Эдийн засгийн ирээдүйн хэтийн төлөвөө өнөөдрийн боловсролын тогтолцооны чанараас олж харж болно гэсэн үг бий. 25 жилийн турш эдийн засгаа хэрхэн хөл дээрээ босгох талаар ярьж байгаа бидэнд их хамаатай үг. Уг нь ч огтоос анзаараагүй сэдэв ч биш. Энэ 25 жилийн хугацаанд боловсролын тогтолцоогоо сайжруулах замаар хөгжилд хүрэх тухай олон ч ярьж, ярьснаасаа арай цөөнийг хийсэн. Гэхдээ ахиц дэвшил гарсан уу гэдэг эргэлзээтэй.
Монголын боловсролын тогтолцоо хаана яваа талаар бидэнд ойлголт алга
Юун түрүүнд, хэмжих стандарт тогтоогоогүйгээс бидэнд бодит хариулт алга. Үзмэрч шидтэнүүдийн лекц хотын хамгийн том үзвэрийн танхимуудыг дүүргэж, зах зээлийн энэ гайхалтай орон зайг нь анзаарсан гаднын шуламнууд ч айлчилж, Баабар хүртэл “Түмэн бодисоо судалъя” хэмээн уулга алдаж байгаагаас харахад ахиц дэвшил гарсан гэж дүгнэх аргагүй. Хичээлийн шинэ жил бүрээр эцэг эхчүүд сургалт сайтай гэгддэг сургуулиудад хүүхдээ оруулчих санаатай чадах ядахаараа хичээдгээс харахад Монголын боловсролын тогтолцооны чанарт хангалтгүй гэсэн дүн тавьж болно. Улаанбаатарын сурагчдын нийт хэдэн хувь нь өөрийн харьяаллын бус сургуульд сурдгийг тооцвол бас л сонирхолтой үр дүн гарах байх. Энэ бол боловсролын чанар жигд бус тархсаны нэг баталгаа. Үр хүүхдийнхээ боловсролд анхаарах боломжтой эцэг эх нь яаж ийгээд сайн сургуульд хүүхдээ орууллаа гэхэд үлдсэн нь яах вэ?
McKinsey and Co компаниас улс орнуудын боловсролын тогтолцоонд үнэлэлт өгөхдөө “Аливаа улс орны боловсролын тогтолцооны чанар нь багш, мэргэжилтнүүдийн чанараас шууд хамаардаг”-ийг онцолсон. Хичээл номдоо сайн хүүхдүүд нь хуульч, эдийн засагч болж, тунаж үлдэгсэд нь Багшийн дээдийг зорьдог байдал одоо ч хэвээр. Мэдээж хэрэг өөрийнхөө сайн сайхныг огоорон нийгэмд үйлчлэхийг зорьсон “маанагууд” ч бий. Гэхдээ тэд олонхи биш нь ойлгомжтой.
Сүүлийн жилүүдэд боловсролын чанарын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх болсон БНСУ гэхэд их дээд сургууль төгсөгчдийн хамгийн шилдэг таван хувьд бага, дунд сургуульд багшлах эрх олгож, багш нарын цалинг хөдөлмөр эрхлэгчдийн хамгийн өндөр цалинтай эхний 20 хувьд багтаах ёстой гэсэн шаардлага тавьдаг аж. Бас нэгэн шилдэг боловсрол олгогч улс болох Финляндад дунд сургуулийн багш хамгийн өндөр эрэлттэй ажлуудын нэг. Мэдээж хөшүүрэг нь цалин.
Ингээд асуудал цалин мөнгөн дээр тулаад ирүүт бодлого боловсруулагчид нимгэн төсвийн зовлонгоо уудлан уруу царайлдаг. Гэхдээ боловсролын тогтолцооны чанарт мөнгө чухал нөлөөтэй ч зайлшгүй биш бололтой. Манай улсаас хавьгүй ядуу Вьетнам л гэхэд сүүлийн жилүүдэд боловсролын салбарын дэвшлээрээ дэлхийн нийтийг гайхуулж байна.
Улс орнуудын боловсролын салбарт үнэлэлт өгдөг PISA (Programs for International Study Assessment)-ийн шалгалт гэж бий. Эдийн засаг хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулдаг энэ шалгалт нь улс орнуудын боловсролын тогтолцоонд үнэлэлт өгдөг хамгийн нэр хүндтэй шалгалт. 15 настай сурагчдын уншиж ойлгох, математик, шинжлэх ухаан, санхүүгийн энгийн мэдлэгийг шалгадаг PISA гурван жилд нэг удаа болдог бөгөөд хамгийн сүүлд энэ жил явагдсан. Энэ жилийн PISA-ийн шалгалтад нийт 76 улс оролцсоноос Сингапур тэргүүлж, Хонконг, БНСУ, Япон гэсэн манай тивийн өөр дөрвөн улс удаалсан бол Финлянд айргийн тавд багтжээ. Харин Гана, ӨАБНУ, Марокко, Гондурас зэрэг улсууд сүүлийн байруудад жагссан байна.
Харин дээр дурдсанчлан ах дүү Вьетнамын ард түмэн математик болон шинжлэх ухааны мэдлэгийн нэгдсэн түвшингээр 12-р байрт буюу Герман, Их Британи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын өмнө жагссан байх юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь ихээхэн гайхалтай амжилт гэнэ. Учир нь Вьетнамын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд сүүл мушгидаг. Үүнээс гадна нэг намын засаглалтайгаас авилгын индекс өндөр, дээд боловсролын тогтолцоо нь тааруу. Дэлхийн банкнаас боловсон хүчин нь шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны чадвар, хамтын ажиллагаа муутай гэсэн шүүмжлэл сонсдог улс юм.
Тэгвэл тус банк Вьетнамын энэ амжилтыг Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд боловсролын салбарыг идэвхитэй дэмжсэн байдалтай холбон тайлбарлажээ. Жишээ нь 2010 онд л гэхэд Вьетнамын төсвийн 21 хувь нь боловсролын салбарт зориулагдсан байна. Энэ нь Эдийг засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн улсууд дундаа хамгийн өндөр үзүүлэлт. Тус нийгэмлэгийн Боловсрол, ур чадвар хариуцсан захирал Андреас Шлейшерийн өгүүлснээр “Барууны боловсролын систем өргөн хүрээтэй нимгэн мэдлэг олгож байхад Вьетнамын тогтолцоо цөм концепцууд дээр тогтож, гүн мэдлэг олгоход чиглэж байна” хэмээн дүгнэжээ. Мөн тэрбээр сургууль дээрх дэг журам, багш ба боловсролын нийгэмд хүндлэгдсэн байдал зэрэг соёлын хүчин зүйлс ч нөлөөлсөн болохыг дурджээ. Харамсалтай нь социализмын үед тогтсон энэ мэт соёлын онцлог маань хэдийнээ үгүй болжээ. Вьетнамын Засгийн газар энэ зууны төгсгөл гэхэд ДНБ-ийхээ хэмжээг гурав дахин өсгөх гэсэн том зорилго тавиад байгаа аж. Боловсролын салбар дахь амжилтаас нь дүгнэвэл энэ хэтийдсэн зорилго биш бололтой.
Аливаа улс орны боловсролын тогтолцооны чанар нь багш, мэргэжилтнүүдийн чанараас шууд хамаардаг
Тэгвэл бид хаахна явна вэ? Харамсалтай нь 2008 оноос хойш боловсролын салбартаа төсвөөс гадна хоёр тэрбум орчим төгрөгийг Хүний хөгжлийн сангаас зарцуулсан атлаа биелэлтийг нь дүгнэх PISA зэрэг шалгалтад Монгол улс оролцож байсангүй. Өөрөөр хэлбэл Монголын боловсролын тогтолцоо хаана яваа талаар бидэнд ойлголт алга. Уг нь эцэг эх үр хүүхдийнхээ боловсрол мэдлэгийн түвшинг, ажил олгогчид ирээдүйн боловсон хүчнийхээ чадамжийг, цаашлаад засаг төр улс орныхоо ирээдүй, явуулсан хөтөлбөр зорилтынхоо биелэлтийн талаар мэдэж байх ёстой. Тэрчлэн, сурагчид ч мэдлэгийн түвшингээ үе тэнгийнхэнтэй харьцуулан үзэх эрхтэй. Магадгүй бодлого боловсруулагчид үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд өгдгөөс энэ талаар мэдэх сонирхол байдаггүй ч байж болох. Угтаа бол ерөнхий боловсролын системийн чанар чансаагаа мэдэж авна гэдэг нь Монгол улс глобал өрсөлдөөнд нөөц бололцоогоо хэр зэрэг ашиглаж байгаагийн нэг хэмжүүр юм. Авьяас чадвар гэдэг өвлөгдөж биш санамсаргүй тохиодог зүйл болохоор ерөнхий боловсролын тогтолцооныхоо чанарыг дээшлүүлэх нь өнөөдрийн баян ядуугийн зааг ялгааг арилгах бараг цор ганц арга юм. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагт баялаг нэг цэгт хэт төвлөрдөг сул талтай байдаг билээ.
Тэгэхээр юу юугүй Сингапур, Финляндын жишээг давтахаар мөрөөдөж, Кембрижийн стандартыг нэвтрүүлэх гэж хөөрцгөөхөөсөө өмнө улс орнуудын боловсролын системд үнэлгээ өгдөг шалгалтад хамрагдах шаардлагатай мэт. Ингэж байж бид хаа яваагаа, ахиц дэвшил гарч байгаа эсэхээ харж, үүн дээрээ тулгуурлан цаашдын бодлого боловсруулна. Одоогийн бидний байдал нүдээ аньж, чихээ таглаад урагшаа гэж итгээд алхаж буйгаас өөрцгүй байна. PISA-ийн шалгалтад баян ходоодоор шалгарсан Гана зэрэг улсыг шоолон инээж болох ч тэдний удирдагчдын бодит байдлаа мэдье, үүн дээрээ тулгуурлан хойч үеэ хөгжүүлье гэсэн эрмэлзлийг хүндэтгэхгүй байхын аргагүй. Хэдийгээр PISA-ийн шалгалтыг өнгөрөөсөн ч өөр нэг нэр хүндтэй үнэлгээ болох TIMSS 2015 (Trends in International Mathematics and Science Study) шалгалтад оролцох боломжтой нээлттэй хэвээр байна.
А.Амармэнд