Нойр ихтэйгээс болж ажлаасаа хоцорчих гээд байдаг миний хувьд ойрын хэдэн өдөр яс цагтаа ирээд сайхан л байна. Замын түгжрэл эрс багассан нь үүний ач л даа. Харин хөдөлгөөн яагаад сийрэг болов гээд харахаар ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн амралттай холбогдож байна. Ялангуяа дунд сургуулиуд амрах нь хөдөлгөөний нягтралд ямар их нөлөөтэй болохыг нийслэлчүүд энэ хэд хоногт мэдэрлээ.
Уг нь замын хөдөлгөөний ачаалал хүүхдийн амралтаас шалтгаалахгүйгээр байнга сийрэг байх боломж бий. Гаргалгаа нь сурагчдын автобус. Америкийн кинонд их гардаг даа, шар өнгийн тусгай автобусаар хүүхдүүд нь сургуульдаа ирж, очоод л. Чухам энэ үйлчилгээ түгжрэлийг бууруулах томоохон гарцын нэг гэдгийг улс орнууд аль эрт ойлгож, хэрэгжүүлсэн. Харин манайд бол дөнгөж эхлэлийн шатандаа явна.
Э.Бат-Үүл хотын Засаг дарга байхдаа нэгэн чухал ажлыг эхлүүлсэн нь сурагчдын автобус. Замын түгжрэл бууруулахаас гадна сурагчдын аюулгүй байдлыг хангах үндсэн зорилготой. Тэрхүү хичээлийн жилд 33 сургуулийн 104 автобус өдөрт 3424 сурагчдад үйлчилж байжээ. Ийм тооны хүүхэд хичээлдээ ирж, буцахдаа санаа зоволтгүй болсон гэсэн үг. Тэгвэл 2016-2017 оны хичээлийн жилд долоон дүүргийн гурван цэцэрлэг, 51 сургуулийн 7626 сурагчид (давхардсан тоогоор) 128 автобус үйлчилж байна. Анх эхэлж байсантайгаа харьцуулахад нэлээд ахиц гарсан байгаа биз. Гэхдээ л хангалтгүй хэвээр.
Улсын хэмжээнд хагас сая гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Тэдний 40 гаруй хувь нь зөвхөн нийслэл хотод төвлөрдөг. Нийслэлийн сурагчдын ихэнх нь гэрийнхээ ойролцоо сургуульд явдаг болохоор тусгай автобус шаардлагагүй байх. Гэхдээ тэдний дунд хоёр, гурван км-ын алсаас сургууль руугаа явдаг, хол гэртэй хүүхэд цөөнгүй. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэдэг болохоор хичээл тарах үед харанхуй болчихно. Тэгээд өвлийн хүйтнээр, түнэр харанхуйд айж сандарсаар гэрийн зүг гэлдэрнэ. Өрөвдөлтэй биш гэж үү. Уг нь тэд хичээлээ тараад шууд автобусандаа сууж, гэрийнхээ ойролцоо хүргүүлдэг бол хэн хэндээ амар байхсан. Гэвч өнөөх л хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалаад бүх сургуулийг автобусаар хангаж чадахгүй байна.
51 сургуулийн 7626 сурагчдад 128 автобус үйлчилж байна
Сурагчийн автобус яагаад хэрэгтэйг тайлбарлахын тулд ганц жишээ дурдъя. “Хобби” сургууль 10 автобустай. Эдгээр автобус тогтсон маршрутаар явж, хүүхдүүдээ сургууль дээр авчирна. Хичээл тарсны дараа гэрийнх нь ойролцоо хүргэж өгнө. Нэг автобусанд 25 хүүхэд сууна гэж бодвол 250 сурагч тэрхүү үйлчилгээнд хамрагджээ. Хэрэв энэ сургууль тусгай автобусгүй байсан бол 250 машин хүүхдээ хүргэж өгөх гээд сургуулийн гадна шавааралдана гээд төсөөл дөө. Тэр хавьдаа бөөн түгжрэл үүсэх нь тодорхой.
Өдгөө 128 автобус сурагчдыг зөөж байгаа талаар эхэнд өгүүлсэн. Гэхдээ нийт автобусны 70 гаруй хувь нь хувийн сургуулийнх гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэд компаниудтай гэрээ байгуулж, нэгдсэн журмаар автобусаа түрээсэлдэг. Харин улсын сургуулиудын 28 нь л сурагчаа зөөх автобустай болжээ. Энэ тоог нэмэх ёстой гэдэгтэй бүгд санал нийлдэг ч ажил хэрэг болгосон нь үгүй.
“Улсын сургуулиуд автобусны үйлчилгээ авья гэсэн хүсэлт их ирүүлдэг. Гэхдээ хүсэлт ирүүлсэн болгонд хуваарилах боломжгүй л дээ. Тухайн сургууль хэдэн сурагчтай, тэдний хэд нь холоос явдаг вэ гэсэн судалгаа гаргасны үндсэн дээр шийдвэрлэнэ. Бид дүүргүүдийн боловсролын газраар дамжуулан судалгаа авсан. Судалгаан дээр үндэслэн автобус хамгийн их шаардлагатай гэж үзсэн 23 сургуулийн хүсэлтийг нийслэлийн ЗДТГ-т хүргүүлсэн. Бүтэн хичээлийн жилийн турш биш юм аа гэхэд ядаж хүйтний улиралд сурагчдын автобусны хүртээмжийг нэмэгдүүлмээр байна” хэмээн нийслэлийн Боловсролын газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхтайван хэлсэн юм.
Нэгэн тоо баримт сонирхуулья. Өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 50 хүүхэд нас баржээ. 244 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Тэдний дийлэнх нь сургууль, гэрийн хооронд явж байгаад осолд өртсөн болохыг Замын цагдаагийн албаны статистик мэдээнээс харж болно. Үүнээс гадна харих замдаа бусдад зодуулж дээрэмдүүлсэн, нохойнд хазуулсан, унаад хөл гараа гэмтээсэн тохиолдол хэд байгааг тооцох аргагүй. Эцэг, эхчүүд нь ажилтай байдаг тул хүүхдээ өдөр бүр сургуулиас авна гэж бүр ч горьдолтгүй. Ингээд бодохоор сурагчдын автобус л хамгийн зөв гарц байгаа юм. Эрх бүхий албан тушаалтнууд нь энэ асуудалд дорвитой анхаарч, хүйтэнд даарч яваа хүүхдүүдээ автобустай болгоод өгвөл олон хүн баярлана даа.
Г.Отгонтамир: Улсын сургуулийн автобусны тоо хангалтгүй хэвээр байна
Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Отгонтамираас дараах зүйлийг тодруулав.
-Сурагчдын автобусны стандартад танай алба хяналт тавьдаг уу?
-Замын цагдаагийн алба тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандарт хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт тавьж ажилладаг. Бид хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө нийслэлийн Тээврийн газар болон Авто тээврийн үндэсний төвтэй хамтраад сургуулийн автобуснуудад хяналт шалгалт хийсэн. Энэ үзлэгээр стандартад тэнцсэн автобус ховор. Улсын хэмжээнд байдаг 139 автобусны 20 гаруй хувь нь л стандартад тэнцсэн байдаг. Ихэнх нь насжилтаараа тэнцээгүй.
Бид одоо хүүхдийн зорчигч тээврийн талаар судалгаа хийж байгаа. Судалгааны үр дүнд хүүхдийн зорчигч тээврийн нэгтгэл байгуулбал ямар вэ гэсэн санаа гарч ирж байна. Улаанбаатар хотод байгаа 139 автобус нэгдсэн баазад байрладаггүй. Тиймээс техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан уу, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байна уу гэдгийг хянах боломжгүй байгаа юм. Харин хүүхдийн зорчигч тээврийн нэгтгэлтэй болчихвол сургууль бүрийг хүүхдийн зориулалтын автобусаар хангаж, нэгдсэн журманд оруулах боломжтой. Мөн замын хөдөлгөөний ачаалал эрс багасна.
-Энэ хичээлийн жилд сурагчийн 130 орчим автобус явж байна. Нийт хэдэн автобус байвал хэрэгцээ шаардлагыг хангаж чадах бол?
-Улсын сургуулийн хувьд хүүхдийн автобусны тоо хангалтгүй хэвээр. Гэхдээ нийт хэдэн автобус шаардлагатай вэ гэсэн тоог гаргахын тулд нарийн судалгаа хийх ёстой. Нийслэлийн бүх сургуулийн удирдлагатай уулзаж, автобусаар зорчих шаардлагатай хүүхдийн тоог гаргана. Дараа нь маршрутаа нарийн зохионо.
-Хүүхдийн сургууль амарснаас хойш замын хөдөлгөөний ачаалал эрс багассан нь анзаарагдаж байна. Ер нь түгжрэл ойролцоогоор хэдэн хувь буурсан бол?
-Улаанбаатар хотын хэмжээнд өглөөний 7-11 цагийн үед замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Одоогийн байдлаар хөдөлгөөний ачаалал 30-40 хувь буурсан байна. Сургуулийн амралт эхэлсэн нь яах аргагүй нөлөөлсөн. Сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар зөөвөл хөдөлгөөний ачаалал хэрхэн буурах нь эндээс харагдаж байгаа байх.
Г.Доржпалам: 61 хувь нь стандарт шаардлагад нийцдэггүй
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламтай уулзаж, сурагчдын автобусны талаар ярилцлаа.
-Нийслэлийн өмнөх удирдлагууд сургуулийн сурагчдыг автобусаар тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажил ирэх дөрвөн жилд үргэлжлэх үү?
-Замын ачааллыг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2012-2013 оны хичээлийн жилд сурагчийн буюу хүүхдийн автобус явуулж эхэлсэн байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өгч, алслагдсан гэр хорооллууд руу түлхүү явуулсан юм.
Нийслэлийн одоогийн удирдлага мөрийн хөтөлбөртөө сургуулийн насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй зорчуулах, тэдний аюулгүй тээвэрлэлтийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж тусгасан. Тиймээс энэ ажил үргэлжлээд явна гэсэн үг. Одоогоор 128 автобусаар 7626 сурагчийг тээвэрлэж байгаа. Цаашдаа хүүхдийн автобусны үйлчилгээ, хүртээмжийг дээшлүүлэх, шинэ нөхцөл байдлыг судлах гээд олон ажил хийгдэнэ.
-128 автобус гэдэг хангалтгүй тоо. Энэ тоог нэмэгдүүлэх боломж хэр байна вэ?
-Сургуулиудын зүгээс хүүхдийн автобусны үйлчилгээг өргөжүүлж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг. 2014, 2015 онд улсын болон орон нутгийн төсвөөр 40 автобус худалдан авч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг сургуулиудад өгсөн. Уг нь стандартын дагуу 10-аас доош жил явсан автобус сургуулийн хүүхэд тээвэрлэх ёстой. Гэвч энэ хичээлийн жилд явж байгаа автобусны 61 хувь нь энэ шаардлагад нийцэхгүй байгаа. Тиймээс төр засаг парк шинэчлэлд анхаарах хэрэгтэй.
-Парк шинэчлэлд хэдэн төгрөг шаардлагатай вэ. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс олох боломжтой бол?
-Яг тэдэн төгрөг хэрэгтэй гэсэн нарийн тооцоо алга. Нийт 100-гаад сургууль автобус хэрэгтэй гэсэн хүсэлтээ ирүүлсэн. Харин ямар маркийн автобус аль улсаас авахаас шалтгаалаад үнэ нь янз бүр. Европын орнуудаас авья гэвэл үнэ нь хэтэрхий өндөр. Хятад, Солонгосоос авахаар бол 100 орчим сая төгрөг болно. Автобус нь байхад эцэг эхчүүд тодорхой хэмжээний хөлсийг нь төлөөд хүүхдээ явуулах хүсэлтэй байдаг.
Сургуулийн нэгдсэн автобустай болохыг та дэмжиж байна уу?
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Г.Оюунцэцэг
-Хэн ч гэсэн хүүхдээ аюулгүй автобусанд суулгахын хүснэ. Манай гэрийн ойролцоо ийм сургуулийн автобусаар явдаг хүүхдүүд байдаг. Эцэг, эхчүүд ч сэтгэл амар ажилдаа явна шүү дээ. Улсаас зарим зардлыг нь гаргаад, эцэг эхчүүдээс мөнгө татна гэсэн ч татгалзахгүй. Гэхдээ улсын сургуульд ийм нэгдсэн автобус их ховор байдаг гэсэн.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэн Э.Түмэнжаргал
-Дэмжиж байна. Сургуулийн хүүхдүүд амарсан үеэр замын түгжрэл эрс багассан байна. Хэрэв сургуулиуд нэгдсэн автобустай болчихвол замын ачаалал буурах нь гарцаагүй. Тэгээд ч хэдэн хүний ажлын байр нэмэгдэнэ. Харамсалтай нь нэгдсэн автобустай сургууль маш ховор байдаг.
Баянгол дүүрэг 3 дугаар хорооны иргэн С.Гэрэлтуяа
-Би Дарь-Эхийн автобусны буудлаас хотын төвийн сургууль руу явдаг байсан. Тухайн үед өнөөдрийг бодвол аюул багатай байлаа. Орой хичээлээ тараад харьж яваа хүүхүүд гэмт хэрэгт өртөх магадлал өндөр байдаг. Бүх сургууль нэгдсэн автобустай болох нь зөв. Ядаж л хүүхдүүд агаарын бохирдол ихтэй оройн цагаар алхахгүй, замын осолд өртөхгүй шүү дээ.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ц.Наранцэцэг
-Би АНУ-д олон жил амьдарсан. Нэгдсэн автобус гэдэг сургуульд байх ёстой үйлчилгээний нэг болчихсон байдаг. Хэрэв сургуулиас нэг милийн зайтай амьдардаг бол автобусаар үйлчилдэггүй. Манай улс хэзээ нэгэн цагт ийм тогтолцоотой болох байх. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харвал ойрын хэдэн жил хэрэгжихгүй нь. Сургуулийн автобусын тоо нэмэгдлээ гээд агаарын бохирдолд төдийлөн нөлөөлөхгүй. Тиймээс эсэргүүцэх зүйл алга.
Г.Баярсайхан