Нүүдэлчин угсаатны үнэт зүйл дээр тулгуурласан монголчуудыг иргэншил бүтээгээгүй мэтээр ярилцах нь бий. Гэвч энэ нүүдэлчин ард түмэн дэлхийн талыг бохируулж Эзэнт гүрэн хэрхэн байгуулж байсан нь, тэдний эрхлэн явуулсан төр, шашин, эдийн засгийн бодлогууд өнөө ч бусдыг гайхшруулсаар. Угтаа бол энэ нь иргэншлийн шинж чанарууд л даа. Олон нийтэд хот суурин байгуулж байж иргэншил тогтдог мэт ойлголт түгээмэл тул Их Монгол улсын нэгэн хотын тухай өгүүлсүү.
Эрдэмтэн судлаач Д.Майдар, Х.Пэрлээ нар хамтран Монгол улсын нутаг дэвсгэрт байсан эртний 243 хот суурингийн тоймчилсон жагсаалтыг хийсэн байдаг. Тус жагсаалтаас бүдүүлэг гэгдэх нүүдэлчид багагүй хот сууринг байгуулсан болохыг харж болно. XIII-XIV зууны үед Алтан Ордны Сарай, Эзэнт гүрний нийслэл Хар Хорум, Юань гүрний нийслэл Шанду (Дээд нийслэл), Хаанбалгас буюу Дайду (Их нийслэл) зэрэг нийслэл хотууд хараа булаам сайхнаараа шагшигдаж байсан нь түүхийн хуудаснаа үлджээ.
Ер нь нийслэл гэдэг нь зөвхөн хот суурингийн тухай ойлголтоор хязгаарлагдахгүй бөгөөд соёл, улс төр, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засгийн төвийн тухай ойлголт юм. Угтаа нийслэл нь тухайн улс гүрэн үндэстэний эдийн болон сэтгэлгээний үнэт зүйлийг хадгалж, ирээдүй хэт алсыг тодорхойлохын сацуу түүхэн санамжыг хамгаалж байдгаараа онцлог. Тиймээс аливаа нийслэл нь улс үндэстэний үнэт эрдэнэ гэлтэй.
Их Монгол улсын анхны нийслэл Ауруг. Эзэнт гүрний үеэс монголчууд хэд хэдэн нийслэлтэй байсан бөгөөд түлхүү Хархүрэм буюу Хар Хорумыг бид дурддаг. Тэрнээс өмнө Тэмүжинг Хамаг Монголын хаан ширээнд суух үеэс хөгжиж ирсэн Чингисийн Их Орд Ауруг хэмээх нийслэл байсныг бид төдийлөн мэддэггүй. Түүх сөхвөөс Чингис хаан 1220 онд их хуралдайгаар Их Монгол улсын нийслэлийг Ауруг ордноос Хархүрэм хот руу шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр энэ Ауруг хэмээх орд нь юуг өгүүлнэ вэ? Ауруг нь Чингис хааны дөрвөн ордоны нэг бөгөөд анхны суурин хэлбэрийн нийслэл болон хөгжиж байсан хот юм. Чингис хааны ордуудаас хамгийн нэр хүндтэй орд байсан бөгөөд захирагдаж байсан улс орнуудаас алба татварт өргөсөн аливаа хүнс, эд агуурс барааг хадгалдаг байсан Их Монгол улсын эрдэнэс, хөрөнгийн сан гэж хэлж болохуйц газар юм. Мөн анхны нийслэл хэмээн олон судлаачид нотлон хэлдэг. Эхэндээ нүүдэллэж байсан тус орд Хэрлэнгийн хөдөө аралд Аураг рашааны хойхон талд Рашаан дэрсний ухаа хэмээх газар сууршиж 1189 оноос хойш гуч гаруй жилийн туршид онцгой байр суурийг эзлэж байсан ажээ.
Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо”-г эртний монгол хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ буулгаж хэвлүүлэхдээ өмнөтгөлд нь эртний Хөдөө арал, Ауруг ордын тухай онцгойлон тэмдэглэн үлдээсэн байдаг. Хэрлэнгийн хөдөө арал нь Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус / Сэнгүр горхи / - оор хязгаарлагдсан хээрийн бүс нутаг. Тус нутаг нь монгол төрийн голомт бөгөөд үе үеийн хаад энд хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, хожим хаадын онгон шүтээний төв удаан хугацаагаар төвлөрч байжээ.
Хот байгуулалт. Аваргын балгас (Ауруг нь сунжраад Аварга болсон) туурийг малтахад Ауруг Орд нь дөрвөн хэсгээс бүрддэг байжээ. Нийт талбай нь 4,5 ам дөрвөлжин. Өнөөгийн Аваргын туурь гэх болсон газрыг 1969 онд археологич Х. Пэрлээ гуай малтаж үзээд XIII зууны үеийн хот хэмээгээд Чингисийн Их Ауруг Ордны үлдэгдэл мөн гэж үзсэн байдаг. Ауруг нь гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, хэрэм бүхий орд харш гээд дөрвөн хэсэг бүхий суурин байжээ. Гар урлалын хороолол нь хотын зүүн хэсгээр байрлаж байсан бол хотын төв хэсэгт хааны шүтээний ордон байсан ажээ. Судалгаагаар хотод нийтдээ 13 хэрэмт барилгын үлдэгдэл олджээ. Түүхч Д.Майдар, Т.Майдар нар 10,4 см өргөн нүхтэй тэрэгний цөн, залгацтай чулуун багана зэргийг олж тухайн үеийн барилгын чадвар өндөр шатанд хүрч байсныг онцлон тэмдэглэсэн байдаг.
Их Ауруг нь Чингис хааны ан хомрог, дайн тулаанд мордохдоо орд гэр, мал сүрэг, өтгөс хөгшид, эд агуурс, эмс хүүхдээ итгэмжит нэгэн ноёндоо захируулан үлдээдэг, түргэн сэлгэж нүүх чадалтай нүүдлийн их хөдөлгөөнт ордон байж байгаад сүүлд суурьшсан байдаг. Их Ауруг ордыг Бөртэ хатан захирч байсан тухай судлаачид мөн нотлон өгүүлдэг. Тус орд нь нь тухайн үеийн цэрэг, улстөрийн үйл ажиллагааг удирдан явуулах, жижиг үйлдвэрлэл хөгжих, худалдаа хийх, соёл урлаг хөгжих томоохон төв болоод байв.
Монголын нууц товчоо ба Их Ауруг Орд. Монголын нууц товчоонд Ауруг Ордын тухай багагүй дурьдагддаг. Сонирхолтой нь Их Ауруг Орд ба Монголын нууц товчоо ихэд нандин холбоотой. Нууц товчооны эцсийн 282-р зүйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай тодорхой мэдээ бий. “Их хуралдаа хурж хулгана жил хуран сард Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог Шилгэнцэг хоёрын завсар ордос бууж бүхүй бичиж дуусав” гэжээ. Энэ дурдсан хулгана жил бол 1240 он мөн болохыг эрдэмтэд нэгэнт олж тогтоосон. Ийнхүү Хэрлэнгийн хөдөө аралд Ауругын ойролцоо бичиж дуусгасан байдаг.
Эцэст нь Чингисийн Ауруг Орд болон Хэрлэнгийн хөдөө аралд Монголын Хаад хаан ширээнээ заларч, эгнэгт төрийн орчил Их хуралдай чуулж, Дэлхийн эзэнт гүрний бичээс “Монголын нууц товчоо” бүтээгдэж, хаадын их онгон шүтээний төв оршин байсан тухай гайхамшигт түүх алтан үсгээр бичигдэн үлдэж Мөнхөд дуурьсагдан нэр нь түгэх учиртай Өндөр дээд өвөг дээдсийн ариун дагшин их хот ажээ. Аргагүй л их түүхийн гэрч нь байж Хамаг Монгол улсыг нэгэн дээвэр дор нэгтгэж Эзэнт гүрний суурийг тавилцсан Их нийслэл үнэт эрдэнэ мэт хот юм.