Аугаа их зохиолч юунаас айж, юу нууж байсан бэ?
Николай Васильевич Гоголийн төрсний 200 жилийн ой дөрөвдүгээр сарын 1-нд болно. Түүнээс илүү үл таагдах зохиолчийг Оросын уран зохиолын түүхээс олоход амаргүй. Суут уран бүтээлч олон арван мөнхийн бүтээл, мөн зохиолчийн амьдрал, уран бүтээлийг судлаачид өнөө болтол тайлж чадаагүй олон арван нууц үлдээжээ.
Түүнийг бүр амьд ахуйд нь лам, хошин шогч, ид шидтэн хэмээн нэрлэж, түүний уран бүтээлд уран зөгнөл, бодит байдал, гоо сайхан, эмх замбараагүй явдал, эмгэнэлтэй, инээдтэй явдал сүлжилдэж байжээ.
Гоголийн амьдрал, үхлийн талаар маш олон домог бий. Зохиолчийн уран бүтээлийг судлагчид бүр хэдэн үеийн турш Гоголь яагаад гэрлээгүй, тэр “Амьгүй албат” зохиолынхоо хоёрдугаар ботийг яагаад шатаасан, ер нь шатаасан юмуу, үгүй юу?, эцсийн бүлэгт суут зохиолчийг юу хөнөөв гэсэн асуултад нэг утгатай хариулт өгч чадахгүй байна.
Тэр хэзээ төрсөн бэ
(Фото: Украины Полтава хотын ойролцоох Васильевка тосгон дахь Н.В.Гоголийн гэр музейн хоолны өрөөний булан)
Зохиолч чухам хэзээ төрсөн нь түүний үеийнхэнд удтал мэдэгдэхгүй байжээ. Эхлээд Гоголь 1809 оны гуравдугаар сарын 19-нд, дараа нь 1810 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн гэж ярьдаг байв. Зөвхөн тэр нас барсаны дараа л ирээдүйн зохиолч 1809 оны гуравдугаар сарын 20-нд, шинэ тооллоор дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн гэж тогтоожээ.
Гоголийн төрсөн нутаг үлгэр домгийн орон. Түүний эцэг эхийн эдлэн байсан Васильевка тосгоны ойролцоо одоо дэлхий дахинд алдаршсан Диканька байдаг. Тэр үед энэ тосгонд Мария Мазепатай дэргэд нь уулзаж байсан царс мод, цаазлагдсан Кочубейн цамцыг үзүүлдэг байжээ.
Николай Васильевичийн эцэг бүр хүүхэд байхдаа Дарь эхийн гайхамшигтай дүр байсан Харьковын губернийн сүмд очдог байв. Тэр нэг удаа Тэнгэрийн хатан хаан хөлийнхөө дэргэд байсан хүүхэд рүү заагаад “… энэ чиний эхнэр” гэж хэллээ хэмээн зүүдэлжээ. Удалгүй тэр зүүдэндээ харсан тэр хүүхдийн шинжийг айлынхаа долоон настай охинд байхыг олж харсан байна. Василий Афанасьевич заяаны ханийнхаа хойноос арван гурван жил дагажээ. Зүүд нь давтагдсаны дараа тэр энэ охинтой гэрлэе гэж гуйжээ. Залуу хос жилийн дараа гэрлэсэн гэж hrono.info сэтгүүлд бичжээ.
Нууцлаг Карло
(Фото: Зохиолч Н.В.Гоголийн ээж Мария Ивановна Гоголь-Яновскаягийн /охин үеийн нэр нь Косяровская/ хөрөг)
Хэсэг хугацааны дараа тэднийх хүүтэй болсноо гэгээн Николай Мирликийскийг хүндэтгэн Николай гэсэн нэр өгчээ. Тэр гэгээний гайхамшигтай бурханы өмнө Мария Ивановна Гоголь сахил хүртжээ.
Николай Васильевич ээжээсээ нарийн мэдрэмжтэй сэтгэл, бурхан шүтдэг, зөн совин сонирхдог занг өвлөжээ. Түүний эцэг ч бас тийм хүн байв. Гоголь багаасаа зүүд, зөгнөлт зүүд, муу ёрын шинж тэмдгийг сонирхдог байсан нь хожим түүний зохиолд илэрсэнд гайхах юмгүй.
Гоголь Полтавын сургуульд сурч байхад бие муутай байсан дүү Иван нь нас баржээ. Энэ нь Николайн хувьд маш хүнд туссанаас түүнийг сургуулиас нь гаргаж, Нежиний гимнази руу явуулжээ.
Гоголь гимназид сурч байхдаа гимназийн театрын жүжигчин гэж нэрд гарав. Нөхдийнх нь ярьснаар, тэр байнга хошигнож, найз нарынхаа инээдтэй талыг дооглон шоглодогоос шийтгүүлдэг байв. Гэсэн ч тэр далд бодолтой хэвээр. Төлөвлөгөөгөө хэнд ч задруулдаггүйгээс Вальтер Скоттын романы нэгэн баатрын нэрээр түүнд “Нууцлаг Карло” гэсэн хоч өгчээ.
Номоо анх шатаасан нь
Гоголь гимназид сурч байхдаа “нийтийн тусын тулд, Орос орны тусын тулд” ямар нэг их үйл бүтээх олон нийтийн өргөн ажиллагаа явуулахыг мөрөөдөж байв. Тэр ийм том хэмжээний, бүдэг бадаг төлөвлөгөө өвөрлөн, Петербургт очсон ч урам нь анх удаа маш их хугарчээ.
Гоголь анхныхаа бүтээл - германы “Ганс Кюхельгартен” романтик сургуулийн үзэл санаагаар бичсэн найраглалаа хэвлүүлэв. В.Алов гэсэн зохиомол нэр Гоголийг нөмөрсөн их шүүмжлэлээс аварсан ч зохиогч өөрөө энэ нуралтыг хүндээр тусган, дэлгүүрт борлоогүй байсан бүх номоо худалдаж аваад, шатаажээ. Алов гэдэг нь өөрийнх нь зохиомол нэр болох талаар зохиолч насан эцэслэтлээ хэнд ч хэлээгүй байна.
Гоголь хожим Дотоод хэргийн Яамны нэг газарт алба хаав. Бичиг хэргийн залуу ажилтан “дарга ноёдын тэнэг аашийг тэмдэглэж байхдаа хамт ажилладаг түшмэдийн амьдрал, ахуйг анхааралтай ажигладаг байв. Энэ ажиглалт хожим “Хамар”, “Солиотой хүний тэмдэглэл”, “Шинель” зэрэг алдарт туужаа бичихэд нь тус болжээ.
“Диканькийн ойролцоох гацааны үдэш” буюу хүүхэд насны дуртгал
Жуковский, Пушкин нартай танилцаж, урам орсон Гоголь “Диканькийн ойролцоох гацааны үдэш” хэмээх шилдэг зохиолынхоо нэгийг бичлээ. Энэ зохиолын хоёр хэсгийг зөгийчин Рудой Паньк гэсэн зохиомол нэрээр хэвлүүлэв.
Бодит амьдрал домогтой сүлжилдэх энэ номын зарим хэсэгт Гоголь хүүхэд байхдаа үзэж харсан зүйлээс тусгажээ. Тухайлбал, “Тавдугаар сарын үдэш буюу муурыг живүүлсэн нь” гэсэн туужид хар муур болж хувирсан хойд эх зуутны охиныг багалзуурдахыг оролдовч эцэстээ төмөр хумстай сарвуунаасаа салах нь зохиолчийн амьдралын бодит түүхийг санагдуулна.
(Фото: Николай Гоголийн “Тавдугаар сарын үдэш” туужид Аминадав Каневскийн зурсан зургийн хуулбар)
Нэг удаа эцэг эх нь хүүгээ гэрт нь орхиж, гэрийн бусад хүн унтахаар хэвтжээ. Багадаа Никоша нэртэй байсан Гоголь гэнэт нэг муур мяу гэхийг сонсов. Хэсэг хугацааны дараа тэр муур гэтэж явахыг харжээ. Хүү үхтлээ айсан ч зориг гарган муурыг барьж авч, цөөрөм рүү шиджээ. “Би усанд хүн живүүлчихсэн мэт санагдсан” гэж Гоголь хожим бичжээ.
Гоголь яагаад гэрлээгүй вэ?
Хоёр дахь ном нь амжилт олсон ч Гоголь зохиол бичихийг гол зорилтоо гэж үзэхээс татгалзсаар байв. Тэр эмэгтэйчүүдийн эх оронч дээд сургуульд багшилж, залуу бүсгүйчүүлд сонирхолтой, сургамжтай зүйл байнга ярьдаг байв. Сайхан юм ярьдаг авьяаслаг багшийн алдар цуу бүр Санкт-Петербургийн их сургуульд түгж, түүнийг түгээмэл түүхийн тэнхимд лекц уншуулахаар урьжээ.
Зохиолчийн хувийн амьдралд юу ч өөрчлөгдсөнгүй. Гоголь гэрлэх огт бодолгүй байсан гэсэн таамаг байдаг. Үүний сацуу зохиолчийн үеийн олон хүн түүнийг ордны тэргүүн сайхан бүсгүйн нэг Александра Осиповна Смирнова-Россетэд сэтгэлтэй болж, түүнийг нөхрийнхөө хамт Петербургээс явсан үед ч захиа бичиж байсан гэдэг байв.
Гоголь хожим нь гүнгийн хатан Анна Михайловна Виельгорскаяд сайн болжээ. Зохиолч Виельгорскаягийн гэр бүлийнхэнтэй Петербургт танилцсан байна. Сайхан сэтгэлтэй, боловсролтой хүмүүс Гоголийг чин сэтгэлээсээ хүлээж авч, авьяасыг нь үнэлдэг байв. Зохиолч Виельгорскийн бага охин Анна Михайловнатай гойд үерхдэг байжээ.
Николай Васильевич өөрийгөө гүнгийн хатны оюуны багш гэж тоодог байв. Тэр орос уран зохиолын талаар түүнд зөвлөгөө өгч, түүнийг оросын бүх юмыг сонирхдог болгохыг эрмэлздэг байлаа. Анна Михайловна ч Гоголийн биеийн эрүүл мэнд, уран зохиолын амжилтыг ямагт асууж, харилцан сайн байх итгэл төрүүлдэг байв.
Виельгорскийнханы тухай ярьдаг гэр бүлгийн домгоор бол, Гоголь 1840-өөд оны эцсээр Анна Михайловнатай гэрлэе гэсэн санал тавихаар шийдсэн гэдэг. “Гэвч тэр төрөл төрөгсөдтэй нь урьдчилан яриад, тэдний нийгмийн байдал тэгш биш байсан нь тийнхүү гэрлэх боломж олгохгүй гэдгийг дор нь үнэмшсэн” гэж “Виельгорскийнхантай Гоголийн харилцсан захидлууд” гэдэг дахин хэвлэгдсэн номонд мэдээлжээ.
Гоголь гэр бүлийн амьдралаа зохиох гэсэн оролдлого нь бүтэлгүй болсоны дараа газар дэлхийд өөрийгөө ямар нэг зүйлээр, түүний дотор гэр бүлийн амьдралаар холбох ёсгүй мэт санагдах болсноо 1848 онд Василий Андреевич Жуковскийд бичжээ.
“Вий” бол Гоголийн зохиосон “ардын домог”
(Фото: Наташа Варлей “Вий” киноны Панночкийн дүрд тоглож байгаа нь)
Гоголь Украины түүхийг сонирхсон нь 1835 оны “Миргород” түүвэрт орсон “Тарас Бульба” тууж бичихэд нь зоригжуулжээ. Тэр “Миргород” түүврийнхээ нэг хувийг Гэгээрлийн сайд Увароваар дамжуулан I Николай хаанд өгүүлжээ.
Тэр түүвэрт Гоголийн хамгийн ид шидийн зохиолын нэг “Вий” тууж оржээ. Гоголь номынхоо зүүлтэд энэ тууж “ардын домог”, би түүнийг дуулсан чигээр нь юуг ч өөрчлөөгүй бичсэн гэжээ. Гэтэл судлаачид “Вий” туужийг яг санагдуулам ардын аман зохиол одоо болтол нэгийг ч олоогүй байна.
Зохиолч тамын орны эзэн “төмөр Ний”-гийн /украин домгоос/ нэр, украины “вий” - веко гэдэгт үгийг холбож газар дорхи зөгнөлт сүнсний нэр Вий гэдэг нэр зохиожээ. Эндээс Гоголийн зохиолын баатрын нэр гарсан байна.
Оргосон нь
1831 онд Пушкинтай уулзсан нь Гоголийн хувь заяанд их чухал үйл явдал болов. Александр Сергеевич зохиол эхлэн бичигчийг Петербургийн уран зохиолын орчинд дэмжиж байсан төдийгүй, “Байцаагч түшмэл”, “Амьгүй албат” зохиолын сэдвийг бэлэглэжээ.
(Фото: Николай Гоголийн “Байцаагч түшмэл” инээдмийн жүжигт Ювеналий Коровины зурсан Хлестаковыг зургийн хуулбар)
1836 оны тавдугаар сард тайзнаа анх тавьсан “Байцаагч түшмэл” жүжиг эзэн хааны таалалд нийцсэн учир хаан Гоголиос авсан номын хариуд очир алмаасан шигтгээтэй бөгж бэлэглэжээ. Гэтэл шүүмжлэгчид нэг их магтсангүй. Үүний улмаас урам хугарсан нь санаа сэтгэлээр удтал унахын эхлэл болж, зохиолч “гунигаа арилгахаар” тэр жилээ гадаадад явжээ.
Тэгэхдээ шүүмжлэлээс л болж гадаадад явахаар шийдсэн гэж хэлэх аргагүй. Гоголь “Байцаагч түшмэлээ” бичихээс ч өмнө аялахаар бэлтгэж байв. Тэр 1836 оны зургадугаар сард хил гарч, бараг л нийт Европоор аялж, Италид бүр удаан байжээ. 1839 онд зохиолч эх орондоо эргэж ирсэн ч жилийн дараа дахиад явахаа найз нартаа мэдэгдэж, “Амьгүй албат” зохиолынхоо эхний ботийг дараачийн удаад авчрахаа амлажээ.
Гоголийг 1840 оны тавдугаар сарын нэг өдөр найз Аксаков, Погодин, Щепкин нар нь үдэж мордуулав. Түүний хөллөсөн тэрэг далд орох үед тэнгэрийн хагасыг хар үүл бүрхэв. Гэнэт харанхуй болж, найз нарынх нь сэтгэлд Гоголийн хувь заяаны талаар муу совин татжээ. Энэ нь санамсаргүй зүйл биш байв…
Өвдсөн нь
1839 онд Ром хотод байхад Гогольд намгийн хумхаа гэдэг айхтар өвчин тусчээ. Тэр азаар үхээгүй ч хүнд өвчин түүнийг санаа сэтгэл, бие бялдрын хувьд улам дордуулжээ. Гоголийн амьдралыг судалсан зарим судлаачийн бичснээр, өвчин Гоголийн тархийг гэмтээжээ. Тэр унадаг болсон нь хумхаа өвчний онцлог. Гэхдээ Гоголийн хувьд өвчтэй байх үед зүүдэлдэг зүүд хамгийн аймшигтай нь байв.
Зохиолч гадаадад байхдаа хэн нэгнээс “адис” авахаар найдаж, шажин номлогч Иннокентий Аврагчийн дүр бэлэглэхэд зохиолч түүнийг Иерусалим руу явж, Эзний шарилд мөргөхийг дээд тэнгэрээс айлдсан хэрэг гэж хүлээж авчээ.
Гэвч Иерусалимд очоод ч хүссэн үр дүндээ хүрсэнгүй.
1852 оны хоёрдугаар сарын 11-ний үдэш
Өвчин нь түр л намдав. 1850 оны намар Одесст очсон Гоголийн бие дээрдэж, тэр урьдынх шигээ дахиад сэргэлэн, хөгжилтэй болов. Тэр Москвад байхдаа “Амьгүй албат” зохиолынхоо зарим бүлгийг найз нартаа уншиж, бүгдээрээ сайшааж, бахдан бишрэхийг хараад, бүр их эрч хүчтэй ажиллаж эхлэв.
(Фото: Н.В.Гоголийн “Амьгүй албат” романд Кукрыниксынханы зурсан зургийн хуулбар. Ноздрев, Чичиков хоёр)
Гэвч Гоголь “Амьгүй албат” романыхаа хоёрдугаар ботийг бичиж дуусмагц ямар ч идэвх сонирхолгүй болсноо мэдрэв. Урьд нэгэн цагт эцэг нь тарчлан зовдог байсан “үхэх бий гэсэн айдас” түүнийг улам бүр эзэмдэх болов.
Матвей Константиновскуий гэдэг энээт үзэлтэй ламтай ярилцдаг байсан нь түүний хүнд байдлыг улам лавшруулжээ. Тэр лам Гоголийг хуурамч нүглээр айлган, зохиолч бүр багаасаа айдаг байсан Аймшигт шүүхийн аймшгийг харуулдаг байв. Гоголийн багш лам Николай Васильевич авьяас билгийг нь биширдэг байсан Пушкинээс холдохыг Гоголиос шаарддаг байжээ.
1852 оны хоёрдугаар сарын 11-ний үдэш болсон хэрэг явдал түүний намтрыг бичигчдийн хувьд ч одоо ч оньсого хэвээр байна. Николай Гоголь гурван цаг хүртэл мөргөл үйлдсний дараа цүнхнээсээ хэдэн цаас гаргаж авч, бусдыг нь галд хая гэжээ. Тэр загалмайлаад орондоо эргэж орж, дувт уйлсаар байжээ.
Түүнийг тэр шөнө “Амьгүй албат” романыхаа хоёрдугаар ботийг шатаасан гэж үздэг. Гэвч хожим түүний номон дотроос хоёрдугаар ботийнх нь гар бичмэл олджээ. Тэгэхээр галд юу шатаасан нь одоо болтол тодорхойгүй гэж “Комсомольская правда” сонинд бичжээ.
Энэ шөнөөс хойш Гоголь өөрийнхөө айдаст улам их автав. Тэр амьдаараа оршуулагдана байх гэсэн айдас - тафефоби айдаст нэрвэгджээ. Ингэхээс маш их айж байсан учир өөрийнх нь цогцос ялзарсан шинж тэмдэг илт мэдэгдсэн үед л оршуулах даалгаврыг бичгээр өгч байжээ.
Тэр үед эмч нар түүний сэтгэл мэдрэлийн өвчнийг таньж чадаагүйгээс өгсөн эм нь биеийг нь улам сулруулж байв. Хэрэв эмч нар түүнийг сэтгэл санааны уналтаас цагийг нь олж эмчилсэн бол тэр хавьгүй удаан наслах байсан гэж Гоголийн өвчнийг судалж, олон зуун баримт бичгийг шинжилсэн Пермийн анагаах ухааны академийн доцент М.И.Давидовын ярьжээ.
Гавалын нууц
Николай Васильевич Гоголь 1852 оны хоёрдугаар сарын 21-нд нас нөгчжээ. Түүнийг Свято-Даниловын хийдийн оршуулгын газарт оршуулсан. Гэвч 1931 онд хийд болон түүний дэвсгэр дэх оршуулгын газрыг хаажээ. Гоголийн цогцсыг Новодевичийн оршуулгын газарт шилжүүлэн оршуулахаар авснаас нь гаргах үед талийгаачийн гавалыг хулгайлсан байсныг илрүүлжээ.
Булшийг нээхэд байлцсан Утга зохиолын дээд сургуулийн профессор, зохиолч В.Г.Лидиний таамгаар бол, Гоголийн гавалыг 1909 онд булшнаас нь гаргаж авчээ. Тэр жил театрын музей үндэслэн байгуулагч, ивээн тэтгэгч Алексей Бахрушин Гоголийн гавалыг олж ирэхийг лам нарт далдуур ятгажээ. “Москва дахь Бахрушины театрын музейд хэнийх нь мэдэгдэхгүй гурван гавал байдаг. Таамаглаж байгаагаар бол, нэг нь жүжигчин Щепкины гавал, нөгөөх нь Гоголийнх, харин гурав дахь нь хэнийх болох нь огт мэдэгдэхгүй” гэж Лидин “Гоголийн цогцсыг зөөсөн нь” дуртгалдаа бичжээ.
Гоголийн авьяасыг ихэд хүндэтгэдэг байсан Михаил Булгаков зохиолчийн толгой хулгайлагдсан тухай цуу яриаг хожим “Мастер, Маргарита хоёр” романдаа ашигласан байна. Тэр энэ номондоо Патриаршие Прудыд трамвайн дугуйнд таслагдсан МАССОЛИТ-ын захиргааны даргын толгойг авснаас нь хулгайлсан тухай бичжээ.
П.Шагдар