Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Ууганбаяртай ярилцлаа. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 3-наас хоёр дахь удаагаа үзэгчдийн хүртээл болох "Гэм зэм" жүжгийн Разумихины дүрд тоглож байна.

-Тун удахгүй "Гэм зэм"-ийн хөшгийг дахин нээх нь ээ. Таныг шоу нэвтрүүлгээс тэс өөр, театрын тайзнаас харна гэхээр соньхон санагдаж байна.
-Надад ч гэсэн маш сонирхолтой санагдаж байгаа. Яагаад гэхээр би арван жилийн дараа тайзны уран бүтээлд тоглож байна. Хамгийн сүүлд 2012 онд "Найзууд" театрын залуустайгаа бүтээсэн "Гэнэтийн бэлэг" жүжигт тоглож байлаа. Түүнээс хойш тайзны жүжигт тоглоогүй арван жил өнгөрчээ.
-Жүжгийг хоёр дахь удаагаа тоглох гэж байна, жүжигчид туршлагажсан. Харин таны хувьд "шинэков". Разумихиныг яагаад сольчхов?
-Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулж Орфей театр "Гэм зэм" жүжгийг найруулах гэж байна гээд Разумихины дүрд тоглох анхны санал надад ирсэн юм. Тухайн үед би "The voice Of Mongolia" шоуны бичлэгтэй байж таараад амжаагүй. Ингээд миний оронд жүжигчин Д.Түвшинбаяр маань тоглосон. Гэхдээ би их азтай. "Гэм зэм"-ийг дахин тоглох гэж байна гээд намайг дахин урьсан. Энэ удаагийн тоглолтод МУГЖ Б.Нармандах, жүжигчин Л.Дөлгөөн, Т.Ариунчимэг бид дөрөв шинээр нэмэгдсэн.
Жүжгийн бэлтгэл эхлээд хоёр долоо хонож байна. Анх маш их хариуцлага ирэх шиг л санагдсан. Хүмүүс "Ууганаа чи хичээгээрэй" гэх таатай юм. Харин "Чи чадна" гээд улам их итгэл хүлээлгэх чинь их хэцүү юм байна. Хичээж байгаа ч хүлээлтэд нь хүрэхгүй бол яана вэ гэдэг сэтгэлзүйтэй л ажиллаж байна даа. Гэхдээ туршлагатай уран бүтээлчид дунд ороод ирсэн учраас хөл халтирсан ч тулаад авах хүн олон бий.
-Жүжгээ үзэж амжсан уу?
-Амжаагүй. Аливаа зүйлийг харчхаар, сонсчхоор тэр байдлаар нь төсөөлчихдөг шүү дээ. Тиймээс мэдэхгүй байгаа маань дутагдалтай эсвэл давуу талтай ч юм шиг санагдаад байгаа.
-"Гэм зэм" романыг уншсан болов уу?
-Жүжгийн зохиолоор нь уншсан.
-Танд 1800-аад оны Орос орон, Петербург хотын тухай ямар төсөөлөл бууж байна вэ?
-Би энэ жүжгийн үйл явдлыг тийм эртнийхээр төсөөлөхгүй байгаа. Учир нь бид жүжигт тоглохын тулд энэ цаг үеийг бүтээж, өнөөдрөөрөө амьдарч байна. Найруулагч М.Батболд маань жүжигчдэдээ эрх чөлөө өгч байгаа учраас бид цаг хугацаанд баригдахгүй байгаа. Магадгүй та 200 жилийн өмнөх дүрийг тайзнаа бүтээмээр байвал түүгээрээ л тогло. Эсвэл 1980 он, 2022 оныг ч тоглож, үг хэллэгийг ч өнөөдөрт авч ирж болно гэж найруулагч зөвлөдөг. Ингээд цаг хугацаанд үл захирагдсан "замбараагүй" байдал бидэнд илүү чөлөөтэй сэтгэх боломжийг олгож байна. Тиймээс би одоо цагт тоглоно. Гэхдээ зарим үед хамтран тоглогчдынхоо уур амьсгалд нийцэж тоглохыг хичээнэ.
-Одоо цагт гэвэл их сургуулийн гудамжаар Родя, Разумихин хоёр ярилцан алхаад л. Тэд бил нимгэн ч, бардам яриатай оюутнууд. Бас үзэл бодол, үнэт зүйлтэй...Төсөөлөхөд ингэж л бууж байна. Харин танд?
-Чи ямар нэгэн зүйл хийх гэхээр хэн нэгнээс хамааралтай болоод, түүнийг чинь үгүйсгээд болиулаад байх хэцүү. Энэ бол ядуурал. Энэ жүжигт үүнийг л дуугардаг. Шинэ залуу үе гарч ирсэн. Тэднийг нугачин дараагүй бол, үүнийг заавал 200 жилийн дараа биш тэр он жилд нь ойлгосон бол магадгүй өнөөдрийн хүн төрөлхтний амьдралд асар олон зүйл өөрчлөгдөх байсан.
Гэхдээ Монголд одоо ч Родя, Разумихин хоёрынх шиг нөхцөл байдалд орсон залуус байсаар л байна. Хийе, бүтээе гэсэн хүслийг унтраасаар эр, зориг нь мохчихсон. Хийх гэж үзсэн, дуугарах гэж оролдсон, бүтээх гэж чармайсан л байгаа. Гэтэл түүнийг нь үгүйсгэсэн. Миний бүтээж буй дүр үүнийг л дуугарна. Дээр нь нэмээд гавлаж, гинжлээд буруутгаад байх биш, зүгээр л гоё бие биедээ итгэ, хайрла, дахин боломж олго гэдэг л санаа.

-Тантай ярилцахад Разумихинтай төстэй ааш аягтай шиг санагдлаа, дэврүүн хөнгөн.
-Тийм ээ. Разумихин бол өөдрөг, дэврүүн. Түүний нүд нэг зүйл дээр тогтдоггүй хаана өнгөлөг гоё зүйл, дуу чимээ байна тэр рүү тэмүүлдэг. Харин нэг л зүйл дээр төвлөрдөг. Тэр нь анхны дурлал. Өөр бүсгүйтэй учирч явсан ч нэг л хүнээс болж тэр бүтэн өөрчлөгддөг. Тэр өөрчлөлт нь түүнийг гэм буруутай хүнийг гэм буруугүй гэж өмгөөлөх хүртэл тийм зоригтой алхам хийх сэтгэлзүйд нь нөлөөлдөг. Би ч бас ингэж өөрчлөгдмөөр байна. Гэхдээ дурлая гэж байгаа юм биш шүү /инээв/.
-Тэр бас сайн найз.
-Гэхдээ нэг зүйлийг тодотгоход нөхөрлөлөөс, хайр дурлалаас болж Разумихин Родяг өмөөрөөгүй. Зүгээр л өөрт итгэх итгэлээ энэ зүйлүүдээс олж аваад бүх зүйлийг тодоор хараад тэр үеийн "чанга яригч" болж чадсан. Энэ зөвхөн Достоевскийн үзэл бодол биш. Тэр үед амьдарч байсан маш олон мянган хүний үзэл бодол.
-Разумихинаас үзэгчид аль чанар, үзэл санааг илүү тод анзаараасай гэж та хүсэх вэ?
-Разумихин ямар ч нотлох баримтгүй ч энэ хүн буруугүй гэдгийг нотолдог. Энэ маш сонирхолтой. Тэгэхээр чиний зөв гэж бодож байгаа чинь л үнэн. Яагаад гэвэл туйлын үнэн гэж байхгүй. Үүнийг ойлгоосой гэж хүсэх байна. Мөн бие биеэ хайрладаг байгаасай. Аливаа зүйлийг ганц биш олон талаас нь ойлгоосой. Тэгээд бодит өөрчлөлтийг авчирч байгаа хүмүүс маш ховор. Тиймээс тэр хүмүүсийг илүү тод харуулахын тулд дуугарч байгаа дүр бол Разумихин. Тэр дотроо үнэнч бодлыг л өмгөөлдөг. Тэр бодлоо хамгаалахын тулд чи өөртөө үнэнч байх ёстой юм. Хэн нэгнийг гомдоочхоод уучлалт гуйх амархан. Харин өөрөөсөө л урвачихвал уучлалт гуйж болдоггүй юм шүү гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.
-Разумихин Родяг гэмгүй гэж өмгөөлдөг. Харин таны хувьд тэр буруутай юу? Магадгүй дүртэйгээ зөрчилдөх зүйл гарах юм уу?
-Хүн алсан хүнийг дахиад алах нь зөв үү. Түүний оронд гэм бурууг нь хүлээлгээд засан хүмүүжүүлээд дахин боломж олгох ёстой гэж үзэж эрх чөлөөг нь хасдаг шүү дээ. Чингис хаан дайн хийсэн. Ингэхдээ хүний амь хөнөөсөн. Тэр чи бид хоёрыг өнөөдөр кофе уугаад тайван ярилцах боломжийн төлөө түүнийг хийсэн шүү дээ. Тэгээд тэр буруутай юу?
Жүжигт "Хүн алуурчин болж төрдөггүй, хүн алуурчин болж хүмүүждэг" гэх текст бий. Хэн нэгний алдаанаас болж түүнийг насан туршид нь буруутгаж үзэн ядаж, зэмлэж байхын оронд алдааг нь ухааруулж, ойлгуулах нь түүнийг дахин төрүүлж байгаа гэсэн үг. Үүнийг оролдож үзэх л хэрэгтэй байхгүй юу.

-Сонгодог жүжгийг ойлгодоггүй гээд театр зорихоос хулгах хүмүүс байдаг. Харин "Гэм зэм"-ийг тун энгийнээр найруулсан гэж сонссон. Та ч ярианы эхэнд дурдсан.
-Тийм шүү. Гэхдээ энгийн болгоход маш их ур чадвар шаардана. Хүмүүс уншаад, ойлгоод, хүлээгээд авсан зүйлээ нүдээр үзэхээр ирж байгаа. Гэтэл нэг хэсгийг алга болгочихвол "Хаана байна вэ" гээд эрж хайна шүү дээ.
Ихэнх баг уран бүтээлчид "Найруулагч л мэдэж байгаа" гэх хандлагатай байдаг. Харин манай найруулагч бусдын үгийг маш сайн сонсдог, хүлээж авдаг. Биднийг маш их яриулна. Бусадтай хамтран ажиллах чадвар өндөртэй хүн. Дээр нь сурч, мэдэж ирсэн зүйл бий, тэр хүнд. Тиймээс манай М.Батболд бол найруулагч биш багийн ахлагч.
Сонгодог гэхээр ойлгомжгүй, уйтгартай, биднээс ухаантай нь ойлгодог, хуучирсан гэж ойлгоод байдаг. Тэгвэл "сонгодог" гэдгийг нь л аваад хаячих. Бас "Гэм зэм" гэхээр хүндээр хүлээж авах нь бий. Хошин шогийн ах, эгч нарын дугаар болгонд хүнд сэдэв байдаг. Бид инээж байгаад сүүлд нь ойлгодог.
Манайх ч мөн адил үзүүштэй, уйлмаар, инээмээр адал явдалт жүжиг. Тэндээс хайр дурлалыг, нөхөрлөлийг, "нээрэн ийм хүмүүс байдаг шүү дээ" гэх үзэн ядалт гээд бүхий л зүйлийг олж харна. Тийм болохоор ирээд үзээрэй. Том романыг долоо хоног уншихын оронд 2-3 цаг ирээд биднээр дамжуулаад ойлгочхож болно.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.