Яг одоо өгүүлэх гэж буй жишээг уншаад уншигч та бүү цочирдоорой. Үүнийг бичих үү, болих уу гэж удаан тунгаасны эцэст үзэг, цаас эвлүүлсэн нь энэ. Гэхдээ нийтлэлийг минь бүрэн уншсаны дараа яагаад үүгээр сурвалжлагаа эхлүүлснийг, өнөөгийн Монголд байдаг л нэг зүйл болчихоод буйг ойлгоно.
Энэ бол жил гаруйн өмнө эчнээ танилын маань гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдал. Хувь хүнийг хүндэтгэх үүднээс нэрийг нь өөрчлөв. Дорж, Дулмаа хоёр өрх тусгаарлаад арваад жил болжээ. Тэд бусдын л адил аз жаргалтай, сайхан амьдарч байлаа. Удалгүй тэд хөөрхөн хүүтэй болж, баяр хөөрөөр бялхан, үртэй хүний жаргал эдлэв. Хүү нь ч өдөр хоногоор томорч хэлд, хөлд орлоо. Нэгэн өдөр тэднийд хөдөөнөөс найзууд нь ирж, хөл хөөр болцгоожээ.
Дулмаа найзууддаа хонины шинэ шөл уулгахаар халуун тогоондоо таван цул, дал, гурван өндөр чанав. Энэ хооронд Дорж, Дулмаа хоёр удаан уулзаагүй найзуудтайгаа хавь ойрын сонин хачин ярилцаж, архи ч нэлээд уужээ. Хэсэг хугацааны дараа бүгд “тас үсрэх” нь тэр. Унтаж байсан хүү нь энэ хойгуур сэрж, ээж, аавыгаа дуудан уйлсан ч сэрсэнгүй. Чанаж байсан мах ч болчихож. Харамсалтай нь халуун тогоогоо цахилгаанаас нь салгах сөхөө хэн хэнд нь байсангүй.
Түлэнхийн тасагт 70 хүн хэвтэн эмчлүүлж байсны 52 нь 0-5 насныхан байсан юм.
Юугаа ч мэдэхгүй нялх үр нь буцалж байсан хоол руу гараа дүрчихээд, хамаг тэнхээгээрээ чарласан ч түүнийг хэн ч үл сонсов. Хүү айж, бас сандарч өвдсөндөө буцлам шөлнөөс гараа ч салгаж чадалгүй тогоотой хоолондоо унаж... (Үүнээс цааш юу болсныг уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ) Ямар нэгэн хиншүү хярвасны үнэрээр Дулмаа ч сэрлээ. Хүүхдээ дуудан, хэчнээн орилоод ч олсонгүй. Бяцхан хүү нь тогоон дотор танигдахын аргагүй болчихсон байна чинээ хэн санах билээ.
Түүнийг үзсэн Дулмаа газар дээрээ галзуурч, Шар хадны эмнэлэгт хүргэгдэн, энэ айлын амьдрал орвонгоороо эргэсэн юм. Үгээр илэрхийлэхийн аргагүй харамсалтай, эмгэнэлтэй ийм нэгэн явдал Монгол гэр бүлд тохиолдсон юм. ГССҮТ-ийн харьяа бидний хэлж заншсанаар Түлэнхийн төв буюу Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасаг (ТНСМЗТ)-ийн нэг өдрийг өнгөрсөн баасан гаригт сурвалжиллаа.
Энд бүтэн өдөр саатахдаа дээрх болсон явдлаас ч аймшигтай, адармаатай замаар түлэгдэж гэмтсэн олон хүнийг харлаа. Бидэн шиг хүн удаан тэсэхээргүй газар юм. Тасагт 70 гаруй хүн хэвтэн эмчлүүлж буйн 80 орчим хувь нь 0-5 насныхан байсан нь элэг эмтрэм. Н.Удвал сайд нэгэн удаа “Түлэнхийгээс урьдчилан сэргийлж болно. Тиймээс Түлэнхийн төвийн барилгыг барихгүй байсан ч нэг их асуудал гарахгүй” гэх ухааны юм ярьж байсныг олон хүн сонссон байх.
Хэрвээ та тэгж бодож буй бол энд ирээд, бүтэн өдөр биш юм аа гэхэд ганц цаг саатаад үзээрэй. Манайх шиг гурван сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай улсын тал шахам нь нийслэлдээ, тэдний 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг, ядуурал, шилжилт хөдөлгөөн ихтэй хотод түлэгдэлт буурна, түүнээс урьдчилан сэргийлнэ гэдэг бүтэшгүй.
Ахуйн ослоор хүүхэд түлэгдэх нь багаслаа ч үйлдвэр, зам, барилга гээд бүтээн байгуулалт ид өрнөж буй Улаанбаатарт иргэд ажлын байрандаа олноороо түлэгдэхгүй гэсэн баталгааг ганцхан Н.Удвал сайд өгч байгааг гайхаж байна. Тиймээс л өдий хүртэл Түлэнхийн төвийн барилгын асуудлыг шийдэж өгөхгүй байгаа хэрэг. Саяхан “Улаанбаатар Шангри Ла” зочид буудлын барилга шатсан. Муугаар бодоход дотор нь байсан тэр олон хүн галд өртлөө гэхэд хүлээж авах газар Монголд байхгүй.
Хатуухан хэлэхэд ганц байсан Түлэнхийн төвөө тасаг болтол нь хумьчихаад барилгыг нь ч барьж чадахгүй, суугаа төрийн түшээ байгаад яах юм. Олон зүйл нуршилгүй галын фронт дээр өнгөрүүлсэн нэг өдрийн сурвалжлагаа уншигчдадаа хүргэе.
2011 онд МХЕГ-аас ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй, нурах аюултай гэсэн дүгнэлт гаргаж, тус төвийнхөн орох оронгүй болсныг бүгд мэднэ. Тэд ГССҮТ-ийн “бөөрөнд” хэсэгтээ наалдсан ч эмнэлгийн ариун цэврийн дэглэм алдагдуулж, ачаалал нэмэгдүүлж байна гэсэн шалтгаанаар “ад үзэгдэж”, “Мөнгөн гүүр” эмнэлэгт сарын түрээсэнд 28 сая төгрөг төлөн, саяхныг хүртэл толгой хоргодож байв.
Тэгтэл “Мөнгөн гүүр” эмнэлэг барилгынхаа зориулалтыг өөрчлөх болсон хэмээн Түлэнхийн төвийнхнийг байраа хурдан суллаж өгөхийг шаардсан юм. Энэ бүхний эцэст тэд ГССҮТ-дөө энэ сарын 1-нд буцаад ирэв. Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасаг нэртэй болсон Түлэнхийн төв өдгөө хэвтэн эмчлүүлэх 80 ортой, сэхээн амьдруулах гурав, энгийн 14 тасагтай үйл ажиллагаа явуулж байна. 08.00 цаг Биднийг Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт очиход эмч нар 07.30 цагийн хуралд орчихоод гарч ирэв.
Өнгөрсөн шөнө өвчтөнүүд нь хэрхэн хоносон, ямар нэгэн хүндрэл гарсан, эсэхийг жижүүр эмч, сувилагч нар ээлжийн эмч нартаа мэдээлдэг юм байна. Нэг эмч, хоёр сувилагч жижүүрлэж хонодог аж. Шаардлагатай тохиолдолд зарим эмч нар өвчтөнөө сахин хонох үе ч бишгүй гэнэ. Пүрвээс баасан гаригт шилжих шөнө ирсэн маш хүнд түлэгдсэн гурван хүүхдийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн тул эрчимт эмчилгээний эмч Ц.Нарантунгалаг гэртээ харилгүй сахиж хоножээ.
Өнгөрсөн шөнө ноцтой хүндрэл гараагүй ч баасан гаригт хагалгаанд оруулахаар төлөвлөсөн 0-5 насны нэг хүүхдийн бие жаахан тавгүйтэн, биеэр нь харшил гарсан тул хагалгааг нь хойшлуулахаар болов. Өглөө бүр 08.00 цагт эмч нар хуралдаж, энэ өдөр ямар эмчилгээтэй, хэчнээн өвчтөнд хагалгаа хийх талаар ярилцдаг аж. Өнөөдөр дөрвөн өвчтөнд арьс нөхөх мэс засал хийж, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй гурван хүүхдийг мэдээ алдуулж, боолтыг нь солих, тасгуудаар явж өвчтнүүдийг үзэх, энгийн тасагт хэвтэж буй хүмүүсийн боолтыг цэвэрлэх, тарих, цус сэлбэх, дусал залгах гээд олон эмчилгээ хийх юм байна.
Тасгийн эмч, сувилагч нар “Баасан гаригт ажлын ачаалал хамгийн бага, өвчтөнүүд жигдэрчихсэн байдаг. Тиймээс ажил ерөнхийдөө бага байна” гэцгээж байв. Тус тасаг нь түлэнхийн нарийн мэргэжлийн эрэгтэй найм, эмэгтэй хоёр эмч, сувилагч, асрагч нийлсэн 45 ажилтантай. Тасгийн эрхлэгчээр нь Э.Галбадрах эмч ажилладаг.
Пүрэв гаригт тогоотой хоолондоо түлэгдэж тус тасагт ирсэн ой дөрвөн сартай хүүхэд түлэнхийн шокноосоо гарч чадалгүй байсаар 08.05 цагт бурхан болов. Ийм балчир хүүхдүүдийн биеийнх нь 40-өөс дээш хувь нь түлэгдсэн тохиолдолд амьд үлдэх магадлал бага аж. Өөд болсон хүүхдийн биеийнх нь 50 хувь түлэгдсэн байжээ. Эл өдөр маш хэцүү өнгөрөх юм шиг санагдсаныг нуух юун. Өчигдөрхөн ээж ээ, аав аа гээд дэрвэж дэгдэж явсан бяцхан амьтан эцэг эх, асран хамгаалагчдынхаа хайхрамжгүй, хэнэггүйгээс энэ хорвоогийн гэрлийг ахиж хэзээ ч харахааргүйгээр одчихлоо.
08.30 цаг Эмч нар тасгуудаа эргэж, өвчтөнүүдээ үзэв. Тэднийг ерөнхийд нь Э.Галбадрах эрхлэгч хянаж, эмч нар түлэгдэж ирсэн өвчтөнүүдийнхээ онош, биеийн байдал, хагалгаа хийлгэх, эсэхийг нь танилцуулав. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар Түлэнхийн тасагт 70 хүн хэвтэн эмчлүүлж байсны 13 нь сэхээн амьдруулах тасагт байв. Түлэгдсэн нийт өвчтөнүүдийн 18 нь том хүн бол үлдсэн нь буюу 52 нь 0-5 насныхан байсан юм. Тэдний олонх нь гурав хүртэлх насныхан.
Тодруулбал, 8-10 сартай хоёр, дөрвөн настай хоёр, тавтай нэг, арван настай нэг хүүхдээс бусад нь 1-3 насны, ид хөлд, хэлд орж буй “ангаахай”-нууд байв. Харахаар л хайр хүрэм тэднийг тийм хөөрхийлөлтэй болгож, нүүр ам, хөл гарыг нь түлж, хар багаас нь зовлон шаналал амсуулж байгаа аав ээж, асран хамгаалагчдыг нь зүхэхэд ч багадмаар. Тэд эцэг эхийнхээ хараа хяналт, хайхрамжгүйгээс ийм болсон гэдгийг эмч нар хэлж байсан юм.
Тэдгээр бяцхан амьтан жижигхэн биендээ даамгүй их өвдөлт мэдэрч, амьд гарлаа ч эцэст нь хүний нүүр харахын эцэсгүй сорвитой болж, нийгэмд адлуулан өснө. Тэгж бодохоор л зүрх зүсэгдэх шиг болж байв. Сэхээнд хэвтэн эмчлүүлж буй 13 өвчтөний 12 нь хүүхэд. Ухаангүй, гуурсаар амьсгалах хүүхдийнхээ хажууд “Амьд л үлдээсэй” гэж залбирах ээжийн нулимстай нүд, сэхээний өрөөний цонхоор хүүхэд рүүгээ хошуу цорвойх эмээ нар, аавуудыг харахаар өөрийн эрхгүй хоолойд “юм” тээглэж, аньсага чийг дааж байв.
Эрчимт эмчилгээний тасагт 30-аас дээш хувийн түлэгдэлтэй хүүхдүүд хэвтдэг аж. 30 хувь гэхээр хүмүүст бага сонсогдож мэдэх юм. Хүүхдэд энэ нь маш хүнд тусдаг гэнэ. Хар ухаанаар тайлбарлахад хүний арьс нь биеийн бүх төрлийн шингэнийг гадагшлуулалгүй барьж байдаг гол эрхтэн. Тэр нь ямар нэг байдлаар түлэгдэж, гэмтэж, урагдахад шээс, цус, уураг гээд бүх төрлийн эрдэс, шингэнээ маш хурдан алдаж, цуллаг эрхтэнүүдээ голдуу гэмтээж, шоконд оруулдаг юм байна. Тэр дундаа түлэнхий нь үхэлд хурдан хүргэдэг, нас баралт өндөртэй гэдгийг эмч нар хэлж байв.
09.30 цаг Тасгуудаа эргэж дуусав. Э.Галбадрах эрхлэгч өвчтөнүүдийг үзэхийн өмнө “Сэтгэлээ бэлдсэн үү. Одоо маш хүнд шархтай хүмүүсийг харна, эвгүй үнэр ч үнэртэнэ. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Хүмүүс түлэгдсэн гэхээр багахан цэврүүтээд, улайчихдаг гэж андуурдаг юм” гэж хэлсэн нь үнэн байв. Гэхдээ бидэн шиг жирийн хүмүүс өдөр бүр яр шарх, цус нөж хараад байдаггүй болохоор дотор эвгүйрхэж, толгой өвдөж байсан ч түүнээс илүүтэйгээр зүрх хамгийн их өвдсөн.
Сэхээний болон энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүд халуун тогоотой хоол, шөл, цай, хярам, аарц, усанд гар, хөлөө санамсаргүй дүрсэн, халтираад нүүрээрээ унасан, тоглож яваад бөгсөөрөө суусан, ширээн дээр байсан аягатай халуун ус, цайг өөр лүүгээ татаж асгасан, ус буцалгагчид гараа бугалга хүртлээ дүрсэн зэрэг биеийнхээ 8-65 хүртэлх хувийг түлжээ. Аравдугаар сарын 9-нд биеийнхээ ихэнх хэсэг буюу 60-65 хувийг халуун хоолонд түлсэн, гүн шархтай, дөрвөн настай хүүхэд сэхээн амьдруулах тасагт хэвтэж байв.
“Шингэн их алдсан, хордлоготой, ухаангүй байна. Амьсгал, зүрхний үйл ажиллагаа нь доголдож байгаа. Бид чадах бүхнээ хийж байна. Түлэгдсэн талбай том, шарх нь гүн тул амьсгалыг нь дэмжээд ч үр дүнгүй л болов уу” гэж сэхээн амьдруулахын эмч нар ярив. Түүнээс гадна нэг гэрийн 4-6 насны ах, дүү хоёр түлэгдсэн ч ах нь хөнгөн шархтай байсан тул эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин дүүгийнх нь биеийн 45 хувь нь түлэгдэж, сэхээнээс энгийн тасагт шилжин эмчлүүлж байлаа.
Мөн 2004 онд дөнгөж ой хүрч байхдаа галд түлэгдсэн 10 настай хүү хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг тухайн үед гэрээр эмчилсэн ч гүн шархтай байсан тул тэр нь эдгээгүйгээс цус шүүрч явсаар сая эмнэлэгт хэвтсэн нь энэ аж. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд том хэмжээний шархтай, цус нь шүүрч явсан гэж бодохоор хэлэх ч үг олдоогүй. Манайхан хайнга гэхэд хэтэрхий хэнэггүй нь дэндсэн улс юм. Эдгэрсэн хэсэг нь маш зузаан сорвижсон байсан. Хоёр тахим нь татагдаж эдгэсэн тул сорви суллах мэс засал хийлгэх аж.
Олон улсын стандартаар 350-400 мянган хүн тутамд Түлэнхийн нэг төв байх ёстой ч манайд хэрэгждэггүй
Өнгөрсөн хугацаанд эмчид нэг ч удаа хандаагүй шалтгаанаа ар гэрийнхэн нь “Хүүгийн ээж өвчтэй, олон удаа хагалгаанд орсон” гэж тайлбарласан. Гэсэн ч түүнийг ийм олон жил эмчид үзүүлчих ах, дүү, хамаатан садан олдоогүйг гайхаад баршгүй. Томчуудын хувьд Дорнод, Завхан, Увс зэрэг орон нутгаас ирж хэвтсэн, хээрийн түймэрт өртсөн, гэр нь шатсан, бороотой үед өндөр хүчдэлийн доогуур машинтайгаа явж байгаад цахилгаанд цохиулж, хөл, гараа тайруулсан, мотоцикльдоо шатахуун юүлж байгаад сав нь дэлбэрч түлэгдсэн, толгой, шийр хуйхалж байтал савтай хий нь тэсэрсэн, хоол хийж байхдаа хийг шатахуунтай андуурч баллон руу шахсан, албан үүргээ гүйцэтгэж яваад өндөр хүчдэлд цохиулсан зэрэг шалтгаанаар маш хүнд болон хөнгөн түлэгдсэн хүмүүс эмчлүүлж байв.
Тэднийг түлэгдлийн зэргээс нь хамааруулаад арьс нөхөх хагалгааг олон удаа, үе шаттай хийдэг тул өвчтөнүүд 16 хоногоос хоёр сар хүртэл эмнэлэгт хэвтэх тохиолдол ч гардаг байна. Ингэхдээ өөрийнх нь эрүүл хэсгээс арьс авч, торлогч аппаратаар сунгаж нөхдөг аж. 20 см талбайг нөхөхийн тул 10 см арьс шаардлагатай гэнэ. Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт дан ганц түлэгдсэн хүмүүс ирдэггүй юм билээ.
Эднийх арьс нөхөн сэргээх мэс засал хийдэг тул арьсны төрөл бүрийн өвчтэй, түүнээсээ болоод арьсны гүн дутмагшилд орж, гуужсан, хэвтэрт удаан байснаас болоод ахар сүүл, бугалга, нуруу нь цоорсон, могой, шавьжид хатгуулсан зэрэг төрөл бүрийн шархтай хүмүүс хэвтэн эмчлүүлдэг юм байна. Ачааллаа дийлэхгүй гээд тэднийг түлхэж болох ч эмчлэх эмнэлэг, эмч нар олддоггүй тул өвчиндөө шаналсан тэр хүмүүсийг цаашаа гэж түвдэлгүй хүлээж авдаг гэнэ.
10.30 цаг Боолт хийх цаг боллоо. Тус тасагт 18 сувилагч ажилладаг. 08.00-16.30 цаг хүртэл сувилагч зургаа, асрагч хоёр нийт найман хүн ажиллаж, тариа, дусал, уураг, цус, цусан бүтээгдэхүүнийг өвчтөнд сэлбэдэг юм байна. “Нэг сувилагч өдөрт 30 хүн тарьдаг, хажуугаар нь цагаар дусал хийнэ. Ачаалал их байдаг тул нэг нь судас хатгаж, хоёр нь эмчилгээ хийх маягаар ажиллахгүй бол амждаггүй. Дусал гэхэд л хордлого тайлах, үрэвсэл намдаах гээд олон төрлийг хийдэг. Заримдаа бүр өвчтөнүүдийнхээ боолтыг сольж, тарьж амжихгүй байсаар харанхуй болгочихно. Хагалгааны дараах боолтуудыг мэдээ алдуулж хийдэг тул хоёр эмч мөн тооны сувилагч, заримдаа түүнээс олон хүн орж боох үе ч гардаг” гэж тасгийн сувилагч Д.Өлзийчимэг ярив.
Боолт, тарианы үеэр тасгууд хөдөлгөөнд орж эхэлдэг юм билээ. Учир нь хүүхдүүд эмч, сувилагч нараас чөтгөр харсан мэт зугатаж, уйлж бахирч багагүй үймцгээсэн. Зарим хүүхэд нь сэргэлэн гэж яана. Боолтын өрөөнөөс “Эмч ээ, миний ам цангаад байна. Би өрөөндөө ороод гялс ундаагаа уучихъя, тэгэх үү, гуйж байна” гэж эхэндээ эвээр хэлнэ.
Эмч нар “Зүгээр ээ, миний хүү. Эмч нь өвтгөхгүй, гялс боогоод, ёо ёог нь зүгээр болгоод өгье” гэхээр “Үгүй ээ, би боолгохгүй, миний ам цангаад байна. Ундаа ууя, ундаагаа уумаар байна аа” гэж байдгаараа орилно. Зарим нь тариагаа тариулахгүй гэж гарч зугатна, хөлд хараахан ороогүй нь орны толгой руу мацна. Харахаар л хайр хүрэм. Тэдний зальтай байдал, хэчнээн их өвдсөн ч чин сэтгэлээсээ инээх нь сахиусан тэнгэрүүд л ийм байдаг болов уу гэмээр.
11.30-11.40 цаг 31-59 настай хоёр эрэгтэй ирэв. 59-тэй хижээл насны эр хэвтэрт удаан байснаасаа болоод биеийнх нь нэлээд хэсэг цоорсон тул нөхөн сэргээх мэс засал хийлгэхээр ирсэн аж. Харин нөгөөх нь ажлаа хийж яваад түлэгджээ. Шарх нь гүн тул яаралтай хэвтүүлэн эмчлэхээр болов. Түлэгдсэн өвчтөнүүдэд нэн шаардлагатай эмчилгээ бол алдсан шингэнийг нь түргэн нөхөж, хордлогыг нь хурдан тайлах явдал. Арьсаа нөхүүлсэн хүмүүст уураг, цус, цусан бүтээгдэхүүн маш их шаардлагатай байдаг гэнэ. Гэтэл өнгөрсөн дөрөв дэх өдрөөс хойш Цус сэлбэлт, судлалын үндэсний төв нөөцгүй болсон тул цус, цусан бүтээгдэхүүн нийлүүлээгүй аж.
Аргаа бараад эцэг эхчүүдийг “Цусаа өг” гэж байж багахан хэмжээний нөөцтэй болсон тухай эмч нар хэлэв. 14.00 цаг Сэхээний тасагт гүн хордлогын улмаас хэвтэн эмчлүүлж байсан нөгөө хүүхдийн ор эзгүйрчээ. Асрагч нар тасгийг цэвэрлэж, ариутгал хийв. Энэ өдөр хоёр бяцхан иргэнээ бурханд буцаагаад “бэлэглэчихлээ”. Үнэхээр харамсалтай, бас тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэхээн амьдруулах тасгийн эмч Ц.Нарантунгалаг “Өнөөдөр маш хүнд өдөр байлаа. Нэг өдөр гурван хүүхэд эндэх тохиолдол гардаг ч маш ховор. Сэхээний өрөөнүүд ор цөөхөнтэй. Гэтэл түлэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор өдөрт арваас дээш хүүхэд байнга хэвтэн эмчүүлж байна. Хүүхдүүдийн биеийн нийт талбайн 30-аас дээш хувь нь түлэгдсэн, амь насанд нь аюул тулсан ирдэг. Түлэнхийн хувь нь өндөр байх тусмаа амьд гарах боломж бага. Дээрээс нь хүүхдүүд уушгины хатгаатай, ханиадтай, тураалтай гэх зэрэг суурь өвчтэй байх нь олон.
Хувь хүний эрхийн асуудал тул нас барсан хүүхдүүдийн талаар мэдээлэл өгмөөргүй байна. Ямар ч байсан суурь өвчтэй байсан гэдгийг л хэлье. Түлэгдэлт тухайн хүний хамгийн муу эрхтэнийг доройтуулдаг. Тухайлбал, бөөр нь муу бол бөөрний дутмагшилд оруулдаг, уушги нь өвддөг бол амьсгалын замыг гэмтээдэг. Ядаж байхад манайхан түлэгдсэн хүүхдүүддээ анхны тусламж зөв үзүүлж чаддаггүй, эмнэлэгт яаралтай хандахгүй, гэртээ удаадаг. Түүнээс нь болоод хүүхдүүд ухаан алддаг. Зарим нь шокноосоо ч гарч чадахгүй байсаар хорвоог орхих нь бий.
Хэдийгээр бид байр байшин байхгүй ч өөрсдийн нөөц бололцоогоо шавхан аль болох олон хүн эмчлэх, тэр дундаа хүүхдүүдийн амь аврахыг зорьж байна. 0-5 насны хүүхдүүдийн биеийнх нь 20 хүртэлх хувь түлэгдсэн бол амьдрах бүрэн боломжтой. Түлэгдсэн талбай нь 30- 50 хувьд хүрвэл нэлээд зовно. 60 хувиас дээш бол үнэндээ хэцүү. Бидний хүчин чадал ч хүрэлцэхгүй. Ганц манайд ч биш, гаднын улсад ч ялгаагүй ийм байдаг.
Манай тасагт Франц, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд, гадна дотнын хандивлагч байгууллагууд, хувь хүмүүс байнга тусалдаг. Нэг удаагийн боолт, зүү, тариа өгч, баярын өдрүүдээр хүртэл хүүхдүүдийг маань инээлгэдэг. Өнөөдрийг хүртэл манай тасаг халуун сэтгэлт олон хүний ач буянаар үйл ажиллагаа явуулж байна гэхэд буруудахгүй. Гэтэл бүхэл бүтэн улс ганц байшин бариад өгчихөж чадахгүй л байна. Үнэхээр эмгэнэлтэй, ичмээр хэрэг биш гэж үү.
Бид Монголын ирээдүй болсон нялх хүүхдүүдийг үзэж, эмчилж, асарч байна. Тэднийг дэмжихгүй байна гэдэг ирээдүй рүүгээ үхэр буу шагайсантай яг адилхан. Аль ч улс хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгийн чухалд тавьдаг. Манай тасагт сэхээний, энгийн, мэс заслын өрөөнүүд байгаа ч нөхөн сэргээх мэс засал буюу сорви үүссэний дараах гоо сайхны хагалгаанууд орхигдчихоод байна. Хүмүүсээ хурдхан л гаргахыг бодохоос биш юун сорви арилгах хагалгаа. Ор ч хүрэлцдэггүй. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгож байна уу.
Ирээдүйд хөл, гар нь татсан, нүүр, ам нь сорвитой хүмүүс олшрох суурь тавьж байна гэсэн үг. Өвчтөнүүдийг эдгэснийх нь дараа буюу шарх нь сорвижсон үед тодорхой хэмжээгээр хяналтад байлгаж, 2-3 жилийн дараа хагалгаа хийж, татаж эдгэсэн сорвийг сулладаг. Үүнд маш их хугацаа шаарддаг. Гэтэл байр сав, орны хүрэлцээгүйгээс хүүхдүүд насан туршдаа тахир дутуу, хүний нүүр харахын аргагүй болж байгаад үнэхээр харамсаж байна. Манайхыг ГССҮТ-д багталцахгүй гээд явуулсан хэрнээ тэр үеэс түлэгдэлт улам нэмэгдчихээд байхад багтаана, болно гээд буцаагаад авчирсан нь шударга ёсонд хэр нийцэх бол” гэж ярилаа.
15.10 цаг Халуун сүүтэй цайнд зүүн гар болон цээжний урд хэсгээ түлсэн хоёр настай хүү ирэв. Түлэгдсэн талбай нь биеийнх нь 8-13 хувь, эмч нар анхны тусламж яаралтай үзүүлж, энгийн тасагт шилжүүллээ. Түүний дараахан Увс аймгийн Өмнөговь сумаас 25-30 хувь түлэгдсэн хоёр настай хүүгээ ээж нь онгоцоор авчирлаа. Аравдугаар сарын 4-нд халуун тогоотой хоолондоо унаж түлэгдэн, аймагтаа эмчлүүлж байгаад ирсэн нь энэ аж. Шарх нь гүн, түлэгдсэн талбай том, ухаангүй ирсэн хүүг эмч нар үзэж, сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэв.
Дараахан нь гараа ус буцалгагчинд дүрж, түлэгдсэн ой гаруйтай хүүхэд ирсэн тул энгийн тасагт хэвтүүлэн эмчлэхээр болов. Энэ өдөр хоёр хүүхэд эдгэрээд гарсан боловч буцаад таван хүн ирж хэвтлээ. Гэхдээ ачаалал хамгийн бага байгаа нь энэ гэсэн. Ачаалал ихтэй, заримдаа хонгил хаана хүрнэ, дүүртэл хэвтэх үе ч бишгүй аж.
“Арваннэгдүгээр сар өнгөрүүт “хөлдүүнүүд” орж ирэхээр бүр аймшигтай” гэж эмч, сувилагч нар хэлнэ лээ. Архи уугаад эд эрхтэнээ хөлдөөсөн залуус, хүүхнүүд олон ирдэг бөгөөд хамгийн тээртэй нь “бөбөчид” (орон гэргүй хүмүүс) гэнэ. Тэдний хэл амыг олох гэж тун хэцүү байдаг бололтой. Олон улсын стандартаар 350-400 мянган хүн тутамд Түлэнхийн нэг төв байх ёстой. Гэтэл манайд ганц ч алга. Түлэнхийн эмч нарыг ч бэлтгэдэггүй юм билээ.
Түлэнхийн нарийн мэргэжлийн эмч болъё гэвэл Гэмтлийн мэс заслын эмч мэргэжлээр төгсөөд гадаадад мэргэжил дээшлүүлдэг аж. Харин манай Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт гадаадад мэргэжил дээшлүүлсэн, чадвартай шижигнэсэн залуучууд ажилладаг юм байна. Тасгийн эрхлэгч Э.Галбадрах “Мэдсэн сурснаа гаргая гэхээр тоног төхөөрөмж байхгүй, хийж бүтээе гэхээр байр савны хүрэлцээ ч алга. Сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн бие хүнд байна.
Орон гэргүй хүмүүст хоол нэмж өгнө. Боолтын материал, тос хүн бүрт хүрэлцдэггүй. Тиймээс нөөц бололцоондоо тулгуурлаад ар гэрийнхнээс нь авчруулдаг. Одоогийн байдлаар нэг эмчид 8-12 өвчтөн ногдож байгаа. Энэ долоо хоногт 33 хагалгаа төлөвлөж, хийсэн. Түлэгдсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Энэ нь Монголчуудын амьдралын хэв маяг, ядууралтай холбоотой.
Амралтын өдрөөр л гэхэд олон хүн түлэгдэж ирдэг. Заримдаа 20-30 хүүхэд ирэх тохиолдол ч бий. Баасан гаригт 60 гаруй хүнтэй өнжсөн бол даваа гаригийн өглөө гэхэд 80-90 болчихсон байх жишээтэй. Одоогоос хэдхэн жилийн өмнө түлэгдэж, хөлдөх нь улирлын чанартай байсан бол өдгөө тийм биш болчихсон. Хүн цөөрөхгүй, улам л нэмэгдээд байна. Хүн ам өссөнтэй холбоогүй л дээ. Хот руу чиглэх шилжилт хөдөлгөөн их байгаатай холбоотой хэрэг.
Түлэгдсэн нялхсын олонх нь амьдралын түвшин дунд, түүнээс доогуур айлын хүүхдүүд байдаг. Сүүлийн 10 гаруй жил тоног төхөөрөмжөө шинэчилж, салхи оруулсан юм алга. Одоогоор маш олон тоног төхөөрөмж, техник шаардлагатай байна. Сэхээний тасагт л гэхэд монитор, амьсгалын аппаратууд алга. Дусал цагаар шахдаг памп аппаратны хүрэлцээ муу. Түлэгдсэн хүүхдүүдийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг тул түүнийг хэвийн хэмжээнд байлгадаг хүчилтөрөгч өтгөрүүлэгч алга.
Төсөв нь хязгаарлагдмал тул тендерээр авдаггүй, өндөр өртөгтэй эм, тариагаа гаднаас авахаас өөр аргагүй. Хүний арьс 1.6-2 ам метр хэмжээтэй хамгийн том эрхтэн. Бүх шингэнийг гадагшлуулалгүй барьж байдаг. 7-8 тусгаарлах бүрхүүлтэй, нарны туяагаар өөртөө витамин шингээж авдаг. Халуун, дулаан нэвтрүүлдэг, халдвараас хамгаалдаг. Гэтэл энэ бүрхүүл нь түлэгдчихээр энэ олон үйл ажиллагаа алдагддаг.
Хүмүүс түлэгдсэн шархыг нь л эмчилчихвэл болно гэж боддог байх. Гэтэл тийм биш. Хүндрэл ихтэй, нас баралт өндөртэй эмгэг шүү дээ. Түлэнхийгээс сэргийлж болдог бол түлэгдсэн хүн цөөрөхөөр хугацаа аль хэдийнэ өнгөрчихлөө. 21 аймагт түлэнхийн тасаг нээж чаддаггүй юм аа гэхэд улсдаа нэг төвтэй байх зайлшгүй шаардлагатай. Гаднын улсуудад хүүхэд хүнд, хөнгөн байх нь хамаагүй түлэгдсэн л бол толгой дараалан хэвтүүлэн эмчилдэг.
Манайд ингэж хэвтүүлбэл 200 ортой төв байгаад ч дийлэхгүй. Гадуур манай эмч нарын, харьяа, дүүргийнхээ хяналтад олон хүүхэд байна. Цаана нь түлэгдсэн хэрнээ эмнэлэгт хандаагүй, гэрээрээ эмчилж буй хэчнээн хүн байгааг бид мэдэхгүй. БНХАУ, БНСУ гэхэд 80 хүн түлэгдсэн байлаа гэхэд 12 нь хүүхэд, үлдсэн нь том хүн байдаг. Ялгаатай байгаа биз.
Түлэнхийн тасагт арьсны төрөл бүрийн өвчтэй, түүнээсээ болоод арьсны гүн дутмагшилд орж, гуужсан, хэвтэрт удаан байснаас болоод ахар сүүл, бугалга, нуруу нь цоорсон, могой, шавьжид хатгуулсан зэрэг төрөл бүрийн шархтай хүмүүсийг эмчилдэг
Аав ээж, асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулаад ахуйн ослоос шалтгаалсан түлэгдэлтийг бууруулж болох ч жижиг, дунд үйлдвэр, уул уурхай, барилга, дэд бүтэц, үйлдвэрийн салбарыг дагасан түлэгдэлт өсч байна. Гэнэтийн осол, шуурга, түймэр гарлаа гэхэд тэднийг хүлээж авах нөөц бололцоо алга. Гаднын оронд ийм нөхцөлд байнгын бэлэн байдал, нөөц ортой байдаг” гэсэн юм.
16.25 цаг Эмч, сувилагч нар энэ өдөр хийсэн ажлаа цэгцэлж, жижүүр эмч нартаа өвчтөнүүдээ танилцуулж, хяналтад авах хүмүүсийг зааж өгөв. Э.Галбадрах эмч ирэх долоо хоногийн хагалгааны хуваариа гаргалаа. 29 хүнд арьс нөхөх мэс засал хийхээр төлөвлөжээ. Эмнэлэгт төсөв мөнгө хүрэлцээгүйгээс түлэгдсэн өвчтөнүүд өндөр өртөгтэй эм, тариа гаднаас худалдан авч байна.
Тухайлбал, өвчтөн Г эмнэлэгт арав гаруй хонохдоо дөрөв орчим сая төгрөгөөр эм тариа авчээ. Түүний биеийн нэлээд хэсэг түлэгдсэн тул өдөрт дор хаяж 500 мянган төгрөг зарцуулдаг байжээ. Сүүлийн хэд хоногоос бие нь овоо дээрдээд 120-180 мянган төгрөгийн эм тариа авчруулж байгаа гэнэ. Тос нь л гэхэд 12500 төгрөг. Нэг түрхээд л дуусах жишээтэй.
“Хүүхдээ түлэнхийгээс сэргийлэх шилдэг арга бол уях юм. Сүүлийн үед хаших зориулалттай модон хашаа ч гадуур зарж байгаа. Халуун тогоогоо газар биш ширээн дээр тавиад цай, хоолоо хийчихэж чаддаггүй. Сард дор хаяж 4-5 хүүхэд түлэгдсэний улмаас хорвоог орхиж байгаа нь өнөөгийн Монголын эмгэнэл. Ээж нь хүүхдээ хоёр нас хүртэл нь хараад ажилдаа орох гэхээр цэцэрлэг байхгүй. Аав нь эхнэр, хүүхдээ тэжээх хэмжээний хангалттай цалин авахгүй байна. Тиймээс хоёулаа ажил хийх шаардлагатай.
Ээжүүд аргагүйн эрхэнд хүүхдээ ах, дүү, хамаатан садан, заримдаа даралттай, өвчтэй эмээ, өвөө нараар нь харуулдаг. 6-7 настай ах, эгчээр нь хүртэл асруулдаг тохиолдол олон. Түүнээс болоод хүүхдүүд түлэгдэн, гэмтэж бэртэж байна. Орон нутагт түлэнхийн мэргэшсэн эмч нар байдаггүй болохоор түлэгдсэн өвчтөнүүд тусламж, үйлчилгээ авч чадалгүй эндэх тохиолдол ч бий.
Эрүүл саруул өсөж явсан хүүхдээ түлээд үхүүлнэ гэдэг юутай харамсалтай. Энэ бол хүүхдийн эсрэг гэмт хэрэг. Хүүхдээ түлээд алчихсан томчуудаас хэн ч хариуцлага нэхдэггүй. Түлэнхийгээс болоод маш олон “ирээдүйгээ” бурхны оронд илгээж байгаа нь XXI зууны Монголд байж боломгүй үйлдэл” гэж Т.Бат-Эрдэнэ эмч халагласан.
Ардчилсан засаглалтай, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд дээгүүр тууж яваа Монгол Улс Түлэнхийн ганцхан төв барьчихаж чадахгүй байгаад ГССҮТ-ийн удирдлагууд бухимдаж сууна. Тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Энхсайхан “Түлэнхийн төвийн барилга босохгүй байгаа нь худлаа ярьдаг улстөрчидтэй холбоотой. Гэмтлийн эмнэлэг 60 жилийн түүхтэй. Жилд 88 мянган хүн яаралтай тусламж авч, 22 мянга нь амбулаториор, 17 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг.
2013 оны байдлаар жилд 7000 хүнд мэс засал хийсэн. Ийм ачаалалтай ажиллаж байхад Түлэнхийн тасгийг хажуудаа байлгана гэдэг хэцүү. Өнгөрсөн хугацаанд “Мөнгөн гүүр” эмнэлгийн өрөөг түрээсэлж байхдаа тэрбум орчим төгрөг төлсөн. Зочид буудлын зориулалттай, цагаан хэрэглэл угаадаг өрөөнд Түлэнхийн тасгийнхан өвчтөнүүддээ эмчилгээ, үйлчилгээ үзүүлж ирсэн. Эрүүл ахуйн ямар ч шаардлага хангаагүй.
Н.Удвал сайд ярихдаа биднийг сайхан буудалд оруулаад, тансаглуулж байгаа мэтээр сурталчилсан. Гэмтлийн эмнэлгийг анх барихдаа хүн ам цөөхөн байх үед нэг давхрыг нь Түлэнхийн тасаг байхаар тохижуулсан юм. Гэтэл одоо хүн ам олширч, хүмүүс түлэгдэх нь нэмэгдсэн. Гэсэн ч бид байгаа нөөц бололцоогоо шавхаж, харьяа эмнэлгээ оруулаад байна. Ачаалал ихтэй, эмч нар ч гэртээ харилгүй 30 гаруй цаг ажиллаж байна гээд бод доо.
Дороос гарсан шийдвэр нь дээрээ очоод гацчихдаг тогтолцоог яалтай ч билээ. Түлэнхийн төвийн барилгыг анх найман тэрбум төгрөгөөр тооцон, зураг төсөл гээд бүх асуудлыг нь шийдэж, хуучин барилгыг нь нураах компанийг хүртэл сонгочихсон байсан. Гэтэл засаг солигдлоо. Энэ ажлыг хийж, гүйцэтгэж байсан бүх хүмүүсийг сольж, 28 тэрбумын өртөгтэй болгочихсон. Үүнийг нь Ерөнхий сайд сонсоод “Энэ бол авлигажсан төсөв байна, хаслаа” гээд царцаачихсан.
2015 оны төсөвт суулгах нь ч эргэлзээтэй. Засаг солигдсоноос иргэд, өвчтөнүүд хохирч байна. Түлэгдсэн өвчтөнүүдийг үе шаттай эмчилдэг. Шокийн үе, түүний дараах үхжлийн үе, эрт үеийн мэс засал, хожуу үеийн хагалгаа. Түүний дараа сорви нөхөн сэргээх мэс засал хийх ёстой. Гэтэл бид стандартын дагуу эмчилгээ, үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Эрхэм дарга нар “Түлэгдэхээ больё. Урьдчилан сэргийлнэ. Тиймээс Түлэнхийн төвийг Гэмтлийн эмнэлэгт нь тасаг болго. Барилгыг нь ч барихгүй” гэцгээж байна.
БНСУ-д л гэхэд түлэгдсэн нэг өвчтөнд 200-300 сая төгрөгийн эм, тариа, эмчилгээ хийдэг. Ийм эмчилгээг манайхан санахын ч хэрэггүй. Бид сорвийг нь эмчилж чадахгүй байгаагийн хэрээр ирээдүйд олон хүн хөгжлийн бэрхшээлтэй, сорвитой болж нийгэмд адлагдана. Тэр үед хувийн эмнэлгүүд энэ зах зээлийг ашиглан олноор байгуулагдан, өндөр өртгөөр сорви арилгах, нөхөн сэргээх гоо сайхны мэс засал хийж эхэлнэ. Энэ юу гэсэн үг вэ. Хамгийн цаад тал нь таван жилийн дараа гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалттай “социалист эмнэлгүүд” унтарч эхэлнэ.
Дампуурч эхэлж байгаагийн тод жишээ нь Түлэнхийн төв. Тасаг болтлоо хумигдаж, төсөв мөнгө нь ч хүрэлцэхгүй, “гуйлга” гуйж голоо зогоон, байдгаа шавхаж байгаа болохоор тэр” гэж хатуухан хэлсэн юм. Энд ямар нэгэн дүгнэлт, тайлбар хийхийг хүссэнгүй. Уншигчид өөр өөрсдийнхөөрөө дүгнэх биз ээ. Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, эмч, сувилагч нарын ачаалал, цалин хөлсний талаар бичнэ гэвэл цаг, цаас хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Ямартай ч ирээдүйд төрийн жолоо атгалцах бяцхан иргэд маань эрүүл аюулгүй орчинд өсөн торних болтугай.
О.Бат-ундрах