Эм, эмнэлгийн тухай хууль шинэчлэгдэн энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан эмийн санчид жоргүй эм олголтоо зогсоож, иргэд мэдээлэлгүйн улмаас олон нийтийн сүлжээнд ихэд бухимдацгаасан.
Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тодруулахад "Эмийг жороор олгоно гэх зохицуулалт 20-30 жилийн өмнө мөрдөгдөж байсан хууль. Энэ хуулийг дагаж гарсан Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтууд нэмэгдсэн. Жороор олгох тухай шинэ журам зохицуулалт нэмэгдээгүй гэсэн үг. Монгол Улсад 4200 эм бүртгэлтэй байна. Үүнээс 1800 орчим нь жоргүй олгодог. Энэ эмийн мэдээллийг https://licemed.mohs.mn/ порталаас харах боломжтой” гэх мэдээллийг өгсөн.
Үүний дараагаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдэгдэл гаргаж “бүх эмийг жороор олгоно” гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй, хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгох болохыг анхааруулж байна” гэсэн юм.
Бид энэ асуудлын талаар сурвалжлахаар иргэдийн сэтгэгдлийг сонсов. “Та эмийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, эмийг жортой, жоргүй олгох” талаар мэдээлэлтэй байсан уу гэх асуултад 10 иргэн “Үгүй” гэж хариулав. Эрчүүд нь энэ асуудлын талаар мэдэхгүй, "эхнэр эм ээ авчихдаг" гэдэг хариултыг өгөв.
-160823-177656488220241014160829.jpeg)
Иргэн Э.Долгорсүрэн “Эмийн зохистой хэрэглээг бол дэмжиж байна. Гэхдээ нэг талаараа иргэдэд хүндрэл учруулж магадгүй. Учир нь амралтын өдрүүдэд халуураад өвдвөл өрхийн эмнэлэг хаалттай, эмээ бичүүлж чадахгүй. Гэхдээ одоогоор ямар төрлийн эмийг жортой болон жоргүй олгохыг мэдэхгүй байна. Гэхдээ иргэдийн нийтлэг хэрэглэдэг эмүүдийг зөвхөн жороор олгоно гэвэл хүндрэлтэй байх болов уу гэж бодож байна.
-Эмийг жороор олгох талаарх мэдээллийг анх хаанаас мэдсэн бэ?
-Мэдээллийн сайтаас энэ тухай мэдсэн. Тухайн мэдээнээс зарим төрлийн эмийг л жороор олгоно гэж ойлгосон. Түүнээс албан ёсны Эрүүл мэндийн яам, хэрэгжүүлэгч агентлаг гэх мэт газраас мэдээллийг нь аваагүй гэв.
-160857-179792205820241014160900.jpeg)
Иргэн Б.Баасанжав “Энэ мэдээлэл түгснээс хойш эмийн сангаас эм аваагүй байна. Гэхдээ уг шийдвэрийг зөв гэж бодож байна. Миний хувьд фэйсбүкээс зарим төрлийн эмийг жороор олгох юм байна гэдэг мэдээллийг бол харсан” гэлээ.
-160921-84903742220241014160925.jpeg)
Д.Дорждулам “Сошиалаар баталгаатай, баталгаагүй олон эм худалдаалдаг болсон. Сошиалд олны танил хүн тухайн эмийг сурталчлахаар иргэд сайн юм байна гэж бодоод авчихдаг. Гэтэл яг баталгаатай, эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас эмийг жороор олгох нь зөв гэж бодож байна. Эмийг ихээр нь хэрэглэдэг зарим хүнд энэ шийдвэр таалагдахгүй, бухимдаж хүлээж авч байх шиг байна. Эхэндээ уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд асуудлууд гарч байгаа ч цаашдаа иргэдэд дадал болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Үүний дараа бид БЗД-ийн Оцело сэргэлт өрхийн эмнэлэг, эмийн сангуудаар очиж, нөхцөл байдлын талаар асуув.
-160941-24839161020241014160945.jpeg)
Эмийн санч “Ер нь бол манай улсын иргэд эмийн замбараагүй хэрэглээтэй. Эмийг жороор олгох нь зөв. Гэхдээ хуулиа батлахдаа иргэд болон мэргэжлийн хүмүүсээс асуумж авч зөвлөлдөх хэрэгтэй байсан. Эмийг жороор олгох тухай хууль өмнө нь байсан. Гэхдээ шинэчилсэн найруулгаа батлаад хэрэгжүүлэхдээ иргэдээ мэдээллээр хангах нь зүйтэй. Гэнэт л шийдвэр гаргачихаар иргэдийн дунд төөрөгдөл үүсэх нь аргагүй шүү дээ. Өрхийн эмнэлэг, эмийн сангуудад ачаалал үүсэж байна. Энэ асуудлуудыг эхлээд зохицуулах шаардлагатай.
Жороор олгох эмийг эмчийн жоргүй худалдаж авах гэсэн иргэд олон бий. Эмийн сан, эмнэлгүүд анхан шатны байгууллага учир иргэдтэй ойр харилцдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснийг мэдэж байсан” гэлээ.
-161108-196633512920241014161129.jpeg)
Оцело сэргэлт өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Балжинням “Эм бол хүнсний бүтээгдэхүүн биш гэдгийг санах хэрэгтэй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гэнэтхэн л гарч ирсэн хууль биш. Өмнө ч мөрдөгдөж, хэрэгжиж байсан. Энэ хуулийн хэрэгжилт, журам шинэчлэгдсэн нь зөв.
Эмийг зохисгүй хэрэглэснээр эмийн дасал үүсэж, олон сөрөг үр дагаврууд үүсэх эрсдэлтэй. Уг хэрэгжилтэд манай салбарын зохицуулалтын алдаа бий. Нэгдүгээрт, эмийн сангууд жортой болон жоргүй эмээ ангилаад иргэддээ мэдээлэх хэрэгтэй. Зарим эмийн сангууд журмын дагуу ажиллаж байгаа.
Хоёрдугаарт хувийн болон лавлагаа шатны эмнэлгүүд эмийн жороо стандартын дагуу бичмээр байна. Зарим эмнэлэг эмчлүүлэгсдийн картанд нь эмийн жороо биччихдэг. Гэтэл эмийн жор бичих стандарт гэж бий шүү дээ. Энэ асуудлаас үүдэн өрхийн эмч нар хэн нэгний бичээч шиг байна. Гэхдээ өрхийн эмнэлгийн эмч нар төвөгшөөгөөгүй. Хамгийн гол нь салбараараа нэгдсэн зохион байгуулалттай байх шаардлагатай байна.
Толгойн өвдөлт намдаах эмийг боодлоор нь худалдаж аваад өглөө, оройн цагаар уудаг зуршилтай хүмүүс бий.
Манай өрхийн эмнэлгээр өдөрт 200-250 хүн үйлчлүүлдэг. Өнгөрсөн долоо хоногоос манай өрхийн эмнэлгийн ачаалал ихсэж байгаа нь үнэн. 10 хүний 3 нь эмийн жорын асуудлаар хандаж байна. Ахмадууд бол энэ асуудлыг ойлгож хүлээж авч байна. Үнэндээ, 25-35 насны залуус өөрсдөдөө онош тавьж, дур мэдэн эмчилгээ хийдэг. Зарим нь маш их бухимдалтай, уур уцаараа манай эмч нарт гаргаж байгаа тохиолдлууд байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэх боломжтой.
Эмчлэх эрхээ авсан эмч, эм зүйчид дүрэм журмаараа ажилладаг. Түүнчлэн зарим иргэн эмийн маш буруу хэрэглээтэй. Жишээлбэл, толгойн өвдөлт намдаах эмийг боодлоор нь худалдаж аваад өглөө, оройн цагаар уудаг зуршилтай хүмүүс бий. Өөртөө эмийн хамаарал үүсгэчихсэн. Өвчин намдаах эмийг 5 наснаасаа тогтмол хэрэглэж дасал үүсгэчхээд 50 насандаа ямар эм хэрэглэх вэ. Тиймээс эмийг зохистой хэрэглэхийг уриалмаар байна.
Эмийн жор бичих стандарт байдаг ба дотор нь дөрвөн төрлөөр ангилна. Үүнд:
- Энгийн эмийн жор
- Сэтгэцэд нөлөөлөх
- Тусгай эм
- Хорт төрлийн эмийн жор гэж ангилдаг. Энгийн эмийн жорд эмчийн тамга, тухайн эмийн олон улсын нэршлийг зөв бичсэн байх шаардлагатай. Жор бичилтийн стандартыг мөрдсөн бол эмийн санчид эмээ олгох л ёстой" гэв.
Эмийг жороор олгох хуулийн зохицуулалт манай улсад 1998 оноос хойш 26 жилийн турш хэрэгжиж байгаа нь үнэн. Гэвч энэ хуулийн шинэчилсэн найруулга, үүнийг дагаад зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулсныг албаны хүмүүс иргэдэд мэдээлэх, төөрөгдөл үүсгэхгүй байхад цаашид анхаарах шаардлагатай байна. Мөн жортой болон жоргүй олгох эмийн жагсаалтын талаар иргэд мэдээлэлгүйн улмаас бухимдаж байна.
