Нарны нэгхэн цацраганд
Хэвлий илбэж би ээждээ ирсэн
Намрын буга урамдах дуунаар
Сэтгэл аргадаж би ээждээ ирсэн
...Ээж минь байхад гэр дулаахан байдаг.
Хэдийд ч юм бэ гэртээ орж ирэхэд, ээж минь байхад гэр дулаахан байдаг. Гал түлээгүй хэрнээ үрээ өхөөрдөн угтах хайранд гэр бүлээсч байдаг. Тогоо тавиагүй хэрнээ өлсөж ундаассан ходоод минь ээжийгээ хараад л цадаж орхидог. Гэртээ орж ирээд эргэн тойрноо эргүүлж, тойруулж харахад бүх л юмс өнгөлөг харагддаг, ээж минь байгаа болохоор. Намайг хараад ээж минь инээх нь нар гийх мэт. Өхөөрдөн эрхлүүлж хошуугаа цорвойлгоход нь энэ орчлон тэр чигээрээ л эрхэлж нялхрах мэт . Аягалаад тавьсан хоолноос нь хайр дандаа амтагдах мэт. Аргадаж учирлаад тэврэхэд нь хорвоо тэр чигээрээ дулаахан мэт.
Гэртээ ирэхэд ээж минь үгүй бол сэтгэл нэг л хүйтэн. Зууханд гал асч байвч сэтгэл нэг л жиндүүхэн. Өлсч ундаассан ходоод минь ээжийн эзгүйд улам л хоржигнох шиг. Гэрийнхээ бүх л зүйлсийг эргүүлж тойруулж харахад нэг л бүүдгэр, сүүмгэр, ээж минь үгүй болохоор. Санаа алдан ээжийгээ хүлээхэд ханын цаг хөдөлж ядан залхуурах шиг. Ирэхгүй удах тусам хээр хоносон сар шиг нэг уйтай. Хэнээс ч юм бэ сураглахаас нэг л айдас төрөм. Би юу ч хийж чадахгүй ээжийгээ л хүлээнэ, бас чимээ чагнана. Ирэхгүй хол явчихсан байх вий гэхээс борхон зүрх минь түгшиж чангаар цохилно. Тэгэхдээ сэтгэлдээ итгэл тээж хүлээнэ, яг л зууханд цогших цучил шиг.
Ээж байхад гэр минь дулаахан
Эргэх хорвоогийн юм бүхэн өнгөлөг
Таны эзгүйд гэр минь хүйтэн
Хээр хоносон сар шиг сэтгэл жиндүүхэн
...Ээжтэй хүн эрхэлж нялхардаг.
Хэвлийгээс тань унаж, хөхөөр тань амлахдаа л би нялхарч байсан. Үнэгчлэн унтах нойрондоо ч таныгаа л зүүдэлж байсан. Элгэндээ тэврэх болгонд сэтгэлд тань дасч уусаж байсан. Эрхлүүлж өхөөрдөх бүрд зүрхний тань гүнд шингэж л байсан. Түнэр харанхуйд таныхаа хөхийг тэмтчиж, нээж чадахгүй аньсгандаа таныгаа л төсөөлж байсан би. Хар дарсан зүүдэндээ таныгаа дуудаж, хурайлж аргадах бүрд тань тайвширч унтаж байсан би.Элэг элгэндээ шингэж, зүрх зүрхэндээ уусаж байхдаа хэзээ ч мартамгүй хайрыг танаасаа л хүртэж байсан би. Ээжтэйгээ байхдаа л би ямагт амар амгалан байсан. Эрхэлж нялхрахын нэгэн жаргалыг эдэлж байсан би.
Өсөж өндийж том болохын хэрээр гагц тандаа л эрхэлж байсан. Өөрөө хааяа цухалдахдаа таныгаа л хатуу үгээр гомдоож байсан. Хэрээ мэдэхгүй тэнэгтэхдээ таныгаа "уучилна" гэдгийг мэдэрч, тэгж аашилдаг байсан ээж ээ. Үрээ гэсэн сэтгэлд тань дэндүү бардамнахдаа, үнэндээ би мунхаг явснаа хожим нь ойлгодог ээж ээ. Хэн нэгэнд гомдсон сэтгэлээ тандаа л гаргаж байхдаа эрхэлж байсан юм шүү. Хүүгээ гэсэн сэтгэлийн шаналалд тань итгэж байсан хэрэг байх даа. Хожим нь ганцаардан уйлж суухдаа уул шиг нөмөр нурж, салхи жиндүүхэн үлээхийг мэдрэхдээ танаасаа уучлал гуйдаг шүү ээж ээ. Эрх танхил сэтгэл гэдэг чинь ээжтэй л хүний ааш юм билээ.
Эрхэлж нялхарч байх нь
Ээжтэй хүний араншин
Сүүн сэтгэлд нь уусч байхдаа
Тандаа л итгэдэг байсан шүү ээж ээ
...Ээжтэй хүн омогшиж бардамнадаг.
Та минь дэргэд байхад уул шиг л нөмөртэй, бас дулаахан. Хааяадаа уулга алдан тэврэхэд тань нулимс чийглэн хайрладаг шүү ээж ээ. Өгөх юмаа олж ядан авдраа уудалж, өврөө тэмтрэхэд тань яг л нялх багадаа та намайг өхөөрддөг шиг л таныгаа өхөөрддөг. "Яах нь вэ? ээж ээ" гэж хэлэхдээ таныхаа өглөгөнд өөрөө мэдэлгүй гараа тосдог. Дараа нь өгсөн болгоныг тань ам руугаа хийхдээ тэртээ цагийн хөхний сүүний амтыг мэдэрдэг. "Эвий дээ ээж минь" гэж сэтгэлдээ шивнэхдээ элгэндээ тэвэрч байхад тань мэдэрсэн тэр л хайрыг мэдэрдэг." Хүү нь сайн явна шүү" гэж ээждээ шивнэхдээ, таныгаа л баярлуулахыг хичээдэг. "Хүү минь овоо доо" гэсэн харам үгэнд би өөрөө омогшиж бардамнадаг.
Заримдаа гундаж яваа хүүдээ ээж нь үглэдэг. Замбуулин хорвоод түүн шиг үнэн, тэгээд түшиг нь үгүй. Элэг нь холдож уруул дордойж явав ч "ээж минь энэ орчлонд байгаа"гэж бодохоор сэтгэл гундах нь үгүй. Хааяадаа шаралхаж буруу аашилавч, хан хорвоод ээж минь байгаа болохоор сэтгэл түвдэхгүй. Буруу зөрүү гишгэх тавиландаа бусдад аархан онгировч, гагц ээжийнхээ өмнө сөгддөг юм даа. Буруу зөвийн дэнс нь "хууль биш ээж минь" гэж тэд сэтгэлдээ л хэлдэг. Ээж минь байгаа болохоор энэ хорвоо зовлонгоор биш жаргалаар дүүрэн. Сайн ч муу ч явсан ээжийгээ хайрлах сэтгэл тэдэнд ав адилхан. Сартай шөнийн бүүдгэр туяан дор мөр мөрөө түшин суухдаа тэд ээжийгээ л дурсдаг. Нэгэн ээжийн хүүхдүүд гэдэг энэ л ертөнцийн нэгэн багтаамж, хэн ч зааглахгүй сэтгэлийн дулаан мэрдэмж.
Сайнтай муутай хорвоод
Ээжийн сэтгэл ганцхан
Сар нарны тэнцэл дунд
Ээжийн хайранд бид хамтдаа
...Ээжтэй хүн дүүрэн жаргалтай.
Цагаан сараар ээждээ золгохдоо дүүрэн баяртай. Барьсан хадгийг минь тавиад, хацар дээр минь үнсэхэд , хайр мэдрэгддэг. "Хүү минь дээ" гэсэн уулга алдалт тэр л золголтоос мэдрэгддэг. Хүүгээ хараад бахархах сэтгэл нь нулимстай чийглэж үзэгддэг. Бүгдийг нь тойруулж хараад санаа алддаг. Бүтэн мөртэй яваа хүүхдүүдээ хараад ханьдаа сүсэлдэг. Тэднийхээ дуулах дуунд сэтгэл нь жаргаж, эх хүн болж төрсөн заяандаа сэтгэлдээ залбирдаг. Энэ тавиландаа эх болсон хувь заяагаа биширдэг. Нэгэн цагт голоо тасартал өвдөж шаналж байснаа энэхэн зуур мартдаг. Тэр л зовлон дунд мэндэлсэн хүүхдүүдээ хараад баярладаг. Өвдөж зовж байвч жаргал авчирдаг хорвоод, өөр юугаар ч сольшгүй жаргал нь энэ хэдэн хүүхэд.
Ээж минь таныг байхад энэ хорвоо дүүрэн жаргалтай. Гомдож гомдоож байвч энэ хорвоод бидэнд танаас өөр үнэнч сэтгэл үгүй. Тэр нэгэн цагт ивэлгэж байсан сүү тань, өнөөдөр хайр болон урсаж байна. Түнэр харанхуй шөнө элгэндээ тэвэрч байсан хайр тань, таныхаа өмнө сөхрөх нэгэн хайр болон шингэж буй. Аялж байсан бүүвэй дуу тань алсдаа бусдыг хайрлах уянга болж буй. Ээж минь та энэ хорвоогийн хамгийн аялгуут эгшиг, хан хорвоод мандсан нарны дулаахан илч, хайр сэтгэлийн ялдамхан жишээ, хүнийг хайрлан өрөвдөх гайхамшигт аялгуу. Би таны үргэлжил. энэ хорвоод тасрахгүй дуурсах аялгуу эгшиг. Тэгээд л бид үргэлжлээд л үргэлжлээд л ... Бид бие минь тасравч амь минь тасрахгүй. Тэгээд л бидний хайр мөнхөд орших болно.
Хувь заяа ивээж тандаа ирсэн би ээж ээ
Хуртай зуны солонго шиг тандаа гэрэлтэж ирсэн
Та минь байгаа болохоор би дүүрэн жаргалтай
Таныхаа өмнө сөгдөн мөргөе ээж ээ
Ээж наран хоёр нэгэн тавиландаа
Илч гэрлээрээ бүхнийг тэтгэдэг
Та минь байхад ертөнц дүүрэн
Таныг байхгүйд бүх юм хоосон
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
E-mail: gala_mn@yahoo.com