gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХҮНИЙ ТҮҮХ: Талын шувуудыг 50 жил хамгаалсан судлаач

О.Батхишиг
Хүний түүх
2025-07-28
544
Twitter logo

Намрын аргил хөг бүгдийг автуулах цагаар талын салхийг сөрж, цаст уулсыг даван дулаан орныг нүүдлийн шувууд зорино. Шувууд чуулдаг Хурхдаа өвөг, хархираа, цэн тогоруудыг алс аянд үдэхээр өвгөн судлаач байгалийн төрх, цагийн аашийг ажиглан зогсоо. Хавар шувуудаа угтаж, намар үдсээр 50 жилийн турш тогорууг үр хүүхэд шигээ санан хамгаалж ирсэн ахмад судлаачтай хөөрөлдсөнөө ийн сийрүүллээ.

Бидний яриа эхлэх мөчид түүний утас дуугарлаа. 

-Ээжийн цүнхэнд ягаан хайрцагтай эм бий. Дуусах дөхөж байгаа, би хүнээр дайгаад явуулна гэж намуухнаар хэлээд утсаа тавив. Тэгээд тайвнаар үргэлжлүүлэн

-Ах нь дүү нартайгаа ээлжлээд 90 гарсан ээжийгээ харна. Өнгөрсөн долоо хоногт би очсон, одоо нэг дүү минь дэм болж байгаа, хэмээн хуучлав.

Монголын шувуу судлалын салбарт амьдралынхаа хагас зуун жилийг үнэнчээр зориулсан, 70 хүрсэн ахмад эрдэмтэн нас өндөр ижийгээ халамжилж, хамт өтөлж яваадаа сэтгэл дүүрэн харагдана.

Нацагдоржийн Цэвээнмядаг хэмээх эрхэм Монголын амьтан судлалын салбарт хүндлэн дурсагдах нэр. Хэтрүүлэн өгүүлбээс, тогоруудын эцэг болтол зүтгэсэн хүн. Түүний ажил амьдралын түүхийн учгийг сөхвөөс ийн эхэлжээ.

“БИ ЧИНЬ ДҮҮГЭЭ БАРЬЦААНД ТАВИАД ЕСДҮГЭЭР АНГИД ОРСОН ХҮН ДЭЭ”

1960-аад оны үед олон хүүхэдтэй айлын нэг юм уу хоёр хүүхдийг хөдөө гаргадаг байж. Тэр цагт Биндэр сумын найм, долоодугаар ангийн тэрсхэн хоёр хүүгийн аль нэг нь илгээлт авахдаа тулав. Чамгүй сайн сурлагатай учир хэн нь ч "би гаръя" гэж урьтаж дуугарсангүйд захиргаанаас Н.Цэвээнмядагийг дэвшүүлэн суралцуулахаар шийдвэрлэжээ.

Ийнхүү Онон голын хөвөөнд өссөн дэрмийсэн шар хүү арав төгсөхдөө биологийн шалгалтаа онц өгч, агнуур зүйч, биологийн багш мэргэжлээр их сургуулийн оюутан болжээ. Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул малчин, анчин Нацагдоржийнх гэх айл 12 хүүхдийнхээ наймыг дээд боловсролтой болгосон. Тэдний гурав дахь хүү нь Н.Цэвээнмядаг юм. “Би чинь дүүгээ барьцаанд тавиад есдүгээр ангид орсон хүн дээ,” хэмээн инээмсэглэн дурсав.

Анхны бүхэн л амьдралын нэгэн буланд үлдэж, сэтгэлд дурсамж болон хоцордог. Тийм ч учраас судлаачийн анхны хээрийн дадлагыг сониучирхан асуулаа.

Нэгдүгээр курсийн оюутан ургамлын дадлагаа Горхи-Тэрэлжид хийжээ. Тэр үед “Улаанбаатар орчмын ургамлыг таних бичиг” гэх зузаан ном ашигладаг байж.  200 гаруй зүйлийн ургамлыг бүгдийг нь мэддэг болчихвол өөрийгөө лут хүн болно гэж бодно, тийн чармайна. Ургамал бүрийн латин нэрийг цээжилж, үзээгүй ургамлаа тэрээр урамшин судална.

1975 онд хоёрдугаар курст байхад нь Шинжлэх ухааны академиас Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн экспедиц гарч, шувуу судлалын отряд байгуулагдав. Сургуулийн захирлын хараанд өртсөн тэр даруухан шар хүү отрядын гишүүнээр сонгогджээ.

Хөхтөн амьтан сонирхдог оюутан шувууны судалгаанд анх гарч, мөн анх удаа эх орныхоо баруун хязгаарыг зорих болов. Элээ, шаазгай, болжмороос өөр шувуу мэдэхгүй шахам явсан хүү цавчим хад, сүрлэг уулсаар хүрээлэгдсэн хангай нутгийн түмэн зүйлийн шувуудыг судлах аянд гарсан нь тэр байлаа.

Өгийнуурт очcон өдрүүд.

Тэр үед өнөөдрийнх шиг тоног төхөөрөмж гэж байсангүй. Мэдэхгүй шувуудаа ялгаж, танихын тулд шувуун буугаар буудаж, төрөл зүйлээр нь ангилан, чихмэл хийн судална. Шувуудын амьд ертөнц түүнд туйлын сонин санагдаж, өдрөөс өдөрт улам чармайна. Судалгаанд ингэж гүн орсон хүүг багш нь "сайн байна" хэмээн үнэлж, бие даалган судалгаа хийлгэх болжээ.

-Би ч дотроо "одоо нэг шувуу өгч шинжлүүлнэ дээ" гэж бодтол сарьсан багваахай өгч билээ. Тэгэхэд л сарьсан багваахайг арьстай гэдгийг мэдсэн дээ. (инээв) Бүх шувуу бор шаргал өндөгтэй гэж бодож явтал нов ногоон өндөг харчхаад бүр гайхаж билээ. Сайн багшийн гар дамжсан учраас л би энэ замаар явж, өдий зэрэгтэй яваа хүн гэж өөрийгөө боддог. Болд гэх лут том хүний гарын шавь болоод, 1975 оноос эхлэн 40 гаруй жил хамт ажиллан ихийг сурсан гэж тэрээр дурсаж байлаа.

Өдгөө ч Биологийн хүрээлэнгийн шувуун цуглуулгын санд байх чанартай, стандартын дагуу нямбай хийсэн чихмэлүүдийн дийлэнх нь Цэвээнмядаг гуайн бүтээл гэдгийг судлаачид онцолдог. Чихмэл хийхэд амьтны их биед нь гэмтэл учруулахгүй үрлийн тархалтыг нарийн тооцон буудах чухал аж. МУИС-д ажиллаж байсан чихмэлч Цэвэгжав гуай “Цэвээнмядагийн авчирсан чихмэл хамгийн бага гэмтэлтэй, цэвэрхэн байдаг” хэмээн сайшааж байсан гэдэг.

1992 онд Монгол Улсаас хоёр биологич АНУ-д туршлага судлахаар явжээ. Тэд бол Академич Болд, түүний шавь Цэвээнмядаг нар. Тэд олон улсын Тогорууны санд хоёр сар орчим ажиллаж, орчин цагийн шувуу судлалын шинэ арга барил, чиг хандлагатай танилцав. Ингэж тэдний нүд нээгдэж, эх орондоо эргэн ирээд шувуу судлалын салбарыг шинэ төвшинд хүргэх их аянд гарсан нь Монголын шувуу судлалын түүхэнд чухал хуудас болж үлдсэн билээ.

“НҮДЭЭРЭЭ ЯЛГАДАГ, СЭТГЭЛЭЭРЭЭ ХАМГААЛДАГ ХҮН БОЛ ЖИНХЭНЭ СУДЛААЧ”

Их сургуулиа төгссөн залуу судлаачийн ажлын гараа Шинжлэх ухааны академиас эхэлжээ. Судалгааны анхны алхмуудаа итгэл, эрмэлзэлтэйгээр хийж явахдаа тэрээр “Монгол дагуур”-ын газрыг дархан цаазат болгох үндэслэлийг боловсруулав.

Түүний энэхүү ажлыг тухайн үеийн Байгаль орчны сайд анхааран авч үзэж, Дорнод аймагт томилон, Зүүн гурван аймгийн захиргааг хариуцуулах үүрэг өгчээ. Залуу судлаачийн хувьд энэ бол ихээхэн хариуцлага, бас том итгэл байв.

Шинэхэн ажилтан, дээр нь нялх хүүхэдтэй, гэр хороололд хөлсний хашаанд амьдарч байсан учир ар гэр төвхнөтөл орон нутагт амьдрах нь зүйтэй гэж үзэн саналыг хүлээн авчээ. Тэрээр Нөмөргийн, Дорнод Монголын, Монгол дагуурын дархан цаазат газрын хамгаалалтын газрын даргаар долоон жил гаран ажилласан юм.

Орон нутагт ажиллах долоон жилийн хугацаанд тэрээр Ганга нуурын экосистемийг сэргээж, биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх  томоохон төсөлд эрдэмтний хувиар үнэтэй хувь нэмэр оруулжээ. Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын дунд байгуулсан  Дагуурын дархан цаазат газрыг байгуулах ажилд оройлон ажилласан төдийгүй тусгай хамгаалалттай 10 гаруй газрын эрх зүйн үндэслэлийг боловсруулсан юм.

1990-ээд оны дунд үеэс 2000 он хүртэл Зүүн Ази, Зүүн Хойд Азид шувуу хамгааллын чиглэлээр олон улсын идэвхтэй хөдөлгөөн өрнөж байлаа. Байгаль хамгааллын ажлыг бүс нутгийн хэмжээнд гаргах энэ хөдөлгөөнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон гол хүн нь судлаач Н.Цэвээнмядаг байв. Зүүн Азийн усны шувуудын нүүдлийн зам,  амьдрах орчныг хамарсан төслүүдэд түүний үүрэг оролцоо туйлын чухал байсан нь  Монголд төдийгүй дэлхийн шувуу, байгаль хамгааллын салбарт нөлөөтэй эрдэмтэн болгожээ.

Долоон жилийн дараа тэрээр  Шинжлэх ухааны академидаа эргэн ажиллаж, тэтгэвэрт гартлаа тэндээ тууштай зүтгэсэн юм.

Түүнийг шувуу судлалын салбарт хөл тавих үед Монголд 370 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн, энэ чиглэлээр  гуравхан судлаач ажиллаж байжээ. Харин өнөөдөр Монгол орны шувуудын тоо 520 орчим зүйлд хүрсэн нь энэ салбарт үйл хэргээ зориулж буй 30 гаруй судлаач тэр дундаа судлаачдын үлгэрлэл болсон Цэвээнээ ахын хөдөлмөр үлэмж гэдэгтэй  маргах хүн үгүй биз ээ. 

Тэрээр Онон, Улз, Халх голоос эхлэн Хэрлэн голын дагуу байрлах нүүдлийн шувуудын нөөц газруудыг судалж, зөвхөн тооллого хийх бус, шувуудын тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласаар иржээ. Түүний хариуцсан 200 га бүхий Хурх хүйтний байгалийн нөөц газарт жил бүр  70–80 хос цэн тогоруу, 100 гаруй хос өвөг тогоруу, 20 орчим хос хархираа тогоруу тогтмол үүрлэдэг юм. 

Судлаач хүн аливаад няхуур хандах ёстой. Ямар ч судалгаанд өөрийн дүгнэлтийг хийж чаддаг байх хэрэгтэй. 

Нацагдоржийн Цэвээнмядаг судлаачийн энэ салбарт оруулсан дараагийн томоохон ажил бол экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулсан явдал. Монголд бүртгэгдсэн болжмороос эхлээд эдлэг шонхор хүртэлх бүх шувуудын экологийн үүрэг, хамгааллын ач холбогдол, байгалийн үнэ цэнэ дээр тулгуурласан бодит үнэлгээг боловсруулсан юм.

Энэ ажлыг 2012 онд 140 зүйлийн шувуугаар эхлүүлжээ. Учир нь тухайн жил уул уурхайн компанийн натри асгарч, олон бор шувуу хордож үхэв. Ийн бүх шувуудад үнэлгээ хийх болж тэрээр 2020 он гэхэд 520 зүйлийн шувуунд тодорхой үнэ тогтоосон нь Монголын байгаль хамгаалалд цоо шинэ арга зүй болжээ.

 “Дээхэн үед бид зургаадугаар сард гэрээсээ гараад есдүгээр сарын 10 гэхэд хээрийн судалгаанаас бууж ирдэг байлаа. Сахилга баттай, тууштай, зүтгэлтэй хүн л энэ салбарт чин сэтгэлээсээ ажиллана гэж би ямагт боддог. Тэр бодлоо ч залуу судлаачдад үлгэр болгон хэлдэг” гэв.

ЦЭВЭЭНМЯДАГ АХ ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙГ ХОЛБОСОН “ГҮҮР ХҮН”

Хөл хөнгөн, хараа хурц, ажилсаг, дуртай ажлаа хийж байгаа болохоор ядардаггүй. Дарга цэрэг, оюутан, нутгийн хүн бүгдтэй хүндлэлтэй, хүнлэг харьцана. Хүнийг сэдэлжүүлэх урмын үгсийг нэг их сүр болголгүй зөөлөн хэлнэ. Угаас Цэвээнээ ахтай судалгаанд гарна гэдэг энэ салбарынханд том боломж, их сургамж байдаг ажээ. 

Долоодугаар сард шувууд гуужих үеэр залуу судлаачид олноор хээрийн судалгаанд гарна. Тэрээр залуу судлаачдыг дагуулан завьтай нуурт гарч, шувууг торлон барих, бөгжлөх, өгөгдөл цуглуулах аргачлалд биечлэн сургана. Ажлын завсраар хөлбөмбөг тоглож, завиар уралдана. Биеийн хүчний хувьд ч залуусаас дутахааргүй, нас дал хүрсэн ч өнөөдөр  тэр түрүүлэх нь бий.

1997 онд би оюутан байхдаа анх Цэвээнмядаг ахтай танилцсан юм. Хамтдаа ажиллах хугацаандаа намайг хамгийн их гайхшируулсан нь  газар орны байршлыг онцгой мэддэг нь.

GPS, Google Map ч үгүй байхад хүмүүс Дорнодын талаар төөрөөд түүн рүү залгаж, зам асууна. “Уул толгод нь ингэж харагдаж байна” гэхэд л тэр яг хаана явааг нь мэдээд, замыг заачихна. Нутаг орноо яг л амьсгаагаараа мэдэрдэг мэт. Бид "амьд GPS" хэмээн хочилдог байв.

2009 онд Архангай, Хөвсгөл аймгийн зааг Дээд Улаан нуурт шувууд олноор үхсэн байдалтай таарав. Цэвээнмядаг ах нөхцөл байдлыг хянан үнэлж, цэвэрлэгээ хийж, Мал эмнэлгийн төв лаборатори болон нутгийн удирдлагад мэдээлж, ховор тохиолддог шувууны тахлын үед мэргэжлийн түвшинд хариу арга хэмжээ авч байсныг хэзээ ч мартдаггүй.

Цэвээнмядаг ах бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурвыг холбосон “гүүр хүн”. Монгол орны шувуудын түүхийг цээжээрээ мэднэ. Түүнийг мэдэхгүй, хүндэлдэггүй хүн Монголын байгаль судлалын салбарт үгүй.  Энэ эрхэм хүний ажилдаа гаргах асар зарчимч сэтгэл, бүтээсэн үйл түүхийг үргэлжлүүлэх нь бидний үүрэг гэдгийг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Н.Нямбаяр онцолж байв.

“ЯМАР АЗААР БИ МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРӨВ ӨӨ” ГЭЖ БАХАРХАН СҮСЭГЛЭЖ ЯВДАГ ЮМ АХ НЬ

Тогоруу надад буянаа их хайрласан. Ах нь Азийн бүх орноор л хурал зөвлөгөөнөөр явж үзлээ. Тив хүртэл алгасаж тогоруу хамгаалах олон улсын сүлжээний ажлын хэсгийн гишүүн болсон хэмээж байв. Одоо тэрбээр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвд Хурх хүйтний хөндийн байгалийн нөөц газрын менежментийг хариуцдаг. 

Н.Цэвээнмядаг ах гурван охинтой. Түүний мэргэжлийн залгамж халааг дунд охин нь үргэлжлүүлж байгаа аж. Ажлын амжилт, хийж бүтээхийн үндэс нь бат найдвартай гэр бүл, тэдний дэмжлэг. 

Хөдөө судалгаанд гарахад зээ нараа дагуулж явна. Н.Цэвээнмядагийнх гэдэг айл гэр бүлээрээ шувуу судлаачид болчихсон гэхэд хилсдэхгүй. Бүр цаашлаад гэрийнх нь тавилга, хогшил хүртэл шувууны хэлбэр дүрстэй. Хаалган дээр нь гэхэд томоо гэгчийн цэн тогоруу байх жишээний. Ажил, сонирхол ер бүгд нь жигүүртэн шувуутай нягт холбогджээ. 

Түүнд очиж үзээгүй сум, зорьж очоогүй хязгаар гэж үгүй. Ийн явсныхаа хувьд тэрээр залууст нэн тэргүүнд төрсөн нутаг эх орноо сайн мэдэж, явж үзэх хэрэгтэй гэж зөвлөнө. Өндөр байшин соёл талдаа улс орон минь гаднын хөгжлөөс дутах ч онгон байгалиараа хавь илүү, түүгээрээ ч бахархах учиртай.

Шувууд нь юунаас ч үргэж нисэхгүй болсон гадаадын улсынхан шувуудын минь догшин, байгалийн дагшныг бишрээд буцдаг юм шүү.  Ямар азаар би Монгол хүн болж төрөв өө  гэж бахархан сүсэглэж явдаг юм ах нь. Хүн болж төрснийх чаддаг зүйлээ эх орондоо зориулж байвал амьдралын утга учир бүрдэнэ хэмээв.

Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэх ардын билэгт үгний утгыг өвөл түүнтэй удтал ярилцахдаа, хаврын анхны судалгаанд нь ханьсаж явахдаа ойлгож байлаа. Хийсэн зүйлээ хийрхэн ярихын хувьд тэр ямар ч авьяасгүй нэгэн. Харин хөдөлмөрийн үр шим, хандлага нь түүнийг хэн болохыг таниулах аж. Эх орондоо хайртай байна гэдэг эзэмшсэн мэргэжилдээ эзэн байхын нэрийдэл гэдгийг 50 жилийн тууштай хөдөлмөрөөс нь харж болох.

Ийм талархалтай, дүүрэн сэтгэлээр жигүүрлэж амьдрах хүн хүний хорвоод хэчнээн болдоо...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан