Энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болох “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин, найруулагч Г.Дөлгөөн-Аюуштай ярилцлаа.
-Шинэ уран бүтээлийнх нь талаар яриагаа эхэлье. УДЭТ-аас гарснаас хойш та дэлгэцийн уран бүтээлүүдэд түлхүү ажиллаж байна уу?
-Театраасаа гараад гурван жил болчихжээ. Энэ хугацаанд дэлгэцийн уран бүтээл, тэр дундаа “Шанс” агентлагийнхаа 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Сэтгэлд харвасан туяа” кинонд бүх л анхаарлаа хандууллаа. Киногоо өнгөрсөн онд бэлэн болгосон ч цар тахлын улмаас үзэгчдэд хүргэх боломж байсангүй. Олон ч уран бүтээлч киногоо үзэгчдэд хүргэхээр цар тахал намжихыг хүлээж байгаа болов уу.
-“Сэтгэлд харвасан туяа” кинонд тоглохын зэрэгцээ продюсероор ажилласан гэсэн үү?
-Тийм ээ. Киргизийн алдарт зохиолч М.Байджиевын 1968 онд бичсэн “Дуэль” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн кино л доо. Өөрийгөө өөрөөр харуулах, мөн сорихыг хүслээ. Энэ сарын 18-наас үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
-Яагаад энэ зохиолоор кино хийхээр шийдэв?
-Миний ээж, “Шанс” агентлагийн захирал Б.Нарантуяа Улсын багшийн дээд сургуулийн кино, драмын ангийн оюутан байхдаа эл жүжгийн гол дүрд тоглож байсан юм. Агентлагийн ойд зориулж дэлгэцийн уран бүтээл хийхдээ олон талаас нь бодож үзсэний эцэст эл зохиолыг сонгосон. Уг зохиолын хэлэх гэсэн санаа нь миний эмзэглэж явдаг сэдвийг хөндсөн нь сонгосон шалтгаануудын нэг. Түүнчлэн жүжигчнээс маш өндөр уран чадвар шаардахуйц дүрүүдтэй. “Дуэль” зохиолоос сэдэвлэсэн “Сэтгэлд харвасан туяа” жүжгийг 1973, 1985 онд Монголын үзэгчдэд хүргэхэд урдаа барьдаг мундаг жүжигчид тоглож, “амилуулсан” байдаг. Дэлхийн 270 орчим театрын тайзнаа жүжиг, дуурь, бүжгэн жүжиг хэлбэрээр тавигдсан бүтээл юм.
-Зохиолчоос нь албан ёсоор зөвшөөрөл авсан уу?
-Зохиолчтой холбогдож, албан ёсны зөвшөөрөл авахад Монгол, Буриадын соёлын элч Дорж Султимов гэж хүн гүүр болсон. М.Байджиев гуай саналыг маш сайхан хүлээж авсан. “Киног Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү агсны гэгээн дурсгалд зориулж бүтээнэ. Эл хүн бол миний ээжийн багш. Ээж минь Монголын кастингийн “Шанс” агентлагийн үүсгэн байгуулж, 20 жил үйл ажиллагаагаа тасралгүй явуулж буй. Энэ бүхний үндсийг тавьж, ээжийг минь урлагт хөтөлсөн багш нь байгаа юм. Монголын тайз, дэлгэцийн урлагт нэр, нөлөө бүхий хэдэн зуун уран бүтээлчийг бэлтгэсэн эрхэм хүн” гэдгийг тайлбарлахад маш уриалагхан зөвшөөрсөн.
Харамсалтай нь, нэрт зохиолч өнгөрсөн онд цар тахлын улмаас таалал төгслөө. Манай баг, хамт олны хувьд энэ нь маш таагүй мэдээ байв. Тэрбээр 1978 онд Монголд ирж, киноны зураг авч байсан юм билээ. Одоо бол түүний том охинтой нь холбоотой ажиллаж байгаа. Анх зохиолынх нь зөвшөөрлийг авахдаа киногоо Киргизэд гаргахаар ярилцсан. Охин нь ч бидний энэ ажлыг дэмжиж байгаа. Төлөвлөж буйгаар ирэх дөрөвдүгээр сард киногоо Киргизэд нээх болов уу.
-Жүжгийн зохиолыг киноныход та хөрвүүлсэн үү?
-Тэгсэн. 2015 онд би СУИС-д Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшийн удирдлагад магистр хамгаалахдаа дипломын ажлаа “Сэтгэлд харвасан туяа” жүжгээр хийхээр зохиолоо задалж, нухаж байсан юм. Харамсалтай нь, тухайн үед эл жүжгийг хойш тавьж, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”-ээр дипломоо хамгаалсан. Гэхдээ тэр үеэс л эл зохиолд сэтгэлд хадгалаатай л байлаа. Нөгөөтээгүүр, сүүлийн жилүүдэд “Шанс” агентлагийнхаа ажилд ханцуй шамлаж, бие даан уран бүтээл хийхээр бэлтгэлээ базаасан. Анхны уран бүтээл учраас цөөн дүртэй хэдий ч маш баялаг өгүүлэмжтэй эл зохиол яг тохирсон гэхэд болно. Нэлээд задалж, баяжуулахыг хичээсэн. Гэхдээ мэдээж зохиолчийн үндсэн санаа, шугамыг хөндөөгүй. Тэгж чадах ч үгүй. Тийм овилгогүй байдал гаргаж болохгүй шүү дээ.
-Киног таны ээж, жүжигчин, найруулагч, багш Б.Нарантуяа найруулсан. Ээжийнхээ удирдлагад кинонд тоглох ямар байв. Өмнө нь уран бүтээлд хамтарч байсан уу?
-Би айхавтар олон кинонд тоглоогүй. СУИС-ийг төгсөөд л УДЭТ-аар овоглож, долоон жил театрынхаа уран бүтээлүүдэд ажилласан болохоор дэлгэцийнхэд тэр бүр тоглож, олон найруулагчтай хамтрах боломж гараагүй. Театрын найруулагч нартай харилцаж ажиллах нь киноныхоос мэдээж өөр. Жүжигчний мэргэжил бол амьдрал, хүн судлал гэдгийг театрт ажиллаж байхдаа ойлгосон. Мэргэжлийнхээ талаар судалж, ойлгож, мэдсэн зүйлсээ “Сэтгэлд харвасан туяа” кинондоо харуулахыг хичээсэн. Энэ бүхэнд ээжтэйгээ хамтарч ажиллах нь надад илүү дөхөм байлаа. Түшигтэй санагдсан шүү. Суралцах зүйл ч их байлаа. Маш өгөөжтэй уран бүтээл болсон гэж би хувьдаа дүгнэж байгаа.
-Ингэхэд таны УДЭТ-аас гарч, чөлөөт уран бүтээлч байх замыг сонгосон шалтгаан тань юу юм бол?
-Театраас сурах зүйлсээ сурчхаад хаяад гарсан хүн биш шүү дээ. Бие даан уран бүтээл хийхийг л хүссэн хэрэг. Нөхцөл, тохироо нь тэгж л таарсан юм. Гурван жилийн өмнөх төрсөн өдрөөрөө сүүлчийн удаа театрынхаа тайзан дээр гарсан. Театртаа маш элэгтэй, сэтгэлтэй. Ямар нэгэн байдлаар миний тус, хэрэг гарвал хэзээд бэлэн.
-Түүнээс хойш тайзан дээр гарсан уу. Гармаар санагддаг уу?
-Одоохондоо дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллахыг хүсэж байна. Мэдээж хэтийн төлөвлөгөөнд тайзны бүтээл ч бий. Энэ төрлийн уран бүтээлийн санал ирвэл татгалзах зүйлгүй. Тайз, дэлгэцийн ямар ч уран бүтээлд тоглох боломжтой, хөрвөх чадвартай жүжигчин байхыг хичээж байна. “Сэтгэлд харвасан туяа” киноны зохиолыг бичиж, зургаа авч дуусгаад, эвлүүлэг хийж байх үед нэлээд жин нэмсэн. Толгойгоо амраах гээд үсээ ч хусуулчихсан байлаа. Тэр үед “Монгол HD” телевизээс холбогдож, “Ододтой бүжиглэе” шоунд оролцох санал ирсэн юм. Энэ саналыг өөрийгөө хөгжүүлэх, өөрөөр сорих боломж гэж харж, хүлээн авсан. Уг шоуны тайзан дээр л гарсан юм байна.
-Эргэн “Сэтгэлд харвасан туяа” киноны талаар ярья. Эл уран бүтээлд тоглосон дүрийнхээ талаар яриач. Таны өмнө тоглосон дүрүүдээс ямар онцлогтой дүр байв?
-Энэ киноноосоо өмнө Хятадад уран бүтээлээ туурвидаг Өвөрмонгол найруулагчийн киноны гол дүрд тоглосон. Яг л чадалтай бол чадалтай, чансаатай бол чансаатай эрийн дүр байлаа. “Сэтгэлд харвасан туяа” кинонд миний ажилласан дүр амьдрал үзсэн, өөрийгөө олсон эрийн дүр. Эсрэг мэт атлаа эерэг, эерэг мэт мөртлөө эсрэг. Өмнө нь найруулагч нар ихэвчлэн сайн, сайхан залуугийн дүр санал болгодог байж. Одоо бол арай өөр дүрүүдийн санал ирдэг болж.
-“Шанс” агентлагийн дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?
-Бид киноны дуу, дүрс гээд бүхий л зүйлийг олон улсын стандартад нийцэхүйц байлгахаар хичээж байгаа. Тухайлбал, “Сэтгэлд харвасан туяа” киноны хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүмүүсийн сайн мэдэхээр “хоовон” Г.Энхбаяр ах зохиож, хөгжмийн найруулгыг Ц.Оюунбат, хөгжмийн бичлэгийг “Анир” студийн Г.Алтанхуяг нарын чадварлаг, туршлагатай уран бүтээлчид гүйцэтгэсэн. Энэ ташрамд, киноны хөгжмийг тоглосон ДБЭТ-ын симфони оркестр болон киноны дууг дуулсан Гавьяат жүжигчин Б.Дашдондог, “Сэтгэлд харвасан туяа” кинонд хамтран ажилласан уран бүтээлчдэд бүгдэд нь талархал илэрхийлье. Бид эл уран бүтээлээ хүргэчхээд түүхэн сэдэвтэй кино хийхээр бэлтгэж байна. Залуусыг түүх, удам угсаа, өв соёл, уламжлалаа судлаасай, мэдээсэй гэж хүсдэг. Эл киноны талаар дэлгэрэнгүй ярихад хараахан эрт байна.