Хөрсний үржил шим нь төрөлхтнийг хоол хүнсээр хангах эх үндэс билээ. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт хөрсний төлөв байдал, үржил шим нь шууд болон дам байдлаар нөлөөлдөг. Дэлхийн дулаарал, үйлдвэрлэлийн хөгжил, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрсний үржил шим, бүтэц өөрчлөгдөж хүнсний эх үүсвэр болсон ургацын чанар, хэмжээг бууруулах томоохон шалтгааны нэг болж байна.
Тиймээс Монгол Улсын хөдөө аж ахуйд ашиглагдаж буй хөрсний үржил шимийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид сайжруулах, хамгаалахын тулд ямар арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй талаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор А.Буянбаатартай ярилцлаа.
-Хаврын тариалалт дөхөж байна. Манай улсын стратегийн хүнс болох улаан буудайн тариалалт, арвин ургац авах эсэх нь хөрсний үржил шимтэй шууд холбоотой байх. Тиймээс манай орны хөрсний үржил шимийн онцлог, өнөөгийн байдал, цаашид юунд анхаарах талаар ярилцлагаа эхэлье.
-Хүнс, хөдөө аж ахуйн салбарын суурь болсон хөрсний асуудлыг хөндөн ярилцаж байгаад талархаж байна. Хөрс, түүний үржил шимийн асуудал нь улс орны нийгэм, эдийн засагт шууд болон дам байдлаар нөлөөлж, хүн төрөлхтний төдийгүй бүх амьд организмын оршин тогтнох, амьдрах эх үндэс болно.
Манай орны хувьд хөрсний үржил шим дундаас доогуур, хөнгөн механик бүрэлдэхүүнтэй буюу элсний агууламж ихтэй хөрс зонхилдог онцлогтой. Мөн газар нутаг маань макро, микро рельеф (хотгор, гүдгэр)-ийн ялгаа ихтэй тул олон хэв шинжийн хөрс тархсан байдаг нь хөрсний үржил шим харилцан адилгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Миний хувьд сүүлийн 20 шахам жил гадаад, дотоодын хөрс судлаач эрдэмтэдтэй хамтран Монгол орныхоо хөрсний төлөв байдал, үржил шимийн түвшинг тогтоох судалгааг хийж байна. Сүүлийн 10 гаруй жилд бусад эрдэмтэдтэй хамтарсан судалгаагаар манай орны нийт нутгаар 6560 хөрсний зүсэлт хийж, 85 мянга гаруй дээж цуглуулан, дээжинд 13 үзүүлэлтээр агрохими, агрофизик шинж чанарыг тодорхойллоо. Судалгааны дүнд манай орны нийт нутаг дэвсгэрийн 1564116 км2 хөрсөн бүрхэвчээс 31.2 хувь (488004 км2) нь доройтсон байгааг тогтоосон.
Энэ нь бидний сайн мэдэх Швед (450064 км2), Япон (377835 км2), Герман (357021 км2) улсын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний талбай доройтсон гэж ойлгож болно. Хөвсгөл аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээг (100.000 км2) дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний талбай доройтсон байна.
МАНАЙ ОРНЫ ТАРИАЛАНГИЙН ХӨРСНИЙ 61.1 ХУВЬ НЬ ЭЛЭГДЭЛД ӨРТСӨН
Бид судалгаандаа нийт газар тариалангийн 312755 га талбайг хамруулсан бөгөөд үүнээс хар хүрэн хөрс 29286 га, цайвар хүрэн хөрс 77041 га, хүрэн хөрс 206428 га талбай байсан. Тариалангийн хөрсний элэгдлийн зэргийг тогтоохдоо ялзмагийн агууламж болон элс, шаврын харьцааг атрын хөрстэй харьцуулсан. Зүүн бүс, Хангайн бүс, Төвийн бүсүүдэд хүчтэй элэгдсэн тариалангийн талбай илрээгүй.
- Зүүн бүсэд 5.5 хувь нь дунд, 61.1 хувь нь сул элэгдсэн, 38.8 хувь нь элэгдэлгүй,
- Хангайн бүсэд 3.5 хувь нь дунд, 42.8 хувь нь сул, 53.5 хувь нь элэгдэлгүй,
- Төвийн бүсэд 13.4 хувь нь дунд, 60.8 хувь нь сул, 25.8 хувь нь элэгдэлгүй байгааг тогтоолоо. Эндээс дүгнэхэд манай орны тариалангийн хөрсний 61.1 хувь нь ямар нэгэн хэмжээгээр элэгдэлд өртсөн байна.
Цөлөрхөг хээрийн бор хөрс хамгийн их доройтолд орсон бөгөөд манай оронд ийм хэв шинж бүхий хөрсний 85.3 хувь нь дунд зэрэг доройтсон байгаа нь анхаарал татна. Энэ хөрс нь манай орны баруун, баруун өмнө, өмнө хэсгийн нутаг буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь зэрэг аймагт тархсан байдаг.
-Тариалангийн хөрсний 61.1 хувь нь элэгдэлд орсон гэх судалгааны дүн гарчээ. Хөрсний элэгдлийг бууруулахад ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хөрсний үржил шимийн бууралтыг зогсоох, доройтлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ ажилд иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоо чухлаас гадна төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 318 дугаар тогтоолоор баталсан “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Нөгөө талаас хөрсний үржил шимийн түвшин, доройтлыг судалж, доройтлын зэргээс хамаарч нөхөн сэргээх технологи боловсруулах, хөрсийг доройтлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд бүх шатны мэргэжлийн байгууллагуудыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, хөрс сайжруулах технологийн судалгааг эрчимжүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, иргэдийг хөрсний үржил шимийг хамгаалах талаар соён гэгээрүүлэх ажлыг тогтмол, цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь чухал юм.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 98 ХУВЬ НЬ ХӨРСНӨӨС БИЙ БОЛНО
-Хөрс хамгааллын ач холбогдол болон дэлхийн хэмжээнд хөрсний төлөв байдал ямар байгаа талаар Та мэдээлэл өгнө үү?
-Хөрс хамгааллын ач холбогдлыг ярихын өмнө хөрсний ач холбогдлыг сайн ойлгох хэрэгтэй. Хүн төрөлхтний оршин тогтнох үндэс нь хөрсний үржил шим гэдгийг дахиад хэлье. Товчхондоо хөрс үгүй бол ургамал үгүй, ургамал үгүй бол хүчилтөрөгч үгүй, хүчилтөрөгч үгүй бол амьдрал үгүй юм. Хүнсний бүтээгдэхүүний 98 хувь хөрснөөс, хоёр хувь нь усны экосистемээс бий болдог. Манай улсын хувьд далайн хүнс гэж байхгүй тул дотоодод үйлдвэрлэж байгаа хүнс 100 хувь хөрснөөс гарч байна. Өөрөөр хэлбэл бид хөрсний үржил шимийг мах, сүү, ногоо, жимс болгож иддэг гэсэн үг юм.
Тэгэхээр хөрс нь хүнсний хангамж, чанар, хүн, амьтны эрүүл мэнд болон бусад олон салбарт эерэг болон сөргөөр нөлөөлдөг. Ийм учраас дэлхийн дайн тулаан нь газар нутгийн төлөөх тэмцэл байсан. Хөрсний үржил шимийн бууралт, доройтол нь хүнс, хөнгөн үйлдвэрийн түүхий эдийн хангамж, чанарт сөрөг нөлөөлөх тул Монгол орны эдийн засгийн тогтвортой байдалд ч мөн сөрөг нөлөөлөх томоохон хүчин зүйлийн нэг болоод байна.
Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 2015, 2018 оны тайланд дэлхийн хөрсний 33 хувь нь эвдэрч, 2050 он гэхэд 90 гаруй хувь нь доройтож болзошгүй байна гэж дүгнэжээ. Хөрсний элэгдэл, газрын доройтол нь дэлхийн хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон аюул учруулж байгааг тодотгосон. Энэ нь дэлхийд хамгийн багадаа 3.2 тэрбум хүний хоол, тэжээлийн хангамжинд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байна.
Газар тариалан болон эрчимтэй бэлчээр ашиглалттай газрын хөрсний элэгдэл, эвдрэл байгалийн хүчин зүйлээс бий болж буй элэгдлийн түвшнээс 100-1000 дахин их байна.
Одоогийн байдлаар газрын доройтлыг нөхөн сэргээх зардал жилд ойролцоогоор 490 тэрбум ам.долларт хүрч байгаа бөгөөд энэ нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсвөөс хэд дахин өндөр юм. Дэлхийн доройтсон газрын 40 орчим хувь нь ядуурлын түвшин өндөр улс орнуудад байдаг байна. Мөн газар тариалан болон эрчимтэй бэлчээр ашиглалттай газрын хөрсний элэгдэл, эвдрэл байгалийн хүчин зүйлээс бий болж буй элэгдлийн түвшнээс 100-1000 дахин их байна.
-Сүүлийн жилүүдэд манай орны ургацын чанар болон хэмжээ тогтвортой биш байна. Энэ байдалд хөрсний үржил шим нөлөөлсөн гэж үзэж болох уу?
-Тариалангийн үйлдвэрлэлд ургац буурах, тогтворгүй байх нь боловсон хүчний хангамж, мэдлэг, ур чадвар, цаг агаар, техник, технологи, хөрсний үржил шим, үр сорт зэрэг хөдөө аж ахуйн орцуудын хангамжаас хамаарна.
Хөрсний шинж чанарыг тодорхойлж, шим тэжээлийн бодис болон чийгийн хангамжийг сайжруулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ технологийг зөв мөрдөх нь ургац тогтвортой байх үндэс болно. Уур амьсгалын өөрчлөлт нь биднийг илүү шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан ухаалаг газар тариалан эрхлэхийг шаардаж байна.
Манай улсын хувьд далайн хүнс гэж байхгүй тул дотоодод үйлдвэрлэж байгаа хүнс 100 хувь хөрснөөс гарч байна.
-Манай улсын 1 га-аас авах ургацын хэмжээ бусад улс орнуудтай харьцуулахад бага байдаг. Ургацын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юу?
-Ургацын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна ургацын чанарын асуудал бас чухал юм. Хөрсний үржил шимийг сайжруулснаар ургацын хэмжээ, чанар нэмэгдэх боломжтой. Үүний тулд бордоог шинжлэх ухааны үндэслэлтэй зөв хэрэглэх, ээлжлэн тариалалт болон тухайн бүсэд тохирсон хөрс боловсруулалтын технологийг мөрдөх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Гол нь эрдэс болон органик бордоог тохирох тун, нормоор хэрэглэх нь зүйтэй.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ мэдээлж байгаагаар хүн амын өсөлттэй холбоотой улс орнуудын эрдэс бордооны хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2025 он гэхэд 226.0 сая тонн эрдэс бордоо шаардлагатай болохыг тооцсон байна. Мөн нийт азотын бордооны 60 хувийг үйлдвэрлэдэг Зүүн Өмнөд Азид ирэх дөрвөн жилийн үйлдвэрлэл өсөлттэй байх төлөвтэй ба 3.3 сая тн-оор нэмэгдэнэ гэж үзжээ.
Бордооны тун, нормыг хөрсний тэжээлийн бодисын хангамж, тарьж буй таримлын хооллолтын онцлог, хөрс, бордооноос тэжээлийн бодисыг авч ашиглах коэффициент зэргийг тооцож зөв тогтоож хэрэглэхгүй бол бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөөлөөд зогсохгүй байгаль орчныг бохирдуулах аюултай. Тухайлбал, 1 кг төмсөнд 250 мг-аас их нитрат азот байвал хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Учир нь хүний биед нитрат азот ихэдвэл цусны хорт хавдар үүсдэг. Иймд бордооны тун, нормыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй.
ХӨРС СУДЛААЧ, АГРОХИМИЧ БОЛ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ЧУХАЛ МЭРГЭЖИЛ
-ХААИС хөрс судлаач, агрохимич мэргэжилтэн бэлтгэдэг үү. Хөрс хамгааллын чиглэлийн мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ, хангамж ямар байна вэ?
-ХААИС-ийн Агроэкологийн сургууль нь 2001 оноос эхлэн Хөрс судлаач-агрохимич гэсэн мэргэжлээр 100 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн. Өмнө энэ мэргэжлээр гадаадад ялангуяа ОХУ-д төгссөн мэргэжилтнүүд их ажиллаж байсан, одоо ч ажиллаж байна. Манай төгсөгчид мэргэжлийн дагуу их, дээд сургуульд багш, төр, захиргааны байгууллага, төсөл, хөтөлбөр, байгаль орчин, газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд мэргэжилтэн зэрэг ажил хийж Монгол орныхоо хөрс хамгаалах, зөв зохистой ашиглах, урьдчилан сэргийлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Хөрс хамгаалах, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх, зөв зохистой ашиглахын тулд мэргэжилтэй боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлэх тал дээр төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр хөрсний доройтол эрчимжиж буй өнөөгийн нөхцөлд хөрс судлаач, агрохимич мэргэжилтний эрэлт, хэрэгцээ өсөх бөгөөд хөдөө аж ахуй, байгаль орчин, хүнсний салбарын асуудал хөрс, түүний үржил шимээс хамаарах тул үнэ, цэнэ нь ямар ч нийгэмд буурахгүй, эрэлт хэрэгцээ ихтэй болох мэргэжил юм.
-Энэ чиглэлийн мэргэжил эзэмшвэл ажлын байрны хангамж, хүрэлцээ хэр байдаг вэ? Мөн хувь хүний амжилтад нөлөөлөх боломжийн талаар Та багш хүний хувьд юу гэж зөвлөх бол?
-Хөрс судлаач, агрохимич мэргэжил нь стратегийн ач холбогдол бүхий чухал мэргэжил. Ажиллах салбарын хувьд газрын харилцаа, байгаль орчин, газар тариалангийн салбаруудад ажиллах бүрэн боломжтой. Мөн түүнчлэн хими, хөрс- агрохимийн лабораториудад химич, шинжлэгч мэргэжилтнээр ажилладаг. Зарим төгсөгчид маань өөрөө ажлын байр бий болгож, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, мал аж ахуйн салбарт тэжээл бэлтгэх, байгаль хамгаалах, газрын харилцааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулах зэрэг олон салбарт хөрвөж ажиллаж байна. Энэ мэргэжлийн онцлог нь хэрэгцээт салбарт хөрвөх чадвартай байдаг нь мэргэжлийн давуу тал бөгөөд ажлын байр хангалттай бий.
-Цаашид хөрсөө хамгаалах, ургацын чанар, хэмжээг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Хөрс хамгаалах, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх, зөв зохистой ашиглахын тулд мэргэжилтэй боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлэх тал дээр төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Элсэлтийн шалгалтын өндөр оноотой төгсөгчдийг энэ мэргэжлээр суралцахад төрөөс тэтгэлэг олгох зэрэг санхүүгийн хөшүүрэг их чухал. Хөрсний доройтлыг бууруулах чиглэлийн технологийн судалгааг БШУЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, БХБЯ-наас захиалж хийлгэх, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг хамтран зохион байгуулахад онцгой анхаарах хэрэгтэй.
УИХ-аар Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг 2012 онд баталсан. Одоо хөрсний доройтол эрчимжиж байгаа тул энэ хуулийг шинэчлэн сайжруулах эсвэл “Хөрс хамгаалах тухай” бие даасан хуулийг шинээр боловсруулан батлуулж, хөрс хамгааллын талаарх эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
“Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөрийн 3.2.4-д заасан “Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Газрын шинэтгэлийн үндэсний хорооны эрх, үүргийг хөрс хамгаалах чиглэлээр өргөтгөн хөрсний зэрэглэл, үнэлгээг тогтоох, хөрс хамгаалах ажлыг урамшуулах дүгнэлтийг орон нутгийн төрийн байгууллагад хүргүүлэх салбар дундын эрдэмтэд, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй орон тооны бус байнгын комисс байгуулж ажиллуулах” заалтыг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Хүн төрөлхтөний хоол хүнс үйлдвэрлэлийн үндэс болсон хөрсний талаар сонирхолтой яриа өрнүүлсэн Танд баярлалаа.