Хорт хавдар өвчинтэй нүүр тулаагүй монгол айл өрх ховор болов уу. Яагаад ч юм, хавдар туссан л бол үхлээр төгсдөг мэт ойлголт өгч, сэтгэлд айдас хуруулсан өвчин. Танд эрүүл мэндтэй холбоотой эргэлзээ, хавдар тусчих вий гэсэн айдас байдаг уу?
Ажилтнуудаа жил бүр эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулдаг нийгмийн хариуцлага өндөртэй компанид ажилладаг сэтгүүлч надад ч нуулгүй хэлэхэд тийм айдас байна. Тэгвэл айдас тээн явсаар байх уу, эмнэлэгт хандах уу? Хариулт нь тодорхой тул өөртөө цаг гаргацгаая. Эрт оношилбол хавдар үхлийн өвчин биш гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна.
Анагаах ухаан хөгжихийн хэрээр хорт хавдрын эсийг бүрэн устгах шилдэг арга, технологиуд эмчилгээ, оношилгооны практикт нэвтэрсээр байна.
Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдийн санаачилга, төрийн бодлого, олон улсын байгууллагуудын дэмжлэгээр хавдрын эмчилгээ, оношилгооны практикт гарсан дэвшлүүдийн талаар GoGo.mn сайт “БҮҮ АЙ” нэрийн дор цувралаар хүргэх болно.
Дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг “Хавдрын эсрэг анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Хавдар судлалын үндэсний төвөөс манай улсын хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдрын өвчлөл, нас баралтын байдал болон энэ салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны шинэ технологиудаас сэтгүүлчдэд танилцуулав.
Хавдрын эсрэг өдрийг дэлхий нийтээр "Бидний түүх-биднийг нэгтгэнэ: Хүн төвтэй тусламж үйлчилгээ" сэдвийн хүрээнд тэмдэглэж буй бөгөөд ХСҮТ-өөс хоёрдугаар сарыг хавдрын асуудалд анхаарал хандуулах сар болгон зарлажээ.
2024 ОНД 8169 ХҮН ХАВДРААР ОНОШЛУУЛЖ, 4575 ХҮН НАС БАРЖЭЭ
Монголд 2020 онд жилд 6000 хүн хорт хавдраар шинээр оношлуулж байсан бол 2024 онд энэ үзүүлэлт 8169 хүрч, өмнөх оныхоос 1000 орчмоор нэмэгджээ. 2023 онд хорт хавдрын улмаас 4500 хүн нас барсан бол өнгөрсөн жил 4575 болов. Манай улс элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлсээр удаж байна.
Хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж буй ч нас баралт огцом өсөөгүй тодорхой түвшинд хадгалагдаж байна. Улсын хэмжээнд 32096 хүн хавдрын хяналтад байгаагийн 42.7 хувь нь анх оношлогдсоноос хойш таваас дээш жил амьдарч байгаа нь эерэг үзүүлэлт гэж Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү онцлон тайлбарлав.
Өвчлөл, эрт оношлогдож буй иргэдийн тоо нэмэгдэх нь хорт хавдартай тэмцэж буйн гол утга. Хавдар ихэслээ гэж айхын оронд эрт үедээ оношлуулж буй иргэдийн тоо нэмэгдэж байвал харин ч тайвшрах хэрэгтэй аж. Монголд хавдраар оношлуулж буй иргэдийн 90 хувь нь хожуу шатандаа оношлуулж байсан гунигтай үе бий. Энэ үзүүлэлт жил ирэх тусам буурсаар 80 хувь руу орж, 2024 оны жилийн эцэст 64.4 хувьд хүрч, өмнөх оныхоос 0.6 хувиар буурчээ. Хожуу үедээ оношлогдож байгаа өвчтөний тоог аажмаар биш, илүү хурдан бууруулах шаардлага бий.
Өнөөдрийн байдлаар хавдраар оношлуулсан 100 хүний 65 нь аврагдах, амьдрах боломжтой үедээ эмнэлэгт хандлаа гэсэн үг. Үүнийг дагаад хорт хавдрыг даван туулж буй хүний тоо 2024 онд 32096 болж 3241-ээр нэмэгдлээ. Мөнгөгүй л бол эмчилгээ хийлгэж чаддаггүй байсан хатуу үе саяханых. Хөхний хавдартай хүн жилдээ 20 гаруй сая төгрөгөөр эмчилгээ хийлгэж, хамаг мөнгөө шавхдаг байв. Иргэдээ эх орондоо чанартай эмчлэх эмнэлгийн зорилт, төрийн бодлогын үр дүнд иргэд эрт л оношлуулж чадвал урт удаан амьдрах сайхан цаг иржээ.
“С вирусын эмчилгээ хийлгэж вирусээ устгуулсан. Хорт хавдар тусахгүй” гэж бодвол эндүүрэл шүү. Элэг нэгэнт өөрчлөлтөд орсон бол цөөн тооны хүнд хавдар үүсдэг тул хянуулж байх нь маш чухал.
Хавдар яагаад огцом нэмэгдэв? Шууд утгаар нь хариулбал, 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээг эхлүүлсэн. Төрөөс 67 тэрбум төгрөг төсөвлөж, эхлүүлсэн кампанит ажил өгөөжөө өгчээ. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж буйг тэмдэглүүштэй. Эмчлүүлэх боломжтой буюу эрт үедээ оношлуулбал хавдар үхлийн өвчин биш. Иргэдийн дийлэнх нь өвчний сүүлийн шатандаа оношлогдсоор ирсэн нь хавдар туссан л бол үхлээр төгсдөг мэт ташаа ойлголттой болгожээ.
Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд ирээдүйд элэгний хорт хавдраар өвчлөх байсан олон иргэдийг хамгаалж, төрөөс иргэдийнхээ халаасыг тэмтрэхгүй эмчилж чадсан. Энэ хөтөлбөрийн үр дүнд 100 мянга гаруй иргэнийг С вирусын эсрэг эмчилгээнд хамруулснаар улс орны нийгэм, эдийн засагт үүсэж болох том дарамтаас ангижруулсныг хавдрын эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
“С вирусын эмчилгээ хийлгэж вирусээ устгуулсан. Хорт хавдар тусахгүй” гэж бодвол эндүүрэл шүү. Заавал хянуулж байгаарай. Элэг нэгэнт өөрчлөлтөд орсон бол цөөн тооны хүнд хавдар үүсэх эрсдэл байдаг тул хянуулж байх нь маш чухал. Хавдрыг даван туулсан хүмүүс ч үүнийг анхаарах учиртай” гэж ХСҮТ-ийн зөвлөх эмч, хавдрын мэс засалч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн анхаарууллаа.
ХАВДРААР ӨВДСӨН НИЙТ ХҮМҮҮСИЙН 42.7 ХУВЬ НЬ ТАВАН ЖИЛ АМЬДАРЧ БАЙНА
Манай улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүүний болон бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар тэргүүлэх ба хавдраар оношлуулсан иргэдийн 60 хувь нь нэг жил ч бололгүй нас барж байна.
Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд тэргүүлсэн хэвээр бөгөөд 2024 онд нийт нас баралтын 36 хувийг эзэлж буй нь энэ хавдар чимээгүй явцтай тул хожуу шатандаа илэрдэгтэй холбоотой. Тэгвэл үүний араас эрэгтэйчүүдэд ходоод, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл орно.
2024 онд эрэгтэйчүүдийн дунд уушгины хорт хавдар өвчлөлөөрөө гуравдугаарт орж буй нь агаарын бохирдол болон тамхины хэрэглээтэй холбоотой. Уушгины хавдрын мэс заслын дараах эдийн шинжилгээгээр тамхины шалтгаантай хавдрын эс илэрдэг. Үүний араас бүдүүн, шулуун гэдэс, бөөр, нойр булчирхай, давсаг, түрүү булчирхай, тархины хорт хавдар бичигдэж байна.
Харин эмэгтэйчүүдэд умайн хүзүү, хөхний хавдрын тохиолдол өндөр байгаа ба умайн хүзүүний хорт хавдартай иргэдийн 64.5 хувь, хөхний хавдартай иргэдийн 46.7 хувь нь оношлогдсоноос хойш тав ба түүнээс дээш жил амьдарч байна гэж Н.Эрдэнэхүү захирал танилцуулав.
Харин дэлхий дахинд умайн хүзүү, хөхний хавдраар өвчилсөн иргэдийн амьдрах чадвар 95 хувиас дээш буюу нас баралтаас эмэгтэйчүүдээ хамгаалж чаджээ.
Таван жилийн өмнө зөвхөн ХСҮТ-д химийн эмчилгээний 98 хувийг хийдэг байжээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо боловсронгуй болсноор үйлчлүүлэгчдийн 53 хувь нь хөдөө орон нутагтаа болон нийслэлийн төр, хувийн хэвшлийн бусад эмнэлэгт хими эмчилгээ хийлгэх боломж бүрджээ.
ХӨХНИЙ ХАВДРЫН МЭС ЗАСЛЫН ДАРАА ХӨХ ХИЙДЭГ БОЛОВ
Хөхний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний чанараар ХСҮТ олон улсын түвшинд хүрснийг Олон мэргэжилтний хамтарсан хөхний төвийн эрхлэгч П.Батсүх танилцуулав. Тус төвийг 2021 онд байгуулснаар олон эерэг үр дүн гарчээ.
Олон мэргэжилтний хамтарсан багаар хавдрыг эмчлэх нь илүү үр дүнтэй гэсэн судалгаа байдаг аж. Монгол Улсад хөхний хорт хавдраар 40-49 насныхан буюу цэвэршилтийн өмнөх насныхан түлхүү оношлогдож байна. Хожуу оношлуулж байгаа хүмүүсийн 94.8 хувь нь хөхөө бүтэн авахуулдаг. Хөхний хавдраар өвчилсөн хүний таван жил болон түүнээс дээш амьдрах хугацаа 2021 онд 41.8 хувь байсан бол хоёр жилийн дараа 47.6 хувь болжээ.
Дүрс оношилгоо, сэргээн засал, мэс, засал, хими, туяа эмчилгээ, хавдрын тандалт, бүртгэл, дэмжих төв гэх мэт 13-14 мэргэжилтний хамтарсан баг 2021 онд 8000 орчим хүнд үзлэг хийж байсан бол 2024 онд давхардсан тоогоор 16 мянга орчим хүнийг үзлэг, эмчилгээ хийжээ. Тэд оношлуулж буй нийт өвчтөнийхөө 85-аас дээш хувийг зөвлөгөөнөөр оруулна.
Зөвлөгөөнөөр орсон л бол шууд эмчилгээ болон дараагийн алхмуудыг нэг дор шийддэг учир хугацаа алдахгүй эмчилгээ эхлэх давуу талтай. Хөхний төвийнхөн 2023 оны наймдугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэл 8980 эмчлүүлэгчийн асуудлыг багаараа хэлэлцэж, хамтын шийдвэр гаргажээ.
Зөвлөгөөнийг АНУ-ын Миннесота, Ютагийн их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтарч хийдэг ба хамгийн хүнд хэцүү тохиолдлуудын талаар сар болгон ярилцаж, хөндлөнгийн хяналтаар ажлаа дүгнүүлдэг. Үйлчлүүлэгчдэд хүндрэлгүй, санхүүгийн дарамтгүйгээр олон улсын жишигт нийцсэн эмчилгээ, тусламж үзүүлэхийг зорин ажилладгаа П.Батсүх эмч танилцууллаа.
Хөхний хорт хавдрын мэс заслын үед хөхний дэлбэн болон үсэрхийлсэн байх магадлалтай суганы булчирхайг бүтэн авна. Ийм үед мэс заслын дараах хүндрэл үүсдэг ба хүмүүсийн 20-25 хувь нь уг хүндрэлийг даван туулдаг. Жингийн илүүдэлтэй, тамхи татдаг зэрэг эрсдэлтэй бол хүндрэл 40 хувь хүрнэ. Хавдраа авахуулсан ч гар нь хавагнаж, хүндрэл үүсгэдэг байна.
Тэгвэл хөхний хорт хавдрын эмчилгээ, оношилгоонд харуул булчирхай илрүүлэх орчин үеийн аргыг /ICG/ нэвтрүүлжээ. Харуул булчирхай илрүүлэх арга нь хөхний эргэн тойронд тодосгогч бодис тавьж, хавдарт хамгийн ойр буюу сэжигтэй булчирхайг түүж шинжлүүлнэ. Булчирхайд үсэрхийлэл байхгүй бол өргөтгөсөн мэс засал хийхгүй, мэс заслын цар хүрээг бууруулах давуу талтай. Мөн хавдрыг авсны дараа нөхөн сэргээх, хөх хийх мэс заслыг нэвтрүүлжээ.
ЗӨВЛӨМЖ: 40-70 НАСНЫХАН 2 ЖИЛ ТУТАМД ЭХО, МАММОГРАФИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ШААРДЛАГАТАЙ
Мэс заслын бус хими, бай, дархлаа эмчилгээний үр дүнд хавдар бүрэн устах, хөхийг бүтэн авахгүй, эрхтнийг хадгалж үлдэх эмчилгээний орчин үеийн арга технологиуд нэвтэрчээ.
2014-2019 онд энэ хавдраар оношлуулсан иргэдийн 94 хувь нь хөхөө бүтэн авахуулсан бол Хөхний төвтэй болсноор эрхтэн хадгалах боломж 41 хувь, 2024 онд 71 хувьд хүрч огцом нэмэгджээ. Эмчилгээний үзүүлэлтээр ХСҮТ-ийн эмч нар олон улсын жишигт хүрсэн байна.
2014-2019 онд хөхний хавдраар оношлуулсан иргэдийн 94 хувь нь хөхөө бүтэн авахуулсан бол Хөхний төвтэй болсноор эрхтэн хадгалах боломж 41 хувьд хүрээд байна.
Хөхийг хадгалж үлдэх нь эргээд ямар нэг эрсдэл үүсгэх үү? гэж хүмүүс эмч нараас болгоомжлон асуудаг аж. Хөхөө бүтэн авахуулсан болон хавдар авахуулсан ч хөхөө хадгалж үлдсэн 48986 хүнд хийсэн судалгаагаар эрхтэн хадгалаад, туяа эмчилгээ хийлгэсэн эмэгтэйн амьдрах чадвар, амьдралын чанар мэдэгдэхүйц илүү байжээ. Олон мэргэжлийн эмч нарын багийнхан одоо жирэмсэн үед хорт хавдрыг оношилж, эмчлэх дараагийн үе шат руу оржээ.
Тус төвийн эмч мэргэжилтнүүд сурч боловсорч, мэргэжил дээшлүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эмч нарыг жил бүр сургаж бэлтгэсээр байна. Тэд 2022-2023 онд дөрвөн аймгийн 62 сумын 8000 гаруй эмэгтэйд хөхний хорт хавдрын үзлэг хийжээ. 8000 эмэгтэйг хамруулсан ЭХО-д суурилсан эрт илрүүлгээр хавдраар өвчилсөн 11 хүнийг оношилжээ. 2021 онд улсын хэмжээнд 332 мянган эмэгтэй уламжлалт буюу тэмтрэх үзлэгээр хөхөө хянуулжээ. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх энэхүү үзлэгээр 330 мянгаас гуравхан эмэгтэйг хавдраар оношилсон. Тиймээс эдгээр ажилдаа үндэслэн хөхний хавдрыг эрт илрүүлэхийн тулд 40-70 насны эмэгтэйчүүд хоёр жил тутамд ЭХО, маммаграфийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах зөвлөмж гаргасан байна.
ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРААР НАС БАРЖ БУЙ ХҮМҮҮСИЙН 85 ХУВЬ НЬ 45-ААС ДЭЭШ НАСНЫХАН
Хоёр төрлийн хорт хавдар үүсгэх шалтгаан болдог вирусын халдвараас сэргийлэх дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав.
Түүний илтгэлд, Элэгний хорт хавдар үүсгэх үндсэн шалтгаан болдог гепатит В вирусын эсрэг вакциныг манай улс 1991 оноос эхлэн 24 цагийн дотор хийж эхэлсэн. Уг вакциныг дэлхийн 117 улс дөнгөж төрсөн хүүхдэдээ хийж байгаагийн нэг нь Монгол. В вирусын халдвар дамжих хэд хэдэн зам байдгаас эхээс урагт халдварлах эрсдэл хамгийн өндөр. Тиймээс хүүхэд төрсөн даруйд вакцинжуулснаар халдварлах замыг тасалж, сэргийлэх боломж нь 90-95 хувь. Уг вакцин нэвтрүүлэхээс өмнө Монголд 10 мянган хүн амд жил бүр 50-100 хүн халдвар авч байжээ.
Шинэ төрсөн хүүхдүүдийг дархлаажуулалтад бүрэн /95 хувиас дээш/ хамруулснаар 10 мянган хүн амд халдварлах нь 50-иас доош, 2005 оноос хойш 0.3 хувь буюу жилд 200-300 хүн халдварлажээ. Харин одоо 100 болж буурсан байна. Урт хугацаандаа вирусын шалтгаант элэгний хавдрыг огцом бууруулах урьдач нөхцөл ийн бүрджээ. В вирусын товлолт вакциныг 1991 онд анх хийлгэсэн нялхас өдгөө 34 нас хүрлээ. Одоо элэгний хорт хавдраар нас барж буй хүмүүсийн 85 хувь нь 45-аас дээш насныхан буюу товлолын вакцин нэвтрүүлэхээс өмнөх үеийнхэн юм.
А гепатит вирусын халдвараас сэргийлэх вакциныг Монгол Улс 2012 оноос нэвтрүүлсэн. Үүнээс өмнө цэцэрлэгийн нэг хүүхэд бохир гарын шар өвчний халдвар бол ангиараа өвддөг байв. Одоо дэлхийн 28 улс энэхүү дархлаажуулалт хийж байгаагийн ихэнх нь нийгмийн асуудлаа шийдээгүй буурай хөгжилтэй орнууд байна. Уг вакциныг нэвтрүүлснээр 2011-2012 онд тохиолдлын тоо 10 мянга гаруй байсан бол өдгөө нэг хоёроор тоологдож, бараг устгаж чаджээ. Халдварын өвөрмөц сэргийлэлт болох дархлаажуулалтын ач тус ингэж гардаг. Энэ хэрээр элэгний хавдар, хатуурал зэрэг бусад хүндрэл үүсэхээс сэргийлнэ гэж О.Дашпагма эмч танилцуулав.
2024 ОНД 11 НАСТНУУДЫН 28 ХУВЬ НЬ ПАПИЛЛОМ ВИРУСЫН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДЖЭЭ
Манай улс 2023 онд Дархлаажуулалтын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүний хөхөнцөр /папиллом/ вирусын эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолд оруулсан. Ингэснээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэх үндсэн шалтгаан болсон хүний папиллом вирусын эсрэг дархлаажуулалтыг 2024 оны 11-р сараас улсын хэмжээнд 11 настай охид, хөвгүүдэд хийж эхэллээ.
Монгол Улсад 2023 онд умайн хүзүүний хорт хавдраар 425 хүн оношлуулж, 160 хүн энэ өвчний улмаас хорвоог орхижээ. Харин 2024 өвчлөлийн 521, нас баралтын 167 тохиолдол бүртгэгдэж өвчлөл нэмэгджээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Бид Монголд хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцинжуулалтыг бид хамтран ажиллаж эхлүүллээ. Ямар улс оронд амьдарч байгаа, арьсны өнгөөс үл хамаарч умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх дархлаажуулалтад иргэд тэгш хүртээмжтэй хамрагдах ёстой. 2024 оны нэгдүгээр сарыг дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдарт анхаарал хандуулах сар болгон тэмдэглэдэг. Энэ сэдвийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМЯ, ХСҮТ, ХӨСҮТ болон бусад байгууллагуудтай хамтран умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллаж байна.
Хүүхдийн сангаас папиллом вирусын эсрэг болон элэгний хорт хавдраас сэргийлэх дархлаажуултыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллана. Бид цаашид зөвхөн энэ сэдвээр хязгаарлагдахгүй нийгмийн эрүүл мэндийн олон асуудлаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.
2024 онд 11 нас хүрсэн хүүхдүүд дархлаажуулалтаас хоцорсон бол Өрхийн эмнэлэгтээ хандаж, нөхөн дархлаажуулалтад хамрагдаж болно.
Хөхөнцөр вирусийн эсрэг вакцин нь урт хугацаандаа уг вирусын шалтгаант хорт хавдраас хамгаалах бөгөөд үр дүн дараагийн 10 жилд гарна гэж тооцож буй юм. 2024 онд дархлаажуулахаар төлөвлөсөн 78 мянган хүүхдийн 28 хувь буюу дөрвөн хүүхэд тутмын нэгийг хамруулжээ. Хүйсийн харьцааг харвал охид, хөвгүүд адилхан 50, 50 хувьтай байна.
Манай улс “Гардасил” нэртэй 4 цэнт вакцин хийжээ. “Гардасил” 9 цэнт вакцин бий ч үйлдвэрлэл нь хязгаарлагдмал буй аж. Энэ хоёр вакцин хэв шинжээрээ ялгаатай. Өсвөр насныхныг хамруулах шинэ дархлаажуулалтын сургаар нийгэмд худал мэдээлэл түгээсэн, уг мэдээлэлд автсан хүмүүс хүүхдээ ирээдүйд хавдраас хамгаалагдах өвөрмөц сэргийлэлтээс хоцроож байгаа нь харамсалтай. Гэвч нөхөн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийсээр байна. 2024 онд 11 нас хүрсэн хүүхдүүд дархлаажуулалтаас хоцорсон бол Өрхийн эмнэлэгтээ хандаж болох нь.
Монгол Улс 90-70-90 буюу умайн хүзүүний хавдраас сэргийлэхийн тулд 15 хүртэлх насны хүүхдийн 90 хувийг дархаажуулах зорилт тавьж, вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ХӨСҮТ, ХСҮТ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж байна. Энэ дархлаажуулалтыг 11 настнууд үнэ төлбөргүй, бусад хүүхдүүд сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ болон харьяа дүүргийн эмнэлэгтээ хандаж, төлбөртэй хийлгэж болно.
Папиллом вирусийн эсрэг дархлаажуулалтыг өдгөө дэлхийн 190 гаруй улс нэвтрүүлсэн бөгөөд Монгол уг вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулсан 150 дахь улс болж бүртгэгджээ. Австрали улс уг вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдрыг 2030 онд устгасан байх зорилтдоо хүрсэн жишиг улс болжээ.Тэд өсвөр насны хүүхдүүдийг дархлаажуулалт хамруулснаар умайн хүзүүний хавдаргүй улс орон болсноо удахгүй зарлах гэж байна. Англи, Дани зэрэг хөгжсөн улс орнууд уг вакцин нэвтрүүлээд, үр дүнгээ хэдийнэ зарлажээ. Папиллом вирусын эсрэг вакциныг хүүхдийн 9-15 настайд нь хийвэл хожим хавдраар өвчлөхөөс 85 хувь сэргийлдэг.
НИЙГМИЙН ЗАХИАЛГА БОЛЖ, ЭМЧ НАРТ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛГИЙН ЧИМЭЭ
Дэлхий даяар хорт хавдрын өвчлөл ихсэж байгаа нь хүн амын амьдралын чанар сайжирч, урт наслах хүний тоо нэмэгдсэнтэй холбоотой. Энэ зүй тогтол цаашид ч үргэлжилнэ. Тиймээс улс орнууд хавдартай өвчтөнүүдийг аль болох эрт эмчилгээнд оруулахыг чухалчилдаг ба эрт оношилж, эмчилбэл хавдар үхлийн өвчин биш гэж үздэг.
ХСҮТ-өөс хийсэн судалгаагаар хорт хавдраар оношлогдох хүний тоо 2030 он гэхэд жилд 11 мянга хүрэхээр байна. Тиймээс хавдрын шинэ эмнэлэг барих, оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт шинэ технологиудыг нэвтрүүлэх, технологийн хөгжлийг дагаад эмчилгээний аргачлалуудыг эргэн харах шаардлага үүссэнийг ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү онцлоод, энэ чиглэлд томоохон дэвшлүүд гарсныг тасгийн эрхлэгч, нарийн мэргэжлийн эмч нар сэтгүүлчдэд танилцуулсан билээ.
2025 оны улсын төсөвт шинэ хавдрын эмнэлэг байгуулах эхний санхүүжилтийг тусгасан нь иргэдийнхээ эрүүл мэндэд бодит дэмжлэг үзүүлэх, цаг үеэ олсон шийдвэр болсныг тус эмнэлгийн хамт олон онцолж, урам зоригтой ажиллаж байна.
Эмнэлгийн шинэ барилгыг гурван жилд баривал дөрөв дэх жилээс шинэ хавдрын эмнэлэг хаалгаа нээнэ. Хорт хавдрын өвөрмөц эмчилгээний зориулалтыг барилга байшинтай болбол хавдрын шинэ эмчилгээнүүдийг нэвтрүүлнэ, Тухайлбал, нойр булчирхай, бөөр болон олон эрхтэнийг зэрэг шилжүүлэх зэрэг эмчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж буй юм билээ.
ҮЗЛЭГИЙН ЦАГ ЦАХИМААР АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ ИРДЭГГҮЙ
ХСҮТ-өөр үйлчлүүлэгчид олон тул энэ эмнэлэг бараан зах адил хүний хөлд дарагддагийг бид андахгүй болжээ. Ачаалал их, үзүүлэх өдрөө хүлээх хоног хугацаа урт тул сандарч мэгдсэн иргэд дэмий л бухимдахаас өөр хэрхэх билээ. Эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүд үүнийг сайн мэдэх ч санасан зоргоор өөрчлөх амар ажил биш. Хэдий тийм ч хүлээх хоног хугацааг багасгахын тулд судалгаа хийж, тодорхой үр дүнд хүрчээ.
Хүлээгдэл үүсгэж буй шалтгаан, нөхцөлийг судлан тогтоосон талаараа ХСҮТ-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг танилцуулав. Тус эмнэлгийн тусламж, үйлчилгээ өнгөрсөн жил өмнөх оныхоос 8.5 хувиар өссөн байна. 2024 онд амбулаторийн тусламж үзүүлсэн иргэдийн 42 хувь нь орон нутгаас ирсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 45-64 насныхан. Хэвтэн эмчлүүлэгчдийн 48 хувь нь нийслэлийн, 52 хувь нь орон нутгийнх байна.
ХСҮТ-д Амбулаториор үзүүлэхийн тулд 35 хоног хүлээдэг байсныг 24 хоногт, оношлуулах гэж сар гаруй хүлээдэг байсныг сардаа багтаад үйлчлүүлэх боломж бүрдүүлжээ.
2024 оны долоодугаар сарын байдлаар ХСҮТ-д амбулаториор үзүүлэхийн тулд дунджаар 35 хоног хүлээнэ. Оношилгооны хүлээгдэл 42 хоног, хэвтэх ор гарахыг хүлээх бол 17 хоног. Харин Лабораторийн шинжилгээ хийлгэхэд огт хүлээгдэлгүй байжээ.
И-Монголиагаар буюу цахимаар цаг авдаг болсноор иргэдийн хандалт идэвхжиж, хүлээгдэл улам их болжээ. Иргэд онц шаардлагагүй атлаа үзлэгийн цаг авдгаас эмчийн үзлэг дүүрсэн мэт харагддаг. Жишээлбэл, нэг иргэн өдөрт Ерөнхий мэс зас, элэг, цөс, хөх, эмэгтэйчүүд, ЭХО, хавдраар оношлуулаагүй атлаа Химийн эмчилгээний тасагт хүртэл цаг авсан байжээ.
Тэр байтугай шинэ он гаруут оны эхнээс буюу нэгдүгээр сараас эхлээд 12-р сарыг дуустал сар болгон үзлэгийн цаг захиалсан байжээ. Иргэд өөрөө нэвтэрч, цахимаар цаг авч болсон нь сайн боловч сөрөг тал нь боломжит бүх цагийг өөртөө захиалдаг ч, цагтаа ирдэггүй. Өнгөрсөн долоодугаар сард хийсэн судалгаагаар цахимаар цаг авсан иргэдийн 80 хувь нь цагтаа ирдэггүй нь харагджээ. Мөн нэг өдрийн дотор 6-7 кабинетад үзүүлж яагаад ч амжихгүй. Энэ мэтээр тооцоололгүй, шаардлагагүй цаг авдгаас болж яаралтай үзүүлэх иргэдийн хоног хугацаа хойшилж, өвчин нь өдөр өдрөөр хүндэрч байх магадлалтайг санах хэрэгтэй юм.
Дээр нь эмнэлгийн цахим бүртгэлийн системд ч асуудал байсныг хүлээн зөвшөөрч байв. Асуудлын гол алдаа дутагдал нь юундаа байгааг судалж, шинжилгээ хийснээр хүлээгдлийг 30 хувиар бууруулжээ. Үр дүнд нь Амбулаториор үзүүлэхийн тулд 35 хоног хүлээдэг байсан бол 24 хоногт үзүүлдэг. Оношлуулах гэж сар гаруй хүлээдэг байсан бол сардаа багтаад оношлуулах боломж бүрдсэн байна.