2011 онд Монгол-Казакстаны хамтарсан археологийн судалгааны анги Булган аймгийн Баян нуур сумын нутагт орших Улаан хэрмийн шороон бумбагар хэмээх дурсгалыг малтан судалжээ.
Ингээд VII-VIII зууны эхэн үед холбогдох эртний нүүдэлчдийн язгууртны бунхант оршуулга болохыг тогтоосон юм. Энэхүү дурсгалаас илэрсэн ханын зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнд гарч байна. Энэ бунхант булш нь
- Үүдэвч,
- Хоёр хөмөг,
- Дөрвөн өрх,
- Хүзүүвч,
- Бунхан,
- Бунханы дээрх шороон овоолго гэсэн бүтэцтэй.
Бунхны хонгилын урт 43 метр бөгөөд бунхан нь газрын гүнд 7.5 метрт оршино. Бунхны үүдэвчний хоёр талын хана болон бунхны дотор хананд 30 орчим дүрслэл бүхий бүтэн ханын зураг илэрсэн байна. Эдгээр зургуудыг үйлдэхдээ шороон ханыг засч тэгшлээд бага зэрэг өвс хольж зуурсан шар шаврыг тэгшилсэн хананд 0,5 см зузаан түрхэж, түүнийгээ усаар найруулсан шингэн шохойгоор шохойдоод, дээр нь улаан, хар, хөх өнгийн шороон будгаар зуржээ.
Ханын зурагт 24 хүн, 1 цагаан бар, 1 хөх луу, эмээл, хазаартай морь 2, нохой 1, туг далбаа 2, сагалгар мод 7-г тус тус зурсан байна. Энэхүү зургийг ажиглавал наад зах нь хоёр зураач зурсан гэдэг нь мэдэгдэнэ.
Зурагт бүрэн хувцастай хүмүүс, эмээл хазаар бүхий морь, нохой, тахилын сүм, шувуу зэрэг олон дүрслэлийг дахин давхцуулалгүй нарийн ураар өнгө ялган зурсан байдаг. Эдгээр зурагт дүрслэгдсэн хүмүүсийн нүүр царай, хувцас, хэрэглэл нь бүгд өөр өөр. Бодит хүний дүрийг дүрсэлсэн бололтой байна. Эдгээр ханын зураг нь эртний нүүдэлчдийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, урлах эрдэм, ертөнцийг үзэх үзэлийг өөртөө шингээсэн хосгүй үнэт дурсгал юм.
Өмнөх судалгааны хэрэглэгдэхүүнд Азийн ханын зургийг Хятад, Япон, Солонгос зэрэг улсын нутгаар хязгаарладаг байсан бол Улаан хэрмийн шороон бумбагарын ханын зураг нь бунхант булшны ханын зургийг баруун зүгт Хангай нуруу хүртэл тэлж өгсөн нь эрдэм шинжилгээний хувьд онц их ач холбогдолтой. Эл дурсгал нь Төв Азийн өндөрлөг түүний дотор Монгол улсын нутгийг бунхант булшны ханын зурагтай бүс нутгийн тоонд багтаан авч үзэх шинэ боломжийг нээж буй юм. Нөгөөтэйгүүр Хятан нар бунхант булшны ханын зураг үйлддэг байсан баримтыг 300 орчим жилээр урагшлуулж, бунхны ханын зургийг Хятад, Япон, Солонгос зэрэг суурин иргэн л гагцхүү үйлддэг байсан бус нүүдэлчид ч мөн адил бунхант булшиндаа ханын зураг үйлддэг байсныг нотлон харуулж байна.
Улаан хэрмийн Шороон бумбагарын бунхант булшны эзэн чухам хэн байсан тухай тодорхой бус боловч VII зууны сүүл үед амьдарч байсан Эртний Түрэгийн язгууртны бунхан хэмээн судлаачид үзэж байна.
Төгсгөлд нь хэлэхэд энэхүү дурсгалаас илэрсэн ханын зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнд гарсан бөгөөд ирэх сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм байна.