Хөвсгөл аймгийн Хатгал тосгон буюу Алаг-Эрдэнэ сумын нутгаас морь унаж, Уран дөш уулыг зорьсон аяллын тэмдэглэлээ хуваалцъя.
Аяллын баг маань таван хүн, зургаан морины бүрэлдэхүүнтэй. Морин хөтчөөс гадна моринд гарамгай хоёр залуу, морь унаж чаддаг нэг эмэгтэй, бараг л морь унаж үзээгүй миний биеэс бүрдэж байлаа. Харин дундын хоёр майхан, тус тусын мешок, хоол хүнс бүхий 150 кг ачаатай явсан.
Ачлагын нэг мориндоо ачаагаа ачих ба түүнийг морин хөтөч маань хөтөлж явах үүрэгтэй. Гэвч ачлага морийг араас нь туухгүй л бол огт явах шинжгүй. Иймд моринд гарамгай хоёр залуу маань араас нь тууж, ээлжилж хөтлөх гэх мэтээр хөтчид тусалж байлаа.
Багадаа ах нартаа эрхэлж, морио хөтлүүлж явснаас өөрөөр морь унаж үзээгүй надад энэ аялал тун бэрх даваа санагдаж байв. “Монгол хүн мориноос унаад үхдэггүй, жаахан л бэртдэг юм. Унахдаа хүртэл нэг л өөр зөөлөн унана. Харин гадаадууд бол их эвгүй унана шүү дээ” хэмээн хөтөч маань намайг тайтгаруулна. Нээрээ л нэг зөөлөн унаад Монгол хүн гэдгээ баталсан даа. “Унах вий гэж айвал морь мэдрээд унагах гэдэг юм. Тиймээс унана гэж бүү бод, морь чинь бусгаж, авч давхисан ч унахгүй л гэж бодоод амыг нь сайн татах юм шүү” гэж хөтөч маань зөвлөв. Тэрийг нь ягштал биелүүлсний хүчинд дахиж унаагүй ч, үлдсэн замын туршид морио хөтлүүлж явснаа нуух юун.
Морь унахад шилбэ давсан урт түрийтэй гутал болон дээл тохиромжтой. Мөн гар, нүүр гээд биеийн ил гарсан хэсгээ нарнаас хамгаалах зорилгоор бээлий, малгай өмсөж болно. Бид нарны хамгаалалтгүй явсан тул нэлээд борлож, харласан байдалтай ирсэн. Харин бороотой өдөр урт гэгчийн зузаан цув хэрэгтэй юм билээ.
Морин аялалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч бол хөтөч юм. Байнга сонор сэрэмжтэй явж, хүн бүрийн эмээл, олмыг цаг тутамд шалгаж, ачаагаа ачиж, хүн, малд тохирсон буудаллах газар сонгож, шөнө хээр хонохдоо морьд үргэх эсэхийг чагнан сэрүүн шахуу хонох гэх мэт түүний үүрэг, хариуцлага асар их ажээ. Ер нь л аялалд гарахад хамт явах хүмүүс хамгийн чухал байдаг шүү дээ. Бидний хувьд аялалд явж сурцгаасан буюу гадаа гандаж, хөдөө хөхөрч үзэцгээсэн хүмүүс тул бүгд л бие биендээ ханьтай, тустай явсан.
Өглөө хоол ундаа уугаад, 10 цагийн үед хөдөлж, орой 19-20 цагийн үед буудаллаж байв. Замдаа ус уух, биеэ амраах зэргээр ихдээ хоёр удаа л зогсоно. Энэ маягаар өдөржин морь унаж явах үнэхээр хэцүү байсан ч бидний зорилго нэг тул бүгд тэвчээртэй явцгаасан. Хөл, өгзөг, нурууны өвчинг замд таарах байгалийн сайхан, ховор ан амьтад, тэдгээрийн хачин сонин мөр, хөтөч залуугийн яриа мартуулж байлаа. Цаашлах тусам улам л уул нь өндөрсөж, гол нь цэнгэгшиж, өвс ургамал нь өндөр болох аж. Хүний гар хүрээгүй газар ийм л сайхан байдаг байх нь гэж эрхгүй бодогдож байв.
Замд гарснаас хойш гурав дахь өдөртөө Уран дөш хайрханыхаа барааг олж харлаа. Харин бэлд нь очих хүртлээ дахин нэг хонохоор болов. Үнэхээр хэн хүний санаанд буумгүй сүрлэг сайхан хайрхан ажээ. Тухайн өдөр хөтөч залуу маань биднийг жимстэй ууланд буулгаж, амраалаа. Нэрс, аньс ширдэг мэт газраар дүүрэн ургажээ. Гэдсээ, малгайгаа, усны саваа гээд л дүүргэж болох бүхнийг дүүргэж, ханатлаа Жигмэд, Тогмидсон доо. Замд бас дүүрэн үхрийн нүдтэй уул харагдана лээ. Ер нь л энэ жил зуншлага сайхан байжээ.
Маргааш нь бид Уран дөш хайрханы бэлд ирэв. Боломжит цэг хүртэл мориор яваад, уулын оргил өөд өөрсдөө алхахаар боллоо. Үнэндээ мориноос бууж, хөлөө амраангаа алхана хэмээн бүгд баярласан ч дээшээ өгсөнгүүт хэцүүдэж, морь унаж явах нь амар юм гэдэг дээр санал нэгдэцгээв. Дээшлэх тусам бие биен дээрээ тогтсон том чулуутай, нэг чулуу нурвал тэр чигээрээ нурж магадгүй тун эгц бөгөөд аюултай хэсэгтэй тул дөрвөн хөллөж гарахаас аргагүй. Оргил өөд дөхөх тусам орчин тойрны уул хад улам жижгэрч, тэр доор үзэгдэх нь нэн сүрдмээр.
Ингээд бид далайн түвшнээс дээш 2,936 метрт гарч ирлээ. Яг орой дээр нь гарахад нэг их том тэгш тал дээр гараад ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Уран дөш гэж нэрлэсний учир ч тайлагдах шиг. “Дээр үед Оросууд энэ уулыг дэлбэлж авч явах гэж байсан гэсэн. Фосфороор баялаг юм билээ” хэмээн хөтөч маань хэлэв.
Хайрханы зүүн талд Хөвсгөл далай бүхлээрээ цэнхэртэн харагдах ба далайн зүгээс ирэх сэрүүн цэнгэг салхи хацар нүүр илбэх нь хэчнээн таатай. Хөвсгөл далайн баруун эрэгт л амраад буцдаг надад дээрээс нь харах үнэхээр гайхалтай санагдсан. Харин хойд талд нь Хорьдол сарьдгийн саарал нурууд үзэгдэнэ. Сайн лавлан харвал хойд хилийн зурвас ч харагдана. Ямар ч бэлтгэлгүй, мориноос буусан чигээрээ авирцгаасан бид усны мөрөөсөл болсоор дээш гарч ирсэн юм. Хамгийн сонин нь тэр их өндөр уулын орой дээр ус боргилоод урсаж байх юм билээ. Таван өдөр морин дээр явсны шагнал нь энэ ажээ.
Цангаагаа тайлж, зураг хөргөө авахуулаад, доош бууж мориндоо хүрэхэд нар хэвийх дөхсөн тул бид жаахан газар хороогоод голын сайрын ойролцоо буудаллав. Аяллын турш бид ихэвчлэн сайрын ойролцоо бууж, сайран дээр том түүдэг асааж, сайн дулаацаж аваад унтацгаадаг байлаа. Учир нь шөнөдөө -8 градус хүрч байв. Мөн том түүдэг асаах нь ойр орчинд байгаа зэрлэг ан амьтдыг үргээхэд тустай гэж хөтөч маань ярина лээ.
Маргааш нь бидний хүнс дууссан тул өдөржин гүрийж давхисаар Хирвэстэгийн даваагаар давж Хөвсгөл далайн эрэгт ирж, амралтанд буув. Дараагийн өдөр нь Жанхайн даваа хүртэл мориор яваад, машин дуудаж Хатгал тосгонд буцаж ирснээр бидний аялал өндөрлөлөө.
Бидний нийт зардал нэг хүний 350 мянган төгрөг болсон. Үүнд зургаан морины зургаан өдрийн хөлс, хөтчийн гарын мөнгө, хоол хүнс, уух зүйлс, амралт, замын хоол мөн УБ-Хатгал-УБ маршрутын бензиний мөнгө зэрэг багтсан.
Уншигч танд энэ аялал их л хүнд хэцүү сонсогдож магад гэвч бидэнд тухайн үедээ ч сайхан төдийгүй, эргээд бодоход ч сэтгэл дүүргэж, инээмсэглэл бэлэглэх мартагдашгүй сайхан аялал байсан юм шүү.
Бидэнтэй хамт аялсанд баярлалаа.
Гэрэл зургийг Bilge Tse