Нэгэнт төрсний эцэст хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг жам хуультай юм болохоор хүний ёсоор амьдарч яваад хүн болсны хэргээ бүтээгээд насан өөд болбол гомдох, харуусах юусан билээ.
Гэтэл хоёр
сая гаруйхан хүн амтай Монгол Улсад цаг бусаар, зүй бусаар амь үрэгдэгсдийн тоо
өнөөдөр үзэж сонсоход айж түгшихгүй, сэтгэл зовохгүй байхын аргагүй байдалд
хүрээд байна.
Өнгөрсөн
2006 онд улсын хэмжээнд зөвхөн гэмт хэргийн улмаас 2179 хүн нас барж, 6679 хүн
хүнд хөнгөнөөр гэмтэж бэртсэн тоо гарчээ.
Гэтэл үүний хажуугаар цаг бусын золгүй тохиолдлоор нас барагсад, амиа хорлож үхэгсдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Ухааны хомсдол, уурын мунхаг, атаа жөтөө, архины бузраас хорвоог орхин одогсод цөөн бус гарч байгаа нь эмгэнэл харуусалтайн сацуу басхүү хачирхалтай санагддаг юм.
Ийм замаар одогсдын дотор архи байнга хэрэглэсээр архидахын ад дон өвчтэй болсон, эсвэл үе үе хэтрүүлэн уудаг хүмүүс хээр гадаа унаж хөлдөх, хордож түлэгдэх, ус сувагт буюу өндрөөс унах зэргээр амиа алдагсад бас цөөнгүй байна. Мөн согтуугаар аав, ээж, ахан дүүс, хань бүлдээ агсран тунирхаж, айлган сүрдүүлж байгаад өөрийгөө хутгалах, цонх, тагт, дээврээс үсрэх, боомилж дүүжлэх, өөрийгөө буудах, нүцгэн гарч давхиад осгож үхэх, галт тэргэнд дайруулах, хортой зүйл уух зэргээр амиа хөнөөгсөд байхын дээр согтуурч галзуураагүй ч гэсэн урьдаас зориуд бэлдэн төлөвлөж захиас гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорлодог мунхаг давчхан дотортон ч зөндөө тааралдаж байна.
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд амиа хорлосон болон золгүй байдлаар нийт 1611 хүн нас баржээ. Нас, хүйсээр нь ангилж үзвэл тэдгээрийн 1354 эрэгтэй, 257 эмэгтэй, 124 нь 18 хүртэлх насных, 474 нь 18-36 насных, 1015 нь 36-аас дээш насных байв. Нийт 301 хүн амиа хорлосны дотор боомилсон 262, хутгалсан 11, буудсан 18. Үүнээс гадна усанд живж 32, осгож хөлдөж 156, дээвэр, тагт, цонхноос унаж 38, архинд гүн хордож 411, угаартаж, түлэгдэж 50 хүн нас барсан байна.
2007 оны эхний арван сард амиа хорлосон болон золгүй байдлаар улсын хэмжээнд 1304 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 9.5 хувиар өсчээ.
Нийслэл хотод 1083, үүнээс Баянзүрхэд 276, Сонгинохайрханд 187, Баянголд 172, Чингэлтэйд 148, Сүхбаатарт 136, Хан-Уулд 127, Налайхад 34, Багануурт хоёр, Багахангайд нэг хүн амиа хорлосон болон золгүй байдлаар нас баржээ. Хоногт дунджаар таван хүн амиа хорлосон болон золгүй байдлаар нас барж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал амиа хорлож үхсэн хүний тоо энэ оны эхний арван сард 24.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Эдгээр тоо баримтаас өнөөдөр Монгол оронд золгүй байдлаар амь эрсдэгсдийн байдал ямархуу байгаагийн ерөнхий төлөв харагдаж байгаа байх. Гэхдээ бид амиа хорлож, цаг бусаар нарт хорвоог орхиж байгаа хөгшин хөвөө, эр, эм хүмүүсийн талаар зүгээр нэг яриад өнгөрч боломгүй байгаа юм. Нарт хорвоод хүмүүн биеийг олж төрнө гэдэг эргэж хэзээ ч олдошгүй ховор сайхан хувь заяа. Ийм болохоор аливаа хүн амьд явахыг, сайн сайхан амьдрахыг хүснэ үү гэхээс ямар явсан ч яахав, хэзээ ч, яаж ч үхсэн хамаагүй гэж боддог, амьддаа өөрийгөө гаргуунд нь гаргаад хаячихсан мунхаг мулгуу хүн хорвоод үгүй биз ээ. Өнөөдөр Монголд хүний амь малнаас дор үнэлгээтэй болоод байгаа нь харамсалтай. Монголчууд хэн нэгнийг үхэхэд архинд орчихсон юм, ааш зан нь эвдэрчихсэн юм, амьдрал нь ядуу, орох орон оочих аягагүй юм, тэгэхээс яахав гэсхийгээд ерийн л нэг болдог зүйл болоод өнгөрсөн мэтээр юман чинээ бодохгүй өнгөрөөж төдхөн мартаж байна.
Иргэд нь цаг бусаар үйл олноороо хорогдож байгаа энэ ноцтой явдалд зөвхөн хууль хяналтынхан төдийгүй төр засгийн зүгээс онцгой анхаарч ул суурьтай дүгнэлт судалгаа хийж холбогдох арга хэмжээг яаралтай авах шаардлага нийгмийн өмнө эмзэг асуудлын нэг болон тулгараад байна.
Санаатайгаар амь насаа хохироож цаг бусаар хорвоог орхин одогсдыг ингэхэд хүргэсэн учир шалтгааныг олон талаас нь эргэцүүлэн үзэж, нарийвчлан нягталж тогтоох шаардлагатай байгаа юм. Амиа хорлогсдын дотор арван хэдхэн настай охид хөвгүүдээс эхлээд 60, 70 гарсан ахмад хүмүүс ч байх юм. Эд нарын нарт хорвоо насны ганц амьдралаасаа уйдаад ч юм уу, уурлаж бухимдаад ч юм уу, аль эсвэл бусдын дарамж шахалтад ороод ингэчихэв үү гэдгийн учир урхагийг хамгаас түрүүнд ажиллаж амьдарч байсан албан байгууллага, ар гэр, ойрын орчин тойрноос нь эрж хайх зүйтэй байх. Одоогийн байдлаас харахад хамаг бурууг амиа егүүтгэсэн хүнд үүрүүлэн хар дансыг дугуйлаад ард үлдэгсэд дотроос буруутай байж болох хүнийг огтхон ч хайж сурагладаггүй. Магадгүй энэ байдлын улмаас буруутай этгээдүүд үйлдпийнхээ төлөө ямар ч гэм зэмгүй, ял шийтгэлгүй өнгөрдөг явдал үргэлжилсээр байгааг үгүйсгэх аргагүй юм.
Нөгөө талаар насны эрхээр өтлөх, эдгэрэшгүй өвчин тусах гэх мэт гарцаагүй үхэл ирээгүй байхад өөрийнхөө амь насыг егүүтгэж, эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсдөө өнчрөөн амьдын хагацал, сэтгэлийн шаналалд унагана гэдэг эрүүл саруул ухаанаар төсөөлөхөд тун ч бодлогогүй тэнэг мунхаг явдал гэдэг нь хэн хүнд ойлгомжтой биз ээ.
Ухаант
хүмүүс минь ээ!
Нарт
хорвоод ганцхан заяасан энэ олдошгүй хувь тавиландаа эзэн байж, өөрөө өөрийгөө,
өрөөл бусдыгаа хайрлаж, баярлаж, баярлуулж, уйлж, дуулж явах юутай сайхан билээ.
Битгий гутар, өнгөтэй өөдрөг байхыг хичээ, зүтгэ! Амьдрал гэдэг хэдийгээр
эрээнтэй бараантай ч амьд явна гэдэг аз завшаантай хувь заяа. Нэгийгээ битгий
гомдоо. Алдаж эндэж явсан ч бүү ад үз. Хүнд гагцхүү сэтгэлийн тэнхээ, урам
зориг хэрэгтэй, ус агаар шиг хэрэгтэй. Бид бүлээн дулаан үгээр бие биендээ
сэтгэлд нь гэрэл гэгээ өгч байваас буу шийдэм, хутга мэс бие рүүгээ чиглүүлж,
хоолойдоо олс углах хүн гарна гэж үү?!
З.Батсүх