- Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ байна.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас эхлэн өнөөг хүртэл Буцалтгүй тусламж, Техникийн хамтын ажиллагаа, Иенийн хөнгөлөлттэй зээл зэрэг олон талт төсөл, хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлсээр ирсэн билээ. Далайн чанадад сайн дурын гишүүн илгээх хөтөлбөр нь Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA) Техникийн хамтын ажиллагааны нэг бөгөөд олон жилийн түүхтэй хөтөлбөр билээ.
1965 онд эхэлсэн ЖАЙКА-гийн Сайн дурын гишүүн илгээх хөтөлбөр 2025 онд 60 жилийн ойтойгоо золгож, энэ хугацаанд дэлхийн 99 улсад нийт 57,000 гаруй сайн дурын гишүүнийг илгээн, тэдгээр улсын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн.
ЖАЙКА-гийн Сайн дурын үйл ажиллагааны гол үзэл санаа нь “Орон нутгийн иргэдтэй хамтдаа” (together with the local community) гэх үгэнд шингэсэн байдаг. Тэд зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар очдоггүй бөгөөд тухайн орны хэл соёлыг сурч, орон нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, үнэт зүйлсийг хүндэтгэн, хамтдаа хөгжиж, хамтдаа ажиллаж амьдардаг. Ингэснээр харилцан ойлголцол, итгэлцэл дээр суурилсан урт хугацааны тогтвортой өөрчлөлтийг бий болгохыг зорьдог юм.
Монгол Улсад ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд 1992 оноос хойш тасралтгүй ажиллаж, өнөөг хүртэл ойролцоогоор 800 орчим сайн дурын гишүүнийг илгээжээ. Тэд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, биеийн тамир спорт, орон нутгийн хөгжил зэрэг олон салбарт хүчин зүтгэж, Монголын нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Монгол, Японы ард иргэдийн нөхөрлөл, харилцан итгэлцлийн гүүрийг хамтдаа бүтээсэн билээ.
ЖАЙКА-гийн Сайн дурын үйл ажиллагааны онцлог нь “Бие даах хөгжил”, “Тогтвортой байдал”-ыг эрхэмлэдэгт оршино. Богино хугацааны үр дүнгээс илүүтэйгээр орон нутгийн иргэд өөрсдөө бие даан хөгжих боломжийг бүрдүүлэхэд анхаарч, чадавхийг бэхжүүлэх, тогтолцоог бий болгох чиглэлээр тууштай ажилладаг. Өөрчлөлт заримдаа удаан мэт санагдаж болох ч хамтын хүчин чармайлтаар бий болсон үр дүн нь илүү бат бөх, урт хугацаанд үр өгөөжөө өгдөг.
60 жилийн түүх бол зүгээр нэг тоо биш бөгөөд хил хязгаарыг даван, соёлын ялгааг хүндэтгэн, харилцан суралцаж ирсэн олон мянган хүний чин сэтгэлийн түүх юм.
Цаашид ч ЖАЙКА-гийн Сайн дурын гишүүд “Орон нутгийн иргэдтэй хамтдаа” гэх эрхэм зарчмаа хадгалан, илүү тогтвортой, хүртээмжтэй нийгмийг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байх болно. Ийнхүү ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн илгээсний 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан бид Монгол Улсад ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдтэй хамтран ажиллаж байсан хүмүүстэй ярилцлага хийж, тухайн үеийн дурсамж, сэтгэгдлийг нь сонссон юм. Энэ удаад тэдгээр ярилцлагаасаа танилцуулах боломж олдсонд баяртай байна.
Төгсгөлд нь энэхүү завшааныг ашиглан та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч Гал Морин жилдээ аз хийморьтой, эрүүл энх, дүүрэн жаргалтай, түвшин амгалан байж Сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

- Та Сайн дурын гишүүдтэй хэзээ хамтран ажиллаж байсан бэ?
- Г.Будтуяа: 2013–2015 онд Хөгжмийн багш Томии Ай, Бага ангийн багш Кария Изүми, мөн 2016–2018 онд Хөгжмийн багш Хонжо Азүса, Бага ангийн багш Гото Акихико нартай хамтран ажиллаж байжээ. Тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байлаа.
- Тухайн үеийн ЖАЙКА-гийн Сайн дурын үйл ажиллагааны тухай мөн сэтгэлд хамгийн их үлдсэн зүйлсийн талаар ярьж өгнө үү.
- Г.Будтуяа: Анх сайн дурын гишүүдтэй уулзахад тэд яг л дунд сургуулийн сурагчид шиг маш залуу харагдаж байсан тул “Хүүхдүүдтэй сайн ойлголцож чадах болов уу?” гэж жаахан санаа зовж байлаа. Гэвч тэд үнэхээр ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, төлөвлөөгүй ажлуудад ч уян хатан байдлаар зохицон ажиллаж чаддаг гайхалтай хүмүүс байсан юм. Тухайн үеийн Боловсролын яамнаас хэрэгжүүлж байсан “Авьяас хөтөлбөр”, “Унших хөтөлбөр” зэрэг хүүхэд бүрийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдэд тэд ихээхэн хувь нэмэр оруулсан.
Томии Ай сайн дурын гишүүн хүүхдүүдэд хийл хөгжмийг зааж, манай сургууль Монголд анх удаа 16–20 сурагчтай хийлийн ансамбльтэй сургууль болсон юм. Багш, ажилчдын хамтын ажиллагаагаар хийл хөгжмүүдийг худалдан авч, Томии багш маш их хичээл зүтгэлтэйгээр зааж сургаж байв. Энгийн нэгэн сургуульд сонгодог хөгжим эгшиглэх нь маш ховор үзэгдэл байсан бөгөөд орон нутгийн иргэдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн.
Мөн аймгийн Засаг даргын дэмжлэгээр 1000 ширхэг лимбэ (рекордер) хандивлагдаж, бүх ангийн сурагчид лимбэ тоглож сурсан. Кария Изүми сайн дурын гишүүн нутгийн багш нарт лимбэ зааж, тэдгээр багш нар нь хүүхдүүдэд заасан тул багш нарын ур чадвар ч давхар дээшилсэн. Орон нутгийн баяр наадмын үеэр хүүхдүүд лимбээр “Ацүки Фурусато” (“Халуун эх нутаг”) хэмээх дууг тоглож, нутгийн иргэдийг уяраасан.
Кария багш судалгаанд суурилсан, эрэл хайгуулын арга барилыг хичээлдээ хэрэгжүүлж, хичээлийн агуулгаа бусад багш нартай ярилцан сайжруулж байсан. Түүний энэ хандлага нь бусад багш нарт ихээхэн урам зориг өгсөн. Томии багш болон Кария багш нар эх орондоо буцах үед хүүхдүүд маш их гунигласан ч, багш нараасаа сурсан зүйлсээрээ тайлан тоглолт зохион байгуулж, талархлаа илэрхийлсэн юм.
-Ч.Цогзолмаа: Кария Изүми багшийн нөлөөгөөр сургуулийн дотоод чимэглэлийг ойр орчмын энгийн материалуудыг ашиглан бүтээлчээр хийх болсон бөгөөд яг л Японы сургуулийн уур амьсгал бүрдсэн юм. Тэрээр цаасан аяга, модон савх, хайрцаг зэрэг зүйлсийг ашиглан бүтээл хийх аргыг зааж өгсөн. Мөн нэг сэдвийн хүрээнд хэд хэдэн хичээлийг уялдуулан заах болсон нь маш үр дүнтэй байлаа.
Жишээлбэл, Томии Ай багш хөгжмийн хичээлээр “Сэтгэлийг хөдөлгөх долоон эгшиг” дууг заасан бол, Кария Изүми багш дүрслэх урлагийн хичээл дээр хүүхдүүдээр тухайн дууны агуулгыг илэрхийлсэн бүтээл хийлгэсэн. Бага ангийн 3-р ангийн 100 орчим сурагчид хамтран энэхүү бүтээлийг хийсэн юм. Харин монгол хэлний багш уг бүтээлийн талаар сэтгэгдлээ хуваалцах хичээл явуулсан. Ийнхүү хичээл хоорондын уялдаа холбоотой сургалт явуулсан нь өнөөдрийг хүртэл багш нарын сэтгэлд гүн үлджээ.
Мөн Готоо Акихико багш 4–5-р ангийн сурагчдад байгалийн ухааны хичээл, Кария Изүми багш бусад багш нартай хамтран математик болон дүрслэх урлагийн хичээл зааж байсан. Готоо Акихико багш Монголын хүүхдүүдийг Японы хүүхдүүдтэй онлайнаар холбон, хоёр орны амьдрал, соёлын ялгааг харилцан суралцах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн байгалийн ухааны хичээлд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүнийг Японоос авчруулж, бусад багш нартай хамтран хичээлийн төлөвлөгөө боловсруулж байв.
Манай сургууль шинэ боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх загвар сургууль байсан тул бусад бүс нутагт хичээл заах, заах арга зүйг танилцуулах тохиолдол гардаг байлаа. Тэр үед ч сайн дурын багш нар үргэлж хамт явж, хичээл заах болон зөвлөгөө өгөх зэргээр бидэнд ихээхэн тусалдаг байлаа.

- Тухайн үед ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарч байв уу?
- Ч.Цогзолмаа: Эхний үед хэлний бэрхшээл бага зэрэг байсан. Гэсэн ч багш нар маргаашийн хичээлийн агуулгыг монгол хэлээр бичиж, урьдчилан нягт бэлдэж байгаа нь ихэд сэтгэгдэл төрүүлж байлаа. Хувь хүний хувьд бэрхшээлтэй зүйлс байсан байж магадгүй ч, тэд бидэнд тийм асуудлыг нэг ч удаа хуваалцаж байгаагүй. Хөнгөн ханиад хүрэх тохиолдол байсан ч, ноцтой гэмтэл бэртэл эсвэл хүнд өвчин тусаж байгаагүй.
- ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд нь сургууль болон та бүхний хувьд ямар байр суурь, ямар ач холбогдолтой хүмүүс байсан бэ?
- Ч.Цогзолмаа: Нөлөө нь үнэхээр асар их байсан. Жишээлбэл, 1000 хүүхэд лимбэ (рекордер) сурсан гэдгээс харахад олон хүүхдэд шууд нөлөө үзүүлсэн нь тодорхой байна. Нэг ч хүүхэд орхигдоогүй. Мөн заах арга зүйн хувьд ч зөвхөн манай сургуульд бус, аймгийн бусад сургуулиудад ч нөлөөлсөн гэж бодож байна.
Хүүхэд бүрийн чадварыг хэрхэн хөгжүүлэх тухай жинхэнэ утга учрыг тэд харуулж өгсөн. Байгалийн ухааны хичээл ямар байх ёстой, нэг сэдвийн хүрээнд хэд хэдэн хичээлийг хэрхэн уялдуулах, бага ангийн хичээлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах зэрэг олон зүйлийг зааж өгсөн. Эдгээр заах арга барилууд нь өнөөдрийг хүртэл сургууль дээр хэрэгжсээр байна.
- Тухайн үеийн сайн дурын гишүүдтэй одоо холбоотой байгаа юу?
- Ч.Цогзолмаа: Бид сайн дурын гишүүдтэй одоо ч холбоотой байдаг. Тэд нутаг буцсаны дараах амьдралынхаа талаар, гэр бүл, хүүхдүүдийнхээ тухай ч бидэнд мэдээ өгдөг. Зарим нь бүр эцэг эхээ дагуулан Монголд ирж байсан тохиолдол ч бий.
- Өнгөрсөн хугацаанд сайн дурын гишүүдтэй хамтран ажилласан туршлага дээр үндэслэн, одоо Монголд ажиллаж буй сайн дурын гишүүдэд хэлэх зүйл байна уу?
- Г.Будтуяа: Сайн дурын гишүүдэд гэхээсээ илүү хүлээн авч буй байгууллагад хандаж хэлмээр байна. Сайн дурын гишүүний туршлагыг хэрхэн ашиглах нь маш чухал. Тэднийг зүгээр л “байгууллагын нэг ажилтан” гэж харах бус, тэднээс сурсан зүйлээ бусад багш, сургуулиудтай хуваалцах нь чухал юм.
- Ч.Цогзолмаа: Ер нь сайн дурын гишүүд дасан зохицох чадвар өндөртэй байдаг гэж боддог. Гэхдээ тэд хүлээн авч буй байгууллагатайгаа сайн харилцаатай байж, асуудал гарвал шууд зөвлөлдөж, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүлээн авагч байгууллага ч сайн дурын гишүүнийг өөрсдийн нэг гишүүн мэт халуун дотноор хүлээн авахыг хичээх хэрэгтэй. Хэлний бэрхшээл байсан ч янз бүрийн арга хэмжээнд оролцуулах нь чухал. Ингэснээр асуудал гарсан ч хурдан шийдвэрлэж, үйл ажиллагааг хэвийн, үр дүнтэй явуулах боломжтой.

Жич: ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар цаашид энэ мэт ярилцлагуудыг цувралаар хүргэхээр төлөвлөж байга бөгөөд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдтэй холбоотой дурсамж, түүхтэй хүмүүс байвал jicamg_volunteer@jica.go.jp хаягаар бидэнтэй холбогдоно уу.