Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаатай ярилцлаа.
-Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны дүн маш их буурсан. Энэ нь брокер дилерийн компаниудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Брокер дилерийн компаниудын үйл ажиллагаа хоёр жилийн өмнөөс хумигдаж эхэлсэн. Энэ нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. МХБ-ийн технологийг шинэчлэх ажил 2011 онд Лондоны хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ” байгуулснаар эхэлсэн. Энэ гэрээг байгуулахад алдаа гаргасны улмаас технологийн шинэчлэл дутуудсан. Технологийн шинэчлэлтэй хууль эрх зүйн орчин нь уялдах ёстой. Хууль эрх зүйн орчноо одоо шинэчилж байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдлаа. Гэвч технологи, эрх зүйн шинэчлэлийг уялдаатай хийж чадаагүй. Хувьцаа төвлөрсөн, технологийн шинэчлэл дутуудсан, технологийн шинэчлэлтэй эрх зүйн орчин нь уялдаагүй зэргээс шалтгаалж зах зээл хумигдаж, брокерууд харилцагчдадаа үйлчилгээ үзүүлэх боломж багассан. 1000 гаруй мэргэжилтэн хөрөнгийн зах зээлд ажиллах эрх авсан байдаг юм. Тэд бүгдээрээ чадварлаг залуус. Гэвч зарим нь хөрөнгийн зах зээлийг орхилоо. Брокерийн компаниуд бүгд алдагдалтай ажиллаж байна.
-Санхүүгийн зохицуулах хорооноос 90 гаруй компани брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Эдгээрийн хэд нь танай холбооны гишүүн бэ?
-Хөрөнгийн биржид суудалтай 74 брокерийн компани бий. Үүний 49 нь манай холбооны гишүүн. Гишүүд маань идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Манай холбоо Азийн үнэт цаасны форумын гишүүн.
-Хөрөнгийн биржийн шинэчлэлд юу дутсанаас харилцагчдадаа үйлчилгээ хүргэх боломж нь багассан бэ?
-Хөрөнгийн зах зээлд өмнө нь хэрэглэж байсан программыг Монголын үндэсний “И-Си-Эм” компани боловсруулсан. Энэ компани хөрөнгийн биржийн арилжааны болон Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ)-ийн одоо ч хэрэглэж буй И-Клиринг программыг бичсэн. Мөн брокерийн компаниудын дотоод бүртгэлийн программыг боловсруулсан. Эдгээр программ нь хоорондоо уялдаатай ажилладаг байсан. Технологийг шинэчилсний дараа брокерууд данс нээж чадахаа больсон. Төлбөр тооцооны Т+0 системээр ажилладаг байсныг Т+3 болгож өөрчилсөн. Гэвч үндсэн зарчмаараа ажиллаагүй. Товчхондоо технологийн шинэчлэлийг бүрэн хийж чадаагүй.
Биржийн технологийг арилжааны, арилжааны дараах төлбөр тооцооны, брокерийн систем гэж гурван үндсэн хэсэгт хуваан ойлгож болно. Арилжааны дараах төлбөр тооцооны систем нь хадгаламж, клиринг, төлбөр тооцоо, эрсдэлийн менежмент гэсэн үндсэн дөрвөн функцтэй. Хөрөнгийн биржийн технологийг шинэчлэхдээ үндсэн дөрвөн функцээс зөвхөн хадгаламжийн системийг л нэвтрүүлсэн. Одоо ҮЦТТТХТ Милленниум депозитори системийг л хадгаламж хийхдээ ашиглаж байгаа. Клиринг, төлбөр тооцоог хийдээ И-Клиринг системээ ашиглаж байна. Хоёр системийн автомат холболтыг хийгээгүй учраас зарим ажиллагаагаа гараар шивдэг болсон. Арилжааны дараах төлбөр тооцооны ажлын 19 хувийг Милленниум депозитори, 81 хувийг нь И-Клиринг системээр явуулдаг. Мөн үнэт цаасны арилжаанд брокерийн систем онцгой үүрэгтэй. Үнэт цаасны арилжаа брокерийн системээр эхлээд брокерийн системээр дуусдаг. Брокерийн Фронт оффис систем нь үнэт цаас арилжих захиалга бүртгэдэг, арилжаа явуулдаг. Арилжаа үүгээр эхлээд Бэк оффис системээр дуусдаг. Бэк оффис нь бүртгэл, төлбөр тооцооны систем. Брокерийн системийг ер шинэчлээгүй. Харин одоо Холбооны зүгээс “И-Си-Эм” ХХК-тай хамтран ажиллаж байна.
-Брокерууд хэдэн хувийн шимтгэл авч байгаа вэ?
-Дунджаар хоёр хувь. Үүнд МХБ, ҮЦТТТХТ, Санхүүгийн зохицуулах хорооны шимтгэл багтсан. Үлдсэн нь брокерийн компанид оногддог гэсэн үг. Брокеруудын шимтгэл жил бүр буурсаар байгаа. МХБ 2013 онд 93 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Үүнээс нэг брокерийн компани дунджаар 2-4 сая төгрөгийн шимтгэл авсан гэсэн үг. Арилжааны шимтгэл нь брокерийн компанийн үндсэн орлого болдог юм.
-Ийм бага орлого олдог хэрнээ брокерийн компаниуд дампуурчихгүй ажиллаад байгаагийн учир юу вэ?
-Тусгай зөвшөөрөлтэй, зохицуулалттай брокер, дилерийн компанийг үндсэн үйл ажиллагаанаасаа өөр орлого олохыг хязгаарласан байдаг. Ихэнх брокерийн компани төсөл боловсруулах, зөвлөгөө өгөх зэргээр орлого олж байгаа нь нууц биш.
-Жижиг зах зээлд хэт олон брокерийн компани ажиллаж байгаа юм биш үү?
-МХБ-ийг шинэчлэх “Ажлын мастер гэрээ”-г Лондоны хөрөнгийн биржтэй байгуулахад зөвхөн дотоодын биш, гадаадын хөрөнгийн зах зээлд ажиллах боломж бүрдэх юм байна гэсэн ойлголт төрүүлсэн. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэн бүрт хуваарилж, IPO хийх шийдвэр гарсан нь брокерийн компанийн тоог огцом өсгөхөд нөлөөлсөн юм. Лондоны хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ” байгуулахаас, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжина гэж зарлахаас өмнө 40 гаруй брокерийн компани ажиллаж байлаа. Энэ шийдвэр гарсны дараа брокерийн компанийн тоо 100-д хүрсэн. Сүүлийн үед олон компани хүсэлт гаргаж, тусгай зөвшөөрлөө цуцлуулж байна.
-Брокеруудыг бусдын хувьцааг зарсан, завшсан гэсэн муу нэр үргэлж дагадаг. Одоо дур мэдэн харилцагчийнхаа хувьцааг худалдах боломжгүй болсон биз дээ.
-Тийм. Брокероор мөнгө дамжих эрхгүй болгож, хяналтыг нь чангатгасан. Санхүүгийн зохицуулах хороо дангаараа хяналт тавьдаг байсан бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар манай холбоо гишүүдийнхээ ёс зүй болон мэргэжлийн стандартыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй болсон. Брокерууд харилцагчийнхаа хувьцааг худалдаж завшсан гэсэн хэл ам олон жил яригдлаа. Хөрөнгийн зах зээл шинээр үүсэж байхад төрийн байгууллагын алдаатай шийдвэрүүд хууль зөрчих боломж олгосон тал бий. Зарим брокер үүнийг ашиглаж, бусдын хувьцааг зарж, үрсэн явдал гарсан.
Манай холбооны зүгээс Санхүүгийн зохицуулах хороо, МХБ, ҮЦТТТХТ, брокеруудыг оролцуулан энэ сэдвээр “Нээлттэй сонсгол” хийхээр төлөвлөөд байна. Тухайн үед ямар процесс бий болсон, дахин ийм явдал гарвал хэрхэн шийдвэрлэх вэ, гаргахгүйн тулд яах шаардлагатай вэ гэдгийг сайтар ярилцаад энэ асуудалд цэг тавих хэрэгтэй. Улиглаад байвал хувьцаа худалдаж завшсан гэх яриа хөрөнгийн зах зээлийн хөгжилд тушаа болно.
-Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг шинэчлэх үйл явц үргэлжилж байна. Шинэчилсний дараа зах зээл хэрхэн өөрчлөгдөх бол?
-Эрх зүйн орчны шинэчлэл бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гол хүчин зүйл. Эрх зүйн шинэчлэлийг маш зөв хийх хэрэгтэй. Зах зээлийнхээ хөгжлийг дэмжсэн, боломж нээсэн эрх зүйн орчин бүрдүүлэх учиртай. Хөрөнгийн зах зээлд шууд болон шууд бусаар нөлөөлж, хэрэгждэг 20 орчим хууль бий. Эдгээр хууль уялдаа, авцалдаа муутай нь анзаарагддаг. Жишээлбэл, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Иргэний хууль нь өмчийн тухай ойлголтын зөрүүтэй байх жишээтэй. Мөн Үнэт цаасны хуульд үнэт цаасыг гадаадын болон дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх эрхийг нээж өгсөн. Гэтэл манай Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд эргэлзээтэй зүйлүүд их бий. Энэ бол даяаршсан зах зээл. Зөвхөн Монголын хүрээгээр хязгаарласан эрх зүйн орчинд далайцтай ажиллах боломжгүй. Тиймээс хөрөнгийн зах зээлтэй холбоотой Монгол Улсын хууль, тогтоомжийг олон улсын эрх зүйн актууд болон стандартуудтай уялдуулах хэрэгтэй. Ингэхгүй бол манай зах зээл интеграцид орж чадахгүй. Мөн төрийн хэт зохицуулалтыг багасгах шаардлагатай. Төр шаардлагатай зүйлээ зохицуулаг. Зах зээл өөрөө зохицуулж болохыг нь үлдээх хэрэгтэй. Нэг тал руу нь бүү туйлшруул.
-Нэгэн эдийн засагч “Монголд хөр өнгийн зах зээл байхгүй” гэж егөөдсөн. Монголын хөрөнгийн зах зээлийн өрсөлдөх чадвар дорой болохоор ингэж хэлж байгаа хэрэг. Хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн шалтгаан юутай холбоотой вэ?
-Бодлогын алдаатай холбоотой. Ерөөсөө бодлого байхгүй ч гэж хэлж болно. Олон улсын зах зээлийн чиг хандлагыг хар л даа. Хөрөнгийн бирж өнөөдөр энтертайнмент байгууллага болж хувирч байна. Бүтээгдэхүүнээ сурталчлах, хамгийн сайн бүтээгдэхүүнийг лангуун дээр авчрахын төлөө өрсөлдөцгөөх болж. Хөрөнгийн биржүүд нэгдэж, нийлж байна. Үйлчилгээнийхээ өртгийг бууруулж, өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд нэгдэж буй хэрэг. Энэ өрсөлдөөнд МХБ татагдан орох нь зайлшгүй. Маркетинг, менежмент, хүний нөөц, суурь дэд бүтэц муутай бол бид зах зээлээ, сайн бүтээгдэхүүнээ гадаадын биржид алдана.
Дэлхийд ийм өөрчлөлт гарч байхад Монголын хөрөнгийн зах зээл 20 жил бодлогогүй явж ирлээ. Хэтийн стратегиа тодорхойлж, хөгжлийн үзэл баримтлалаа тусгасан бодлогын баримт бичиг боловсруулж, УИХ-ын түвшинд батлуулах хэрэгтэй байна. Явах зүг чигээ тодорхойлсны дараа зах зээлд оролцогч байгууллагууд үйл ажиллагаагаар хамтарч зах зээлээ хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхгүй бол Монголын хөрөнгийн зах зээл цааш хол “алхахгүй”.
-Хөрөнгийн зах зээлийн бүх дэд бүтэц манайд байдаггүй гэдэг. Бүрдүүлэх талаар ямар нэг ажил хийж байгаа болов уу. Танай холбооны байр суурийг сонсъё?
-Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг бирж, үнэт цаасны төлбөр, тооцоо, хадгаламж, брокер, клирингийн байгууллага бүрдүүлдэг. Өнөөдөр манайд бие даасан клирингийн байгууллага алга. Иймээс Монголд бонд, санхүүгийн үүсмэл хэрэгсэл, валютын зах зээл хөгжихгүй байна. Клиринг нь арилжаа, төлбөртэй холбоотой эрсдэлийг бууруулж, тооцоолол хийдэг байгууллага. Үнэт цаасны зах зээлийн тухай шинэ хуульд клирингийг “Үнэт цаасны арилжааны тооцооны төв” гэж томъёолсон байгаа. Энэ дэд бүтцийг Монголбанкинд тулгуурлаж хийх нь зөв гэж манай холбооныхон үздэг.
Мөн манай хөрөнгийн зах зээлд кастодиан банк гэсэн дэд бүтэц байдаггүй. Кастодиан банк нь хөрөнгө оруулагчийн үнэт цаас, хөрөнгийг хадгалдаг байгууллага. Түүнчлэн татварын тооцоолол, хөрөнгө оруулагчид эзэмшиж буй хувьцаатай нь холбоотой мэдээллийг хүргэх үүрэгтэй хөрөнгө оруулалтын сангийн хамгийн чухал дэд бүтэц нь кастодиан. Манайх Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хэрэгжээд эхэлсэн. Гэтэл Монголд хөрөнгө оруулалтын сан байгуулагдсан, орж ирсэн гэх сураг чимээ алга. Монголын эдийн засгийн нөхцөл сангуудыг хөрөнгө оруулахаас болгоомжлуулж байгаа байх. Гэхдээ л манай зах зээлийг дамжих, хөл тавих дэд бүтэц нь алга байна шүү дээ. Кастодианы тусгай зөвшөөрлийг ҮЦТТТХТ болон арилжааны банкуудад өгөхөөр хуульд тусгасан. Эдийн засгийн байдлаас болж арилжааны банкуудын зэрэглэл буурч энэ эрхийг авахад хүндрэлтэй болгож байна.
Дотоодын банк гадаадын глобал кастодианы шаардлагыг хангах учиртай юм. Хуулиар зөвшөөрсөн тул ҮЦТТТХТ-д тулгуурлаад кастодиан байгуулъя гэсэн санаачилгыг манай холбооныхон гаргасан. ҮЦТТТХТ нь төрийн компани тул хөрөнгө оруулагчид итгэх үндэстэй.
Мөн ҮЦТТТХТ нь RTGS системд холбогдсон Монголбанкны гишүүн статустай. Ингэж Монголд хөрөнгө оруулалтын сан орж ирэх нөхцөлийг бүрдүүлье. Үүнтэй уялдуулж шийдвэрлэх асуудал ч бидэнд бий. Манай улс үнэт цаасны ногдол ашиг, ханшийн зөрүүнээс олсон ашгаас татвар авдаггүй байсан. Энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан учир татвар авч эхэлсэн. Хонконгийн хөрөнгийн бирж ийм төрлийн татвараас бүрэн чөлөөлдөг. Малайзад үнэт цаас гаргаж хөрөнгө босгоход түүнтэй нь дүйцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлдэг. Японд иргэн нь тодорхой хугацаанд үнэт цаасны зах зээлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд татвараас чөлөөлдөг. Том биржүүд татварын хөнгөлөлт үзүүлж, хөрөнгө оруулалтыг татаж байна. Гэтэл татвар авдаг манай биржийг хөрөнгө оруулагчид зорих уу. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд үнэт цаасны ногдол ашиг болон ханшийн зөрүүнээс олсон ашгаас татвар авахгүй байх зохицуулалттай хуулийг УИХ-аас гаргах болов уу гэж найдаж сууна.
-Таны ярианаас хөрөнгийн зах зээлд мөнгө урсах зам алга, бас татвар гэсэн хаалт босгочихож гэж ойлголоо.
-Хөрөнгийн зах зээл угаасаа эдийн засгийн хөгжлийн гүүр юм. Тиймээс гүүртэй зүйрлэж яривал нийцэх байх. Манай хөрөнгийн зах зээл гар аргаар хийсэн, хуучирсан модон гүүртэй адил байгаа. Одоо зах зээлийнхээ хэрэгцээг сайн судалсан, инженерийн шийдэлтэй, бат бөх тулгууртай, төмөр бетон гүүр барих шаардлагатай.
-Хүнд даацын машин зорьдог “гүүр” барих хэрэгтэй гэж үү?
-Тийм. Одоо манай модон гүүрээр явган хүн зорчиж байгаа. Өөрөөр хэлбэл, “жижиглэнгийн” хөрөнгө оруулагчид гэсэн үг. Хүнд даацын машин зорчих гүүр барьж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд, банкууд Монголын хөрөнгийн зах зээлд орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.
Т.Энхбат