НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С.Өлзийсайхантай ярилцав.
-Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо хэрхэн нөлөөлдөг вэ?
-Бага насны хүүхэд гэдэгт хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсноос найман хүртэл насыг авч үздэг. Зургаа хүртэлх насыг онцгойлон анхаарч ажилладаг. Хүүхдийн бага насыг эхийн хэвлийд байх үе, төрсний дараагаас хоёр нас буюу эхний 1,000 хоног, 3-5 нас буюу сургуулийн өмнөх нас гэж ангилдаг.
Энэ үед хүний бүх амьдралын эрүүл мэнд, сайн сайхан байдал, тархины хөгжил, сурч боловсрох, бүтээлч байдлын суурь тавигддаг. Тиймээс бага насны хүүхдэд эцэг эхийн хайр халамж ирээдүйн амьдралд хамгийн их нөлөөтэй. Энэ үед гэр бүл дотор айх аюулгүй, хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчин бүрдүүлэх нь хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд маш чухал.
Хүүхдийн бага нас бие махбод, нийгэм, сэтгэл зүйд нөлөөлдөг. Хүүхэд ээж ааваараа хайрлуулж, эерэг орчинд өсвөл ирээдүйд сайхан амьдрах эхлэл болдог. Хүүхэд найм хүртэл настайдаа олж авсан мэдлэг мэдээлэл тархины хөгжлийг бүрэлдүүлж, ирээдүйд сурах, ямар зан төлөвтэй болох, эрүүл байх суурь болдог юм.
Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэнд, хоол тэжээлийн хэрэгцээнд анхаарч, аюул ослоос сэргийлж, аливаад суралцахыг дэмжих хэрэгтэй. Манай улсад 0-5 настай 440 мянга гаруй хүүхэд байдаг. Энэ нь нийт хүн амын 14 хувийг эзэлдэг. Алслагдмал хөдөө амьдардаг, өрхийн орлого доогуур айлын хүүхдүүд, үндэстний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн үйлчилгээний гадна үлдэх асуудал бий.
Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо хамгийн чухал.
2018 оны НҮБ-ын Хүүхдийн Сангийн Олон үзүүлэлтийн түүвэр судалгаагаар нийт 2-4 настай хүүхдийн 68 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ. Хөдөө 51, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдийн 28 хувь нь л цэцэрлэгт явсан.
Мөн манай орны эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын үйлчилгээний салбар дундын хамтын ажиллагаа дутмаг, босоо тогтолцоотой. НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөөгийн, амьжиргааны түвшин доогуур эцэг эх, асран хамгаалагч нарын эцэг эх байх ойлголт мэдлэгийг сайжруулахаар ажилладаг.
-Бага насны хүүхдийн хөгжил гэхээр их өргөн хүрээтэй сэдэв байна.
-Тийм шүү, маш өргөн хүрээтэй сэдэв. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бодлогын орчныг сайжруулах, өрхийн эмч, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтны чадавхыг бэхжүүлэх, эцэг эхэд зориулан бага насны хүүхдийн хөгжлийн сургалт явуулах, олон нийтэд түшиглэсэн үйлчилгээний загвар бий болгох, иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэх үйл ажиллагаа явуулдаг.
Бодлогын орчныг сайжруулах хүрээнд БШУЯ-тай хамтран 2005 оны бага насны хүүхдийн цогц хөгжлийн бодлогыг шинэчиллээ. БШУЯ, ЭМЯ, ХНХЯ-ны сайд нарын хамтарсан тушаалаар Арга хэмжээ нэртэйгээр тавдугаар сарын 26-нд баталлаа. Энэ хүрээнд Засгийн газар 2030 хүртэл бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр хийх үйл ажиллагааг тодорхойлсон. Мөн 0-3 настай хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөрийг дээрх гурван сайд 2022 оны арванхоёрдугаар сард баталгаажуулсан.
Тавдугаар сарын 30-нд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр БШУЯ “Бага насны хүүхдийн цогц хөгжил: Олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” чуулга уулзалт зохион байгууллаа. Энэ чуулга уулзалтаар Бага насны хүүхдийн цогц хөгжлийн арга хэмжээг 21 аймаг, есөн дүүргийн удирдлагуудад танилцуулж, хэрэгжүүлэхийг уриалсан. Мөн Бага насны хүүхдийн хөгжлийн сүлжээ байгуулан, 25 төрийн болон олон улсын байгууллагууд нэгдэж, улирал бүр уулзаж, мэдээлэл солилцдог болсон.
Бага насны хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмч, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнуудыг цогц хөгжил, хамтын ажиллагааны чиглэлээр, мөн эцэг эх, асран хамгаалагч нарт сургалт явуулахаар ажиллаж байна.
Олон нийтэд хандсан мэдээлэл, нөлөөллийн ажлуудыг телевиз, хэвлэл мэдээллийн сувгуудаар түгээдэг. Жишээлбэл, гэртээ хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих тухай арван нэвтрүүлгийг “Дрийм ТВ” сувагтай хамтран бэлтгэж, БШУЯ-ны medle.mn вебсайтад байршууллаа.
Хүүхдийн тархины хөгжлийн 90 хувь нь зургаа хүртэлх насанд явагддаг.
-Та манай уншигчдад хүүхдийн тархины хөгжлийн талаар тайлбарлаж өгнө үү?
-Хүүхдийн тархины хөгжил бага насанд хамгийн их явагддаг. Хүүхдийн тархины хөгжлийн 90 хувь зургаа хүртэлх насанд нь явагддаг гэж эрдэмтэд үзэж байна. Хүүхэд эхээс мэндлэхдээ 100 сая тархины эстэй төрдөг. Хоёр нас хүртэлх хугацаанд ээж аав, орчинтойгоо харилцаж, маш олон тархины эсүүд нь хоорондоо холбогддог.
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа хамгийн түрүүнд хүрч байгааг мэдэрдэг бол дараа нь амтлах, дуугарах, үнэртэх, харах мэдрэмжтэй болдог. Төрсний дараа хүүхдэд эдгээр мэдрэмжүүд орчноосоо сурах, нийгэм сэтгэл зүйн хувьд дасан зохицох боломжийг олгодог юм. Тархины хөгжлийг дэмжих энгийн аргууд нь хүүхдээ тэврэх, хөхөөр хооллох, хүүхэдтэйгээ ярилцах, тоглох, ном уншиж өгөх юм.
-Хүүхдийг сургалтад хамруулах, шинэ зүйл заахад хамгийн тохиромжтой үе нь хэзээ вэ?
-Эдийн засагчдын хийсэн судалгаа нотолгоонд тулгуурлаж хэлэхэд хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт бол хүүхдийн бага насанд хийсэн хөрөнгө оруулалт юм. Нобелийн шагналт эрдэмтэн Жэймс Хэйкманийн судалснаар өнөөдөр та тав хүртэлх насны хүүхдэдээ нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд тэр нь 12 ам.доллар болж өснө гэдэг.
Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжсэнээр хүүхдийн эрүүл мэнд, боловсролд эерэг үр дүн гарахаас гадна гэмт хэрэг багасаж, хүмүүс илүү орлоготой амьдрах боломж бүрддэг.
-Бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаар ярьж өгнө үү.
-Хоёр нас хүртэл хоол тэжээл хамгийн чухал. Тиймээс ээжүүд жирэмсэн үедээ хүүхдэд хэрэгтэй амин дэм ууж эхэлдэг. Хүүхдийг төрөнгүүт болон зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллохыг зөвлөдөг.
Эхийн сүү хүүхдэд хэрэгтэй бүх шим тэжээлийг хангана, хүүхдийг өвчлөхөөс сэргийлж, тархины хөгжлийг дэмждэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийг хоёр нас хүртэл хөхүүлэхийг зөвлөдөг. Зургаан сартайгаас нь бор хоолонд оруулж эхэлдэг. Хүүхдийг олон давтамжтай, бага багаар хооллохыг зөвлөдөг юм. Гэхдээ хүүхдийг ам дамжуулан хооллохоос зайлсхийх хэрэгтэй, амаар нян бактери дамжих аюултай.
Хүүхдийн өсөлтийн хоцролт хөдөөд хотын хүүхдийнхээс хоёр дахин их.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас 2017 онд Хоол тэжээлийн судалгаа хийхэд тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдалд бүс нутгийн хоорондын ялгаа их байв. Жишээлбэл, хүүхдийн өсөлтийн хоцролт хөдөөд хотын хүүхдийнхээс хоёр дахин их.
Хөдөө нийт хүүхдийн 11.6 хувь нь өсөлтийн хоцрогдолтой байхад хотод 6.1 хувь байсан. Мөн хүүхдийн таргалалт нэмэгдэж, тав хүртэл настай нийт хүүхдийн 12 хувьд таргалалт байна. Бусад тоо баримтуудаас дурдвал тав хүртэлх настай хүүхдийн дунд 21 хувь нь төмрийн дутагдалтай, 70 хувь нь витамин А-гийн дутагдалтай, 90 хувь нь Д витамины дутагдалтай гарсан.
Тиймээс НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс тав хүртэлх насны хүүхдэд олон найрлагат бичил тэжээлийн холимог өгөхийг, витамин А, Д-г нэмэлтээр өгөхийг зөвлөдөг.
-Та НҮБ-ын Хүүхдийн Санд хэр удаан ажиллаж байна вэ? НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн төлөвлөгөөг танилцуулна уу?
-Би зургаан жил ажиллаж байна. Бид Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймгууд, Баянзүрх дүүргийн хүүхдийн эмч, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнуудад Бага насны хүүхдийн цогц хөгжил сэдвээр цуврал сургалтууд явуулсан.
Эрүүл мэнд, боловсрол, хамгааллын салбар дундын хамтын ажиллагааг хангах чиглэлээр ажиллан, энэ ажлаа бусад аймаг, дүүрэгт түгээхээр ажиллаж байна.
Мөн эцэг эхэд зориулсан гарын авлагууд хэвлэж, Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих ТББ-тай хамтран сургалт, сурталчилгаа хийж байна. Баянзүрх дүүргийн 17-р хороонд олон нийтэд түшиглэсэн, Бага насны хүүхдийн хөгжлийн төв байгуулан, үйл ажиллагаа явуулдаг. Ийм төвүүдийг олноор байгуулбал эцэг эх, олон нийтэд илүү ойртоно.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.