭГ
Исламын шашин нь итгэгчдийн тоогоор хоёрдугаарт ордог том шашин. Исламын шашин суннитууд болон шийт гэсэн хоёр том урсгалд хуваагддаг бөгөөд одоогийн байдлаар Исламын шашинд итгэгчдийн 85-87 хувийг суннитүүд, харин үлдсэнийг нь шийтүүд эзэлдэг байна.
Исламын шашны шийт болон суннит хэмээх үл эвлэрэх хоёр урсгалын зөрчил олон жилийн түүхтэй.
Энэ хуваагдал нь Исламын шашны элч Мухаммед бурхны оронд заларсны дараа үүссэн юм. Түүний номлол сургаалыг дагагчдын дунд хэн нь Арабын овог аймгуудыг нийтэд нь хамрах улс төрийн болон оюун санааны засаглалыг өвлөн авч цааш нь үргэлжлүүлэх вэ гэдэг талаар том маргаан зөрчилдөөн үүссэнээс эхэлжээ. Арабын овог аймгуудын олонх нь Мухаммедын анд нөхөр, түүний эхнэр Айшагийн эцэг болох Абу Бакрыг дагасан юм. Энэхүү олонх нь өнөөдөр Исламын шашинтнуудын 85 хувийг бүрдүүлж байгаа суннитүүдийг хожим бүрдүүлсэн аж.
Харин үлдсэн цөөнх нь Мухаммедын үеэл дүү, түүний хүргэн Алиг Мухаммед элч өөрийнхөө өв залгамжлагчаар томилсон гэж зарлан Алигийн талыг дэмжсэн юм. Хожим энэ цөөнхийг шийтүүд гэж нэрлэх болсон бөгөөд энэ нэр нь араб хэлээр "Алигийн бүлэг" гэсэн утгатай аж. Ийнхүү энэ маргаанд Абу Бакрын талынхан ялж, түүнийг эзэн хаан Халифаараа өргөмжилсөн түүхтэй.
Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж Ханафи, Ханабали, Малики, Шафий гэсэн дөрвөн хэсэгт хуваагддаг.
Шийтүүд Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь Исмайлийн бүлэг, Жафарын бүлэг, Зейдитын бүлэг гэж хуваадаг. Эдгээрээс салбарласан олон урсгалууд байдаг.
Шийт урсгалын төлөөлөгчид Азербайжан, Бахрейн, Ирак, Иран, Ливан болон Йемен улсуудад амьдардаг.
Ийнхүү үүнээс хойш Ойрхи Дорнодын орнууд суннит, шийт хэмээн хуваагдаж, Арабын ертөнцийн Засгийн эрхийн төлөө тэмцсээр байна.
САУДЫН АРАБ, ИРАН УЛС 1987 ОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦААГАА ТАСАЛЖ БАЙЖЭЭ
Саудын Араб Иран улстай тогтоосон дипломат харилцаагаа зогсоолоо. Гэхдээ Саудын Араб болон Иран улс дипломат харилцаагаа анх удаа тасалж байгаа нь энэ биш юм.
Исламын шашинтнуудын жил бүр уламжлал болгон үйлддэг Хажж мөргөлийн үеэр 1987 онд Мекка хотод шийт урсгалын мөргөлчид (ихэнх нь Иран улсын иргэд) АНУ, Израиль, Саудын Арабын эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж оролдсон юм.
Түүнчлэн жагсагчид Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яам руу халджээ. Энэ хэргийн дараа Саудын Араб Иран улстай тогтоосон дипломат харилцаагаа тасалж, Хажж мөргөл үйлдэх Ираны мөргөлчдийн тоонд хязгаар тавьсан юм.
Ираны Засгийн газар гурван жилийн турш Саудын Арабын эрх баригчдын дээрх шийдвэрийг бойкотолсон. Харин 1991 онд хоёр орны дипломат харилцаа сэргэсэн юм.
Хоёр улс харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарсаар байлаа. 2007 онд Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Саудын Араб улсад айлчилсан бөгөөд хаан Абдулла түүнийг онгоцны буудал дээр биечлэн угтан авсан юм.
АРАБЫН ЕРТӨНЦӨД НОЁРХЛОО ТОГТООХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
Сири, Йемен, Бахрейн дэх мөргөлдөөн янз бүрийн нөхцөл байдлын улмаас үүссэн ч, тус улсуудад шийт болон суннит урсгалын төлөөллүүдийн өрсөлдөх талбар болон хувирсан юм.
Бахрейн улс Исламын ертөнцийн хоёр том гүрэн болох Иран болоод Саудын Арабын маргаан сөргөлдөөний гол цэг болж байдаг.
Тодруулбал Бахрейны төрийн эрх барьж байгаа хаан Хамад ибн Иса аль-Халифагийн гэр бүл нь суннит урсгалын төлөөлөгч бөгөөд Саудын Арабын хааны удам угсааныхан тэднийг дэмждэгээ ч нуудаггүй. Тэгвэл Бахрейны мусульманчуудын дийлэнх хувийг бүрдүүлдэг шийтүүд Ираны эрх баригчдаас дэмждэг авдаг.
Харин Арабын хойгт орших Йемен улсад шийт урсгалыг баримтлагч, өөрсдийгөө Хоуситууд хэмээн нэрлээд буй босогчид болон тус улсын Засгийн газрын зэвсэгт хүчний хооронд 2014 оноос хойш мөргөлдөөн үргэлжилж байгаа. Иран Хоуситуудад санхүүгийн тусламж үзүүлдэг бол Саудын Арабаар ахлуулсан Арабын Нэгдсэн Эмират улс, Кувейт, Бахрейн, Катар, Йордан, Марокко, Судан зэрэг 10 улсын эвсэл Йемен дэх шийт босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.
Түүнчлэн шашны мөргөлдөөнөөс болж дэгдээгүй ч шашин хоорондын тэмцэл болтлоо даамжирсан Сирийн иргэний дайн дээрх хоёр улсын харилцаанд бас л нөлөөлөв.
Учир нь Сирийн иргэдийн олонх нь суннит урсгалынх бол Ерөнхийлөгч Башар аль-Асад шийт урсгалыг дэмждэг бөгөөд шийтүүд голдуу амьдардаг Ираны гол холбоотон юм. Харин Сирийн суннит сөрөг хүчнийг Турк, Саудын Араб зэрэг суннит орнууд дэмждэг юм.
Ираны эрх баригчид Ливаны шийтүүдийн “Хезболла” алан хядах бүлэглэлд цэргийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бөгөөд үүнийхээ ачаар ч Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагаах Саудын Араб, АНУ-ын төлөвлөгөөг нураасан гэж олон улсын шинжээчид үздэг юм.
Ираны нөлөөллийн хүрээнд Ирак автсан бөгөөд Саддам Хусейныг амиа алдсаны дараа тус улс дахь шийтүүдийн бүлэглэл хүчээ авсан.
Ямартай ч Ойрхи Дорнодод шашны мөргөлдөөн хурцдаж эхэлсэн нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.